Ялалтын “туг”

Хуульч, өмгөөллийн “Анта энд Партнерс” нөхөрлөл, зөвлөх үйлчилгээний “Анта консалтинг” компанийн ерөнхий захирал Д.Түвшинтамирын ажлын нэг өдрийг сурвалжиллаа. Тэрбээр Монголын хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны тэргүүнээр гурав, мөн тус холбооны зөвлөлийн гишүүнээр зургаан жил ажилласан, туршлагатай хуульч. Бас хуульч болоод удаагүй байхдаа агаарын хөлөг хүлэхээр татлага, цоож “агссан” гээд арвин намтартай нэгэн.

“Нэг өдөр”-ийн зочинтойгоо өнгөрсөн лхагва гаргийн өглөө Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн байранд уулзахаар тохирсон юм. Түүний энэ өдрийн ажил эндээс эхлэв. Ажилдаа ирэхээс өмнө тэрбээр усан санд сэлснээр өглөөний “цэнэгээ” авсан гэнэ. Сэлэх нь түүний амьдралын нэг зуршил хэмээн тэрбээр тайлбарласан.

08.40 цаг.

Өмгөөлөгч Д.Түвшинтамир БНХАУ-ын иргэн Ц.Н-ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын иргэн Д.Э-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралд оролцохоосоо өмнө Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрынхантай уулзаж, “Өнөөдөр” сониныхонтой хамт яваагаа учирлан, шүүх танхимд зураг авах зөвшөөрөл авлаа. 09.00 цагт товлосон хурал тодорхой шалтгааны улмаас хагас цагийн дараа эхлэв.

09.30 цаг

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу уг хуралд бүрэлдэхүүнтэй буюу гурван шүүгч оролцсон. Түүнчлэн иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүхийн үйл явцыг хөтлөх нарийн бичиг, иргэдийн төлөөлөгч, иргэн Д.Э-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа болон түүний өмгөөлөгч Д.Түвшинтамир, нэхэмжлэгч талын өмгөөлөгч гэсэн бүрэлдэхүүнтэй хурал 40 гаруй минут үргэлжиллээ. Өмгөөллийн“Анта энд Партнерс” нөхөрлөлийн үйлчлүүлэгч Д.Э-гээс БНХАУ-ын ӨМӨЗО-ы иргэн Ц.Н гэм хорын хохиролд 100 сая төгрөгийг нэхэмжилсэн иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралд манай өнөөдрийн гол баатар ялалт байгуулснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон юм.

Мэргэжилдээ эзэн болсон өмгөөлөгч ямар шийдэмгий, самбаатай, догь байдгийг энэ удаагийн шүүх хурлаас илүү мэдэрч, бахархлаа.

“Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд нотлох баримтыг маш сайн бүрдүүлэх ёстой. Туршлагатай өмгөөлөгч нар “Нотлох баримт бас дахин нотлох баримт” гэж ярьдаг” хэмээсэн Д.Түвшинтамирыг шүүх танхимаас гарсны дараа “Үйлчлүүлэгчийнхээ амьдралыг шийдэхэд өмгөөлөгч онцгой үүрэгтэй. Хүний амьдрал шийдэхэд ямар мэдрэмж төрдөг вэ” гэж асуухад “Их хүнд мэдрэмж. Эд хөрөнгийн маргаантай ч бай, эрх чөлөөгөө хасуулах хэрэг үйлдсэн ч бай тухайн хүний асуудал, зовлон, шаналал минийх болчихож байгаа учраас тэр. Магадгүй өмгөөлөгч нь үйлчлүүлэгчээсээ илүү санаа зовж, шанална. Тэр хүнийг хэрхэн хамгаалж, эрх чөлөөг нь хасуулахгүй байх вэ, үйлчлүүлэгчээ хохиролгүй байлгахын тулд яах вэ, нотлох баримт хангалттай бил үү гэхчлэн өмгөөлөгч шүүх хурлын өмнөх шөнө бараг нойргүй хонодог. Шүүх хуралд үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалж чадахгүй гарвал надад сэтгэлийн том дарамт болдог. Тийм учраас хуульч хүн сэтгэл зүйн хувьд тэнхээтэй, тогтвортой байх ёстой” гэж хариулсан юм.

