Э.Оюунболд Баяр наадмыг зохион байгуулах комиссыг шүүхэд өгчээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 05-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн. Улсын аварга Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдсэн билээ.

Тэгвэл Э.Оюунболд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гаргажээ.

Э.Оюунболдын нэхэмжлэлд: 

Допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай дурджээ.

Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй уг гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 55.1-т зааснаар захиргааны хэрэг үүсгэх эсэхийг 7 хоногийн хугацаанд шийдвэрлэх юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)