Э.Энгүүнбат: Гоё дуулаад ээжийгээ заавал баясгана даа гэж бодсон

Гавьяат жүжигчин С.Батсүхийн авъяаслаг бяцхан шавь Э.Энгүүнбат хүү "Бадмаараг" хамтлагийн найрал дуучидтай хамт Оросын Христийн сүмийн өмнөх талбайд ая дуугаа цуурайтуулж, Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тайзнаас дуудуулах нэр хүндтэй урилгыг ОХУ-аас хүлээн авсан. Ингээд энэ сарын 09-ний өдөр ОХУ-ын Москва хотод болсон Аугаа их ялалтын баярын тоглолтод оролцож, "Смуглянка" дууг гоцлон дуулсан нь олныг шуугиулсан. Иймд бид бяцхан "од" Э.Энгүүнбаттай цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулаач. Хэддүгээр ангид сурдаг вэ?

-Намайг Энгүүнбат гэдэг. Би 116 дугаар сургуулийн 1а ангид суралцдаг. Одоо долоон настай.

-Хэдэн наснаасаа эхэлж дуулсан бэ. Дуулах хэр дуртай вэ?

-Би дуулах дуртай. Хоёр настайгаасаа дуулж эхэлсэн.

-Хамгийн анх ямар дууг бүрэн эхээр нь дуулж байв?

-Смуглянкаг дуулж байсан.

-Орос дууг дуулахад хэцүү байв уу?

-Хэцүү байгаагүй.

-Тэгвэл Орос хэлэндээ их сайн юм байна. Тийм үү?

-Одоо ярьж сурч эхэлж байгаа.

-Орос дууг нь хэн зааж өгсөн бэ?

-Ээж зааж өгсөн. Ээж маань польш, орос, франц, англи хэлтэй. Харин монгол дууг нь сонсоод л цээжилчихдэг.

-Дууг бүтнээр нь сурахад хэр хэцүү байв?

-Тийм ч хэцүү байгаагүй. Харин “Дуут нуур”-ын үгнүүд нь дутуу сонсогдоод цээжлэхэд хэцүү байсан.

-Чи яг одоо хэдэн дуутай вэ?

-Одоогоор Сүүдэргүй сэтгэлтэй ээж, Смуглянка, Малинка страна, Дуут нуур, Ботго, Бороон чимээ, Миллион алых роз, Катюша зэрэг нийт 11 дуутай.

-Энэ дундаас алинд нь хамгийн их дуртай вэ?

-Смуглянка, Катюшаг дуулах дуртай.

-Батсүх багштай анх хэрхэн учирч байсан бэ?

-Анх фэйсбүүкээр танилцаж байсан. Бид хоёрыг зөндөө олон хүн дэмжиж, 1000 гаруй хүн шэйр хийсэн байна лээ.

-Багштайгаа хичээллэх гоё байсан уу. Их зүйл сурсан уу?

-Багштайгаа хамт байх гоё байгаа. Зөндөө их зүйл сурсан. Жишээлбэл, намайг ямар дуу дуулахыг бас яаж дуулах ёстойг минь ч зааж өгдөг. Харин хамгийн анх Смуглянкаг өвөө л дуул гэсэн. Бусдыг нь Батсүх багш санал болгосон.

-Бат-Энэрэл ахтайгаа уулзахаараа юу хийдэг вэ?

-Ах биш, миний багш шүү дээ. Бид хоёр уулзахаараа дуу л дуулдаг. Өөр юм бараг хийдэггүй дээ.

-Чиний нэрийг зарим хүн Бат-Энгүүн гэдэг юм билээ.

-Миний жинхэнэ нэрийг Энгүүнбат гэдэг. Тайзны нэр өгөхдөө Бат-Энгүүн болгочихсон юм. Багш л хүмүүсийн толгой эргүүлээд байгаа юм (инээв).

-Саяхан Ялалтын баяраар ОХУ-ын Москва хотын Улаан талбайд Смуглянкаг дуулаад ирсэн. Хэр их сандарсан бэ?

-Сандраагүй ээ. Сэтгэгдэл маш өндөр байсан.

-Анх дуулах урилгаа авчихаад юу гэж бодогдож байсан бэ?

-Гоё дуулна даа. Тэгээд ээжийгээ заавал баясгана даа гэж бодсон.

-Орос хүмүүс хэр хүлээж авсан бэ?

-Гоё хүлээж авсан. Алга ташилт ч чанга байсан. Тэгээд тайзан дээрээс лайв бичлэг хийгээд, зураг авч байсан.

-Энэ үеэрээ чи Монголд од болж, зөндөө олон хүн чамайг биширч байсан. Үүнийгээ мэдсэн үү?

-Ээж хэлсэн болохоор мэдэж байсан. Намайг дэлхий даяараа үзэж байгаа гэсэн.

-Москвад дуулчихаад ирсэн чинь ангийнхан нь хэр хүлээж авсан бэ?

-Ангийн хүүхдүүд “Бид дуулахыг чинь сонссон шүү. Маш гоё дуулж байна лээ” гэсэн.

-Одоо үсэглэлийн баяраа хийх гэж байгаа гэсэн. Ямар үсэг болох вэ?

-Ташаагаа тулсан “Ф” үсэг болно.

-Смуглянка дуугаараа клип хийж, дүрсжүүлсэн байсан. Одоо ямар дуун дээр ажиллаж байгаа вэ?

-Тэр клипийг хийж байх үед би 5 билүү 6 настай байсан болохоор дуудлага нь цэвэр, бохир сонсогдоод байсан. Одоо гуравдугаар бадгийг нь засаж бичүүлэх гэж байгаа. Тэгээд бас Катюша, Прекрасное далеко-г бичүүлнэ. Ингээд 12 дуутай болж байгаа юм даа.

-Ер нь чи том болоод ямар хүн болохыг хүсдэг вэ?

-Дуучин болохыг хүсдэг. Бас Оросын Чайковский шиг алдартай хөгжмийн зохиолч болно гэж боддог.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (17)