Э.Тэмүүлэн: Аваргын төлөөх барилдаан дуустал ээж сүүнийхээ дээжийг өргөсөн гэнэ лээ

“Токио-2020” олимпод өндөр амжилт гаргах магадлалтай залуу тамирчдыг бид цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны ангиллын Азийн аварга, “Хасу мегастарс” клубийн тамирчин Энхтуяагийн Тэмүүлэнг онцоллоо. 

Залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын УАШТ-ий хүрэл медальт, 22 настай, Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан тэрбээр хэдхэн хоногийн өмнө Монголд болсон Азийн АШТ-д түрүүлж, улсынхаа дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

-Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос анх удаа зохион байгуулсан 23 хүртэлх насны ангиллын Азийн АШТ-д түрүүлсэн Танд баяр хүргэе. Төрийн дуулал эгшиглэх мөчид юу бодов?

-Баярлалаа. Нутгийнхаа дэвжээнд болсон Азийн АШТ-д түрүүлж, монгол түмнээ баярлуулахыг хүссэн. Түүндээ хүрсэндээ их баяртай байгаа. Төрийн дуулал эгшиглэх мөчид үнэхээр их баярлаж, огшдог юм билээ. Тухайн үед насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлчихээд ингээд зогсох юм сан гэж бодсон.

Ээж минь намайг барилдахыг харж чаддаггүй. Азийн АШТ-д өрсөлдөхөд их сандарч, гэрийнхээ гадна нутгийнхаа ууланд сүү өргөөд л зогссон гэнэ лээ. Барилдаан дууссаны дараа л гэртээ орж ирсэн гэсэн (инээв). Намайг үргэлж дэмждэг “Хасу мегаватт” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш, Гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, Ё.Батдархан багш, “Хасу мегастарс” клубийнхэн, гэр бүлийнхэндээ баярлаж явдаг.

-Тэмцээний өмнөх бэлтгэл дээр мөрөө гэмтээсэн гэж сонссон. Барилдаанд хэр нөлөөлсөн бэ?

-Тэмцээний үеэр нэлээд зовиурласан. Бэлтгэл хийхээр л хөндөгдөж, сэдрээд байсан юм. Азийн АШТ-ий үеэр ч бас нэлээд хөндөгдөж, өвдсөн. Завсарлагааны үеэр жаахан унтаж, амарсны дараа өвчин нь бүр их мэдрэгдсэн.

Тэгэхээр нь мөрөндөө хөлдөөгч цацан, өвчнийг нь намдаагаад дэвжээнд гарлаа. Барилдаан эхлэнгүүт юун мөрний өвчин манатай болдог юм билээ. Хамаг анхаарал барилдаанд төвлөрөөд өвчнөө ч мартчихсан.

-Бэртлээ улам сэдрээх вий гэж эмээсэн үү?

-Аль болох энэ талаар бодохгүй байхыг хичээлээ. Тэгэхгүй бол анхаарал сарнин, санасан барилдаанаа гаргаж чадахгүй шүү дээ. Бие халаалт сайн хийгээд, итгэлтэй барилдахыг хичээсэн. Би Азийн АШТ-д дөрвөн барилдаан хийсэн юм. Тэднээс эн тэнцүү, ширүүн өрсөлдсөн нь Ираны тамирчин Ф.Хоржестан байлаа. 

Уг нь барилдааны эхнээс би түүнийг илүүрхэн, цаг дуусахын өмнө 11:5-аар ялж байв. Гэтэл долоон оноо алдаж, бид хоёрын онооны харьцаа тэнцээд барилдаан дууссан. Би ялагдчихлаа, хайран юм гэж бодов. Багш руугаа урамгүйхэн хартал “Миний хүү түрүүллээ. Төрийн далбаагаа мандуулаад, дэвжээгээ тойроод гүйгээрэй” гэхэд нь л тайвширсан. Би бүхэл оноо авснаа мартчихсан байна лээ. Хэдийгээр бид хоёр тэнцсэн ч онооны чанараар би түрүүлсэн.

-Бэртэл нь эдгэсэн үү. Ямар нэгэн зовиур бий юү?

-Тэмцээний дараа эмчилгээ сайн хийлгэсэн. Ер нь дажгүй эдгэж байгаа.

-Азийн АШТ-ий өмнөх бэлтгэлээ хэрхэн хийсэн бэ?

