Явган зорчигчид Улаанбаатараас “зайлах” ёстой юу

МУБИС-ийн баруун талын авто замын явган хүний гарц

Нийслэлчүүдийг хамгийн их бухимдуулдаг зүйлсийн нэг нь замын түгжрэл. Тиймдээ ч манай хотын удирдлага түгжрэлийг бууруулах “мэргэн санаа” олсон нь иргэдээ автобусаар зорчуулах, дугуй унуулах, алхуулах. Энэ нь “Эрүүл мэндэд тустай” хэмээн сурталчилдаг. Ам, ажил нь алд, дэлэм зөрдөг дарга нарын эдгээр уриалгыг харамсалтай нь амьдралд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Ажил эхлэх болон тарах цагаар автобус нь хүрэлцдэггүй, хүнээ авахгүй зугтах нь энгийн үзэгдэл. Дээр нь хүйтэн, бохир заваан гэж жигтэйхэн. Нийтийн тээврийнхэнтэй үйлчилгээний соёлын талаар яриад ч өнөөг хүртэл амжилт олоогүй. Энэ мэт шалтгаанаар иргэд автобуснаас буугаад дугуй унах, эсвэл алхах гэхээр явган хүний болон дугуйн зам нь бас л хомс.

Хотын удирдлага явган зорчигчийг хүн гэж тоохгүй байгаа бас нэг жишээ дурдъя. Дугуйн болон явган хүний замаас гадна гарцын асуудал бидэнд тулгамдаад байна. Автобусны нэг буудал алхаж байж зам хөндлөн гардаг газар нийслэлд олон. 4-6 эгнээтэй өргөн замуудын дохионы ногоон гэрэл асчихаад төд удалгүй буюу 15-хан секунд болоод “улаарна”. Өндөр настай, хүүхдээ тэвэрсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс амжиж зам хөндлөн гарах гэж хэрэндээ хичээх ч тэхий голд нь түгжигдчихдэг. Зарим хэсгийн гэрлэн дохио ч яах вэ, хэдхэн секунд ч болтугай асаж байна. Гэтэл төв зам дагуух хэд хэдэн уулзвар, гарцын гэрлэн дохио солигдохоо больчихлоо. Замын хөдөлгөөн аль хэсэгт хамгийн их ачаалалтай байна, тэнд ногоон гэрэл бараг асдаггүй. Тухайлбал, Төв шуудан, МУБИС орчим, Цаг уур, орчны шинжилгээний газрын уулзварын гэрлэн дохиог санаатайгаар бараг 30-40 минут унтраадаг. Машинуудаа явуулж л байвал гарцан дээр хэчнээн хүн бээвийж зогсох нь хэнд ч хамаагүй болж. Идэр ес эхэлчихсэн, өглөө, оройдоо улам л хүйтэрнэ. Явган зорчигчид ч бас түгжирч л байг уу, дарга нар аа. Эсвэл хотоос “зайлах” ёстой юу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)