Э.Отгонбат: “Лам болох” мөрөөдлөө биелүүлж явна

дуурийн дуучин Э.Отгонбат

ДБЭТ-ын гоцлол дуучин, баритон, өнгөрсөн долдугаар сард Чех улсад болсон, дэлхийн дуурийн од Пласидо Домингогийн нэрэмжит олон улсын “Опералиа” уралдааны оролцогч Э.Отгонбаттай ярилцлаа.

-Чех улсад уралдаанд оролцоод, цаашаа Итали явсан. Тус улсад бас “тоосоо өргөсөн” гэсэн. Ямар уралдаанд оролцов?

-Болонья хотод болсон тус хотын захиргаанаас зохион байгуулдаг уламжлалт уралдаанд манай театрын найрал дууны ангийн дуучин ах оролцох гэж байгаад больсныг наашаа буцахын өмнө мэдсэн юм. Нэгэнт ойрхон байгаагийнх түүний оронд оролцож болдоггүй юм болов уу гэсэн санаа төрөөд, Италид амьдардаг Д.Туяа эгчээр асуулгахад “Болно” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь очсон юм. Очсоныхоо маргааш дууллаа. “Опералиа”-д өрсөлдсөн хэд хэдэн залуу бас очсон байв. Олон орны дуучид дунд ёстой л “тоосоо өргөөд” таарсан. Эцэст нь шилдэг 30 дуучинд багтсан амжилттай. Түүнээс цааш яваагүй. Ингээд хоёр уралдаанаас “мултраад” ирлээ.

-Чамлах юм биш. 100 дуучнаас шилдэг 30-д гэдэг чинь бас л амжилт. Баяр хүргэе. Залуу хүн зун амралтаараа судалгаа хийж яваад ирсэн байна шүү дээ.

-Баярлалаа. Тэгж хэлж болно оо. Э.Амартүвшин ах наймдугаар сарын 2-нд Мачерата хотын 6500 суудалтай задгай театрт “Риголетто”-д тоглож таараад. Ах, эгч хоёр “Ойрхон ирснийх дуурь үзээд яваач” гэж урихаар нь очсон юм. Тийм боломж олдож байхад очилгүй яах вэ дээ. Амраа ах яаж дуулж байгааг, ер нь тэнд дууриа хэрхэн тоглодог, оркестр нь яаж дуугарч байна гэх зэргийг харах, сонсох хүсэлтэй байсан. Тэр олон үзэгчийн өмнө ганц монгол дуучин, тэгээд гол дүрд дуулж байгааг сонсоход өөрийн эрхгүй суудал дээрээ өндөлзлөө. 

Хажууд суусан үзэгчид Туяа эгч бид хоёрыг монгол гэж мэдээд Амраа ах бидэнтэй ямар холбоотойг асуусан. Туяа эгчийг гэргий нь гэхэд баяр хүргэн “Ямар мундаг юм бэ. Хаана сураад ийм сайн дуулдаг болсон юм бэ” гэж асуусан шүү. Тэгэхэд нь бид хоёр “Монголдоо сурсан” гэхэд тэд гайхаад байна лээ. Амраа ахаар маш их бахархсан. Италичуудын хамгийн сайн мэддэг дуурийг төрөлх хэлээр нь ганц эгшиг, авианы зөрүүгүй дуулахаар өөрийн эрхгүй биширсэн. Дууны үг дэлгэцэд итали, англиар бичээстэй. 

Тэнд бичсэн үгийг цэг, таслал гээлгүй зөв хэлж дуулах гэдэг их өндөр хариуцлага, ур чадвар, хичээл зүтгэл, хамгийн гол нь ухаан юм даа гэж бодож суув. Амраа ах дэлхийн шилдэг дуучин болсныг үзэгчдийн алга ташилт харуулсан. Удахгүй Доминго маэстро шиг бүхний танил од болох замдаа оржээ. Газар үзэж, хүмүүстэй танилцангаа мэргэжлийн богино хэмжээний мастер класс сургалтад суугаад ирсэн юм шиг л боллоо.

-Домингогийн уралдааны сонин сайхнаас яриач. Шүүгчид нь чанга юм уу?

-Дуулах дараалал тогтоох сугалаа явуулаагүй байсан. Дуучдыг очсон дарааллаар жагсаахдаа намайг нэг номерт биччихжээ. Үүнээс болсон гэхгүй, туршлага дутсан болов уу, дараагийн шатанд шалгарч чадаагүй. Гэсэн ч хоёр, гуравдугаар шатанд дуулсан бүх уран бүтээлчийг сонссон. Тэгээд ч төгсгөлд нь бүх дуучин “Опералиа”-гийн сүлд дууг хамт дуулах ёстой байсан юм.

-Юу дуулсан бэ?

-Өөрийн сонголтоор “Андре Шенье” дуурийн Жерарын ари, Доминго маэстрогийн нэр зааж өгснөөр “Риголетто” дуурийн Риголеттогийн ари дуулсан.

