ЮН Ё ЧАН: 150 улсад киноны зураг авч байлаа

БНСУ-ын “Good pictures” энтертайнментын продюсер, найруулагч Юн Ё Чан манай улсад иржээ. Түүнийг кино сонирхогчид “Өнгөрсөн шөнө юу болов”, “Аав эргэж ирсэн нь”, “Нууц аялагч”, “Занга”, “Хорт шунал: Донтолт”, “Юн Э”, “Төгсгөл” зэрэг уран сайхны, “Би эх хүн учраас бүх зүйл сайхан”, “Хайрлах уу: Хайрын төгсгөл” олон ангит киногоор нь мэднэ. Найруулсан бүх киноны зохиолоо өөрөө бичсэн, сүүлийн жилүүдэд гадаадын олон улсаар аялан баримтат кино бүтээж буй эл уран бүтээлчтэй ярилцлаа.

-Өмнө нь манай улсад ирсэн гэсэн. Хэд дэх удаагаа зочилж байна вэ. Энэ удаа уран бүтээлийн ажлаар ирэв үү?

-Монголд тав дахь удаагаа ирж байна. Танай орны цэлгэр тал нутаг, цэлмэг тэнгэр гээд байгаль их сайхан. Ирэх бүртээ киноны зураг авдаг.

-Өмнө нь манай улсад кино бүтээж байсан хэрэг үү?

-Би бүрэн хэмжээний уран сайхны болон дэлгэцийн олон ангит кино найруулдаг. Сүүлийн жилүүдэд баримтат кино олныг хийлээ. “Солонгосын түүхэн замнал” гэж баримтат киног сүүлд хийхдээ зарим хэсгийн зургийг Монголд авсан.

-Олонх найруулагч киноны аль нэг төрлөөр дагнан уран бүтээлээ хийдэг. Харин та уран сайхны болон баримтат киноны аль алиныг нь найруулдаг юм байна. Кино урлагийн төрөл бүрээр уран бүтээл хийх сонирхолтой санагддаг юм уу?

-Би найруулагч мэргэжил эзэмшсэн л юм чинь кино урлагийн бүх л төрлөөр уран бүтээл туурвихыг хүсдэг. Аль нэгээр нь дагнадаг хүн зөндөө. Харин надад өөр өөр зүйл туршиж, өмнө хийж байгаагүй төрлөөр кино хийх нь сонирхолтой санагддаг. Би телевизийн олон ангит инээдмийн, гэр бүлийн сэдэвтэй кино хийж байлаа. Адал явдалт, уянгын, тулаант, тэр ч бүү хэл аймшгийн кино ч найруулсан. Сүүлийн үед баримтат кинонд дурлаж байна. Тэр дундаа хэн нэг эрхмийн тухай буюу гол дүртэй баримтат кино хийх дуртай. Мэргэжилдээ үхэн хатан дурладаг болохоор улам л ихийг хийж, завгүй байхыг хичээдэг.

-Найруулсан ихэнх киноныхоо зохиолыг та өөрөө бичсэн гэсэн. Өөрөө бичээд, найруулах амаргүй юү. Эсвэл давуу тал болдог уу?

-Харин ч ярвигтай санагддаг. Яагаад ч юм бусдын нүдэндээ харж, санаандаа төсөөлж бичсэнийг найруулах нь сонирхолтой санагддаг.

-Та найруулагч мэргэжил хаана эзэмшсэн бэ. Өнөөдрийг хүртэл хэчнээн уран бүтээл үзэгчдэд хүргэв?

-Би “Ионсей” их сургуулийг 1992 онд олон улсын харилцаа, хэл судлалын чиглэлээр төгсөж, үргэлжлүүлэн кино зохиолч, найруулагчийн чиглэлээр суралцсан юм. 1994 оноос хойш кино урлагийн салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд бүрэн хэмжээний, олон ангит, уран сайхны, баримтат гээд 70-аад кино олны хүртээл болгожээ.

-Хөндөхийг хүсдэг ч хараахан дэлгэцэнд “амилуулж” чадаагүй сэдэв бий юү?

