Э.Өнөрмаа: Бөөрөнцөг түлхэлтийн спорт надад амьдрах итгэл, урам өгсөн

Сүүлийн үед Монголын пара тамирчдын амжилт, ур чадвар мэдэгдэхүйц сэргэж байна. Бээжингийн паралимпээс анхны медальтан төдийгүй аваргаа өлгийдсөн тэд “Рио-2016”-гаас хоёр ч хүрэл медаль авсан нь үүний илрэл. Түүхэн амжилтын түүчээ болж, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж буй олон тамирчин манай улсад бий. Тэдний нэг нь хөнгөн атлетикч Э.Өнөрмаа.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат тэрбээр өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д болсон гран при тэмцээнээс хоёр мөнгөн медаль хүртсэн юм. Азийн наадмын дэд аварга, УАШТ-ий алт, мөнгө тус бүр хоёр, нэг хүрэл медальтай тэрбээр бөөрөнцөг түлхэлтийн төрөлд улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг. Түүнтэй ярилцлаа.

-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу.

-Намайг Эрдэнэчимэгийн Өнөрмаа гэдэг. 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд төрсөн. Бөөрөнцөг түлхэлт, жад, диск шидэлтийн төрлөөр хичээллэдэг. Олон улсын хэмжээний мастер цолтой, F40 ангилалд өрсөлддөг.

-Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д болсон гран при тэмцээнээс хоёр мөнгөн медаль хүртсэн. Түрүүлэх боломж хэр байв?

-Бээжинд болсон гран при тэмцээнд түрүүлэх, ДАШТ-ий эрх авах, олимпын эрхийн оноо цуглуулах зорилготой өрсөлдлөө. Алтан медаль хүртэхээс бусад зорилгодоо хүрсэн. Түрүүлсэн Хятадын тамирчныг арай дийлсэнгүй. Бөөрөнцгийг надаас метр шахмаар илүү шиддэг тамирчин. Хичээж байгаад удахгүй түүнээс илүү болно доо.

-ДАШТ-д оролцох эрхийн болзлыг хэрхэн хангасан бэ?

-Сая оролцсон гран прид болон өнгөрсөн жил Азийн наадамд гаргасан амжилтаараа дэлхийн шилдгүүдтэй хүч сорих болзол хангалаа.

-Хөнгөн атлетикийн спортоор хичээллэсэн нь таны хувьд зөв сонголт байсныг гаргасан амжилтууд тань бататгасан. Багаасаа спортод хорхойтой байв уу?

-Би айлын ганц хүүхэд. Сэлэнгэ аймгийн МСҮТ-ийн компьютер, операторын ангийг төгссөн. Мэргэжлээрээ ажиллая гэтэл ажил олдоогүй. Ганц нэг ажлын байр гарсан ч намайг голоод аваагүй. Бусдын адил хөдөлмөрлөж, хамт олонтой байя гэж бодолгүй яах вэ. Ажилд авах зарын дагуу яваад очно, нааштай хариу сонсохгүй. Сүүлдээ шантарсан, сэтгэлээр унасан. Халамжийн мөнгө буухыг хүлээн, гэртээ суухаас өөр аргагүй болсон.

Тийм хүнд байдалд орчихсон явтал Орхон аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт хариуцсан даргаар ажиллаж байсан хүн надад бөөрөнцөг түлхэлтийн спортоор хичээллэхийг зөвлөсөн, их тусалсан юм. 2015 онд эл спорттой амьдралаа холбож байлаа. Бөөрөнцөг түлхэлтийн спорт надад амьдрах итгэл, урам өгсөн. Манай удамд тамирчин байсан, эсэхийг мэдэхгүй. Хамаатны маань нэг ах боксоор хичээллэдэг.

-Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авав. Та өөртөө эргэлзсэн үү?

-Бүгд зөвшөөрсөн, эрвийх дэрвийхээрээ дэмжсэн. Одоо ч хэвээрээ. Бөөрөнцөг түлхэлтээр анх хичээллэхэд зарим хүн их гайхсан. Намайг эл спортоор хичээллэдэг, ямар зорилготой, юу хийдгийг мэдэх хүн цөөхөөн.

-Та Монголын пара тамирчдын нэрийг дэлхийд өргөөд зогсохгүй, хөгжлийн бэрхшээлтэй мянга мянган хүнд итгэл найдвар, урам зориг хайрласан нь дамжиггүй. Энэ спортоор хичээллэж эхлэхэд шантрах үе байв уу?