-Үндэсний шигшээ багийн болон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчидтай хамт “Говь ресорт”-д хийлээ. Барилдааны тактик, мэх, техникийнхээ талаар Гавьяат тамирчин П.Өнөрбат ах, Ц.Баярсайхан багштайгаа нэлээд ярилцаж, зөвлөлдсөн.

-Багаасаа бөхийн спортод хорхойссон уу. Чөлөөт бөхийг сонгоход юу нөлөөлөв?

-Тэгсэн. Би Сэлэнгэ аймгийн Дулаанхан тосгонд төрсөн. Эхээс гурвуулаа, ууган нь. Бөхөд дуртай бусад хүүхдийн адил багаасаа барилдаж, ноцолдож өссөн. Дархан-Уул аймагт, Ё.Батдархан багшаар 2010 онд чөлөөт бөх заалгаж байлаа. 

Дараа жил нь Д.Сүхбаатар жанжны нэрэмжит олон хотын тэмцээнээс мөнгөн медаль хүртэн, амжилтын жимээ гаргаж билээ. Ээжийн том ахынх нь хүүхэд спортын мастер цолтой. Одоо даанч барилдахаа больчихсон.

-Барилдахаас өөр авьяас бий юү?

-Яруу найрагт дуртай. Хааяа шүлэг зохиох гэж оролддог. Зохиосон ганц нэг шүлэг бий. Чөлөөт цагаараа хөлбөмбөг тоглох дуртай.

-Сонирхолтой санагдаж байна. Манай уншигчдад шүлгийнхээ дээжээс сонирхуулж болох уу?

-(Инээв). Өө, яах юм бэ. Дэмий байх. Зүгээр л сонирхдог төдий. Бусад хүн уншаад шоолох байлгүй.

-Хамгийн дурсамжтай, санаанаас тань гардаггүй тэмцээн аль нь вэ?

-2017 онд залуучуудын ДАШТ-д Ё.Батдархан багшийнхаа удирдлагад Н.Насанбуян найзтайгаа хамт оролцсоноо үргэлж дурсах дуртай. Тэгэхэд Монголоос бид гурав л зодоглосон юм.

Насанбуян бид хоёр хүрэл медаль хүртэхдээ их баярлаж билээ. ДАШТ-д уг нь түрүүлэх боломж надад байсан. Даанч ашиглаж чадаагүй. Хагас шигшээд Америкийн бөхтэй 6:6-гаар тэнцэн, онооны чанараар дийлдсэн.

-Үлгэрлэж явдаг тамирчин бий юү?

-Гавьяат тамирчин П.Өнөрбат ах шиг бөх болохыг хүсэж, түүнээс үлгэрлэдэг. Бид хоёр “Хасу мегастарс” клубт харьяалагддаг, хоёулаа Ц.Баярсайхан багшийн шавь.

-Барилдааных нь гол онцлог юу вэ. Ямар дархан мэхтэй вэ?

-Өрсөлдөгчийнхөө барилдааны хэв маягийг эвдэж, гарынхаа ажиллагаагаар илүүрхэн, хөл авч, хонгодож барилддаг. Цаашид гарынхаа техникийг сайжруулж, шинээр сурахаар төлөвлөсөн мэх, техник олон бий.

-Насанд хүрэгчдийн Азийн АШТ, ДАШТ-д оролцсон бил үү?

-Одоогоор дэлхийн шилдгүүдтэй хараахан өрсөлдөж үзээгүй явна. Ер нь тэдэнтэй барилдахад сэтгэл зүй, бэлтгэлийн хувьд бэлэн.

-Та одоогоор олимпын бус жин болох 70 кг-д барилдаж байгаа. “Токио-2020”-д оролцохын төлөө аль жинд өрсөлдөх вэ?

-Юуны түрүүнд насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль авахыг хүсэж байна. Мэдээж Токиогийн олимпод оролцохын төлөө зүтгэнэ. Жин өгсөн, 74 кг-д барилдах бодолтой.

-Ирэх амралтын өдрүүдэд болох “Монголиа опен”-д зодоглох уу?

-Барилдана аа, 70 кг-д. Энэ тэмцээнээс медаль хүртээгүй явна. Өмнө нь хоёр удаа өрсөлдөхдөө ДАШТ-ий мөнгөн медальт, Гавьяат тамирчин Б.Номин ахад ялагдсан. Энэ удаа алдаагаа сайтар цэгнэж байгаад амжилт гаргахын төлөө хичээнэ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)