-Өнөөдрийг хүртэл би хүссэн сэдэв, төрлөөрөө л бүтээлээ хийж ирсэн. Сэдвээ дураараа, хүссэнээрээ сонгох нь надад таалагддаг юм.

-Та бүтээл бүртээ өөрийн ямар онцлог, арга барилыг шингээхийг хүсдэг вэ?

-Туршлагатай, мундаг найруулагч нарын бүтээлийг үзэхэд л хэнийх болох нь андашгүй харагддаг. Харин би өөрийнхийгөө хэлж мэдэхгүй юм. Үүнийг үзэгчид, миний зохиолыг уншсан хүмүүс л дүгнэж хэлэх байх.

-Бүтээлээрээ үзэгчдэд юу хэлэхийг, ямар сэдэл төрүүлэхийг хичээдэг вэ?

-Сэдвийн хувьд гэр бүлийн үнэ цэнэ, хүмүүсийн харилцааны талаар үзэгчдэд хүргэхийг чухалчилдаг. Амьдралд тохиолддог энгийн л үйл явдлыг хүмүүсийн өмнө нь хараагүй өнцгөөс харуулж егөөдөхийг оролддог. Энэ л миний онцлог байх.

-Олон улсын кино наадмуудад бүтээлээ сойж байв уу?

-Хүнд хэлэхэд тэнэг сонсогдох байх. Гэхдээ надад киногоо аль нэг стандартад тааруулж бүтээн, янз бүрийн бичиг цаас бөглөж кино наадамд хүсэлт гаргах нь яршигтай санагддаг. Үүний оронд хүссэн уран бүтээлээ тааваараа хийсэн нь дээр. Харин дотоодынхоо олон шагналыг хүртэж байлаа. Нээрэн, сүүлд хийсэн “Солонгосын түүхэн замнал” киногоо ирэх сард болон олон улсын наадамд оролцуулаач гэсэн хүсэлт ирсэн. Бодож байж шийднэ ээ.

-Сүүлийн жилүүдэд таныг гадаадын олон оронд очиж баримтат кино бүтээсэн гэж сонссон. Хэчнээн улсад очиж, хальсанд буулгасан бэ?

-Саяхан жагсаалт гаргаж үзлээ. 150 улсад очиж киноны зураг авсан байна. Гэр бүлээрээ аялсан орнуудыг нэмбэл үүнээс өөр тоо гарна.

-Аль улс танд хамгийн их таалагдсан бэ?

-Би өндөр хөгжилтэй орнуудаас илүү Египет, Хятад зэрэг дурсгалт газруудтай, үзэсгэлэнт байгальтай улсуудад очиж зураг авах дуртай. Бас дайн тулаан болж, гамшигт нэрвэгдсэн улсуудад очин, түүхийг нь судалж, хэрхэн даван туулсныг нь харж, баримтжуулах нь сонирхолтой санагддаг.

-Одоо ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа вэ? Монголд ирсэн нь учиртай байх.

-Сүүлийн гурван жилийн турш “Солонгосын түүхэн замнал” киногоо бүтээлээ. Тус киног удахгүй солонгосын телевизүүдээр үзэгчдийн хүртээл болгоно. Ирэх аравдугаар сараас “Надтай гэрлээч” телевизийн олон ангит киноны зургийг авч эхлэлээр төлөвлөн, бэлтгэл ажлаа базааж байна. Монголын зарим уран бүтээлчтэй хамтран кино бүтээх талаар ярилцахаар энд ирсэн.

-Зорьж ирсэн ажил тань амжилттай болов уу?

-Монголын алдартай олон жүжигчин, уран бүтээлчтэй уулзаж, танилцлаа. Миний хувьд нэр төрийн хэрэг. Одоохондоо зөвхөн ярилцаж буй учраас хэлэхэд эрт байна. Хэрэв Монгол, Солонгосын уран бүтээлчид хамтран кино бүтээхээр болбол хэрхэн ойлголцох, хэл болон соёлын ялгааг хэрхэн хослуулах, түүнийг хэрхэн хальсанд буулгах вэ гэхчлэн бодох, санаа зовох зүйл их бий.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)