Ялагдахгүй шүү, күмамоточууд аа

Эл уриа Күмамото мужийн онгоцны буудал, автомашины зогсоол гээд хаа сайгүй харагдана. Тэдэнд туслахаар дэлхий даяар өрнүүлсэн сайн үйлсийн аянд монголчууд ч бас нэгдсээр байгаа. Дээрх урианы хүчээр күмамоточууд хүнд өдрүүдийг даван туулахын төлөө зүтгэж явна.

Минами Асо тосгонд амьдардаг япон айлд хоносон бид Күмамото мужийг зорилоо. Бидний дараагийн очих газар бол Асо галт уул. Шиврээ бороо зөөлөн зүсэрч, Асогийн өндөр уулс сүрээ гайхуулан сүндэрлэнэ. Бараг уул бүрийн аманд хана босгон, зарим газрын хөрсийг цементлэх ажил ид өрнөн, бороо орж буйг ч үл анзаарна. Хаа сайгүй олон хүн борви бохисхийх чөлөөгүй хөдөлмөрлөн, нүсэр техникүүдийн дуу хадна. Гурван жилийн өмнө Күмамото мужид болсон газар хөдлөлтийн хар сүүдэр одоо ч арилаагүй байгаа нь энэ. Тэнд өмнө нь байгалийн гамшиг тохиолдож байгаагүй тул күмамоточууд ийм өдрүүдтэй нүүр тулна чинээ төсөөлөө ч үгүй явсан гэнэ. Гэтэл 2016 оны дөрөвдүгээр сарын 14-нөөс 21-ний хооронд газар 7.3 баллын хүчтэй хөдөлж, 49 хүн нас барж, 1100 иргэн бэртэн, 8416 байшин нурсан байна. Түүгээр ч үл барам Күмамотогийн цамхаг, Асогийн их гүүр нурж, хөрсний гулгалт болсны улмаас төмөр зам нь сүйджээ. Азаар газар хөдлөлт түм түжигнэн, бум бужигнаж байхад бус, 01.26 цагт болсон тул хохирол бага учирсан гэнэ.

ЕСӨН КМ ТӨМӨР ЗАМЫГ СЭРГЭЭХЭД 70 САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛНА

Бид явсаар газар хөдлөлтийн голомтын бүсэд очлоо. Хальт харахад бусад ууланд хийж буй бүтээн байгуулалттай ижил ажил энд өрнөж буй мэт боловч тийм биш. Яг энэ хэсэгт Күмамотогийн төмөр замын есөн км нь сүйджээ. Үүнийг засахад 70 сая ам.доллар шаардлагатай. Улсаас өгсөн дэмжлэг, хүмүүсийн хандиваар цугласан 1.5 сая ам.доллароор тэд жил гаруй засаад байгаа юм. Санхүүгээс гадна тулгамдаж буй гол асуудлын нэг нь нүхэн гарц.

Эл төмөр замыг янзлахын тулд томоохон техник, хэрэгсэл аваачих шаардлагатай. Гэтэл тэдгээр нь нүхэн гарцуудаар багтахгүй байгаа тул бүгдийг нь нураахаас өөр аргагүй болжээ. Үүний сацуу хэрвээ зайлшгүй шаардлага гарвал 60 метр өндөр, жуулчдын зорин очих дуртай хоёр ч гүүрийг нураах гэнэ. Бидний очсон хэсэгт төмөр замын хажуугаар тавьсан хурдны замыг ид засаж байна билээ.

Энд болсон газар хөдлөлтөд 20 настай нэгэн залуу автомашинтай явж байгаад өртөн, ангал руу унажээ. Өнөөх залуугийн аав, ээж хоёр өдөр бүр ирж, эмгэнэдэг байсан гэнэ. Аврах багийнхан хүүг нь олон өдөр уйгагүй хайсны дүнд дөрвөн сарын дараа цогцсыг нь олсон тухай нутгийн иргэн Сано Норимаса гуай ярив. 

