Ялимгүй зүйлээс ч ялтан болдог

“Монгол Улсад гарч буй гэмт хэргүүд дандаа л ялимгүй зүйлээс үүдэлтэй байдаг. Дэлгүүрийн лангуунаас талх, чихэр, айлаас мах, гурил хулгайлна. Тэр хулгайч нэг муу өлсгөлөн бацаан. Нөхрийнхөө аминд хүрээд “нарсанд” орно. Өнөөх нь хүчирхийлэлд өртсөн, ядарсан эмэгтэй. Хулгай, танхай, залилан, гэр бүлийн хүчирхийлэл гэсэн 10-16 төрлийн гэмт хэрэг манай улсад гардаг.

Сүүлийн үед хар тамхи, хүн худалдах, мөнгө угаах гэмт хэрэг нэмэгдэж байх шиг байна” гэж нэгэн прокурор ярьж билээ. Нийгмийг цочроосон онц ноцтой гэмт хэргүүдийн дийлэнх нь гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг. Хэрэгтнүүдийн олонх нь ажилгүй, архичин, гэр бүлээс гадуурх харилцаатай, салсан, гэр оронгүй, урьд нь ял эдэлсэн хүмүүс байдаг.

2016 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд хүчиндэх гэмт хэрэг 17.2, хулгайлах гэмт хэрэг 12 хувиар өсчээ. Харин бусдын эд хөрөнгийг дээрэмдэх, танхайрах гэмт хэргийн тоо багассан мэт боловч нийгэмд үзүүлэх аюулын хэр хэмжээ ихэссэн байна. Бусдын халаасанд гар дүрж буй этгээдүүд нь насанд хүрээгүй хүүхдүүд голдуу байх бөгөөд ихэвчлэн гэр хороолол орчимд хулгай хийдэг аж.

Хулгайлсан зүйлээ хоол болгоход нь барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбардны ач тус их. Тэдгээр нь жижиг гарын хулгайч нарыг өөгшүүлдэг ганц газар гэхэд буруудахгүй. Ямар ч хяналтгүй, тухайн хүний өмч гэдгийг батлах зүйлийг нягтлалгүйгээр эд зүйлс барьцаалдаг. Зарим нь хулгайнх гэдгийг нь мэдсээр байж ашиг олохын тулд хямд үнээр аваад цааш нь худалддаг.

Өлсгөлөн хүн гэдсээ л цатгаж байвал юу ч хийхэд бэлэн байдгийг сэтгэл зүйчид хэлдэг. Монголчуудын амьдрал доройтож буйг жилээс жилд нэмэгдэх гэмт хэргийн тоо, ялтнаар дүүрсэн шорон, зээлээс зээлийн хооронд амьдарч буй хүмүүсийн амьжиргаанаас харж болно. 1990 онд жилд 8000 орчим гэмт хэрэг гардаг байсан бөгөөд 14.000 мөрдөн байцаагч, 500 прокурор, 500 шүүгч ажиллаж байж. Харин өнгөрсөн онд гэмт хэргийн тоо 28.000-д хүрч, үүнийг дэнслэхээр 2500 мөрдөн байцаагч, 460 прокурор, 423 шүүгч ажиллаж байгаа юм.

Манай улсад өнөөгийн байдлаар 601 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаагийн ихэнхэд нь захиргааны шийтгэл ногдуулах тухай заасан байдаг. Торгоно, шийтгэнэ, хорино, цаазаар авна гээд ч ходоод, тархи хоосон хүмүүсийг гэгээрүүлж чадахгүй нь нэгэнт ойлгомжтой болсон. Үүний оронд хүн бүрийг ажилтай, орлоготой болгочихвол гэмт хэрэг багасмаар санагдана. Ядуурал, ажилгүйдлийн улмаас гарсан зарим хэргийн талаар жишээ дурдъя.

Баримт 1

2016 оны дөрөвдүгээр сарын 4-5-нд шилжих шөнө. Нэгэн залуу хамтран амьдрагч эмэгтэйгээ Сүхбаатар дүүргийн “Л” зочид буудалд согтуу байхад нь “Архи, пиво уулаа” гэж хэрцгийгээр зодож, аминд нь хүрсэн. Энэ үедээ тэрбээр согтуу байсан бөгөөд эмэгтэйн зүрхийг задартал зодож, нүүр, гар, нүд, чих, дотор эрхтэнд нь маш олон тооны шарх, гэмтэл учруулан, амийг нь санаатайгаар хөнөөсөн байдаг.

