Э.ЭНХСАРУУЛ: Монгол хүн нохой чаргатай аялах уралдаанд оролцоход хойд Европынхон эгдүүцсэн тал бий

Хойд туйлд болох “Fjallraven-2020” нохойтой чаргаар аялах уралдаанд оролцохоор Э.Энхсаруул хэмээх залуу Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж байгаа. Тэрбээр цахим санал асуулгад одоогийн байдлаар 19 500 хүний санал авч, V байрт жагсан, өрсөлдсөн бүсдээ тэргүүлж явна. Тус уралдаанд 2015 онд Э.Цэрэн, АНУ бүсээс 2016 онд Б.Загдаа, 2018 онд C.Номин нар өрсөлдөн ялагч болж байжээ. Эр зориг, овсгоо самбаа, ур чадвар, тэсвэр хатуужил, сэтгэлийн хат шалгадаг энэхүү уралдаанд монгол хүн оролцсоноор дэлхийд эх орноо сурталчлах боломж бүрдэж буй юм.

-Дэлхийн хамгийн хүнд спортын төрөлд хойд туйлд болдог нохой чаргаар аялах уралдаан багтдаг. Энэ спорт манай ахуй амьдралтай ойр тул монгол хүн тэсвэр, хатуужлаа харуулахаар оролцдог болоод удаж буй. Та хэд дэх удаагаа өрсөлдөж байна вэ?

-“Таван цагариг”-ийн зочноор урьж, Монголынхоо залуустай уулзуулж байгаад баярлалаа. Миний хувьд нохой чаргатай аялах уралдаанд эх орноо төлөөлж, хоёр дахь удаагаа оролцож байна.

Өнгөрсөн жил харамсалтай хожигдсон болохоор даагаа нэхэх бодол бий. Аялах уралдаанд дэлхийн өнцөг булангаас олон тамирчин өрсөлддөг. Тэднээс хамгийн олон санал авсан нь оролцдог юм. Би гадаадад 10 гаруй жил аялахдаа дэлхийн дулаарлаас үүдэж цаг агаар, уур амьсгал, байгалийн зүй тогтол өөрчлөгдөж буйг харлаа. Энэ уралдаанаар дамжуулж, хүмүүст амь, амьдрал болсон байгаль, дэлхийгээ хайрлаж, хамгаалах сэтгэл төрүүлэхийг маш их зорьж байна. Нохой чаргатай аялах уралдаанд амжилттай оролцох давуу тал монголчуудад бий. Энэ удаагийн аяллаар монгол хүний бие, сэтгэл зүйн онцлог ямар байдгийг харуулахыг хүссэн. Монгол хүн хаана ч явсан үндэснийхээ хувцсаар бахархах ёстой. Би энгийн үед ч, аялахдаа ч дээл өмсөх дуртай. Гадаадынхан монголчуудыг хараад Чингис хааны түүхээр биднийг мэддэг. Тиймээс уралдаанд монгол дээлээ өмсөж, нүүдэлчдийн ахуй, соёлыг дэлхийд таниулан сурталчилна.

-Нохой чаргатай аялах уралдаанд аль улсын тамирчид хүчтэй өрсөлддөг бол?

-Өнгөрсөн жилийн уралдаанд хамгийн хүчтэй өрсөлдөгч Испани улсын эмэгтэй тамирчин байлаа. Тэрбээр хойд Европын бүсээс оролцсон. Ази тивээс монгол хүн оролцоход хойд Европынхон эгдүүцсэн тал бий. Тэр дундаа монгол хүнийг уралдаанд оролцуулахгүй гэж үндэсний үзэл гарган гадуурхаж, европ хүнээ дэмжсэн. Тэд өөрийн инстаграм, фэйсбүүкдээ монгол хүнийг гаргаж болохгүй гэж уриалан, янз бүрийн арга хэрэглэж байв. Тэд 10 минутад 2000 хүний санал авч, хүн ам олонтой гэдгээ харуулсан. Тэдний үйлдэл бүхэн надад маш том сургамж болсон. Уралдаанд ялагдах нь ялахын эхлэл байдаг. Миний нэр биш, эх орны минь нэр гарах учраас энэ удаа амжилттай оролцохыг хичээнэ.

-Спортын тэмцээн, уралдаан бишгүй л болдог. Энэ уралдаан сэтгэлийг тань тэгтэл их татсан нь сонин л юм.