Газар хөдлөлтөд өртсөн мянга мянган күмамоточуудын нэг тэрбээр тухайн үед юу болсон талаар “Тэр өдөр би эхнэр, хоёр ачтайгаа байшингийнхаа нэгдүгээр давхарт унтаж байсан. Гэнэт бид агаарт 20 гаруй см гаруй хөөрч, эхнэр минь байшингийн цонхоор шидэгдсэн. Азаар хаалга гацаагүй. Хаалгаа онгойлгон, эхнэрээ гэртээ оруулсан. Дахин хүчтэй доргилт өгөөгүй ч газар чичирхийлсэн хэвээр. Нэг мэдэх нь ээ эхнэр, хоёр ачаа тас тэвэрчихсэн зогсож байлаа. Анхандаа шоконд орж, юу хийх, яах учраа олоогүй. Юу болоод байгааг ч ойлгоогүй. Ийш тийш сандарч гүйлгүй, гэртээ тайван байх нь юу юунаас чухал гэдгийг л мэдэж байв. Хувцасны шүүгээ нурж, бага ачийг минь золтой л дарчихаагүй. Жаахан гайгүй болохоор нь бид автомашиндаа суусан. Арай аюулгүй гэж бодсондоо тэр. 

Манайхтай ойрхон газар охин минь амьдардаг. “Охин яасан бол, амьд байгаа болов уу” гэж бодон, их санаа зовсон. Болдог сон бол очихыг хүссэн ч тэр аяараа сүйрч, явахын аргагүй байлаа. Орой нь тэр хавийнхаа айлын хүмүүстэй уулзсан ч охиныхоо сургийг гаргаж чадаагүй. Байшин маань эвдэрч, амьдрахын аргагүй болсон тул бид хоргодох байранд очсон. Тэнд олон мянган хүнтэй хамт байсан. Эхнэр нутгаасаа өөр газар очиж, амьдаръя гэсэн ч би зөвшөөрөөгүй. Төрсөн нутгаа орхиж чадаагүй юм л даа. Охинтойгоо би долоо хоногийн дараа уулзсан. Гамшгийн улмаас хэр том газар сүйдсэнийг одоо ч бүрэн тогтоож дуусаагүй. Өдөр бүр дрон нисгэн хайсаар байгаа. Хэдхэн хоноод л хөрсний гулгалт болсон газар шинээр бүртгэгддэг” гэв.

Дараа нь бид “Накамацү” өртөөнд очив. Төмөр замын цөөнгүй дэр модон дээр “Галт тэрэгний замыг сэргээн босгохын төлөө” гэсэн бичиг наажээ. Хандив өргөсөн хүмүүс ийм бичиг наан, бусдыгаа уриалдаг аж. Зам нь эвдэрсний улмаас “Накамацү” өртөөгөөр зорчих иргэдийн тоо эрс буурчээ. Үүний улмаас эл өртөөний ажилчид 16-гаас найм болтлоо цөөрсөн гэнэ. 

Цөөхөн ажилчинтай тул “Накамацү”-гийн галт тэрэгний жолооч М.Күракава тасалбар зарах, вагоноо цэвэрлэх гээд бүгдийг хийдэг юм билээ. Тэрбээр “Манай өртөөнд ирж, нөхцөл байдалтай танилцсанд баярлалаа. Бидэнд их урам өглөө” гэсэн утга бүхий талархлын бичиг бидэнд гардуулав.

КҮМАМОТОГИЙН ЦАЙЗЫГ ЗАСАХАД 20 ЖИЛ ШААРДЛАГАТАЙ

Газар хөдлөлтийн улмаас сүйрч, ихээхэн хохирол хүлээсэн байгууламжийн нэг нь яах аргагүй Күмамотогийн цайз. Эртний түүхтэй эл цайзын нэлээд хэсэг эвдэрч, сүйджээ. Нурсан хэсгийнх нь чулуунуудыг хажууд нь цуглуулсан нь бидний анхаарлыг татав. Күмамоточууд VR технологийн аргаар цамхгийн бүх хэсгийг, тэр ч бүү хэл чулуунуудыг нь хүртэл нэгбүрчлэн бүртгэж, кодолжээ. Улмаар дээрх кодолсныхоо дагуу яг өмнөх байрлалаар нь буцааж өрөх гэнэ. 

