Ял, гавьяаг туучиж олсон ялалтын 80 жилийн ой

Өдгөө ялалтынх нь 80 жилийн ойг тэмдэглэж буй Халхын голын дайны эцсийн, шийдвэрлэх тулаан өрнөснөөрөө түү­хэнд бичигдсэн өнгөрөгч өдрүүдэд Хэнтий, Дорнод аймагт Монгол, Зөвлөлтийн дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгээд ирлээ. “1939 оны наймдугаар сарын 20-нд эхэлсэн ерөнхий давшилт 31 хүртэл үргэлжилсэн. Үүгээр Халхын голын зүүн эрэгт Монгол, Зөвлөлтийн дайчид Япон, Манжийн цэргийг бүрэн бү­сэлж, устгасан. Улмаар есдүгээр сарын 16-нд хоёр тал байлдааны галыг бүрэн зогсоосон юм” хэмээн түүхийн ухааны доктор, профессор Г.Мягмарсамбуу Монгол цэргийн музейгээс тэнд зохион байгуулсан үзэсгэлэнг тайлбарлахдаа тэмдэглэж байсан юм.

Халхын голын байлдааны ялалтын ойг Хэнтийд тэмдэглэхийн учир юу билээ гэх маягийн юм бодож улсын нийслэлээс хөдөлснөө эрээлэлгүй хэлье.

“Халх голын дайн зөвхөн 

Халх голын дайн байсангүй 

Хайртай бүхнээ дайснаас өмөөрсөн 

Хамаг ардын дайн байлаа”

гэх мөртийг даалгавар болгон цээжилснээс бус, чанад утгыг нь өнгийгөөгүй хүний бодол биз. Хэнтий аймаг уг байлдаанд стратегийн түшиц газар, дамжин өнгөрөрүүлэх баазын үүрэг гүйцэтгэжээ. ЗХУ-ын танкийн бригад, нисэх онгоцны хороо, цэргийн госпитал, МАХЦ (Монгол ардын хувьсгалт цэрэг)-ийн ангиуд тус аймагт байрлаж байсан юм байна. Тус аймгаас цэргийн хэрэгцээнд 500 гэр, 9400 үхэр, 57.5 мянган хонийг найм хоногийн дотор нийлүүлсэн түүхтэй аж. Цаашлаад 156 мянга гаруй ердийн хөсгийг Халхын гол руу цэргийн тээвэр болгон хөдөлгөж байжээ. Хэнтий аймгийн төвд болсон баярын арга хэмжээнд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Батлан хамгаалах яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, тус аймгийн Засаг дарга Н.Ганбямба, ИТХ-ын дарга Л.Батсайхан тэргүүтэй албаны хү­ мүүс оролцсон. Тэд Монгол, Зөвлөлтийн дайчдын хөшөө, дурсгалын цогцолборт цэцэг өргөж, дэргэд нь босгосон, БНМАУ-ын анхны баатар Ш.Гонгорын хөшөөг түмэн олноо толилуулсан юм. Мөн тус хөшөөний дэргэд гэрэлт самбар босгон, Халхын голын байлдаанд Хэнтий аймгаас оролцсон 705 хүний нэрийг сийлжээ. Тэдний нэрийг Батлан хамгаалахын төв архив, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас шүүж, бататгасан юм байна.

АНХНЫ БААТАР АЙМАГТАА “ИРЭВ” 

Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат Ш.Гонгор 1936 онд зургадугаар дивизийн харьяа Цагаан ухаа гэдэг газар хоёр цэргийн хамт манаанд гарч байхдаа зэвсэглэсэн 10 гаруй дайсантай ганцаараа (нэг цэрэг нь холбоо барихаар явж, нөгөө нь морьдоо барьж байжээ) хоёр цаг орчим тулалдаж, эр зориг гаргасных нь төлөө 24 настайд нь Баатар болгожээ. 10 гаруй настайгаасаа аавыгаа дагаж, ан гөрөө хийж явсан түүний мэргэн буудах чадвар нь онцгой үнэлэгддэг аж. 70 насыг зооглосон түүний залуугийн дүрийг хөшөөнд мөнхөлснийг зураач, уран бүтээлч Д.Батхуяг хэлсэн. Ш.Гонгор Баатрын зээ дүү, өндөр настан Л.Баатаржав “Миний ах олондоо нэр хүндтэй хүн байсан. Гэрэлт хөшөөнөөс төрх нь харагдаж байна” гэж байсан юм. Халхын голд буюу Баатар болсон газарт нь босгосон дурсгалын самбараас өөр зүйлгүй өнөөг хүрсэн тэрбээр хөшөө болон төрөлх нутагтаа ирсэн нь энэ. Ташрамд дурдахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хилийн 0306 дугаар ангийн Буйрын заставт энэ оны эхээр хөшөөг нь босгосон юм билээ.