-Би амьтанд их хайртай. Тэр дундаа тэжээвэр амьтдаас нохойтой ойр өссөн. Би одоо ч гэсэн нохдоо эрхлүүлэн тоглуулж, хаана ч дагуулж явдаг болохоор нохойны зан аашийг сайн мэднэ. Хүнийг өөрт нь сайн, муу хандахыг нохой зөнгөөрөө мэдэрдэг. Надад амьтантай эелдэг харилцаж, өөртөө дасгах туршлага бий. Нохой чаргатай аялах уралдаан экстрим аяллын төрөлд багтдаг. Нүд алдам талд цасан дунд нохой чарга хөллөн, салхи татуулж давхихад үгээр өгүүлэмгүй сайхан мэдрэмж төрүүлдэг юм шүү дээ.

-Анхны уралдаан ямар бодол төрүүлсэн бэ?

-Амархан санагдаагүй ч амжилттай оролцвол түрүүлэх боломж бий гэдгийг мэдэрсэн. Хойд туйл дэлхийн хамгийн хүйтэн бүсэд багтдаг. Өдөртөө -25, шөнөдөө -40 градусаас дээш хүйтэрнэ. Европ тивийн -15 хэм Монголын -30 градустай тэнцдэг болохоор илүү хүйтэн санагддаг. Монгол хүн эрс тэс уур амьсгалтай газар төрж, өссөн болохоор хүйтнийг ажрахгүй давдаг.

-“Fjallraven-2020” нохойтой чаргаар аялах эрхийн төлөөх цахим санал асуулгад та монголчуудаас 19 500 оноогоор тэргүүлж явна. Юутай ч энэ уралдаанд гадаадын төдийгүй манай тамирчид хүчтэй өрсөлдөх нь тодорхой боллоо.

-Одоогоор 1000 гаруй хүн санал асуулгад оноо авахаар өрсөлдөж буй. Миний хувьд 19 мянган хүний саналаар тавдугаар байрт бичигдэж, өрсөлдсөн бүсдээ тэргүүлж яваа. Харин эмэгтэйчүүдээс Ч.Даваадулам, Г.Гантуяа нар нэг бүсээс өрсөлдөж байгаа. Ч.Даваадулам эгч оролцож буй тамирчдаас хамгийн ахмад нь. Залуу хүнээс дутахааргүй өрсөлдөж, санал асуулгаар дээгүүр байрт явааг хараад их бахархсан. Тэрбээр аялахаас гадна ууланд авирч, волейболын спортоор хичээллэдэг юм билээ.

УРАЛДААН ДӨХӨХӨӨР НОХОД ХУРДНЫ МОРЬД ШИГ ӨӨРИЙГӨӨ СОЙГООД ЭХЭЛДЭГ

-Хүйтэн уур амьсгалд нохойтой, олон хоног урт зам туулахад эр зориг, овсгоо самбаа, тэсвэр хатуужил шаардах нь лавтай. Та уралдааны бэлтгэлээ хэр базааж байна вэ?

-Би бие, сэтгэл зүйгээ сайтар бэлтгэсэн. Өдөр бүр гүйж, алхаж бэлтгэлээ базаадаг. Ажлынхаа орчин, нөхцөлийн байдлаас халуун, хүйтнийг тэсвэрлэж сурсан. Уралдаанд оролцож байгаа тамирчид аяллын замд өдөрт 3500-4500 калори шатаадаг. Фитнесээр хичээллэдэг тамирчдын өдөрт гурван удаа бэлтгэл хийсэнтэй тэнцэнэ гэсэн үг. Тамирчдад цаанаас нь хоол хүнс, хувцсаар хангадаг. Хол замд уралддаг болохоор аяллын хоол биед шингэцтэй, хөнгөн, алдагдсан энерги нөхөх илчлэгтэй байдаг.

-Чарганы ноход энгийн нохойноос өөр. Уралдаанд оролцох нохдыг хэрхэн бэлтгэдэг юм бэ?