-Домингогийн нэрэмжит уралдаанд Э.Амартүвшин долоон жилийн өмнө оролцож, түрүүлсэн. Түүнээс хойш анх удаа монгол дуучин очсон болохоор “Энэ нөхөр Риголеттог яаж дуулах нь вэ, харъя” гэж бодож л дээ.

-Мэдэхгүй.

-Маэстро ганцаарчилж уулзсан уу. Юу гэж хэлэв?

-“Сайхан хоолойтой юм байна, хичээгээрэй” гэсэн. Гар барьж, зургаа хамт авхуулсан. Тэгээд л миний очсон хэрэг бүтчих шиг санагдсан даа (инээв). 70 гарсан настай ч тайзнаа дуулж, цуцаж, ухрахыг мэддэггүй, дэлхийн дуурийн урлагийн домог болсон дуучин, уран бүтээлчтэй зэрэгцэж зогсоод зургаа даруулах юм гэж ерөөсөө бодож байгаагүй. Түрүүн нэр дурдсан ах нар шигээ олон улсын томоохон тайзан дээр монгол дуу, аригаа дуулаад л, гараа дэлгээд зогсох юм шүү, хичээнэ ээ гэж хааяа боддог. Тийм болохоор мөрөөдлийнхөө үзүүрээс ямартай ч атгаад авлаа, тавихгүй юм шүү гэж өөртөө чангахан хэлсэн.

-Дуурийн театрт гоцлол дуучнаар ажиллаад удаж байна уу?

-Хоёр жил болох гэж байна.

-Яагаад дуучин, тэр дундаа дуурийн дуучин болохоор шийдсэн юм бэ?

-Багаасаа дуулах дуртай байсан. Өөрийгөө товч танилцуулъя. Би 1990 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумд төрсөн. 2007 онд дунд сургууль төгсөөд, хоёр жилийн дараа ХБК-ийн дуурийн дуулаачийн ангид Гавьяат жүжигчин Ч.Туул багшийн удирдлагад суралцаж, сургуулиа дүүргэсэн. 2014 оны аравдугаар сараас ДБЭТ-ын найрал дууны ангийн дуучин болсон юм. Тус ангидаа харьяалагдаж хоёр жил ажилласны дараа гоцлол дууны ангийн дэргэдэх бэлтгэл группээр дамжиж гоцлол дуучин болсон. Одоогоор “Севилийн үсчин” дуурийн гол дүр Фигаро, “Ламбугуайн нулимс”-ын Лодон, “Лучиа ди Ламмермур”-ын Энрико зэрэг гол дүр бүтээгээд байна. 

Туслах гэвэл “Кармен”-ы Данкайро, Моралес, “Учиртай гурван толгой”-н худалдаачны дүрд дуулдаг. “Чингис хаан” дуурьт бас тоглосон. Цаашид өөр олон гоё дүр бүтээхээр бэлтгэл ажилдаа орсон. Дунд сургуулийн дөрөвдүгээр ангид байхаас манай анги удирдсан багш Энхмэнд “Чи дуулах хүүхэд” гээд урлагийн үзлэг, дууны наадмуудад оролцуулдаг байлаа. Бүр багадаа юмны учир мэдэхгүй байж юм л бол дуулах гэдэг, “Би том болоод дуучин лам болно” гэж ярьдаг хүүхэд байсан юм. Хийдийн лам нар унзад хоолойгоор ном уншихад дуулж байна гэж боддог байж л дээ. Дагаж дуугарах гэж оролдоход хамаатан садныхан минь намайг онгироож их дуулуулна аа. Багын хүслээ биелүүлсэн.

-Яаж?

-Театртаа бүтээсэн анхны гол дүр минь “Ламбугуайн нулимс” дуурийн Лодон гэвш байсан юм. Их бэлгэшээдэг. Тухайн үед фэйсбүүкт “Аав, ээжийнхээ хүслийг, багын мөрөөдлөө биелүүллээ, Дуурийн театрын жинхэнэ дуучин боллоо” гэж бичихэд хамаатан саднууд минь “Миний дүү, дуучин лам болох мөрөөдлөө биелүүлжээ” хэмээсэн.

-Дуурийн дуучин болох тууштай зорилготойгоор ХБК-д элсжээ?

