Ю.КЛОПП: Миний баг баяр баясгалантай тоглож, тоглогчдын маань нүд гэрэлтэж байхыг би хүсдэг

Английн “Ливерпуль” багийн дасгалжуулагч Ю.Клопп “Франс футбол”-д саяхан дараах ярилцлагыг өгчээ.

-Та зуны амралтаа сайхан өнгөрүүлэв үү?

-Харагдахгүй байна уу? (инээгээд, борлосон гараа харуулав), Герман, Испани, Францад очлоо. Францын Муан-Сартад байдаг нэг найзындаа амарлаа.

-Тэгэхээр сайхан амарчээ?

-Дасгалжуулагч хүнд юуных нь амралт байх вэ дээ. Цаг үргэлж нөүтбүүк тэвэрч явна шүү дээ. Хүмүүс унтаж байхад би өглөө эрт ажиллах дуртай. Гэхдээ энэ зун амралт үнэхээр их хэрэгтэй байсан болохоор өөртөө завсарлага өгсөн юм. Дасгалжуулагчаар ажилласан эхний 10 гаруй жил амралт гэж бараг мэддэггүй байж. Гэхдээ туршлага гэж агуу эд шүү дээ. Эцсийн эцэст ийм байдлаар амьдралаа өнгөрөөж болохгүй гэдгийг ойлгосон. Амрах хэрэгтэй гэсэн үг. Тархиа амраах ёстой. Өглөө багийн бэлтгэл рүү явахгүй өдрөөс л миний амралт эхэлдэг.

-Та дэлхийн аваргын тэмцээн үзэв үү, ямархуу санагдав?

-Мэдээж үзсэн, гэхдээ хэсгийн тоглолтуудыг бараг үзээгүй. Герман, Англи, Хорват, Франц, Бельгийн багийг ажиглаж байлаа. Энэ дэлхийн аваргын тэмцээнд тактикийн тал дээр онцгой зүйл бараг ажиглагдаагүй гэхэд болно. Талбай дөрвөлжин, бөмбөг бөөрөнхий, адилхан л 11 тоглогч байхад шинэ юм юу бодож олох билээ.

Харин германчууд сонин содон зүйл турших гээд юугаар төгссөнийг нь харав уу. Захын хамгаалагч довтлогч шиг тоглож болно гэдгийг бид бүгд мэддэг. Гэхдээ хамгийн чухал нь багт ямар тоглогчид цугласнаас л шалтгаална. Тийм учраас Франц, Бразил, Бельги, Хорват ялж байлаа. Германы бүрэлдэхүүн их сайн ч дотооддоо асуудалтай байж. Тодруулбал, ахмадууд нь бусаддаа үлгэрлэж чадсангүй, мөн бүх тэмцээнд түрүүлчихсэн болохоор ялах хүсэл нь ч хангалттай байсангүй дээ.

-Аваргуудын лигт түрүүлж чадаагүйдээ их гутарсан уу?

-Мэдээж, финалд ялах зорилготой байсан болохоор. Гэхдээ төдий хүртэл хэрхэн тэмцсэн минь чухал байлаа. Лигт түрүүлж чадах зиндааны баг гэдгээ харуулах ёстой байв. Мөн сонгосон тактик минь зөв гэдгийг. Ингэж чадсан маань намайг хамгийн их баярлуулсан. Финалын тоглолтын үеэр Рамос юу хийснийг бүгд харсан. Мөн хаалгачид маань тохиолдсон азгүй явдал. Би тоглоогүй шүү, түүнээс өмнө тэр Рамостой мөргөлдөөд тархиа хөдөлгөчихсөн. Мэргэжилтнүүдтэй зөвлөлдөхөд энэ гэмтэл хаалгачид нөлөөлсөн гэж хэлсэн.

-Гэхдээ та мэдээж дурсамжаараа амьдрахыг хүсэхгүй биз дээ?

-Тийм ээ, бид одоо бусад зорилгодоо анхаарлаа хандуулж эхэлсэн. Гэхдээ л өмнөх амжилтаа мартаж болохгүй. Үнэхээр сайхан үе байлаа. Одоо бид алдаанаасаа суралцах хэрэгтэй. Бид хоёр улирал дараалан Аваргуудын лигт тоглох боллоо. Багийн хувьд энэ мундаг амжилт. Англид эхний дөрвөн байрын төлөө дэлхийн хэмжээний зургаан баг өрсөлдөж байна шүү дээ. Энэ бол амаргүй даалгавар. Гэвч манай тоглогчид төрөлхийн дайчин улс. Амьдралд хялбар зүйл гэж үгүй.

-Та “Ливерпуль”-ийн дасгалжуулагч. Агуу түүхтэй баг болохоор энэ их хариуцлагатай ажил байх?

-Ямар багт ажиллаж буйгаа ухармсарладаг. Надад ийм боломж олдсонд маш их баярладаг. Өнгөрсөн жил би зуугийн талыг насалж, төрсөн өдөртөө олон хүн урилаа. Заримтай нь бараг 20 жил ч уулзаагүй явж. Тэр өдөр маш олон хүнээс “Чамайг “Ливерпуль”-ийн дасгалжуулагч болно гэж огтхон ч төсөөлсөнгүй” гэхийг сонссон. Аргагүй л дээ, би Шварцвальд гэдэг тосгонд төрсөн, бүр долдугаар дивизионд хөлбөмбөг тоглож явсан хүн шүү дээ. Үнэхээр хэн ийм юм болно гэж бодох вэ. Би өөрөө хүртэл мэргэжлийн дасгалжуулагч болж, өдий зэрэгт хүрнэ гэж төсөөлөөгүй.

