Явуулын эмнэлгээр 2073 хүн үйлчлүүлжээ

Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ) нийгэмлэгийнхэн “Хөдөлгөөнт оношилгооны төв” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Төслийн хүрээнд зургаан вагоныг иж бүрэн тоноглож, явуулын эмнэлэг ажиллуулахаар төлөвлөсөн аж. Одоогоор хоёр вагонд оношилгооны төхөөрөмж суурилуулж, өнгөрсөн есдүгээр сарын 19-нөөс аялуулан, алслагдсан бүс нутаг, төмөр зам дагуу ажиллаж, амьдарч байгаа иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. “Есдүгээр сарын 19-30-нд буюу 10 хоногийн хугацаанд Замын-Үүдээс эхлэн, Авгын гол, Улаан-Уул, Сайншанд, Зүүнбаян, Айраг, Бор-Өндөр, Олон-Овоо өртөөнд ажиллалаа. Хоёр дахь аяллаа аравдугаар сарын 22-ноос эхлүүлсэн. Эрдэнэт, Орхонтуул, Хөтөл, Салхит, Зүүнхараа өртөө орчимд амьдарч буй иргэдэд энэ удаа тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа” гэж хөдөлгөөнт эмнэлгийн эмч нар хэллээ. Дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, шүд, дуран, хэвлийн ЭХО, зүрх болон тархины цахилгаан бичлэг, ариутгал, лабораторийн 17 эмч, мэргэжилтэн явуулын эмнэлэгт ажиллаж буй. Тэд одоогоор 2073 хүнд үйлчилжээ.

Эхний ээлжийн хоёр вагон эмэгтэйчүүдийн үзлэг, эмчилгээ, зүрх болон тархины цахилгаан бичлэг хийх, хоол боловсруулах, амьсгалын замын эмгэг оношлох хэсэгтэй. Иргэдийг шээс, биохими, иммунологи, цус бүлэгнэлт, бамбай булчирхайн даавар, чихрийн шижин, элэгний В, С вирус, хелико бактери, Д аминдэм тодорхойлох, түрүү булчирхайн хавдар илрүүлэх шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулж байгаа гэнэ.

Уг хоёр вагоныг УБТЗ нийгэмлэг өөрийн хөрөнгөөр засаж, тохижуулсан бол тоног төхөөрөмжийг нь төмөр замчдын хандиваар авч, суурилуулжээ. Цаашид нэмж дөрвөн вагоныг эмнэлэг болгон тохижуулж, рентген оношилгоо, нүд, чих, хамар, хоолой, шүдний эмчилгээ болон мэс засал хийхээр төлөвлөжээ.

Бэлтгэсэн: М.Оч


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)