Мөн түүнтэй хамт байсан найз эмэгтэйг нь пивоны шилээр толгой, зулай хэсэгт нь цохиж гэмтээжээ. Харгис хэрэг үйлдсэн уг залуу шоронгоос суллагдаад удаагүй байсан учраас ажил хайгаад олоогүй, талийгаач эмэгтэй ч ажил эрхэлдэггүй байж. Хамтран амьдрагчаа хороосон түүнд шүүхээс 24 жил хорих ял ногдуулж, 10 жилийн хорих ялыг гянданд эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Баримт 2

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Хангайн гудамжинд амьдардаг нэгэн айлд найман сарын дотор гурван удаа хулгайч оржээ. Гурав дахь удаагаа орохдоо өнөөх даварсан хулгайч “Ингэж амьдарч байхаар ичиж үхээч” гэж бичсэн зурвас үлдээж тавласан гэдэг. Хоёр удаа эд зүйлээ алдсан гэрийн эзэн арга буюу хүний нүдэнд өртчих олигтой зүйлээ “Портер” машиндаа ачаад өглөө ажилдаа явж, оройдоо гэртээ буцаан авчирдаг байсан тухайгаа прокурорт ярьсан байна. Тэрбээр “Хангай” захад мод, түлээ борлуулж, амьдралаа залгуулдаг байж.

Баримт 3

Нэгэн охин сонины зараар ажилд орсон байна. Ажил удаан хайсан түүнийг массажистаар ажиллуулна гэсэн ч хүчээр биеийг нь үнэлүүлжээ. Тэр ч бүү хэл гадаад руу гарган, биеийг нь үнэлүүлж байгаад буцаан авчирсан гэх. 16-хан настай охиноо олон хоног сураггүй болоход ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсанаар энэ хэрэг ил болсон. Охины биеийг хүчээр үнэлүүлснээс гадна үр хөндүүлсэн байв.

Баримт 4

Цайны газар ажиллаж овоо хэдэн төгрөг хураасан нэгэн эмэгтэй амьжиргаагаа дээшлүүлэхийн тулд нөхрөө Солонгос руу явуулахаар болжээ. Энэ тухайгаа ажлынхаа эмэгтэйд ярихад нөхрийг нь Солонгос гаргаж өгөхөөр болсон байна. Түүнийг хэдэн жилийн турш мөнгө хураасныг нь гадарлаж байсан тэрбээр анхнаасаа л тэднийг залилах зорилгоор долоон сая төгрөгийг нь аваад арилаад өгсөн гэнэ. Залилуулснаа мэдсэн тэд нөгөө эмэгтэйг хайж амьдардаг газарт нь очиход түрээсийн байр байжээ. Хэдэн жилийн хөдөлмөр нь нэг л өдөр салхинд хийсэж, нөгөө эмэгтэйг одоо болтол хайж буй ч сургийг нь гаргаж чадахгүй байгаа гэнэ.

Энэ мэт гэмт хэргийн цаана архидалт, ажилгүйдэл, хүчирхийлэл, ядуурлын нөлөө байгаа юм. Ажилтай хүнд элдэв гэмт хэрэг үйлдэх сэдэл санаа төрөхгүй л болов уу.


ЭНЭ ӨДРИЙН ТОДРУУЛГА

Ж.ОТГОНБАЯР: Шалгасан гэмт хэрэг, материалын 30 хувийг л шүүхэд шилжүүлдэг

Гэмт хэрэг гарч буй шалтгаан, нөхцөл болон үүнд хяналт тавьж байгаа прокуроруудын асуудлаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокурор Ж.Отгонбаяраас тодрууллаа. Тэрбээр 90 саяын Гансүх, Казино, дуучин Х.Төмөрийн амь насыг бүрэлгэсэн хэрэг, САПУ-гийн зэрэг онц ноцтой, ээдрээ түвэгтэй олон хэрэгт хяналт тавин, шийдвэрлүүлж байсан юм.

-Гэмт хэргийн тоо өсөхийн хэрээр мөрдөн байцаагч, прокуроруудын уншиж, танилцах, шийдвэрлүүлэх хэрэг нэмэгдэж буй. Энэ талаар ярилцлагаа эхэлье.

-Шүүхийн шинэчлэлийг зөвхөн шүүхийн хууль эрх зүйн орчин, байр байшин ажиллах нөхцөл, шүүгчийн цалин хөлс, эдийн засгийн баталгааг сайжруулснаар хийчихнэ гэж өрөөсгөл, явцуу хүрээнд ойлгосноос болж хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокуроруудын асуудал орхигдоод байна.

