ЮН БЁН СЫН: Хуурамч материал бүрдүүлбэл дахиж виз мэдүүлэх эрхгүй

БНСУ-ын виз олгох шинэ журмыг энэ сарын 16-наас мөрдөх болсон. Монгол Улс дахь БНСУ-ын Элчин сайдын яамны Консул Юн Бён Сынтэй дээрх журмын талаар ярилцлаа.

-Виз олгох журамд ямар өөрчлөлт оруулав гэдгийг иргэд их сонирхож байна. Та дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Нэгдүгээрт, БНСУ-ын виз хүсэгчид хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу нийгмийн даатгал төлдөггүй, ажил хийдэг ч сард 500 мянган төгрөгөөс доош цалин авдаг бол дансандаа таван сая төгрөг байршуулах шаардлагатай байв. Үүнийг ач холбогдолгүй гэж үзсэн учраас мөнгө байршуулахын оронд сүүлийн зургаан сарын дансны хуулгыг нь шалгах болсон. Дансанд хэдэн төгрөг байх шаардлагатайг ярилцаж байгаа. Харин 500 мянгаас дээш төгрөгийн цалинтай, ажил эрхэлдэг бол нийгмийн даатгал төлсөн баримтаараа орлогоо нотолж болно. Ингэхдээ нэг албан байгууллагад тогтвортой ажилласан байх шаардлагатай.

Хоёрдугаарт, БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр оршин сууж, ажиллаж байгаа иргэн цөөнгүй. Тэдний ар гэрийнхэн Солонгост очих хүсэлтэй байдаг. Тиймээс БНСУ-д ажиллаж байгаа иргэдийн ар гэрийнхэн мөнгө хүлээн авсан дансныхаа хуулгыг виз мэдүүлэх баримтдаа хавсаргах заалт нэмсэн. Гэр бүл гэдэгт зөвхөн аав, ээж, төрсөн ах, дүү, хүүхэд, эхнэр багтана. Гуравдугаарт, “fast truck” буюу хурдан шалгах үйлчилгээтэй болсон. Хууль бусаар оршин суух магадлал тун бага, асуудал гаргалгүй, олон удаа зорчсон, ажлын шугамаар БНСУ руу богино хугацаагаар явдаг хүмүүст зориулж визийг нь хурдан шалгах үйлчилгээ нэвтрүүлсэн юм. Явах зорилго, ирэх хугацаа нь маш тодорхой хүмүүсийн визийн хариуг 10 хоногийн дотор шийдвэрлэнэ гэсэн үг.

-Анх удаа виз мэдүүлж байгаа хүмүүс энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой юу?

-Албаны шугамаар анх удаа БНСУ-ыг зорьж буй хүмүүс хамрагдаж болно. Мөн Солонгос руу явж байгаа зорилго, Монголд хийдэг ажил нь тодорхой хүмүүсийн визийг 10 хоногийн дотор шийдвэрлэх боломжтой.

-Визийг нь хурдан шалгах үйлчилгээ нэвтрүүлэхдээ “Хур” систем ашиглана гэсэн үү?

...Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд тухайн иргэний виз мэдүүлэх эрхийг гурван жилийн хугацаагаар хасна. Хоёр дахь удаагаа ийм зөрчил гаргавал дахиж БНСУ-ын виз мэдүүлэх эрхгүй болно. Өөрөөр хэлбэл, виз мэдүүлэх эрхийг нь насан туршид нь хасна гэсэн үг...

-“Хур” системийг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Гэхдээ хоёр улсын Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой. Учир нь энэ системийг хэрэглээндээ нэвтрүүлбэл иргэдийн хувийн мэдээллийг ашиглана гэсэн үг. Хэрэв “Хур” системийг ашиглавал иргэдийн материалыг богино хугацаанд шалгаж, виз олгох, эсэхийг шуурхай шийдэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, иргэн хурууны хээгээ уншуулахад л бүх мэдээлэл нь гарч ирэх учраас олон бичиг баримт цуглуулж, хугацаа алдахгүй. Хэрэв хувийн мэдээллээ нууцлахыг хүсвэл заавал энэ системийг ашиглах шаардлагагүй. Гэхдээ энэ ажил одоогоор хэлэлцэх түвшинд л байна.

-Хуурамч материал бүрдүүлж, виз мэдүүлсэн тохиолдолд тухайн иргэнд арга хэмжээ авна гэлээ. Энэ талаар тодруулна уу?

-Визийн материал шалгах хугацааг багасгахаар хуурамч материал бүрдүүлэх иргэдийн тоо өсөж магадгүй гэж бид болгоомжилж байгаа. Манайхтай гэрээ байгуулж ажилладаг 10 компани бий. Тухайн байгууллагаас БНСУ руу явуулсан хүмүүсийн тэдэн хувь нь “харласан” тухай тоон мэдээ манайд ирдэг. Ийм тохиолдолд тухайн байгууллагад захиргааны арга хэмжээ авна. Мөн виз мэдүүлээд татгалзсан хариу авсан бол тухайн өдрөөс хойш гурван сарын хугацаанд виз дахин мэдүүлэх эрхгүй байсан. Үүнийг зургаан сар болгож нэмсэн. Харин “Хур” системийг буруу ашигласан, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн тохиолдолд тухайн иргэний виз мэдүүлэх эрхийг гурван жилийн хугацаагаар хасна. Хоёр дахь удаагаа ийм зөрчил гаргавал дахиж БНСУ-ын виз мэдүүлэх эрхгүй болно. Өөрөөр хэлбэл, виз мэдүүлэх эрхийг нь насан туршид нь хасна гэсэн үг. Энэ нь дөрөв дэх өөрчлөлт.