Байлдааны талбарт баатарлагаар амь үрэгдсэн нэг бус эрхмийг Баатар цолоор нэхэн шагнуулах хүсэлтээ Хэнтий аймгийн удирдлага Төрийн тэргүүнд уламжлаад буй аж. Тодруулбал, Галшар сумын харьяат, хошууч Ч.Шаарийбуу, Өмнөдэлгэр сумын харьяат, Сүмбэрийн заставын байлдагч М.Гаасүрэн нарыг тэд онцолсон. 1939 оны тавдугаар сарын 28-29-нд Халхын голын зүүн тал, Хайлаастын голын орчимд болсон тулалдааны үед МАХЦ-ийн зургадугаар морьт дивизийн дарга Ч.Шаарийбуу амь үрэгджээ. Уг тулалдаанд Японы тал 400, Зөвлөлтийн цэргээс 150 орчим хүн алагдаж, сураггүй алга болсон байна. Үүнээс гадна зөвхөн зургадугаар морьт дивизээс гэхэд л 130 орчим хүн алагдаж, шархадсан талаар тэмдэглэжээ. Ташрамд дурдахад, манай түүхч, судлаачдын эх сурвалжуудад тэмдэглэснээр Халхын голын байлдаанд Зөвлөлтөөс 6472, Монголоос 391 цэрэг амь үрэгдэж, 2000 гаруй дайчин сураггүй алга болсон талаар дурдсан байх аж.

Халхын голын байлдаанд гаргасан гавьяагаа үнэлүүлж манай 20, Зөвлөлийн 73 дайчин Баатар цол хүртсэн байдаг юм билээ. Нэр нь тодроогүй баатар эрс, нэхэн шагнуулах гавьяатай нь хэд, хэч­ нээн байгаа бол. Байлдааны талбарт Баатрын тэмдэг зүүх нь битгий хэл улс төрийн хилс хэргээр баривч­ лагдаж одсон нь ч бий. Бүх цэргийн жанжны орлогч, Жанжин штабын дарга, корпус командлан захирагч Ц.Лувсандоной 1939 оны тавдугаар сарын дундуур Халхын голд очиж, байлдааныг удирдаж байсан ч долдугаар сарын эхээр “улс төрийн гэмт хэрэгтэн” болж, дайны талбар дээрээс баривчлагдсаныг түүхч Г.Мягмарсамбуу Хэнтий аймагт дэлгэсэн үзэсгэлэнгийн үеэр тэмдэглэсэн. Есдүгээр сарын байлдааны үеэр аргагүй байдалд орж ухарсан 22 дугаар морьт хорооны удирдлагыг бүгдийг нь баривчилж, амь гуйсан хоёр орлогчоос бусад нь хуулийн дээд хэмжээгээр шийтгүүлсэн тухай сэтгэл шимшрэм түүхийг тэрбээр цухас дурдав. Хожим тэднийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээсэн.

“АРД СУУГААД УНТАХ ГЭЖ БАЙГААГ ЧИНЬ МЭДЭЛГҮЙ ДЭЭ” 

Музейн тайлбарлагчийн өгүүлэх сэтгэл хөдөлгөм түүхийг зорьж сонсож, дайны үеийн гэрэл зургийг шимтэж, эд зүйлсийг нь имэрч үзсэн хэн ч ч энэ ялалтын үнэ цэнийг бага ч атугай мэдэрнэ. Бахархаж үлдэнэ. Эрэлхэг дайчдын хөшөө дурсгал, тэднийг хүндэтгэсэн ёслолын жагсаал, амь үрэгдэгсдийнхээ хөргийг барин алхах монгол, орос ахан дүүс, урлагийн тоглолт, цэргийн сургуулилалт. Ял, гавьяа, цус, нулимс туучиж олсон энэ ялалтын үнэ цэнийг өнөөгийн бидэнд ойлгуулах олон олон зүйл бий. Харин урлагийн тоглолт, цэргийн сургуулилалтаас бусад нь үзэгч, сонирхогчгүй үлдээд буй мэт мэдрэмж төрөв. Лав л Хэнтийд болсон музейн үзэсгэлэн, баярын хурал тэргүүтэй арга хэмжээнүүдэд төрийн албан хаагчид, тэр дундаа дүрэмт хувцастай хүмүүсийг хөөгөөд оруул­ чихсан аятай дүр зураг ажиглагдаж байсан. Ямар сайндаа л хотоос ирсэн хурандаа “Та нар мөрдэс зүүчихээд ийм хэнэггүй байж болохгүй. Танхим дүүрэхгүй байна, урагшаа сууцгаа. Ард суугаад унтах гэж байгааг чинь мэдэлгүй дээ” хэмээн ширүүлж байх билээ.

Харин цэргийн урлагийнхны тоглолт танхимдаа багтахгүй үзэгчтэй болж байсныг зориуд тэмдэглэе. Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулга, Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийнхөн өргөн бүрэлдэхүүнтэйгээр Хэнтий, Дорнодод тоглосон. ЦДБЭЧ-аас гэхэд л 100 орчим хүний бүрэлдэхүүнтэй баг, инженер техник, үйлчилгээний албаныхан ажилласан юм. Дорнодод болсон хүндэтгэлийн тоглолтод манайхнаас гадна ОХУ-ын Чита хотын Цэргийн дуу, бүжгийн чуулгынхан оролцсон. Халхын голын байлдаан хэрхэн эхэлснээс авхуулаад өндөрлөх хүртэлх түүхийг дуу, бүжгээр зохиомжлон хүргэсэн юм. Ингэхдээ монголчуудын хэзээний танил дуу, бүжгийг шинэчлэн найруулсан нь үзэгчдийн таашаалд нийцэж буй нь илт. Мөн орчин цагийн дуу, бүжгээ ч орхигдуулсангүй. 

Үргэлжлэл бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)