Э.Эмүжин: Хүмүүс танил, дотно дуунууддаа л дуртай

Консерваторт утсан хөгжмөөр суралцагч оюутан, сурагчдын дунд зохион байгуулсан “Талант-2019” анхдугаар уралдааны гран при шагнал хүртсэн, тус сургуулийн хийлийн 8-ын В ангийн сурагч Э.Эмүжинтэй товч ярилцлаа. 

Ж.Чулууны нэрэмжит өсвөрийн хөгжимчдийн уралдааны тэргүүн байрын эзэн тэрбээр 2013 оноос АНУ, Тайвань, ОХУ, БНЧУ, Итали, Унгар, Казахстанд болсон олон улсын уралдаанд тэргүүн, дэд, гутгаар болон тусгай байр эзэлж, шүүгчдийн нэрэмжит шагнал ч хүртсэн юм. Хоёр жил дараалан сургуулийнхаа “Шилдэг уран бүтээлч сурагч”-аар шалгарсан тэрбээр 2018 оны Монгол Улсын “Шилдэг хүүхэд”.

-Олон улсын удаа дараагийн уралдаанд амжилттай оролцсон сурагч “Талант-2019”-д элбэг түрүүлнэ гэсэн бодолтой байсан уу?

-Үгүй ээ, түгшиж байсан. Нэгдүгээр ангиас сургаж, олон уралдаанд бэлдүүлсэн Д.Жаргал багш маань докторын зэрэг хамгаалахаар чөлөө авсан болохоор үгүйлээд байлаа. Бас том концертын нэгдүгээр ангийг анх удаа тайзан дээр тоглохоос айж байсан. Гэхдээ гайгүй ээ, даваад гарсан.

-Яаж давж гарав?

-Мэргэжлийн багшаар ажиллаж байсан Ж.Энх болон одоо хариуцаж байгаа Д.Галбадрах багш нарынхаа заасан болгоныг хичээж сурч ирсэн минь хэрэг болсон гэж бодож байна. Галаа багш өөрөө байнга тоглодог болохоор зохиолуудыг заахдаа ч гэсэн яг тайзан дээр байгаа юм шиг тоглож, сонсгодог. Ийм арга барилтай. Уралдаанд тоглосон нөгөө хоёр зохиолыг өмнө нь удаа дараа тоглож байсан болохоор сайн давтаад л орсон.

-Эмүжин, эмнэлэгт хааяа тоглож байгаа хэвээрээ юү. Ер нь яагаад Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн өвчтөнүүдэд зориулж тоглох болсон бэ?

-Эмнэлгийн дарга нь миний цахим хуудастай танилцаад сууж байгаад, “Ийм сайхан хөгжмийг өвчтөнүүддээ сонсгох сон” гэж бодсон гэсэн. Тэр даруйдаа манайхантай холбогджээ. Тэгээд би багшдаа хэлээд, завтай үедээ тоглож байхаар болсон юм.

-Эмнэлгийн хонгилд гэнэт хөгжим дуугараад эхлэхээр хүмүүс гайхдаг уу?

-Мэдэхгүй нь “Яаж байгаа юм бол” гэсэн байдалтай хардаг. Удалгүй баярлаж, “Ийм ая тоглож болох уу“ гэж асууж, хүсэлтээ хэлдэг.

-Хүмүүс ихэвчлэн ямар хөгжим сонсохыг хүсдэг вэ?

-Танил, дотно монгол дуунуудаа сонсох дуртай.

-Хийлийн аялгуу тэдэнд яаж нөлөөлдөг гэдэг вэ?

-Толгой өвдөхөө болилоо, тайвширлаа, ямар сайхан юм бэ гэдэг.

-Хийл хөгжимд дурласан түүхээ сонирхуулаач.

-Эхэндээ сайн тоглож чаддаггүй байхдаа юугаа ч мэдэхгүй байсан. Анги ахих тусам нэг юм нэмж сурч авахаараа “Өө, ингэж тоглож болдог юм байна шүү дээ” гэж ойлгоно. Тэгсээр хөгжимдөө бага багаар дасаж, дуртай болж эхэлсэн. Нарийн юмнуудын учрыг олохын хэрээр улам дуртай болдог.

-Хийлч болох уу, хөгжмийн сайн боловсролтой болж аваад өөр мэргэжил эзэмших бэлтгэл хийхээр шилжиж суралцах уу. Тийм замналтай сурагч олон байсныг мэддэг болохоор асуулаа.

-Хийлч болно.

-Энэ мэргэжлийг амьдралаа болгох юм байна.

-Тийм ээ. Сайн хийлч болохыг хүсэж байна.

-Ойрын ирээдүйн зорилт юу байна?

-Улсын шалгалтдаа бэлтгэнэ. Сая уралдааны далимаар П.И.Чайковскийн хийлийн концертын нэгдүгээр ангитай танилцаж, тоглож үзсэн минь хэрэг болох байх. Тоглох гэж их сандарсан. Одоо айлгүй, гоё тоглохын төлөө дахиад сайн давтана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)