Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ: Ямар ч нөхцөлд хүүхдэд ээлтэй шийдвэр гаргах ёстойг ойлгуулах нь чухал

Хүүхдээ санаатайгаар хаясан гэмт хэрэгт өсвөр насны охид, залуу эмэгтэйчүүд холбогдох нь түгээмэл. Энэ насныхантай илүү ойр ажилладаг, тэдний эрхийг хамгаалдаг “Гүнж” төвийн гүйцэтгэх захирал, судлаач Э.Эрдэнэцэцэгээс дараах зүйлсийг тодрууллаа.

-Охид, эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхэд юу зонхилон нөлөөлж байна вэ?

-Жил болгон ийм тохиолдол гардаг боллоо. Олон нийтийн дунд охид, эмэгтэйчүүдийг буруутгах хандлага түгээмэл. Цаад шалтгаан, ужиг асуудлыг нь олж, түүний эсрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал. Өсвөр насны охид, ээжүүдтэй ойр байдаг хүний хувьд эдгээр хэргийн учир шалтгаан нь мэдлэг, мэдээлэлгүйтэй холбоотой гэж хардаг. Сэтгэл зүйн тогтворгүй байдал, хүнд нөхцөлд амьдардаг, асарч тэжээх боломжгүй, эсвэл хүчирхийллийн золиос болсон гээд ямар ч шалтгаантай байсан хүүхдэд ээлтэйгээр шийдвэр гаргах ёстой, тийм боломж бий гэдгийг охид, эмэгтэйчүүд мэдэхгүйгээс ийм хэрэг үйлддэг. Энэ бүхний цаана олон хүчин зүйл бий ч ялангуяа төрсний дараах үеийн сэтгэл зүйн тогтворгүй байдал гол нөлөөтэй. Харамсалтай нь, Монголд ийм охид, эмэгтэйчүүдэд үзүүлэх үйлчилгээ алга. БНСУ-д гэхэд энэ чиглэлийн олон байгууллага бий. Тэдгээр нь ямар ч сонголтгүй болсон эмэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөхөөс гадна асрамж, сувиллын газруудад хүүхдийг хүлээлгэж өгөх, эсвэл үрчлэх хүсэлтэй хүмүүст зуучлах үйлчилгээ үзүүлдэг. Нярай хаягдах, эндэх эрсдэлээс ийнхүү сэргийлдэг гэсэн үг.

-Манайд энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэх нь байтугай дорвитойхон судалгаа ч хомс юм. Танай байгууллагынхан судалсан уу?

-Хомс биш, ерөөсөө энэ асуудлыг дагнаж судлаагүй. Судалгаа байхгүй. Жилд хэчнээн хүүхэд үрчлэгддэг, эсэх нь ч бүрхэг, нэгдсэн мэдээлэлгүй шүү дээ.

Өсвөр насны охид хүүхдээ ээж, аавдаа үрчлүүлэх нь бий. Өөрөөр хэлбэл, ээж, аав нь зээгээ өөрийнхөө нэр дээр авч, өсгөдөг. Харин эцэг, эх нь ч ойлгохгүй, амьдралын боломжгүй, хүүхдийг нь өсгөх чадваргүй тохиолдолд манай байгууллагад хандах боломжтой. Гэхдээ маш цөөн. Ийм шалтгаантай үйлчлүүлэгчдийг бид Хүүхдийн төв сувилалтай холбодог. Тэд хүүхдээ үрчлүүлэх үү, асрамжийн газарт өгөх үү гэдгийг ээжтэй нь зөвшилцсөний үндсэн дээр шийдвэр гаргадаг юм билээ.

-Ийм хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд өрхийн эмнэлэг, хорооны нийгмийн ажилтан зэрэг нэгж байгууллага, хүмүүстэй хамтран ажиллах шаардлагатай гэдгийг цагдаагийн байгууллагынхан онцолсон. Та ямар шийдэл хэлэх вэ?

-Ийм бэрхшээлтэй тулгарсан ээж болгон нээлттэй байж, манайд хандахгүй шүү дээ. Тиймээс бид хорооны зохих мэргэжилтнүүдэд яалт ч үгүй ханддаг. Өсвөр насны хэчнээн охин байна, хэд нь жирэмсэн бэ гэх мэтчилэн. Тэд тоймтой судалгаа, мэдээлэл өгөхөөсөө өгөхгүй олон. Энэ тохиолдолд өөрсдөө л шүүж, баримжаа мэдээлэл авдаг.

Өсвөр насны охид жирэмсэлснээ нуух, эмчийн хяналтад орохгүй байх тохиолдол түгээмэл. Төрөх хугацаа нь юу юугүй дөхөхөд гэр бүл, ойр дотнынхон нь мэддэг ч юм уу. Зарим нь бүр хэнд ч мэдэгдэхгүй төрөөд, түүнийгээ нуух гэж оролдож, хүүхдээ энд тэнд хаядаг. Үрийнхээ аминд халдаж байна гэдгээ ухамсарлаж, ойлгодоггүй.

Манай байгууллага ээжүүдийн дунд судалгаа явуулахад ердөө 7-14 хувь нь дунд сургуульд байхдаа бэлгийн боловсролын талаар ойлголт, мэдээлэл авсан гэсэн дүн гарсан. Энэ бол харьцангуй бага тоо. Гэтэл бусад оронд хүүхдийг цэцэрлэгт байхаас нь эхлээд нас насных нь онцлогт тохирсон, бэлгийн боловсролтой холбоотой мэдлэг олгодог. Биеийнх нь аль хэсэгт хүрч болохгүйг, ээж, ааваасаа өөр хүмүүстэй ингэж харилцана гэх зэргийг заадаг. Бэлгийн боловсролыг чанартай, хүртээмжтэй олгох нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга гэж үзэж байна. Ойлголт, мэдлэгтэй бол охид, эмэгтэйчүүд ийм үйлдэл хийхээсээ илүү эцэг, эхтэйгээ ярилцана, зөв шийдэл эрэлхийлнэ. Ядаж жирэмсэн болсноо нуухгүй болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)