-Байлгүй яах вэ, зөндөө. Техникээ сайн сурахгүй, ур чадвар, амжилт ахихгүй байхаар урам хугарна. Хүчний бэлтгэл, сунгалтын дасгал хийхдээ их шантарсан. Би ер нь сэтгэлээр амархан унадаг дутагдалтай. Тийм хүнд чинь бүр ч хэцүү байсан шүү.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, ялангуяа хүүхдүүд бусдын хандлагаас болоод өөрсдийгөө нийгмээс тусгаарлаж, сэтгэлээр унах нь түгээмэл байдаг бололтой. Та өөрийгөө хэрхэн хурцалж, юунаас эрч хүч авдаг вэ?

-Би бөөрөнцөг түлхэлтээр хичээллэхээсээ өмнө өөртөө үргэлж сэтгэл дундуур явдаг байлаа. Одоо больсоон. Харин ч эсрэгээрээ, эрүүл хүнээс дутахгүй, юу ч хийж, бүтээж чадна гэдэгтээ итгэлтэй явдаг.

-Та хөнгөн атлетикийн гурван төрлөөр хичээллэдэг. Цаашид аль нэгээр нь дагнах бодол бий юү?

-Одооноос бөөрөнцөг түлхэлтээр дагнан хичээллэж байгаа.

-Спорт хүнийг хүн болгодог гэдэг. Бөөрөнцөг түлхэлт танд юу өгөв?

-Бөөрөнцөг шидэхийн тулд хүчний болон техникийн бэлтгэл маш их хийх шаардлагатай. Эдгээрийг сурахын тулд уйгагүй хөдөлмөрлөх чухал. Тэгснийхээ хүчинд би тэсвэр хатуужилтай, хэр баргийн зүйлд шантардаггүй болж, өөрийгөө ялж сурсан. Би хэн бэ гэдэг асуултын хариултыг бөөрөнцөг түлхэлтийн спортын ачаар оллоо.

-Спортоор хичээллэж, амжилт гаргахад хүмүүсийн хандлага өөрчлөгдөх юм уу?

-Маш их өөрчлөгдсөн. Намайг өөр өнцгөөс харах болсон шүү.

-Пара бөөрөнцөг түлхэлтээр хичээллэдэг хэчнээн тамирчин Монголд байдаг вэ?

-10 орчим бий. Тэдний дунд суумгай, над шиг одой тамирчин ч байдаг.

-Манай улсад хөнгөн атлетикийн зориулалтын талбай байхгүй. Та бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Би бэлтгэлээ Г.Энхбаатар дасгалжуулагчийн удирдлагад базаадаг. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар 10-аад жил ажилласан, олон улсын хэмжээний мастер цолтой мундаг хүн бий. Багш бидний онцлогт тохирсон шидэлтийн талбай байгуулсан юм. Бид бэлтгэлээ дулааны улиралд тэнд, хүйтрэхээр танхимд хийдэг.

-Таны эзэмшдэг Монгол Улсын дээд амжилт хэр удаан хадгалагдах бол. Шинэчлэх хэмжээний тамирчин Монголд бий юү?

-Байлгүй яах вэ. Би бөөрөнцөг шидэлтийн төрөлд зургаан метр, 10 см шидсэн амжилтаар улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг. Олон улсын тэмцээнд 125 см-ээс доош өндөртэй тамирчид F40, 125-аас дээш өндөртэй нь F41 ангилалд өрсөлддөг. Монголын тэмцээнд биднийг тэгж ялгадаггүй, бүгдийг нь хамт хүч сориулдаг.

-Пара хөнгөн атлетикийн тэмцээн Монголд хэр олон болдог вэ?

-Жилд ганцхан тэмцээн болдог нь УАШТ.

-Хүн төрөлхтний эв нэгдлийн их наадам олимпод оролцон, тэр тусмаа Төрийнхөө далбааг мандуулах нь тамирчин бүрийн зорилго. Түүхэндээ ганцхан медальтай байсан манай пара тамирчид 2016 онд Риогийн паралимпэд чамгүй амжилттай оролцож, хоёр ч хүрэл медаль хүртсэн. Тиймээс “Токио-2020”-иос монголчууд ихийг хүлээж буй нь гарцаагүй. Таны хувьд паралимп хэр ойр санагдаж байна вэ?