Нутгийн нэгэн иргэн “Түүхэн дурсгалт, ховор байгууламжийг анхных нь өнгө, загвараар хадгалах нь их чухал. Цамхгийн нэг чулуу нь нурлаа гэж бодоход оронд нь тэс өөрийг өрвөл анхны төрхөө төдийгүй үнэ цэнээ алдана. Тиймээс бид Күмамотогийн цайзын бүх хэсгийг VR технологийн аргаар нэгбүрчлэн бүртгэж, кодолсон. Түүнийхээ дагуу эвдэрсэн хэсэг, нурсан ханыг нь өрнө” хэмээв. Энэ мэт шалтгааны улмаас тус цайзыг засахад 20 жил шаардлагатай гэнэ. 

Монголчууд бид хэчнээн арвин өвтэй, түүхэн байгууламжтай билээ. Гэтэл осолдохгүй дутуу хагас бүртгэдгээс биш ингэж хамгаалж, арчилж чадаж байгаа бил үү. Байгалийн гамшиг хэлж бус, хийсэж ирдэг. Өнөөдөр Монголын эртний сүм хийд, алдартай бүтээл байгалийн гамшигт өртөхгүй гэх баталгаа байхгүй. Тэгэхээр эртний төдийгүй ховор бүхнээ VR технологийн аргаар кодлоод авчих юм сан.

“БИДНИЙ АЛДААГ ХЭЗЭЭ Ч БИТГИЙ ДАВТААРАЙ”

“Jenesys-2018” хөтөлбөрт хамрагдсан бид Японы олон нутгаар аялж, түүх, дурсгал, соёлыг нь шагшин, техник, технологийн дэвшилтэй танилцсан ч нэг газрыг монголчууддаа сонирхуулахыг их хүслээ. Энэ бол Минамата хот. Тус хотод үйл ажиллагаа явуулдаг JNC буюу “Чиссо” үйлдвэрийн ажилтан Кидо Риэ “Олонх хүн төдийгүй япончуудын цөөнгүй нь манай хотод ирэх тийм ч дуртай биш. Үйлдвэржилтийн томоохон нутаг гэхээсээ илүү таагүй сэтгэгдэл тэднийг дагадаг” гэж тодотгосон нь учиртай.

Үүний сацуу тэрбээр “Минаматачууд 70 жилийн турш зовж, шаналж буйн буруутан нь бид” гэсэн нь бүр ч учиртай. Ургамлын бордоо үйлдвэрлэснээр 1908 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Чиссо” үйлдвэр жилээс жилд хүчирхэгжин, Японд төдийгүй дэлхийд нөлөөгөө тогтоож байлаа. Тэд хүрээгээ тэлж, бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмсээр 1932 онд хуванцрыг зөөлрүүлж, гялгар уут бүтээхийн тулд мөнгөн ус ашигласан нь тухайн үед том дэвшил байсан ч хар дарсан зүүд шиг он жилүүдийн “хаалга”-ыг нээснийг хэн ч мэдээгүй. 

“Чиссо”-гийнхон мөнгөн ус бүхий бохирдлоо далай руу асгасаар, түүнийг нь уусан далайн амьтдыг минаматачууд идсээр байлаа. Үүнийг тэд мэдсэн ч хотынхны олонх нь “Чиссо” үйлдвэрт ажилладаг тул ам нээхийг төдийлөн хүсээгүй аж. Мөнгөн ус өнгөгүй, үнэргүй. Мөн тухайн үед эл бодисын талаар ямар нэгэн сөрөг ойлголт хаана ч, хэнд ч байсангүй. Минамата хотын иргэд үл мэдэгдэх, хачин жигтэй өвчин гэнэт тусаж, алхаж, гишгэн, тэр ч бүр ярьж ч чадахаа болин, нас барах болов. 

Түүгээр ч үл барам эл шинж тэмдэг муур, нохойд ч илэрчээ. Цөөнгүй эрдэмтэн мууран дээр туршилт хийсний дүнд мөнгөн уснаас болсныг тогтоосон ч “Чиссо” үйлдвэрийнхэн эрс эсэргүүцжээ. Улмаар тэднийг буруушаан, аль болох өөрсдөөсөө булзааруулж, мөнгөн уснаас бус, өөр зүйлээс үүссэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгджээ. Тэр ч бүү хэл тус үйлдвэрийн тухайн үеийн захирал нь далайд асгасан усаа ууж, буруугүйгээ батлахыг оролдов. Гэвч өнөөх нь крантны ус байсан нь удалгүй илчлэгдэн, олны эгдүүцлийг улам хүргэсэн юм. Тэгэх тусам цаг алдаж, минамата өвчний хамрах хүрээ тэлсээр байлаа.