-Чарганы нохдын зан ааш ямар байдаг, тэдэнтэй хэрхэн харилцах талаар уралдааны оролцогчдод хэд хоногийн тусгай сургалт явуулдаг. Хол зам туулдаг болохоор ноход ядардаг тул амрааж, салхилуулна, бас хооллож, арчилна. Уралдааны замд нохойгоо хэт ядраан, өлсгөж болохгүй, бас их хооллож цатгаж болохгүй. Уралдаан дөхөхөөр ноход хурдны морьд шиг өөрийгөө сойгоод эхэлчихдэг. Монголчууд хурдны морийг наадамд хэрхэн уяж, уяа сойлгыг нь тааруулж уралдуулдаг билээ, яг түүн шиг нохдын бүх зүйлийг тааруулдаг юм. Чарганы ноход аялал хийхэд зориулагдсан байдаг болохоор орчныхоо уур амьсгалд сайн дасан зохицдог. Уралдаан зургаан хоног үргэлжилнэ. Өдөрт 50-70 км зам туулдаг. Хамгийн урд явдаг нохой багаа ахалж, удирдан чиглүүлнэ. Чиглүүлэгч нохой эзнийхээ хэлснийг cайн биелүүлдэг төдийгүй найдвартай байж, бусдыгаа дагуулах үүрэг, хариуцлага хүлээдэг юм. Нэг чарганд таваас долоон нохой хөллөдөг. Уралдаанд оролцож буй тамирчид туйлд майхнаа бариад хоноглох журамтай.

-Жилд нэг удаа болдог энэ тэмцээн өргөжсөөр, шагнал нь ч өндөр болсон гэл үү?

-Дэлхийн 198 орныг 10 бүсэд хуваан, бүс бүрээс шалгарсан шилдэг тамирчид өрсөлдөнө. Уралдааны замд бүх зүйлийг тооцоолон, ур чадвар гаргасан хүн түрүүлдэг. Уралдаанд оролцох өдрүүдэд тамирчдад танин мэдэхүйн мэдээлэл өгч, аяллын хэрэгслээр бүрэн хангадаг. Энэ бол тамирчдын хувьд өөрийгөө сорьж, нээх маш том боломж. Хамгийн том шагнал нь тамирчин хамгийн олон санал авч, аялах уралдаанд оролцон, эрч хүч, сэтгэлийн таашаал авах нь л байдаг юм.

-2012 онд монгол анч тайга ноход энэ тэмцээнд оролцсон тухай сонсоод бахархаж байлаа. Монгол нохойн бахармаар давуу талуудаас өгүүлээч.

-Монгол нохой эзэндээ хайртай. Ажиглаж байхад гадаад нохой өөрт нь сайн хандсан хүн рүү гүйж очдог, амархан дасамтгай, зүрх зориг муутай. Тэгвэл монгол нохой тийм биш, зөвхөн өөрийг нь харж, хамгаалдаг эзэндээ үнэнч ханддаг. Шөнө сонор соргог, үнэрч тул бусад амьтны халдлагаас эзнээ хамгаалж чаддаг. Хаана ч явсан алхам холдохгүй дагаж, манана. Зүг чигийн баримжаа олох, тэсвэр хатуужил даах чадвараар гаргууд. Монгол нохой нүүдэл дагаж явсаар байгаад хол зам туулж сурсан байдаг. Эзнийхээ зан байдлыг дууны өнгө, үйл хөдлөлөөс нь хараад мэдэрдэг, явсан газрынхаа орчинд хурдан дасан зохицдог давуу талтай. Гадаад нохой хүйтэнд бээрээд гасалж байхад монгол нохой цавиндаа хошуугаа хийгээд цагариглаж хэвтдэг юм.

АЯЛСАН ОРНЫХОО СОЁЛ ИРГЭНШИЛТЭЙ ТАНИЛЦАХ НЬ ХАМГИЙН ЧУХАЛ

-Одоо сэдвээсээ хазайгаад өөр зүйлийн тухай ярилцъя. Энэ тэмцээнд оролцож буй манай тамирчид гадаадад амьдардаг.Тухайлбал, та Шведэд ажиллаж, амьдардаг байх жишээтэй.

