“Яараад яах вэ дээ” аяны хүрээнд зам, тээврийн гэмт хэрэг 63 хувиар буурчээ

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх болон Орон нутаг, хурдны замын хяналтын хэлтсээс ЦЕГ-тай хамтран өнгөрсөн сарын 15-наас хойш нэг сарын хугацаанд “Яараад яах вэ дээ” аяны үр дүнгийн талаар өчигдөр мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Арсланхуяг “Тус аяны зорилго гэмт хэргээс урьдчилан сэргийлэх юм. Энэ удаа нөлөөллийн арга хэмжээ хэрэгжүүллээ. Үүний үр дүнд жолооч нар хурд хэтрүүлэх нь багасаж, ослын тоо буурсан. Бидний ажлыг иргэд, жолооч нар дэмжиж, ухамсартай хүлээн авлаа. Зорчигч нар ч жолооч нарт шаардлага тавьж сурчээ. Цагт 80 км хурдлаад аливаа ажлаас хоцрохгүй, харин ч эрсдэлээс сэргийлж болдгийг харуулснаараа тус аян ач холбогдолтой байлаа” гэв.

Өнгөрсөн сарын 15-наас хойших нэг сарын хугацаанд зам, тээврийн ослын 45 гэмт хэрэг бүртгэсэн байна. Үүний улмаас 37 хүн амиа алдаж, 30 хүн гэмтжээ. Энэ нь гэмтсэн хүний тоо 49.7, нас барсан нь 11.7 хувиар буурсан үзүүлэлт аж. Зам, тээврийн осолтой холбоотой нийт гэмт хэрэг 63 хувиар буурсан гэнэ.

Цаашид Улаанбаатараас Сайншанд, Замын Үүд чиглэлийн авто замд камер суурилуулахаар ЦЕГ-ынхан төлөвлөжээ. Ингэснээр автомашины дундаж хурдыг тодорхойлох боломж бүрдэх гэнэ. Өөрөөр хэлбэл, Замын-Үүд, Сайншандын чиглэлд зорчиж буй иргэд хэдэн цагийн дотор зорьсон газартаа очсоныг шүүж, хурдыг нь тодорхойлж, бүртгэх юм байна. Камер суурилуулснаар иргэд хурдаа хянаж, амь биеэ хамгаалах боломж бүрдэнэ гэж албаныхан үзэж буй юм. Энэ ажлыг 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Үүнээс гадна ТЦА-ныхан орон нутгийн замд хяналт, шалгалт хийж байгаа. Байнгын хяналтын 50, хөдөлгөөнт эргүүлийн 68 цэгт, 295 алба хаагч, 38 автомашинтай ажиллаж, 217 мянга гаруй тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгасан аж. Улмаар 52 500 гаруй зөрчил илрүүлсэн байна. Түүнээс 1106 хүн нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасныг байсныг илрүүлэн, шалгаж буй гэнэ.

ТЦА-ны Орон нутаг, хурдны замын хяналтын хэлтсийн дарга, дэд хурандаа М.Отгонбаяр “Орон нутаг руу аялахдаа иргэд ихэвчлэн хурд хэтрүүлдэг. Дээрх аяны хүрээнд хүүхдийг буруу тээвэрлэх зөрчил 90 хувиар буурсан гэхэд хилсдэхгүй. Иргэд орон нутгийн замд зөвшөөрөх дээд хурдыг нэмэх хүсэлтэй байдаг. Гэвч жолооч хурдаа нэмэх тусам харах талбай нарийсдаг, цагт 80 км-ээс дээш хурдлах нь осол гарах эрсдэлийг нэмдгийг байнга санаж явах нь зүйтэй. Засмал замд гарах осол буурсан ч шороон замд иргэд зөрчил гаргах тохиолдол цөөнгүй байна” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)