Э.ЭНХБОЛД: Архич хүмүүсийг тэрэгний жолоочид хэрэглэж үл болно гэсэн заалт байсан

Монгол Улсад замын хөдөлгөөний анхны дүрмийг батлаад 95 жил болж буй. 1925 оны тавдугаар сарын 22-нд БНМАУ-ын XVIII хурлаар Аливаа гал, усны уурын хүчээр явах тэрэг зэргийн БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрэм баталжээ. Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хошууч Э.Энхболдоос тодруулав.

-1910-аад оны үеэс гадаадын жуулчдын судалгааны багийн тээврийн хэрэгслүүд манай улсад харагдаж эхэлжээ. 1920 онд 20 машинтай бааз байгуулснаас жилийн дараа анхны авто осол бүртгэгдсэн байна. Тиймээс замын хөдөлгөөнийг зохицуулахын тулд 21 зүйлтэй Аливаа гал, усны уурын хүчээр явах тэрэг зэргийн БНМАУ-ын хязгаарын дотор хэрхэн хэрэглэхийн түр дүрмийг боловсруулжээ. Тус дүрмийн дөрөвдүгээр зүйлд “Архич хүмүүсийг тэрэгний жолоочид хэрэглэж үл болмой” гэсэн нь одоогийн дүрмийн гол заалтуудын нэг болсон. Мөн тээврийн хэрэгслийн хурдны хэмжээг зааж өгсөн байдаг. Хүн ихтэй гудамж талбайд таван миллээс хэтрүүлэхгүй буюу одоогийнхоор найм орчим км/цагаас илүү хурдтай явахыг хориглож байжээ. Анхны дүрмээс хойш Замын хөдөлгөөний дүрмийг 13 удаа шинэчилсэн бөгөөд сүүлд 2018 оны наймдугаар сарын 8-нд баталж, арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлсэн.

-95 жилийн өмнөөс л согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хоригложээ. Гэвч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил гарсаар. Нийт ослын хэдэн хувь нь архитай холбоотой байна вэ?

-Нийт зөрчлийн гурав орчим хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн жолоочоос үүдэлтэй. Өнгөрсөн онд 34 000 орчим жолооч согтуугаар машин барьсан байна. Он гарснаас хойш 7792 хүн архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолооджээ. Согтуугаар замын хөдөлгөөнд оролцсоноос болж 150 орчим хүн амиа алдсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)