Э.Пүрэвдулам: Газар дахиад хүчтэй хөдөлбөл гүйгээд гарахад бэлэн, дулаан хувцаслаад сууж байна


АНУ-ын Аляска муж улсад газар долоон магнитудын хүчтэй хөдөлж, эргийн бүс нутгуудад цунамийн түгшүүр түр хугацаанд зарласан тухай мэдээлэл өнгөрсөн бямба гарагт цахим сүлжээнд түгэв. 

Тус улсын Геологийн судалгааны газрынхны мэдээлснээр, газар хөдлөлтийн голомт нь Аляска мужийн хамгийн том хот болох Анкорижийн хойд хэсэгт байжээ. Байгалийн гамшигтай холбоотойгоор Аляска мужийн захирагч Билл Уокер онц байдал зарлаж, сургууль, цэцэрлэг зэрэг зарим байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасан байна. 

Анкорижийн их сургуульд манай улсаас барилгын инженер мэргэжлээр сурдаг Э.Пүрэвдуламтай уржигдар 17.00 цагийн үед цахимаар холбогдож, нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Одоо 24.00 цаг болж байна. Өглөө хичээл эхлэх 08.30 цагийн үед ангидаа сууж байтал газар маш хүчтэй хөдөлж, оюутнууд бүгд ширээн доор орсон. Хүчтэй чичирхийлэл 30 секунд орчим үргэлжилсэн. Долоон магнитудын хүчтэй хөдөлсөн юм билээ. 

Чичирхийлэл намжсаны дараа бүгд танхимаас гарахад сургуулийн хана, тааз цуурч, доторх эд зүйл бүгд унасан байв. Манай сургууль гэлтгүй олон байгууллагын барилга нурж, сүйдсэн. Зарим хэсэгт авто зам хуваагдаж, цөмөрсөн байна. Хэд хэдэн айл шатаж, нэлээд олон газрын ус, цахилгаан тасарсан гэсэн.

-Гамшгийн улмаас хүний амь эрсдээгүй гэж албаныхан мэдээлжээ. Их аз шүү. Таны бие зүгээр үү. Бэртэж гэмтээгүй биз?

-Би бэртээгүй, эрүүл саруул байна. Нэг насандаа мартахгүй аймшигтай, аюултай үйл явдлыг нүдээр үзлээ. Одоо ч чичирхийлэл мэдрэгдэж буй учир хүн болгон айдас, түгшүүртэй байгаа.

Хотынхон эд хөрөнгөөрөө багагүй хохирсон ч гэмтсэн хүн алга, үнэхээр аз ивээлээ. Өглөө цунамийн түгшүүр зарласан ч цаг гаруйн дараа “Цунамийн аюул болохгүй” гээд цуцалсан.

-Анкориж хотод ажиллаж, амьдардаг монголчууд нэг дор цуглаж, бие биедээ хань болж байна гэж дуулсан. Ер нь манай улсын хэчнээн иргэн байдаг юм бэ?

-Ажилладаг, сурдаг 20 гаруй хүн бий. Бид өнөөдөр нэгнийдээ цуглаж, өдөржин хамт байгаад, саяхан гэр гэр рүүгээ явцгаасан. Газар дахиад хүчтэй хөдөлбөл гүйгээд гарахад бэлэн, хэрэгтэй зүйлсээ цүнхэндээ хийгээд, дулаан хувцсаа өмсчихсөн сууж байна. 

Уг нь газар хөдлөх үед аль болох гадаа, өндөр барилга, байгууламжаас хол байх нь аюул багатай. Гэвч энд маш хүйтэн учраас гэртээ байхаас аргагүй. Ихэнх албан байгууллагыг хаасан. Шатахуун түгээх, дэлгүүр зэрэг зайлшгүй хэрэгцээт газар ажиллаж байна. Манай сургууль гурван өдөр ажиллахгүй.

-Таны амьдарч буй хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг гэсэн үү?

-Тийм. Анкорижэд 1960 онд газар 9.2 баллын хүчтэй хөдөлж, олон хүн амиа алдсан түүх бий. Чичирхийлэл үе үе мэдрэгддэг байсан ч ингэж хүчтэй хөдлөхийг үзсэнгүй. Эрсдэлтэй нөхцөлд амьдардаг учраас эндхийн иргэд газар хөдлөлтийн талаар мэдээлэл, ойлголт сайтай.

Зарим үед урьдчилан мэдээлж, сэрэмжлүүлдэг. Харин энэ удаа гэнэтийнх байлаа. Яг одоо (манайхаар 17.20 цаг) газар 2-5 баллын хүчтэй хөдөлж байна. Цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг минут тутамд цахим хуудсаас авдаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)