Энэ өдрийн ажлыг ялалтаар эхэлсэн Д.Түвшинтамир, Ц.Галтаа

Өнөөдөр манай нийгэмд төлбөрийн чадваргүйн улмаас хууль зүйн үйлчилгээ авч чадахгүй байгаа хүн олон. Тиймээс өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлдэг хуулийн фирмүүд эрэлт ихтэй байдаг гэсэн. Ер нь ямар тохиолдолд иргэдэд төлбөргүй үйлчилдэг талаар өмгөөлөгчөөс лавлахад “Нэн ядуу, төлбөрийн чадваргүй хүмүүст төлбөргүй үйлчилнэ гэсэн хуультай. Гэхдээ үнэхээр хохирчихсон, төлбөр төлөх боломжгүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэхээс аргагүй. Жишээ нь, гадаадын сүлжээний бизнест элссэн гэх олон хүнээс авсан мөнгөө интернэтээр шилжүүлээд, хакерт алдчихсан, сувилагч А хэмээх эмэгтэй “Өмгөөллийн хөлсөө зээлээд ч болов төлнө” гэж манайд хандсан. Нөхөр нь нас барсан, байраа хураалгахдаа тулсан, хүүхдээ ганцаараа өсгөж байгаа зэрэг шалтгааныг нь харгалзаад бид төлбөр авахгүйгээр үйлчилгээ үзүүлж байна. Иймэрхүү явдал маш олон. Энэ бол манай нийгмийн ядуурлын хямралаас үүдэлтэй ганцхан тохиолдол” гэлээ.

Үүнээс гадна өчигдөр “Анта энд Партнерс” нөхөрлөлийнхөн том ялалт байгуулсандаа сэтгэл хангалуун байгаа сайхан мэдээгээр өглөөг угтсан юм. “Интермед” эмнэлгийнхэн тураах үйлчилгээтэй гэх бөмбөлгийг хөхүүл, биеийн жингийн индекс нь хүрэхгүй эмэгтэйн ходоодонд суулгаснаас болж хямарчээ. Үйлчлүүлэгч тухайн эмнэлэгт гомдол гаргаж “Эсрэг заалттай хүнд ийм юм хийсэн байна” гэжээ. Гэтэл эмнэлгийнхэн түүнийг доромжилж, гомдоосон учраас хуулийн фирмд хандсан юм байна. Д.Түвшинтамир өмгөөлөгч “Эмнэлгийн байгууллага ийм алдаа гаргаж болохгүй” хэмээн хохирогч эмэгтэйг өмгөөлж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ялалт байгуулаад, тухайн үйлчилгээний төлбөр болох зургаан сая төгрөгийг нөхөн олгуулах болжээ. Эднийх уг хэрэг дээр мөн л төлбөргүй ажилласан бөгөөд эмнэлгийн байгууллагын хариуцлагыг чангатгах, иргэд аливаа үйлчилгээ авахдаа эрсдлийг тооцохгүй бол эрүүл мэнд, амиараа хохирох аюултайг олон нийтэд сэрэмжлүүлэх зорилготой хэмээн тайлбарласан юм. Үүнээс гадна гэрээ байгуулахдаа сайтар уншиж танилцах шаардлагатайг тэрбээр энэ жишээгээр зөвлөсөн. Тус эмнэлэг сурталчилгаандаа “Богино хугацаанд 25 хүртэл хувиар турна” гэсэн атлаа гэрээндээ “Хэрэв та жин хасаагүй тохиолдолд манай эмнэлэг хариуцахгүй” гэж тусгасан гэнэ.

Жирийн иргэдийн амьдралын түвшин сайнгүй учраас өмгөөлөгч маань боломжийнхоо хэрээр төлбөргүй зөвлөгөө өгөхийг хичээдэг гэсэн.