Шүүхэд бүтээгдэхүүн нийлүүлдэг гэж хэлж болох хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулдаг байгууллагууд, тэдний үйл ажиллагаанд хяналт тавьдаг, яллах дүгнэлт үйлдэн шүүх рүү хэргийг шилжүүлж, шүүх хуралд төрийн нэрийн өмнөөс оролцдог, хорих газар ял эдэлж буй ялтнуудын байдал, шүүхээс ногдуулсан ял, шийтгэлийн хэрэгжилтэд тасралтгүй хяналт тавьдаг прокурорыг шүүхийн шинэчлэл гэдэг ойлголтоос ор тас орхисон. Шинэчлэл маш удаан явагдаж байна.

-Ямар учраас ингэж үзэж байгаа юм бэ?

-Прокурорын байгууллагын эрх зүйн орчин, прокуроруудын цалин хөлс, хангамж, ажлын байрны талаарх асуудлууд орхигдоод байна. Тодруулбал, нэг өрөөнд 4-5 прокурор ажилладаг. Хэргийн хохирогч, яллагдагч, мөрдөн байцаагчийн яриаг нэг дор суугаа хүмүүс нь бүгд сонсоод сууж байдаг. Үүнээс болж хэргийн буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлал, хувь хүний нууц алдагдахад хүрээд байна.

Ашиглах хугацаа дууссан байранд прокурорууд үйл ажиллагаа явуулдаг. 2010 оноос хойш цалин нэг ч төгрөгөөр нэмэгдээгүй. Төрийн бусад байгууллагын цалин доод тал нь 60 хувиар нэмэгдсэн байхад прокуроруудын цалин зургаан жилийн өмнөх шигээ байгаа. Энэ зургаан жилийн хугацаанд юмны үнэ

 асар хурдан нэмэгдэж, төгрөгийн ханш их хэмжээгээр унасан. Бидний цалин хөлс нэмэгдэх биш харин ч унааны мөнгө гэж өгч байсан цөөн хэдэн төгрөгийг хасчихсан. Би цалин нэмээч гэж байгаа юм биш, 2010 оноос хойш огт өөрчлөгдөөгүй байгаа цалинг шинэчлэн тогтоогоод өгөөч гэж хүсэж байна. Прокуроргүйгээр шүүхийг шинэчлэх ямар ч боломжгүй. Шүүх хуралд мэтгэлцэж буй нэг тал нь прокурор, нөгөө нь шүүгдэгч, тэднээс тодорхой хэмжээний хөлс авч ажиллаж байгаа өмгөөлөгч.

Энэ хоёрын мэтгэлцээний дүнд шүүгч шийдвэрээ гаргадаг. Цагдаад шалгагдаж буй бүх гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийн шийдвэрлэлтэд прокурорын байгууллага хяналт тавьдаг. Үүнээс зөвхөн 30 хүртэлх хувьд нь л яллах дүгнэлт үйлдэх, яллагдагчаар татах тогтоол баталж шүүхэд шилжүүлдэг. Үлдсэн 70 хувийг нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах, хэрэгсэхгүй болгох, түдгэлзүүлэх, нэгтгэн шалгуулах зэргээр прокурорын хяналтын шатанд шийдвэрлэдэг.

Эрүүгийн байцаан шийтгэх бүх ажиллагаа, ноцтой хэргийн газрын үзлэг, задлан шинжилгээнд хүртэл прокурор оролцдог. Тухайлбал, надтай адил нийслэлийн дүүргүүдэд ажиллаж байгаа хяналтын прокурор бүр жилд дунджаар 20-иос доошгүй удаа жижүүрийн прокурорын үүрэг гүйцэтгэн, хэргийн газрын болон цогцосны 40 орчим үзлэг, задлан шинжилгээнд оролцож байгаа.

-Прокурор цалин хангамж муугаас нөлөөнд автах байдал ажиглагддаг уу?

-Хөдөлмөрийг бодитоор үнэлэх нь хамгийн чухал. Одоо би улсад 32 жил прокуророор тасралтгүй ажилласан гээд хамгийн өндөр нэмэгдэлтэйгээр нэг сая 60 мянган төгрөгийн цалинтай. Үүнээс найман хувийн орон сууцны зээлээ төлөөд, 610.000 төгрөг гар дээрээ бэлнээр авч байна. Гэтэл шинээр томилогдсон залуу прокурорууд 900.000 хүрэхгүй төгрөгийн цалин авдаг.

