Э.ЦЭЛМЭГ: Эмгэн хумсны өндөг хуурай хөрсөнд амилдаггүй

Нохой, эмгэн хумс, яст мэлхий, усан гахай, орог зусаг зэрэг олон амьтан тэжээж байсан, 11 настай Э.Цэлмэгийг “Миний найз” буландаа урив.

-Анх хэдэн настайдаа, ямар амьтан тэжээж байв?

-Зургаан настайдаа муур тэжээж байлаа. Дараа нь гурван нохой, хоёр усан гахай, загас, яст мэлхий тэжээж үзсэн. Үслэг амьтны харшилтай учир нохой, усан гахайгаа хэдхэн сар болоод зарчихсан юм. Амьтанд их хайртай учир, удахгүй өөр төрлийн, надад харшилдаггүйг нь авч, тэжээх болсон. Аав, ээж минь миний сонирхлыг дэмжиж, тэжээхийг хүссэн амьтдыг боломжоороо авч өгдөг. Одоо хоёр пангас загас, найман алтан загас, эмгэн хумс, орог зусагтай хамт амьдарч байна.

-Амьтан тэжээх арга, тэдний онцлогийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

-Фэйсбүүкийн “Жижиг амьтан сонирхогчдын” бүлгэмд төрөл бүрийн амьтан тэжээдэг хүмүүс зөвлөгөө, мэдээлэл солилцдог. Тэндээс юугаар хооллох, яаж арчлах, хамгаалах зэрэг мэдээллийг авч байна.

-Амьтдаа хэрхэн арчилдаг вэ. Чиний бодлоор амьтан тэжээх гэж буй хүмүүс юуг анхаарах хэрэгтэй бол?

-Хүмүүс анх амьтныг өхөөрдөж авдаг. Гэхдээ арчилж чадахгүй, яах учраа олохгүй болохоороо хэсэг хугацааны дараа уйдна. Тийм учраас амьтан тэжээхээсээ өмнө сайн судалж, сэтгэл зүйгээ бэлдэх хэрэгтэй байх. Эмгэн хумсныхаа үүрийг 14 хоноод нэг цэвэрлэж, хөрсийг нь солино. Ингэхдээ хөрсөнд өндөг үлдсэн, эсэхийг шалгасны дараа шинэ хөрс тавьж өгдөг. Орог зусгийнхаа үүрийг долоо хоногт нэг удаа цэвэрлэж, шинэ үртэс дэвсдэг юм.

-Эмгэн хумс тэжээнэ гэдэг амаргүй байх. Хэрхэн судалж, тэжээх аргыг нь мэдэж авав?

-Амьтан тэжээж байхдаа эмгэн хумсны өндөг хуурай бус, хөвдлөг, чийгтэй хөрсөнд амьдардаг гэдгийг мэдсэн. Бас том эмгэн хумс нь зулзагануудаа идчихдэг учраас тусдаа үүрэнд хийдэг. Эл амьтан эр, эм хамаагүй үрждэг бөгөөд ганцаараа байсан ч өндөг гаргадаг онцлогтой. Эмгэн хумсыг усанд оруулахад их дуртай. Тэжээдэг хүмүүс нь сайн мэддэг юм билээ. Хэрвээ өндгийг нь сайн арчлахгүй бол амилдаггүй. Би хөрсөнд үлдээсэн бүх өндгийг нь амилуулахыг хичээдэг юм. Хурдан үрждэг учир эмгэн хумсаа зарах, эсвэл өөр амьтнаар сольдог. Мөн эл амьтныг нүүр дээрээ гулгуулахад салст нь арьсыг чийгшүүлж, үрчлээ арилгадаг ач тустай гэсэн мэдээллийг уншиж байсан.

-Амьтнаа өвдсөн үед нь эмчилж чаддаг гэж сонссон.

-Загасны толгой дээр цэврүү шиг зүйл гарах юм уу, сүүл нь сэмэрсэн байвал бие нь сульдаж, өвчилсөн гэсэн үг. Би загасаа өвдөхөөр нян устгадаг эм нухаж байгаад цэврүү гарсан хэсэгт нь түрхэж, бусад загаснаас тусгаарлан эмчилдэг. Өмнө нь нэг усан гахайн хүзүүнд том хэмжээтэй цэврүү шиг зүйл гараад, үс нь унасан байсныг эм түрхэж, боосон юм. Долоо хоногийн дараа шарх нь эдгэрч, үс нь буцаад ургасан. Усан гахай ханиад хүрч, өвдсөн үедээ хажуу тийшээ харж хэвтээд, авиа гаргадаг. Бас хамраас нь нус шиг шингэн зүйл гарч байвал өвдсөн гэж ойлгож болно.

-Усан гахай ямар онцлогтой, хэрхэн тэжээдэг амьтан юм бол?

-Усан гахайг усанд оруулахдаа толгойноос нь бариад зөвхөн биеийн хэсгийг нь хүүхдийн шампуниар угаана. Усанд оруулчихаад хуурай алчуураар ороож, бие нь хатсаны дараа үүрэнд нь хийхгүй бол ханиад хүрчихдэг. Орог зусаг хар самар идэх дуртай. Лууван, байцай, хар самрын болон хөх тарианы үр өгөхөд хамгийн түрүүнд хар самар нь дууссан байдаг шүү. Усан гахайг сул тавих үед баярлан, гүйж тоглодог. Энэ үед нь сайн харахгүй бол цахилгааны утас мэрэх эрсдэлтэй.

-Амьтантай хамт байж, хооллож, арчлах нь гоё байдаг уу. Өөр ямар амьтан нэмж тэжээхээр зорьж байна вэ?

-Эмгэн хумс, загаснуудаа удаан харахад сэтгэл санаа тайвширдаг. Тэд арчилгаа бага шаарддаг, тайван амьтад. Орог зусаг их хөдөлдөг учир цовоо, сэргэлэн байдлыг мэдрүүлдэг. Багаасаа амьтан тэжээсээр буруу зүйлд уруу татагдах завгүй болж, хариуцлага гэх зүйлийг ойлгодог болсон. Харшлаа эмчлүүлсний дараа том нохой, муур тэжээхийг хүсдэг. Ойрын хугацаанд хоёр эмгэн хумс авахаар төлөвлөж байгаа.

Бэлтгэсэн: О.Алуунгуа


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)