11.00 цаг

Энэ өдрийг ялалтаар эхлүүлсэн өмгөөлөгчийн дараагийн ажил нь АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд Монгол Улсын УИХ-ын сонгуулийн тухай хуулийн талаар үнэ төлбөргүй сургалт явуулах. Д.Түвшинтамир 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд баталсан шинэ хуулийг зүгээр л тайлагнаад орхисонгүй. Хуучин болон шинэ хуулийн ялгааг ухуулан, 2016 оны сонгуулийн үеэр гарсан тодорхой тохиолдлуудад тулгуурлан ярьж, өрсөлдөгч талынх нь санаатай болон санамсаргүй үйлдлүүдийг тайлбарлаж, ирэх зун болох “тулаанд” бэлтгэхдээ мэргэжлийн баг бүрдүүлэх нь хамгийн чухлыг онцлон зөвлөж байлаа.

Өмгөөлөгчийн мэргэжлийн нэг онцлог нь зөв зохистой, оновчтой, товч тодорхой ярих. Үүнээс гадна итгүүлэн үнэмшүүлэх, бусдыг татах чадвар хуульчдад зайлшгүй байх ёстой. Д.Түвшинтамир өмгөөлөгч өөрт ногдсон хугацаандаа сургалтаа тун чамбай хийгээд танхимаас гарав.

Хамтрагч, бас анд нөхөд болсон хуульчидтайгаа хамт

13.30 цаг

Үдийн хоолны цагаар хэсэг ярилцах боломж олдов. Нийслэлийн 53 дугаар дунд сургуулийг 1984 онд онц төгсөөд, ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн коммунист намын түүхийн ангид (түүх, философийн анги) элсэн, мөн л амжилттай дүүргэсэн тэрбээр Монголын нийгэм шилжилт хөдөлгөөнд орсон он жилүүдэд банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгаад нэг хүнд “тонгоруулчихсан” гэнэ. Байгаль нэртэй залуу паспорт (иргэний үнэмлэх) дээрээ эхнэрийнхээ зургийг наагаад, байраа (эхнэрийнх нь нэрээр бүртгэлтэй) барьцаалж, багагүй мөнгө зээлээд бултчихаж. Д.Түвшинтамир өмгөөлөгч хөлсөлжээ. Нэг өдөр шүүхээс утасдаж, шийдвэрээ авахыг сануулсны дагуу очтол нэхэмжлэлийг нь хүчингүй болгосон байв. Гайхаж, сандарсан бүсгүй өмгөөлөгчтэйгээ холбогдоход “Шүүх хуралтай гэдгээ мартчихсан байна” гэсэн хариулт сонсоод түүнд гомдох ч багадсан гэнэ. Ингээд хууль уншиж, судалж явсаар хуульч болохоор сэтгэл шулуудан, МУИС-ийн Хууль зүйн сургуульд сурч, 2004 онд төгсөөд, магистрын зэрэг хамгаалсан байна. Улсдаа данстай, үлгэр жишээ, сайн өмгөөлөгч болох зорилго тавьсан тэрбээр өнгөрсөн хугацаанд салбартаа хүлээн зөвшөөрөгдөөд зогссонгүй 2012 онд өмгөөллийн “Анта энд Партнерс” нөхөрлөлөө байгуулжээ. Монголдоо томд тооцогддог хуулийн фирмүүдийн нэг болсон тус нөхөрлөлийнхөн жилд 100-130 хэрэг өмгөөлдөг гэсэн. 2019 оны тайланд нь 135 хавтаст хэрэг үдэгдсэн байна лээ. Мөн 100-гаад айл бүхий орон суцны хотхоныхонд хууль зүйн төлбөргүй туслалцаа, үйлчилгээ үзүүлснээ Д.Түвшинтамир захирал бахархан ярилаа. Тэрбээр “Барилгын компанийнхан байшингийн сууриа тавьчихаад л банканд барьцаалчихдаг. Үүнийг нь иргэд мэдэхгүй худалдан авдаг. Явцын дунд тухайн компани төлбөрийн чадваргүй болж, банк орон сууцыг нь хураана гэх маргаан үүсдэг учраас иргэд байр худалдан авахдаа анхаарах учиртай” гэсэн юм.

