Э.Эрдэнэбулаг: 20 сургууль, 43 цэцэрлэг барина

Сургууль, цэцэрлэгүүдийг засаж эхэлжээ. Уг ажлын явцыг БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Эрдэнэбулагаас тодрууллаа.

-Энэ онд хэчнээн сургууль, цэцэрлэгийн барилгыг засаж байна вэ?

-Нийслэлийн хэмжээнд сургууль, цэцэрлэгийн 90 барилгыг засахаар 35.3 тэрбум төгрөг төсөвлөсөн. БСШУСЯ-наас сургууль, цэцэрлэгийг барих, өргөтгөхтэй холбоотой 105 төслийг энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний 27 нь сургууль, 67 нь цэцэрлэг, зургаа нь спорт заал, дөрөв нь бага сургуулийн цогцолбор барих, өргөтгөх төсөл.

-Шинэ сургууль ашиглалтад оруулахаар гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын ачаалал хэр буурах вэ?

-27 сургуулиас 20-ийг нь ирэх есдүгээр сарын 1-ний дотор ашиглалтад оруулна. Үүнээс гадна Баянгол дүүрэгт нийт 1280 хүүхдийн багтаамжтай хоёр сургууль барих юм. Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын ачааллыг багасгахын тулд улсын төсвөөс мөнгө гаргахын зэрэгцээ БНХАУ, Японы буцалтгүй тусламжаар нийт 28 сургууль барихаар төлөвлөсөн. 

Гэтэл газрын асуудлаас болоод БНХАУ-ын тусламжаар барих 5680 хүүхдийн багтаамжтай долоон сургуулиас энэ онд дөрвийг нь л барих болсон. Япон Улсын тусламжаар 2520 хүүхдийн дөрвөн сургууль барьж ирэх оны гуравдугаар сард ашиглалтад оруулна.

-Хаана сургууль барьж буй юм бол?

-Энэ онд ашиглалтад оруулах 20 сургуулийн дөрөв нь Баянголд, Баянзүрхэд тав, дөрөв нь Сонгинохайрханд, нэг нь Сүхбаатар дүүрэгт байна. Хан-Уул болон Чингэлтэйд тус бүр хоёр сургууль барина.

-Хэдэн цэцэрлэг барьж байгаа вэ?

-Нийслэлийн хэмжээнд 78 цэцэрлэгийг өргөтгөн шинэчилж байгаагаас 67 нь ирэх намар хүүхэд хүлээж авна. Үүнээс 36-г нь есдүгээр сараас өмнө засаж дуусна. Энэ сарын 20-ноос наймдугаар сарын 15 хүртэл 16 барилгын ажлыг дуусгаж, хүлээлгэн өгнө. Нураагаад шинээр барьж буй 13, өргөтгөж байгаа 13, шинээр барих 43, шууд худалдан авч байгаа найман цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар нийт хүүхдийн 80 гаруй хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдэнэ.

-Барилга, засварын ажилд ямар саад учирч байна вэ?

-Ажил хэт удаашралтай, түүгээр ч барахгүй зарим барилгын ажил бүр зогсчихдог. Тиймээс ажлыг гүйцэтгэж байгаа компани болон байгууллагууд дор бүрнээ хариуцлагатай байх нь чухал.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)