-Юу юунаас илүү паралимпийн эрх авах, цаашлаад түрүүлэх, медаль хүртэхийг хүсэж байна. Бөөрөнцөг түлхэлт хэмжигдэхүүнтэй спорт. Тиймээс шилдэг тамирчид хэдэн метрт шидэж байна, минийх хэд байна вэ гээд харьцуулах боломжтой. Тэдэн метр шидвэл амжилт гаргах нь тодорхой учраас бэлтгэлээ тохируулахад дөхөм. Амжилтаар надаас илүү яваа тамирчдыг гүйцэн, хоёргүй сэтгэлээр хичээхэд болох байх. Яг л уралдаж яваа морь шиг зүтгэсээр байгаад эх орныхоо далбааг 2020 онд биш юм гэхэд 2024 оны олимпод мандуулна гэдэгтээ итгэлтэй байна.

-Тамирчдад нийтлэг тулгамддаг асуудал бол санхүүгийн бэрхшээл. Та үүнийг хэрхэн шийдвэрлэдэг вэ. Ер нь пара тамирчдыг төр, засгаас хэр дэмждэг бол?

-Сайн дэмждэг, сэтгэл хангалуун явдаг. Энэ ташрамд, төр, засаг, Биеийн тамир, спортын газар, Г.Энхбаатар дасгалжуулагч, Орхон аймгийн Халамжийн төвийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Жаргалсайхан ах, хамаатан, саднууддаа баярлаж явдгаа илэрхийлье.

-Хөгжлийн бэрхшээлтэй атлаа нийгмийг манлайлж, олон зуун залууст үлгэр дуурайл болж яваа хүн олон. Та хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст чиглэсэн ямар нэг нөлөөллийн ажил хийх талаар бодож байсан уу?

-Одоохондоо яг тэгнэ, ингэнэ гэж төлөвлөсөн юм алга. Юуны түрүүнд зорилгодоо хүрч, бөөрөнцөг түлхэлтээ гүйцэд суръя. Амжилт гаргасныхаа дараа л энэ талаар тухтай бодно доо.

-Залуучууддаа хандаж юу хэлэх вэ?

-Аливаа зүйлийг хийхдээ өөртөө итгэлтэй, тууштай байгаарай. Би “Санаанд чинь багтаад хийчихмээр, болчихмоор юм шиг санагдвал эргэж буцалгүйгээр эхэл” гэдэг үгэнд дуртай.

-Спортын төрөл бүр өөрийн гэсэн онцлогтой. Бөөрөнцөг түлхэлтийн тамирчдад зайлшгүй байх чадвар юу вэ?

-Хурд, тэсрэлт, хүч.

-Таныг ивээн тэтгэж, цалинжуулдаг байгууллага бий юү?

-Байхгүй. Дэмжиж, тусалдаг байгууллагатай болчих юм сан, хайгаад л явна. Халамжийн 170 мянган төгрөгөөрөө л тэмцээнд оролцох, бэлтгэл хийх зардал, хувцас хунараа зохицуулдаг. Бас нийгмийн даатгалаа хувиараа төлдөг. Үүний хажуугаар амьдралаа авч явна. Би ээжтэйгээ хамт амьдардаг байсан юм. Ээж минь 2011 онд бурхан болсноос хойш ганцаараа амьдарч байна. Санхүүгийн хүндрэлтэй үедээ ээжийнхээ төрсөн эгч, дүү, хамаатнуудаасаа дэмжлэг хүсдэг. Тэд намайг үргэлж дэмжиж, тусалдаг.

-Үндэсний шигшээ багийн тамирин болох талаар хөөцөлдөж үзсэн үү?

-Үзсэн, бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн. Үндэсний шигшээ багт орон тоо гарвал намайг авна гэсэн.

-Хүчирхэг өрсөлдөгч хамгийн сайн багш гэдэг. Тантай эн тэнцүү өрсөлддөг хэр олон тамирчин байдаг вэ?

-Хятадын Зан Фенжиү гэдэг тамирчин бий. Тэр үнэхээр шилдэг. Би түүний араас нэхэж явна. Ойрын хугацаанд оролцохоор төлөвлөсөн тэмцээн байхгүй. Долдугаар сарын дундуур Польшид болох Европын гран прид өрсөлдөнө. Дараа нь АНЭУ-д зохион байгуулах ДАШТ-д хүч сорихоор төлөвлөн, бэлтгэлээ хийж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)