Олон жилийн дараа эрдэмтдийн судалгааг үндэслэн, үйлдвэрийн бохирдлоос үүссэн болохыг шүүх тогтоожээ. “Чиссо” компанийнхан буруугаа хүлээж, байгаль орчин, далайг цэвэрлэх, нөхөн сэргээх үйл ажиллагаа эхлүүлсэн. Тэд мөнгөн ус тархсан далайн хошууг бүхэлд нь шороогоор дүүргэн, газар бий болгожээ. 

Тэгэхдээ хордсон хэсгийн бүх далайн амьтдыг торхонд хийн, мөнгөн усны хамт булсан юм. Энэ ажлыг 13 жилийн турш гүйцэтгэхэд 400 сая ам.доллар зарцуулсан гэх баримт бий. Минамата хотын далайд өнөөг хүртэл мөнгөн ус булагдсаар. Тэр хэрээр минамата өвчин дахин дэгдэх аюул нүүрлэсээр. Хэдийгээр асар их хөрөнгө зарцуулан байж далайг цэвэрлэсэн ч өнөөг хүртэл хүмүүс өвчилсөөр байна. 

Учир нь минамата удамшдаг өвчин, хамгийн гачлантай нь өдий хүртэл бүрэн эмчлэх аргыг нь нээгээгүй. Одоогоор эл өвчнөөр 2700 хүн өвчилснийг албан ёсоор тогтоожээ. Үүнээс гадна 50 000 гаруй иргэн өөрийгөө өвчилсөн гэж гомдол гаргаж, “Чиссо”-той заргалдсан юм. Хэдийгээр тэдний өвчилсөн, эсэхийг тогтоогоогүй ч JNC-гийнхэн эмчилгээний болон оршуулгынх нь зардлыг төлсөөр өдий хүрсэн гэнэ.

“Хохирогч, буруутан хоёр Минамата хотод зэрэгцэн амьдарч байна. Тэр хэрээр үл ойлголцол, эмх замбараагүй байдал үүсэх магадлал өндөр. Хэдийгээр JNC компанийнхан өвчтөнүүдийг эмчлэх, туслахын төлөө мэрийж байгаа ч тэднийг хэзээ ч уучилж болохгүй. Минамата туссан хүмүүсийн гомдол хэзээ ч барагдахгүй” гэж Минамата өвчний түүхийн эх сурвалжийн музейн орлогч дарга Күсано Тэцүя өгүүлэв.

Мөн JNC компанийн ажилтан Кидо Риэ “Би бага байхаасаа л минамата өвчтэй хүмүүстэй нөхөрлөж, тэдний зовлонгоос хуваалцаж өссөн. Үргэлж буруутан гэж чичлүүлэн байж үйл ажиллагаа явуулах амаргүй. Тэглээ гээд бид өөрсдийгөө өмөөрч, хариуцлагаас зугтахгүй. Тэгэх ч эрх байхгүй. Өвчтөнүүдэд санхүүгээр тусалж, сэтгэлийн дэм өгөх нь бидний үүрэг, умартаж болохгүй хариуцлага. Бидний алдааг битгий давтаарай гэж та бүхнээс дахин дахин хүсье. Нутагтаа очоод монголчууддаа заавал уламжлаарай” гэсэн.

МИНАМАТА ӨВЧИН ТҮҮНИЙ АМЬДРАЛЫГ ОРВОНГООР НЬ ЭРГҮҮЛСЭН

Зөвхөн гар утас, зурагт, компьютерын сэлбэгний дэлхийн нийт хэрэглээний 40 хувийг дангаараа хангадаг JNC компанийн үйл ажиллагаатай танилцсаны дараа биднийг нэг хүнтэй уулзуулсан нь 92 настай Эйко Үэно гуай. 1971 онд минамата өвчтэй хүнээр бүртгэгдсэн тэрбээр амьдралынхаа гашуун түүхийг бидэнд ярьж өгсөн юм.