“Нэг өдөр”-ийн зочин маань хооллох зууртаа 2005 онд хийсэн “агуу ажлынхаа” талаар хуучилсан нь тун хөгтэй бөгөөд сургамжтай аж. “Аеро Монголиа” компани “Фокер-50” онгоцоо барьцаалаад “Номин холдинг”-оос хоёр сая ам.доллар зээлсэн ч мөнгөө өгөхгүй луу унжжээ.Тэгээд зогсохгүй барьцаанд тавьсан онгоцоороо нислэг үйлдээд байж. Тиймээс шүүхийн шийдвэрийн дагуу хөлгийг битүүмжлэх болж, эл ажиллагаанд тэрбээр оролцжээ. Онгоц байгаа газар луу хөдлөхөөсөө өмнө шийдвэр гүйцэтгэгч нэгэн түүнд “Төмөр татлага 100 метр, гараашийн, том цоож хэдийг аваарай” гэснийг ёсоор болгоод, агаарын хөлгийг битүүмжлэхээр микро автобус дүүрэн хүнтэй тунчиг сүртэй, бараатай явсан гэнэ. Ингээд “хэргийн” газарт очоод тэнгэрийн хөлгийг хараад л сүрдсэн талаараа яриад бөөн инээдэм болсон тэрбээр ямартай ч нэхэмжлэгчийг хохиролгүй болгож чадсан юм билээ. Үүний дараа “Номин холдинг” түүнийг Эрх зүйн газрын даргаараа урьснаар долоон жил ажилласан байна.

Түүнээс хэдэн зүйл тодрууллаа.

-Хуульч бол эмчтэй адил хүний амь, амьдралын төлөө зүтгэдэг онцгой үүрэг, хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой.Тэгтэл өмгөөлөгч авсан төлбөртөө тохирсон үйлчилгээ үзүүлсэнгүй, хэргийг минь өмгөөлсөнгүй, мөнгө авчихаад хуралд ирсэнгүй гэхчлэн иргэд гомдол гаргадаг. Өмгөөлөгчдийн ёс зүйн хороо гэж бий юү?

-Хуульчийн баримтлах гол зарчим нь ёс зүй. Монголын хуульчдын холбооны дэргэдэх Мэргэжлийн хариуцлагын хороогоор энэ асуудлыг хэлэлцээд сануулахаас эхлээд сахилгын буюу хуульчийн тусгай зөвшөөрлийг нь хугацаатай, хугацаагүйгээр түтгэлзүүлэх хүртэл шийтгэл ногдуулдаг. Хэрэв эрүүгийн хариуцлага хүлээхээр бол цагдаагийн байгууллагад шилжүүлэн, шалгуулна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 57 өмгөөлөгчид арга хэмжээ авсан.

-Өнөө өглөөний хувьд таны үйлчлүүлэгчтэй маргалдаж байгаа талын өмгөөлөгч бага зэрэг сул санагдсан. Та түүний авч ирсэн нотлох баримтууд ямар учраас хангалтгүй байгааг тайлбарлаж, Хятадын иргэн Ц.Н итгэмжлэгдсэн төлөөлөгчдөө өгсөн гэх итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй гэхчлэн оновчтой “довтолж”, хэргийг хэрэгсэхгүй болгож чадсан. Аливаа зүйл мэдээж өгөөтэй, аваатай гэдэг шиг та эсрэг талын өмгөөлөгчийн “довтолгоонд” орж байв уу?