-Энэ сарын 16-наас өмнө виз мэдүүлээд татгалзсан хариу авсан хүмүүс цөөнгүй байна. Тэд гурван сарын дараа виз мэдүүлэх боломжтой юу, эсвэл зургаан сарын дараа виз мэдүүлэх үү?

-Энэ сарын 16-нд виз мэдүүлсэн хүмүүсийн материалыг шинэ журмын дагуу шалгана. Өөрөөр хэлбэл, энэ сарын 16-наас хойш виз мэдүүлэгчид зургаан сарын өмнө татгалзсан хариу авсан бол материалыг шалгахгүйгээр буцаана. Харин есдүгээр сарын 15-нд виз мэдүүлж байгаа хүмүүс татгалзсан хариу авснаас хойш гурван сар өнгөрсөн бол дахин виз мэдүүлэх эрхтэй гэсэн үг.

-Виз мэдүүлээд, хариу авч чадахгүй нэлээд удсан хүн олон байгаа. Үүний шалтгаан юу вэ. Энэ сарын 16-наас хойш виз мэдүүлсэн бүх хүний материалыг 10 хоногийн дотор шалгаж, хариу өгөх үү?

-Визийн хариу гарахгүй удах олон шалтгаан бий. Манайд цугларчихаад байгаа материалыг энэ онд багтаан шалгаж дуусахаар ажиллаж байна. Одоогоор БНСУ-ын Элчин сайдын яаманд 25 000 гаруй иргэн виз мэдүүлсэн. Тиймээс шинэ журам мөрдөж эхлэхээс өмнө материалаа өгсөн, бичиг баримтын зөрчилтэй хүмүүст хариу өгөхгүй удах магадлалтай. Учир нь зөрчилтэй байж болзошгүй материалыг ахин дахин шалгах шаардлагатай. Тэгэхээр материалаа өгсөн бүх хүнд 16-нд хариу өгнө гэж ойлгож болохгүй. Үүнээс болоод асуудал үүсэх эрсдэлтэй. Тухайлбал, энэ сарын 16-наас өмнө материалаа өгсөн хүмүүсийн виз гарахгүй удаад, түүнээс хойш мэдүүлсэн хүмүүсийнх 10 хоногийн дотор гарахаар иргэд бухимдаж магадгүй. Зөвхөн 16-наас хойш ирүүлсэн материалыг л шалгана гэсэн үг биш. Ирүүлсэн материалуудыг аль болох хурдан шийдвэрлэхээр ажиллаж байна. Тухайлбал, материал шалгах Консулынхаа тоог нэмсэн. Өмнө нь хоёр Консул ажилладаг байсан бол одоо гурвуулаа болсон. Ирэх сарын сүүлчээр дахиад нэг Консул ирнэ. Энэ жил өдөрт 700-800 хүн Солонгосын виз мэдүүлж байна. Урьд өмнө ийм олон хүн виз мэдүүлж байгаагүй учраас ачааллаа дийлэхээ больж, хүн хүчээ нэмэхээс өөр аргагүй болсон.

-Хэр олон хүн хуурамч материал бүрдүүлээд байна вэ?

-Нарийн тоо хэлэхэд хэцүү. Бидэнд мэдэгдсэн, мэдэгдээгүй хуурамч материал мэдүүлсэн олон хүн бий. Монголд бүх төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байна. Консулын хэлтэс болон, төлөөлөн гүйцэтгэх 10 байгууллагынхан хамтраад шалгахад удаа дараа хуурамч материал бүрдүүлсэн учраас хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн хүн ч бий. Мэдээлэл, бичиг баримтаа үнэн, зөв мэдүүлчихвэл 10 хоногийн дотор хариу нь гарах боломжтой. Хуурамч материал өгөх үйлдлийг багасгахын тулд “Хур” систем нэвтрүүлэх тухай хэлэлцэж буй. Хэрэв энэ системийг нэвтрүүлчихвэл иргэдийн хувийн мэдээлэл бидэнд ил болох учраас материалыг нь шалгахад хугацаа шаардахгүй. Иргэний хувийн мэдээлэлтэй холбоотой учраас энэ системийг нэвтрүүлэх, эсэхийг хоёр улсын Засгийн газрын түвшинд хэлэлцэж байгааг дээр хэлсэн. “Хур” системийг нэвтрүүлснээр бүх хүний хувийн мэдээлэл ил болох юм биш. Хэрвээ тухайн иргэн эл системийг ашиглахыг хүсэхгүй байгаа бол бичиг баримтаа цаасаар авч ирнэ. Түүнийг нь бид хууль дүрмийнхээ дагуу дахин шалгана. Түүнчлэн Элчин сайдын яамны том албан тушаалтай хүнээр дамжуулбал визийн хариу хурдан, шуурхай гардаг гэж буруу ойлгодог хүн олон байна. Бид хууль дүрмийнхээ дагуу л шалгаж буй учраас ингэж бодох хэрэггүй. Виз мэдүүлэхдээ хариуцлагатай хандахыг иргэдээс хүсье.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (11)