Гэхдээ өндөр цалин авахаар нөлөөнд автахгүй, бага цалинтай бол автагдана гэж ярьж байгаа нь буруу. Прокурор бага цалинтай учраас бүгд нөлөөнд автдаг гэж ойлгож болохгүй биз дээ. Нөлөөнд автах, эсэх нь тухайн хуульчийн ёс суртахуун, ухамсар, ажлын ур чадвар, мэдлэгээс шалтгаална.

-Эдийн засгийн хямралтай холбоотойгоор залилан, дээрмийн хэрэг ихсэж байгаа гэсэн үү?

-Эдийн засгийн хямралаас шалтгаалан залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэж арга нь улам нарийсаж байна. Хохироох гэж буй хүнээ урьдаас төлөвлөн тооцоолоод, залилж байна. Гэтэл иргэд итгэмтгий зангаасаа болж бусдын ор үндэсгүй худал амлалтад хууртан, хэдэн саяар нь мөнгө зээлүүлж, орон байраа хүртэл барьцаанд тавиулж байна.

Орон байр, газрыг нь барьцаанд тавиулж, банкнаас зээл авахуулаад эргэн төлөхгүй, хохироох явдал нэмэгдэж байгаа. Тиймээс хүнд мөнгө өгөхдөө цаад хүнээ сайн судлах, мөнгө зээлсэн гэдгээ нотариатаар батлуулдаггүй юм аа гэхэд, ямар нэгэн байдлаар мөнгө өгсөн гэдгээ нотлох бичиг баримт заавал авч үлдэх хэрэгтэй.

-Айлын тогоо шанага хулгайлсан хэрэгт хүртэл прокурор хяналт тавих уу?

-Тийм ээ. Иргэдээс гаргасан бүх гомдол, мэдээлэл, цагдаагийн байгууллагын рапортад бүртгэгдээд манай хяналтад ирдэг. Залилан, хулгай, хар тамхи, биеэ үнэлэх, бусдыг зуучлах гэмт хэрэг нь ихэвчлэн ядуурал, ажлын байрны хомсдолоос шалтгаалсан байдаг. Төрийн албаныхны нэр барьж, их хэмжээгээр мөнгө залилах гэмт хэрэг их гарах боллоо.

-Гэр бүлийн хүчирхийлэл гарах шалтгаан нь бас ядууралтай холбоотой юу?

-Гэр бүлийн хүчирхийлэл, салалтад эр эмийн хардлага, ах дүү, хадам аав, ээжийн таагүй харилцаа, эдийн засгийн хувьд баталгаагүй, мөнгө төгрөг хүрэлцээгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, архидан согтуурах явдал хамгийн их нөлөөлдөг.

-Гар утас хулгайлсан хүн, хэдэн саяар нь мөнгө завшсан этгээд адилхан ял авах тохиолдол бий. Үүнийг та юу гэж тайлбарлах вэ?

-Эрүүгийн хуульд гэмт хэрэг давтан үйлдсэн бол ялыг хүндрүүлэхээр заасан. Тэр нөхцөлд хохирлын хэмжээ хамаагүй. 100 мянган төгрөгийн гар утас хулгайлсан ч урьд нь хэд хэдэн удаа хулгай, дээрмийн хэрэгт ял шийтгүүлж, ялаа эдэлж байсан бол 10-аас дээш жилийн хорих ял ногдуулна гэж одоогийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй Эрүүгийн хуульд заасан. Уг нь Эрүүгийн шинэчилсэн хуулиар нэг удаагийн үйлдэлд нь тохирсон ял өгөхөөр тусгасан.

Өөрөөр хэлбэл, өмнө нь үйлдсэн үйлдэл, хэрэгтээ ял эдэлсэн байхад давтан гээд өмнөх хэргийг нь хүндрүүлэх нөхцөл болгож яллахгүй байхаар зохицуулсан. Гэвч ирэх жилийн долдугаар сарын 1-нээс уг хуулийг хэрэгжүүлэхээр хойшлуулсан. Үүнээс болж прокурорууд ёс зүйн хувьд хүнд байдалд орж байгаа юм. Хүн гүтгэхийг шинэ хуулиар зөрчилд тооцсон.

Саяхан би нэг сэтгүүлчтэй холбоотой, бусдыг хэвлэл мэдээллээр гүтгэсэн хэрэгт улсын яллагчаар оролцон, одоо хэрэгжиж буй хуулийн дагуу гүтгэх нь гэмт хэрэг хэмээн ялласан. Гэтэл энэ нь хууль хэрэглэж байгаа хуульчийн сэтгэл зүйд маш хүндээр тусаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)