-Залуу байхад туршлагагүйтэхийн алийг тэр гэх вэ. Алдаатай, оноотой л явна. Би шүүх хурал болгоноос суралцдаг. Цэцэгээ гэдэг мундаг өмгөөлөгч байлаа. Тэр хүн намайг өмгөөлөгч болгосон гэж боддог. Гэхдээ “ингэ, тэг” гэж зааж, зөвлөж биш. Тэрбээр миний “эсрэг” явсан. Бид хоёр нэг хэрэг дээр маргаанаа тасалж чадахгүй таван жил явж, 20 орчим удаа шүүх хуралд орж байлаа. Хуулийн этгээдийн захирал зээл олгосныхоо дараа нас барсан. Компани нь ганцхан эзэмшигчтэй учраас эхнэр нь өв залгамжлагч болоод, зээлийн барьцаа хөрөнгийг нь өгөхгүй гэж маргасан. Цэцэгээ өмгөөлөгч намайг заримдаа “унагачихна”. Дараагийн шүүх хуралд түүнийг юу гэх бол гээд би иргэний хуулиудыг шөнө, өдөргүй “ба, бэ”-гүй уншиж, тогтоохын тулд хэдэн дэвтэр дүүрэн хуулж бичдэг байлаа. Тэгээд ширээнийхээ хоёр талд наачихна. Хуулиа цээжээрээ мэддэг байх ёстой гэж би залуучууддаа зөвлөдөг.

“Анта энд Партнерс” нөхөрлөлд найман залуу өмгөөлөгч ажиллаж байна

-Гэм зэмтэй хүнийг буруугүй гэж шүүх хуралд ялах тохиолдол өмгөөлөгчдийн практикт байдаг. Энэ нь нэг талаар тухайн өмгөөлөгчийн ур чадвар, хэр мэргэшсэнийг харуулах ч нөгөө өнцгөөс сэтгэл, хүн чанартай зөрчилдсөн хүнд цохилт болов уу. Тийм тохиолдолд хүн чанар нь “зулгаагаад” зовоодог байх даа.

-Сэтгэл дарамттай болчихдог тийм зүйлтэй би ч тулгарч байсан.

-Тэр үед өөрийгөө яаж зөвтгөж байсан бол?

-Тухайн хүн ямар шалтгаанаар хэрэг үйлдсэн бэ. Жишээ нь, 51 настай эмэгтэй бусдын орон сууцыг барьцаалаад зээл авсан, залилангийн хэргийнхээ төлөө 10.1 жилийн ял сонсчихсон байсан. Гэр бүлийнхэн нь надад хандаж, өмгөөлөл хүссэний дагуу Урьдчилан хорих байранд очиж түүнтэй уулзлаа. Нэг сар хоригдсон тэр эмэгтэйн үс цал бууралтсанаас харахад сэтгэлийн асар их дарамттай нь тодорхой. “Би ийм байдалд хүрнэ чинээ бодоогүй. Ямар ч байсан өрийг нь барагдуулна, дахиж ийм муу зүйл хийхгүй, маш их харамсаж, гэмшиж байна” гэсэн тэрбээр ялаа гүйцээгээд гарч ирэхэд 61 настай байна. Зан төлвийн хувьд цагаандаа гарсан луйварчин биш зэргээр бодоод би түүнийг өмгөөлөхөөр зөвшөөрсөн. Яалт ч үгүй буруутай байсан ч би түүнийг гурван удаа цагаатгасан. Тэрбээр учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, өдгөө ажил хийгээд явж байна.

-Тэгвэл эрх ашгийг нь хамгаалж чадаагүйдээ харамсдаг тохиолдол бий юү?

-Хэвлэх үйлдвэрт ажилладаг залуухан эмэгтэй үйлдвэрлэлийн ослын улмаас хоёр гаргүй болжээ. Үүнд эрүүгийн хэрэг үүсгээд явж байхад нь үйлдвэрийн эзэд гэр бүлийнхнийг нь ятгаж, хохирогчид гар хийлгэж, байр авч өгнө гэхчлэн амлаад өөрийн буруугаас бэртсэн гэдэг бичигт гарын үсэг зуруулсан байдаг. Гэвч ямар ч тусламж үзүүлэлгүй явсаар хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Ингээд хууртсанаа мэдсэн бүсгүй манайд хандсан ч олон жил өнгөрсөн тул үйлдвэрлэлийн осол гэдгийг батлах боломжгүй нь харамсалтай. Эрүүгийн хэрэг үүсгэсэн хавтаст хэргийг нь үзэхэд бүх баримт сэлт нь ажил олгогч талд гарсан байсан.