Эйко Үэно “Нөхөр минь “Чиссо” үйлдвэрт ажилладаг байлаа. Бид хоёр өөрсдийн гэсэн байшинтай болохын тулд шаргуу хөдөлмөрлөж байсан юм. Гэтэл 1958 оны наймдугаар сарын нэг өдөр загасанд явж байтал нөхөр минь тэнцвэрээ алдан унасан. Нэг их удалгүй яриа нь тасалдан, орой нь гэртээ харихад үг хэлэх ч тэнхэлгүй болов. Тэр өдрөөс эхлэн амьдрал минь орвонгоороо эргэсэн. 

Маргааш нь эмнэлэгт үзүүлэхэд хэн ч өвчнийх нь оношийг тогтоож чадаагүй. “Чиссо” үйлдвэрийн харьяа эмнэлэгт очсон ч тусыг эс олов. Зарим хүн бид хоёрт туслахаас эрс татгалзан, гажиг өвчтэй гээд ад үзсэн. Тэр орой гэртээ харихад нөхөр минь хоол идэх нь байтугай алхаж ч чадахаа болив. Тухайн үед би есөн сартай жирэмсэн байсан болохоор нөхрөө асрах, өргөх тэнхээ байгаагүй. Нөхрийг минь гажиг өвчтэй гээд хавь ойрын хүмүүс манайхаар шагайхаа ч больсон. 

Зургаа дахь өдөр нь манайд хадам аав ирэв. Хүүгээ их гайхаж харснаа “Нөхөртөө юу ч өгч, уулгаагүйгээс болж өвчин тусаж” гээд намайг их загнасан. Би юу гэж тэгэх билээ дээ. Яг тэр шөнө нөхөр минь гэнэт үсрэн босож, шалан дээр унан, намайг хүртэл түлхэж унагаасан. Ямар ч мэдрэлгүй, галзуу мэт аашлах болов. Давхар биетэй би нөхрийнхөө дэргэд байвал аюулд өртөх эрсдэл үүсэх нь тэр.

Удахгүй мэндлэх хүүхдээ хүлээн, гурвуулаа аз жаргалтай амьдарна гэж ярилцаж байсан бидэнд тийм зүйл тохиолдоно гэж зүүдлээ ч үгүй. Күмамотогийн эмнэлэгт хэвтүүлэхэд нөхөр минь ямар ч ухаангүй болсон байлаа. Тэнд гурван хоног хэвтээд бурхан болсон. Нөхрийнхөө чандрыг аван, гэртээ харихад надад ямар ч ирээдүй харагдаагүй. “Хүүхдээ яаж тэжээх вэ, эсэн мэнд хэрхэн төрүүлэх вэ” гэж л бодсон. Оршуулгын ажил болсноос зургаан хоногийн дараа би дутуу төрөв. Охиндоо Рёоко гэж нэр хайрлан, эрүүл, саруул өсгөж, нөхрийгөө баярлуулна гэж би өөртөө амласан.

Нэг өдөр эгч минь манайд ирээд Рёоког хэвийн бус, хаа нэгэн газраас нэрийг нь дуудахад тэс өөр зүг рүү харж байна гэсэн. Би үүнтэй санал нийлээгүй, охиноо өмөөрч эгчтэйгээ ам мурийсан. Гэхдээ охиндоо санаа зовон, эмнэлэгт үзүүлэхэд тархины саажилттай гэсэн онош тавилаа. Би өдөр бүр охиноо эмнэлэгт үзүүлэн, тариа хийлгэнэ. Ийм байдлаар хоёр жил өнгөрөв. Яг Рёокогийнх шиг гажигтай, шинж тэмдэг илэрсэн 15 хүүхэд байгааг мэдсэн. 