-Шведэд 16 жил ажиллаж, амьдарч байна. Хилийн дээс алхаж үзээгүй үедээ хүний нутгийг үлгэрийн орон мэт санадаг байлаа. Очсон хойно төсөөлснөөс минь тэс өөр орчин угтахад гайхаж байсан үе бий. Тэнд бүх зүйлээ төлөвлөж амьдардаг болохоор хийж байгаа зүйлдээ үүрэг, хариуцлагатай ханддаг. Гадаадад байсны сайн тал нь гэвэл юм үзэж, нүд тайлдаг л юм. Миний хувьд Монголдоо сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх зорилго тээж явдаг. Хэдий Шведэд байгаа ч гэрийнхэнтэйгээ байнга холбогдож, эх орноо хэрхэн хөгжиж байгаа, хаана ямар үйл явдал болж буй талаарх мэдээллийг цаг алдалгүй авдаг. Хүн залуу насандаа төлөвлөж бодсон, зорьсон зүйлээ заавал амжуулах хэрэгтэй. Тиймээс очиж үзээгүй орноороо аялж, тэндхийн байгалийн зүй тогтол, цаг агаарыг сонирхож судалдаг. Аялсан орныхоо соёлтой танилцах нь хамгийн чухал. Гадаадынханд сайн, муу зүйлийн аль аль нь бий. Сайн зүйлээс нь суралцаж, Монголдоо хэрэгжүүлэхийг хичээдэг.

-Та уул, спорт авиралтаар хичээллэдэг гэсэн байх аа?

-Тийм ээ. Нохой чаргатай аялах уралдаанд оролцогчдын олонх нь дугуй, гүйлтийн цана, уул, хаданд авирах, алхах, хөнгөн атлетикаар хичээллэдэг. Миний хувьд дугуйн спортоор хичээллэдэг. Чөлөөт цагаараа явган аялах дуртай. Би спортоор хичээллэж, өөрийгөө хөгжүүлж, эрүүл болгож чадсан. Багадаа бие муутай, өвчинд өртөмтгий, өдөр бүр эм уудаг хүүхэд байлаа. Нэг өдөр эмч надад “Чи амьдралынхаа турш идэвхтэй хөдөлгөөнтэй, эрч хүчтэй байж л эм уухаас сална. Харин эм уусаар л байвал урт наслахгүй” гэж зөвлөсөн. Тэр цагаас хойш надад ялалт, алхалт, спорт ус, агаар мэт хэрэгтэй болсон. Өөрийгөө сорьсон энэ бүхэн надад их тус болсон шүү.

-Таныг найз нөхөд тань хэр дэмжиж байна вэ?

-Найз нөхөд, таньдаг мэддэг хүмүүс минь чадлаараа тусалж байгаа. Монголчууд минь намайг дэмжин, санал өгч байгаад баярлаж буйгаа уламжилъя. Ойр дотно нөхөрлөдөг найзуудаас минь Түвшээ, Дөлгөөн нар “positivemongolians” хуудсаар олон нийтэд түгээж, цахим санал асуулгын оноо авах уралдаанд залуусыг уриалж байгаа. Мөн Шведэд байх хугацаанд сайхан нөхөрлөдөг найзууд минь хүртэл дэмжиж, сэтгэлийн дэм өглөө. Бид монгол өв соёлоо дэлхийд олон талаар таниулах боломжтой. Намайг энэ өөдрөг бодол минь урагшлуулж, олон хүний дэмжлэг авахад тусалж байгаа.

-Өөрийгөө олон зүйлд сорьж, хөгжүүлж яваа хүн байна. Монголынхоо залууст хандаад урам хайрласан өөдрөг уриа хэлээч.

-Санал асуулгаар оноо авах нь мэдээж ганц хүний хийх ажил биш, олон хүн хамрах өргөн хүрээтэй гэдгийг өнгөрсөн жилийн уралдаанаас ойлгосон. Дэлхийн олон хүн амтай орны тамирчид оноо их цуглуулдаг юм билээ. Нохой чарганы аяллын уралдаан олон хүний сонирхлыг татдаг болохоор үзэгч олонтой. Тэр хэрээр өрсөлдөөн ихтэй. Монголд хоёр сая 200 мянган хүн олон нийтийн сүлжээгээр аялж, фэйсбүүк хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Тэгэхээр эх орноо төлөөлж оролцож буй тамирчиндаа санал өгвөл одоогийн оноогоо ахиулах боломжтой. Монголынхоо залууст хүн зорьж буй зүйлдээ тууштай явбал бодож байсан бүхэн тань аяндаа биелдэг юм шүү гэж хэлье. Энэ аяллын уралдаанд оролцоход санал асуулгаар өндөр оноо авсан байх ёстой, тиймээс монголчууд минь намайг дэмжиж, https://polar.fjallraven.com/contestant/… гэсэн цахим хуудсаар аялж, саналаа өгөөрэй. Энэ жилийн боломжийг алдахгүйн төлөө би ч бас хичээе.

Бэлтгэсэн: Г.Батцэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)