-Өндөр хөлс амласан ч татгалзсан хэрэг байна уу?

-Мөнгөний төлөө юу ч хамаагүй хийж болохгүй. БНСУ-ын иргэнээс их хэмжээний хөрөнгө оруулалт авсан нэг компанийн захирал “Би авсан мөнгөө өгөхгүйгээр яаж бултах вэ. Монгол хүн биш юм чинь яах нь ямар хамаатай юм бэ. Энэ хэрэг дээр ажиллаж өгөөч” гэж манайд хандсан. Тийм жудаггүй байж болохгүй. Ёс зүйн доголтой хүнтэй хамтарч ажиллахаас бид татгалздаг. “Би хохирогч” гэж ярьж, итгүүлсэн үйлчлүүлэгч маань явцын дунд хохирол учруулагч байж таарах нь бий. Тийм байж “Намайг өмгөөлөх ёстой, мөнгөө төлсөн” энэ тэр гэсэн хандлага гаргасан учраас бид төлбөрийг нь буцаагаад уг хэргээс татгалзаж байлаа.

-Монголд хэчнээн өмгөөлөгч байна вэ?

-Өмгөөлөгчийн хороонд бүртгэлтэй 2400 өмгөөлөгч улсын хэмжээнд бий.Үүнээс амаржсан, төрийн байгууллагад ажиллахаар болоод эрхээ түтгэлзүүлсэн нь 600 орчим гэхээр 1600-1800 нь зах зээлд ажиллаж байна. Тэднээс идэвхтэй ажиллаж байгаа нь 500 гаруй л байгаа болов уу.

Өнөөдөр манай салбарт тулгамдаад буй нэг асуудлыг энд хөндмөөр байна. Хууль зүйн сургуулиуд баахан өмгөөлөгч бэлтгэчихсэн. Өмгөөлөгч гэдэг эрх олгочихсон, зах зээлд “төрүүлээд” хаячихсан тэдгээр мэргэжилтэн ажлын байраа бий болгох, нийгмийн даатгалаа төлөх гээд бүгдийг өөрсдөө зохицуулж явна. Өөрөөр хэлбэл, ямар ч нийгмийн хамгаалалд хамрагдахгүй “сүрэг” гэж болно.

Би өнгөрсөн долоо хоногт Хуульчдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах хорооны гишүүнээр сонгогдсон. Яагаад тэнд ажиллахыг хүссэн бэ гэхээр, хуульчдын эрх ашиг хөндөгдөж байгаа талаар өөрсдөө дуугарч байж л шийдүүлэхгүй бол горьгүй нь. Мэргэжлийн өөрөө удирдах байгууллага гэж хэдий болтол юм бүхнээс хаягдаж явах вэ.

-Иргэд голчлон ямар асуудлаар өмгөөлөгчид хандаж байна вэ?

-Үүргийн эрх зүйн харилцаа худалдах, худалдан авах гэрээ гэхчлэн өмчийн болон гэр бүлийн маргааны улмаас үйлчилгээ авдаг. Сүүлийн 10 гаруй жилд гэр бүл салалт асар их байгаад сэтгэл эмзэглэдэг.

14.50 цаг

“Степ голд” ХХК-ийн мэргэжилтнүүдтэй “Алтан цагаан овоо” төслийнх нь талаар уузалттай байсан ч цаад тал хойшлуулахаа утсаар мэдэгдсэн учраас Д.Түвшинтамир төлөвлөсөн дараагийн ажил хүртлээ хэсэг бичиг, цаастай “зууралдлаа”.

