Ялтан шилжүүлэх гэрээний төслийг дэмжлээ

 Монгол Улс, БНХАУ хооронд байгуулах “Ялтан шилжүүлэх тухай гэрээ”-ний төслийг зарчмын хувьд дэмжиж, УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Манай талын хүсэлтээр хоёр улс хооронд “Ялтан шилжүүлэх гэрээ” байгуулах, Хятадын нутагт ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийг эх оронд нь шилжүүлэх талаар 2005 оноос хойш талууд санал солилцож байжээ.

Хэдийгээр гэрээ байгуулаагүй ч хамтын ажиллагааны дүнд манай улсын хоёр, БНХАУ-ын нэг иргэнийг харилцан эх оронд нь шилжүүлэн, тухайлсан гэрээ байгуулахыг зарчмын хувьд тохирч, хэлэлцээг хоёр талаас явуулахаар болсон аж.

“Ялтан шилжүүлэх тухай гэрээ” байгуулснаар хоёр улсын нутаг дэвсгэрт ял эдэлж байгаа өөрсдийн иргэдийг эх орондоо авчрах, ялын төрөл, хугацааг бууруулах, эрх мэдэл бүхий байгууллагын шийдвэрт хамруулах, эх орондоо нийгэмших, гэр бүл, ах дүү, хамаатан садантайгаа уулзаж байх зэрэг олон боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)