-Та нэг удаа өөрийгөө “энгийн” гэж тодорхойлсон. Яаж цаг үргэлж ийм байж чаддаг юм бэ?

-(Инээв) Гол нь өөрөөрөө байх шүү дээ. Ингэх тийм ч хэцүү биш. Амжилттай бүтээсэн цорын ганц дүр бол өөрөөрөө байх.

-Өөрөөр байж чадахгүй юу?

-Огт чадахгүй. Тэглээ гээд асуудал бага байх ч гэсэн. Ядаж л талбай дээр хэлсэн ярьсныхаа төлөө бага торгууль төлөх байлаа шүү дээ. Дасгалжуулагчийн амьдрал нэгэн хэвийн гэдгийг та мэдэх үү. Долоо хоногт 5-6 удаа бэлтгэл эсвэл тоглолт руу явна, гэртээ ирнэ. Ийм л байна. Энэ бол ерөнхийдөө энгийн, хэвийн л амьдрал.

Харин байнга гарын үсгээ зурах шаардлагатай болдог болохоор зоогийн газарт л очих боломжгүй. Гадуур хоол идэхээр шүүсийг нь шахсан нимбэг шиг болоод л гэртээ ирдэг юм. Би одоо 51-тэй. Шөнийн клуб рүү зүглэлтгүй. Бусад дасгалжуулагч ч над шиг байдаг байх. Нэг хэвийн амьдрал, өнөөх л бэрхшээлүүд. Хүсэл сонирхолдоо зориулах цаг ч тэр бүр олддоггүй.

-Клоппын хөлбөмбөг гэж юу вэ, таны хөлбөмбөгийн философи бол.

-(Инээв) Тэнгэр минь гэж. Та ч алах юм аа. 18 жил дасгалжуулагчаар ажиллахдаа хэзээ ч ийм зүйлийн тухай бодож байсангүй. Ер нь тийм зүйл гэж юу байдгийг ч мэдэхгүй. Би ердөө л хөлбөмбөгт хайртай, тэгээд л болоо. Амьдралын минь 95 хувь хөлбөмбөгөөс бүрддэг. Надад сонирхолгүй тоглолт гэж байдаггүй, ямар ч тоглолтоос давуу тал, сонирхолтой зүйл олж харахыг хичээдэг.

Хамгийн гол нь тоглолт үзүүштэй байх юм, учир нь хөлбөмбөг бол зугаацуулах үйл ажиллагаа шүү дээ. Амьдралд угаасаа бэрхшээл хангалттай болохоор хүмүүсийг хөлбөмбөгөөр ч бас сэтгэлийг нь зовоох хэрэггүй. Миний баг баяр баясгалантай тоглож, тоглогчдын маань нүд гэрэлтэж, бүгд тулаанд оролцож байхыг би хүсдэг. Тоглогчид маань намайг ч гэсэн баярлуулж, баруун тийш харсан мөртлөө зүүн тал руугаа дамжуулалт өгөх гэх мэт ид шидийн зүйл хийгээсэй гэж хүсдэг.

-Тэгэхээр хөлбөмбөг таны хувьд юуны өмнө зугаа байх нь ээ?

-Үгүй ээ, маш их хүч хөдөлмөр. Гэхдээ хөлбөмбөг бол ердөө спорт гэдгийг мартаж болохгүй. Хөлбөмбөгөөс таашаал, баяр хөөр мэдрэх ёстой, эс бөгөөс талбайд гарах хэрэггүй. Нэгдүгээрт энэ. Хоёрдугаарт, дээд түвшинд тоглож байгаа бол өөрийгөө бүрэн зориулах хэрэгтэй. Мэдээж цаг үргэлж 100 хувь бэлэн байх боломжгүй.

Миний хувьд 100 хувь гэж юуг хэлэх вэ гэвэл тухайн өдөр, тэр өдрийн тоглолтод өөрт байгаа бүхнээ бүрэн дүүрэн зориулах юм. Бурхнаас, эцэг, эхээс, дасгалжуулагчаас өөрт чинь өгсөн бүхнийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Энэ бол ямар нэг философи бус хөлбөмбөгийг би ингэж л ойлгодог.

-Хөлбөмбөгийг ингэж ойлгодогт л таны амжилтын нууц оршиж байна уу?

-Би удирдаж байсан багуудаа хэзээ ч хуучинсаг тоглолттой гэж бодож байгаагүй. Хэдий дээд зэрэглэлийн багууд байгаагүй, би өөрөө ч шилдэг тоглогч, дасгалжуулагч байгаагүй ч өөрийгөө хуучинсаг гэж үздэггүй. Намайг хамгийн их баярлуулдаг зүйл бол хүчирхэг багуудыг ялах. Англид одоо шилдэг баг нь магадгүй “Манчестер сити.” Бидний зорилго бол тэднийг ялаад, ялаад л байх.


Н.Энхбаяр


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)