Өмгөөллийн “Анта энд Партнерс” нөхөрлөлийн оффист “Номин холдинг” ХХК-ийн Эрх зүйн газрын хуульчид ирж, зөвлөлдөх уулзалт хийлээ. Энэ арга хэмжээ албаны хэрнээ басхүү андуудын гэмээр сайхан уур амьсгал, хөгжилтэй, дурсамжтай яриагаар дүүрэн өрнөсөн нь учиртай. Д.Түвшинтамир “Номин холдинг” ХХК-д ажиллаж байхдаа олон сайхан хамтрагч, найз нөхөр, шавьтай болжээ.

Тэрбээр мэргэжилдээ төдийгүй хувь хүнийхээ хувьд ч, эзэгтэйн хувьд ч, анд найзын хувьд ч хэзээд “онц”-ын эзэн гэсэн. Энэ талаар хамт олон нь, албаны уулзалтаар ирсэн хамтрагч нар нь ам уралдан ярих юм. “Номин холдинг”-ийн Эрх зүйн газрын дарга Б.Ариунжаргал, Гэрээний хэлтсийн дарга Д.Нэрэнцогт нар “Сүүлийн 15 жил Түвшинтамир өмгөөлөгчтэй хамтарч байна. Зөвхөн хуульчийн хувьд бус, хүнийх нь хувьд түүнийг биширч, хүндэлдэг. Аливаад хандах хандлага, гарц гаргалгаа, сэтгэлгээ нь үнэхээр бахархмаар, гайхмаар. Олон талаар ажиллаад, туршлагажиж, чадамжаа үнэ цэнтэй болгосон хуульч учраас хааяа эргэлзэж, тээнэгэлзсэн үедээ Тамираагаасаа асуудаг. Сэтгэлийн дуудлагаараа хуульч болсон хүн. Түүний дотор онцгой гэгээлэг хүн байдаг ч шаардлагатай үед төмөр хатагтай шиг байж чаддаг. Тамираа газар, тэнгэр нийлмээр салхитай байсан ч үргэлж цэмбэгэр, гял цял, сайхнаараа байдаг нь бас л давуу тал. Найзын хувьд “тагнуулд хамт явах”хэмжээнийх” зэргээр гол баатрыг маань эзгүй хойгуур ярьсан юм.

Тэрбээр залуучуудыг тэр дундаа эмэгтэй хуульчдыг дэмжиж, бойжуулах тал дээр анхаардаг гэдгийг тус нөхөрлөлийнхөн онцолж, үргэлж талархаж явдгаа сониноор дамжуулан уламжилсныг захиралд нь дуулгая. Д.Түвшинтамирын тэргүүлдэг хуулийн фирмийн М.Энхжин, П.Сумъяа, Ц.Галтаа, А.Ануу, Э.Уянга, Б.Нямхорол, Д.Номин гэсэн шижигнэсэн найман өмгөөлөгчийн ганц нь эрэгтэй. Үүнээс гадна эднийх дөрвөн туслах ажилтантай юм байна. Залуучууддаа аливаа зүйлийг заавал жишээ баримттай тохиолдлыг эшлэн ярьж, зөвлөж, өөрөө биечлэн үлгэрлэдэг, ажилтнуудынхаа амьдрал ахуйг үргэлж мэдэж, дэмждэг нь том давуу тал гэж “хүүхдүүд” нь магтсан. Нийслэлийн авто замын түгжрэлийг бодолцон хэдэн өмгөөлөгчийнхөө ажлын цагт зохицуулалт хүртэл хийснээс нь харахад энэ өмгөөлөгч үнэхээр талархууштай нэгэн аж.

15.50 цаг

Банк бус санхүүгийн байгууллага байгуулахаар ажиллаж буй хуулийн этгээд зөвлөгөө авахаар цаг тохирсон байсан ч уулзалтаа нэг өдрөөр хойшлуулах болсон гэнэ. Тиймээс “Анта энд Партнерс” нөхөрлөлийн дотоод үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөг хэлэлцэх хурлын цагийг наашлууллаа. Ачаалал их байгаа учраас ирэх бямба гарагт богиносгосон цагаар ажиллах боломжтой, эсэхийг захирал хуульчдаасаа асууж, үүрэг даалгавар өгснөөр хурал өндөрлөв.