Оношийг нь тогтоохын тулд байсхийгээд л нугаснаас нь ус авна. Охиноо зовж, тарчлахыг өдөр бүр харах хэчнээн хэцүү байсан гэж санана. Эмч нар “15 хүүхдийн аль нэг нь эндвэл задлан шинжилгээ хийе. Тэгвэл үр дүнтэй” гэхээс өөр зүйл хэлээгүй. Тухайн үед “Чиссо” үйлдвэрийн буруугаас болж, өвчин гарсан тухай мэдээлэл тархав. Би бусад 15 хүүхдийн эцэг, эхийн хамт тус компанийн захиргаатай удаа дараа уулзсан ч юман чинээ тоогоогүй. Өвлийн хүйтэнд ч хүүхдээ тэврээд өдөр бүр очин, үйлдвэрийнх нь өмнө өдөржингөө суун, тэмцдэг байлаа. 

Хүмүүс “Гажигтай хүүхэд төрүүлчихээд үйлдвэрт буруугаа тохлоо. Та нараас болж цалин буурч байна. Зайлцгаа” гэж ад үзнэ. 

Эд хөрөнгө, алдар нэр бус, эрүүл байх л аз жаргалын үндэс гэдгийг тэгэхэд би яс, махандаа тултал мэдэрч билээ. 

Рёоког гурван нас хүрэхэд “Чиссо” үйлдвэр буруугаа хүлээсэн ч хэтэрхий оройтсон байлаа. Нэг шөнө охин минь гэнэт хүчтэй чичрэн, татахад нь “Яагаад ч үхэж болохгүй шүү” гэж чихэнд нь шивнэн, эмнэлэг рүү тэврээд гүйж билээ. Яарсаар Күмамото хотын эмнэлэгт очсон ч маргааш өглөө нь нас барсан. Охин минь төрснөөсөө хойш юу ч харж, мэдэрч амжилгүй, өөрийнхөө бус, миний буруугаас болж хорвоог орхисон юм шүү дээ. “Ээжийгээ уучлаарай” гээд би хоёр шөнө уйлсан. 

Эмч нар нас барсан шалтгааныг нь олохын тулд задлан шинжилгээнд оруулахыг хүсэв. Охиноо би дахин зовоохыг хүсээгүй, эрс эсэргүүцсэн ч бусад хүүхдийг аврахын тулд аргагүйн эрхэнд зөвшөөрөв. Задлан шинжилгээний өрөөнд охиныхоо цогцсыг тэврээд ороход баахан мэс өрөөтэй байсан. Хутга гэхэд л дөрөв, таван төрлөөрөө. Эмч нар “Хүүхдээ ширээн дээр тавиарай” гэхэд нь би тэднийг хүн үү, адгуус уу гэж бодсон. Рёоког тэврээд зугтмаар санагдсан ч сэтгэл хөдлөлөө арайхийн барив. Дөрвөн сарын дараа шинжилгээнийх нь хариу гарч, минамата өвчнөөр нас барсныг нь тогтоосон. Тэгэхдээ хэвлийд байхдаа надаас халдвар авсан юм билээ. 

Би тэр хүртэл өөрөө ч минамата туссанаа мэдээгүй. Эл өвчний улмаас дахин хүүхэд төрүүлж чадаагүй. Би минамата өвчин туссан хүмүүсийг хамгаалж, халамжлах байгууллагад 1973 онд гишүүнээр элсэн, өнөөг хүртэл тэмцэж явна. Намайг хэчнээн хүнд ад үзэгдэн, ямар зовлон, бэрхшээл туулсныг төсөөлөх хүн хуруу дарам” гээд уйлав.

Газар хөдлөлт, мөнгөн усны аюул зарим хүнд хол юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ огт тийм биш. Монгол Улс мөнгөн усыг хэчнээн замбараагүй, хяналтгүй хэрэглэж байгаа билээ. Хэдхэн жилийн өмнө Хонгор суманд нүүрэлсэн аюул өнөө ч биднийг орхиогүй, сүүдэр нь арилаагүй. Өдгөө ч мөнгөн усны улмаас хэчнээн хүн хордож, байгаль орчинд ямар хохирол учирч буйг таах, төсөөлөхийн аргагүй.

Аяллынхаа талаар илүү ихийг сонирхуулмаар байв ч энэ хүрээд өндөрлөе. Ташрамд өгүүлэхэд, тус улсад аялах боломж олгосон Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, JTB корпорацын хамт олонд талархсанаа илэрхийлье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)