Э.Цолмонбаяр: 20 насны төрсөн өдрөө хэзээ ч мартдаггүй

Оюутан ахуйдаа “ТВ коктейль” хамтлаг байгуулж, “Hot чинжүү” нэвтрүүлгээрээ хүмүүсийг зурагтын өмнө уядаг болсон Э.Цолмонбаярыг өдгөө Монголд танихгүй хүнгүй гэвэл болох байх. “Сайн уу, амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай”, “Омарын эрэлд”, “Хөгжилтэй гэр бүл” гээд түүний тоглосон киноны жагсаалт хөвөрнө. Энэавьяаслаг жүжигчин сүүлийн үед продюсерын ажлыг ч чадварлаг хийж буй. Түүний төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.

Эл баяраа хэрхэн тэмдэглэдэг талаар нь сонирхлоо.

-Та төрсөн өдрийн баяраа хэрхэн тэмдэглэдэг вэ?

-Гэр бүлийнхэн, найз нөхөд, дотнын хүмүүстэйгээ л тэмдэглэдэг дээ.

-Санаанаас тань гардаггүй төрсөн өдрийн баярын тухай дурсамжаас хуваалцаач?

-Төрсөн өдрөөр гэр бүл, найзууд минь гэнэтийн бэлэг барих нь их. Бүгд л санаанд тод байна. 20 насны төрсөн өдөр хэзээ ч мартагддаггүй. Ээжтэйгээ хамт тэмдэглэсэн цөөхөн төрсөн өдрийн нэг. СУИС-ийн ангийнхантайгаа тэмдэглэж байтал ээж минь ирж, маш сайхан ерөөлийн үг хэлж билээ. Сайхан дурсамж үлджээ.

-Ямар бэлэг авах дуртай вэ?

-Найз нөхдөөсөө олон сайхан бэлэг авч байлаа. Зөвхөн надад зориулж, сэтгэлээ шингээн өгсөн бэлэг бүхэн сайхан.

-Тэгвэл энэ өдөр авч байсан хамгийн сайхан бэлэг тань юу вэ?

-Эхнэрийн минь надад бэлэглэсэн “Барселона”-гийн өмсгөл хамгийн гоё бэлэг.

-Өнөөдөр баяраа хэрхэн тэмдэглэх вэ?

-Төлөвлөсөн зүйл хараахан алга. Энэ сарын 26-нд Гавьяат тамирчин Н.Төгсцогтын мэргэжлийн боксын 11 дэх тулааныг АНУ-ын Нью-Йорк хотод үзэж, ялалтын мөчийг нь хуваалцчихлаа. Өнөөдөр (өчигдөр) харих гээд онгоцны буудал дээр нислэгээ хүлээгээд сууж байна. БНСУ-аар дамжин нисэх болохоор орой нутагтаа оччихно.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)