Үүний дараа иргэн Д.Э буюу өглөөний шүүх хурлын эзэн өмгөөлөгчтэйгөө уулзсан бөгөөд энэ тухай мэдээлэхийг хүсээгүй учраас бид “Анта энд Партнерс”-ын оффистой тухтай танилцсан. Цэвэрхэн, тохилог, эмх цэгцтэйгээс гадна ажилтнуудын ажиллах болон хэсэг зуурт амрах тав тухыг анхаарсан нь илт. Цай, кофе уунгаа ярилцаад суух хэсгийг ч бүрдүүлсэн нь захирлынх нь сэтгэл, мэдрэмжтэй холбоотой болов уу.

18.30 цаг

Өмгөөлөгч Д.Түвшинтамир өнөөдөр “хоолой татсан” ажилтай байлаа. Ерөнхийдөө иймэрхүү ачаалалтай байдаг хэмээн тайлбарласан тэрбээр ихэвчлэн 21.00 цагаас хойш гэртээ харьдаг гэсэн. Одоо компьютер, бичиг, баримттай “ноцолдож” хэсэг суух шаардлагатай. Иргэн Д.Энхжаргалын нэхэмжлэлтэй, БСШУС-ын сайдад холбогдох иргэний хэргийн хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд хариу тайлбар бичих түүнд саад болохгүйн тулд “Нэг өдөр”-ийн сурвалжилгаа өндөрлөхөөс аргагүй боллоо.

Ташрамд өгүүлэхэд, уг хэрэгт манай гол баатар мөн л ялалт байгуулж, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг эргүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааных нь цалин хөлсийг олгуулжээ. Үүний хариуд сайд “гомдож”, давж заалдах гомдлынх нь хариу тайлбарыг ийнхүү бичих болжээ.

Түүнчлэн тус хуулийн фирмийнхэн анхан шатны шүүх нэг хэргийн нэхэмжлэлийн шаардлага хангаагүй учраас алдангаа гаргуулах давж заалдах гомдол бичихээр үлдсэн Д.Түвшинтамирт “Өнөөдөр” сониныхонд цаг зав гаргасанд талархаад өрөөнөөс нь гарлаа.

“Өмгөөлөгч өргөн мэдлэг, мэдээлэлтэй, хүнийг задалдаг мэргэжил” гэж онцолсон Д.Түвшинтамир гурван хүүхэдтэй гэсэн. Хэнз гарсан бага хүүгээ сургуульд нь зөөх, хоол, унд бэлтгэх, ББСБ-аа авч явах гэхчлэн арын фронтын тэргүүн эгнээнд явдаг “дайчин” нөхрийнхөө талаар тэрбээр “Өмгөөллийн болон зөвлөх үйлчилгээний компаниудаа хөл дээр нь босгож, олон үйлчлүүлэгчтэй болж, өдий зэрэгтэй явах боломжийг хань минь олгосон” гэснийг уламжилъя.

Эцэст нь дурдахад, “Анта энд Партнерс” ХХН-ийнхөн сүүлийн долоон жил гаруйн хугацаанд иргэн, эрүү, захиргааны хэрэг, маргаануудад өмгөөлөгчөөр оролцон, үйлчлүүлэгчдийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг шүүхийн өмнө бараг 94 гаруй хувийн үзүүлэлттэй хамгаалж ирсний зэрэгцээ үйлчлүүлэгч, түнш, аж ахуйн нэгж байгууллагуудын захиалгаар 1500 гаруй гэрээ хэлцэл, 450 орчим дүрэм журам, 700 орчим эрх зүйн бичиг баримт боловсруулсан талаар танилцуулгад нь өгүүлжээ.

Иргэдэд хууль зүйн үйлчилгээг хуулийн хүрээнд, олон улсын стандартад нийцсэн чанартай үзүүлж, салбартаа тэргүүлж яваа хуулийн фирмийнхэн тэр дундаа Д.Түвшинтамир өмгөөлөгчийг ялалтын “туг” хэмээн онцолъё.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)