"Яармаг-300” эмнэлэг нь халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн 300 иргэнийг хүлээн авах хүчин чадалтай

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Шадар сайд Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаны хүмүүс өнөөдөр “Ковид-19” цар тахлын үед ажиллах Буянт-Ухаа спорт ордонд дэлгэсэн “Яармаг-300” эмнэлэг болон нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт дэлгэсэн “Яармаг-100” ортой эмнэлгийн бэлэн байдлын дадлага сургуулилалтын үйл явцыг шалгаж ажиллалаа.

“Ковид-19” цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үеэр Буянт-Ухаа спортын ордоны 7790 м2 талбайд дэлгэсэн “Яармаг-300” эмнэлэг нь халдварын хөнгөн хэлбэрээр өвчилсөн 300 иргэнийг хүлээж авч, эмчлэх хүчин чадалтай аж. Эмнэлгийн хоёрдугаар давхрыг нөөцөнд авч, өвчлөл хүндэрсэн тохиолдолд 200 ор нэмж дэлгэхээр зохицуулалт хийсэн байна. Тус эмнэлэгт нэг ээлжинд 54 хүн, нийт 148 эмч, эмнэлгийн мэргэжилтэн гурван ээлжээр үүрэг гүйцэтгэж ажиллана. Халдварт цар тахлын үед А, B, C гурван бүст өвчтөнийг эрэмбэлэн ангилж /өндөр эрсдэлтэй болон ахмад настан, мөн хүүхэд-жирэмсэн эх, насанд хүрэгчид/ тусламж үйлчилгээг үзүүлэх юм.

Нийслэлийн Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлэгт дэлгэсэн “Яармаг-100” эмнэлэг нь 2800 м2 талбайд хүнд болон маш хүнд өвчтөнийг хүлээж авч, эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн эмчлэх зориулалтаар зохион байгуулагдсан байна. Шаардлагатай тохиолдолд 1000 хүртэл ор дэлгэж, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой аж. Өнөөдрийн байдлаар 100 ор дэлгэснээс 10 нь маш хүнд өвчтөнийг хүлээж авах зориулалтаар иж бүрэн тоноглогджээ. Нэг ээлжинд 90 хүн, нийт гурван ээлжээр 270 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллах зохицуулалтын хүрээнд дадлага сургуулилт хийж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатарын мэдээлснээр халдварын онцгой дэглэмийн үед улаан, шар, ногоон гэсэн гурван бүсэд хуваадаг. Улаан бүст хэвтэн эмчлүүлэх, оношилгооны, хүлээн авах, шарил хадгалах болон эмийн нөөц, эмнэлгийн хог хаягдлыг хадгалах, ариутгал, халдваргүйтгэлийн хэсгүүд ажиллаж байна. Харин шар бүст үүрэг гүйцэтгэсэн ажилтнууд ариутгал, халдваргүйтгэл хийгдэх хэсэг. Ногоон бүст эрүүл мэнд, мэргэжлийн хяналт зэрэг байгууллагын дэд штаб байрлахаас гадна лаборатори, эмийн нөөцийн өрөө, ажлын өрөө, амралтын өрөө, хувцас солих зэрэг хэсгүүд багтаж байгаа аж.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх халдварын голомтод ажиллаж байгаа ажилтан, алба хаагчдын аюулгүй байдал, хамгаалах хувцас хэрэглэлд анхаарч ажиллах ёстойг санууллаа. “Монгол Улсын Засгийн газраас “Ковид-19” цар тахлаас үүдсэн нийгэм, эдийн засагт үүсээд байгаа асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэх болно. Харин иргэн бүр хариуцлагатай байж, Улсын Онцгой комиссын шийдвэрийг даган биелүүлж хамтарч ажиллах ёстой юм шүү. Гамшиг, халдварт өвчний үед бидний хийх шаардлагатай хамгийн чухал хийх ажил бол урьдчилан сэргийлэх явдал юм” гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцолж хэллээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)