-Сургуульд байхад үеийнхний дунд С.Жавхлан, Т.Баясгалан шиг, тэднээс илүү дуучин болох мөрөөдөлтэй хүүхэд нэлээд олон байлаа. Би ч гэсэн тийм бодолтой элсэлтийн шалгалт өгсөн юм. Тэнцээд сургуульдаа ортол их өөр орчин, ертөнц угтсан. Дуурийн урлаг таалагдсан. Зурагтаар хардаг багш нар хичээл заадаг нь гоё санагдав. Дууг зүгээр ч нэг дуулчихдаггүй, хэцүү болохыг ойлгоод энэ урлагт дурлаж эхэлсэн. Тэгээд л дуурийн дуучин болъё гэж шийдсэн юм. Ч.Бадрал, Э.Анхбаяр, Б.Дэлгэрбаяр ах нар минь үлгэр жишээ болж байлаа. Тэд дандаа сонгодог бүтээлүүд сонсоно, гоё юм ярихад бид сонсох дуртай. Бид хэдийг хурцална. Хоёр найзтайгаа “Консононс” хамтлаг байгуулж, хэсэг дуулсан.

-Дуучдыг ах гэлээ. Олон насны зөрүүгүй болов уу?

-Манай сургуулийнхны хувьд ахлах курсийнх л бол нэг насны зөрүүтэй байсан ч дүү нар нь хүндэлж харилцдаг. Ах нар бидэнд их юм зааж, сургасан. “Чи ингэвэл зүгээр шүү, тэгэхээр болж байна, ингэх хэрэггүй” гэхчлэн илэн далангүй хэлж өгөх нь гоё. Тэд маань олон улсын уралдаануудад амжилттай оролцоод ирэхэд нь сэтгэл хөдөлнө. 

Тийм үед нэг биш удаа өөртөө “Би яагаад чадахгүй гэж” хэмээн хэлж байлаа. Сая олон улсын уралдаанд очоод, тайзан дээр шагналтнууд гарч ирэхийг хараад “Манай Амартүвшин, Ариунбаатар, Бадрал, Анхбаяр ах нар энэ дуучид шиг ингээд улсынхаа нэрээр дуудуулаад зогсдог байх нь. Бас л ухаан, тэвчээр зааж ийм өндөр амжилтад хүрдэг юм байна даа” гэж бодсон. Монгол гээд бодоход л огшдог юм билээ. Би ганц, хоёрхон л уралдаанд оролцлоо. Цаашид орхихгүй гэж бодож байгаа. Уралдаж, шагнал авах гол нь биш, туршлага хуримтлуулж, өөрийгөө хөгжүүлэн, дуурьт гоё дуулах нь чухал. Ер нь дуурийн дуучдын гол хүсэл, зорилго дуурьт дүр сайн бүтээх, үзэгчдийн сэтгэлийг ханатал тоглох гэдэг. Тийм л дуучин байхыг зорьж байна.

-Одоо ямар дүрд дуулахаар бэлдэж байна вэ?

-“Травиата”-гийн Жермонд хамгийн түрүүнд дуулах болов уу.

-Аймгийн төвд өссөн хүүхэд байна. Хөдөө хэр явдаг вэ, адуу малд сайн уу?

-Хөдөө бараг явж байгаагүй. Айлын бага болохоор тэр юм уу, гэр амьтай. Гэхдээ нэг удаа наадамд уралдаж үзсэн. Манай нэг ах жижиг биетэй, таарна гээд уралдааны морь унуулаад, бүр наадамд давхиулсан.

-Дуулахаас өөр сонирхол бий юү?

-Багадаа бусад хүүхдийн адил юм юм сонирхдог байсан. Чөлөөт бөх, боксоор хичээллэж үзсэн. Боксын секцэд явж байхдаа нэг удаа тархиа хөдөлгөөд. Гайгүй болохоор нь буцаад очтол багш “Ирж, очиж байдаг туйлбаргүй хүний хийдэг ажил бокс биш. Чи нэг бол байнга яв, үгүй бол боль” гэж зэмлэхээр нь дахиж очоогүй. Тэр үед аав “Касио” хөгжим авчирсан байсан юм. Түүн дээр өдөржин сууна. Ямар нэг дуу тоглоод сурчихсан гээд оролдоод л байлаа. Нэг мэдэхэд л нэлээд дөртэй болчихсон. Дуу тоглож чаддаг болсноос хойш бүр гэрээс гарахаа больсон.

-Дууны урлагт аргагүй хөтлөгджээ.

-Миний явах зам мөн юм шиг байна.

-Одоо олон улсын ямар томоохон уралдаан санаанд нь багтаж байна вэ. Тухайлбал, “Кардифф”-т үзээд алдвал ямар вэ?

-Сайн бэлдээд оролцохыг хүсэж байна. Ер нь өөрийгөө дайчилъя, бага сага бэрхшээлийг тоохгүй байж чаддаг болъё гэж бодсон. Нойргүй хоносон ч дуулж чаддаг хүмүүс өндөр түвшний дуулаачид болчихсоныг харлаа. Бид, залуу дуучид хэтэрхий даварсан хүмүүс юм байна гэдгийг ойлгосон. Амраа ах гадаадад тэр олон хүний өмнө дуулахын урьд өөрөө өөрийгөө бэлдээд гарч байна. Гэтэл бид 17.00 цагт дуулахын наана мэргэжлийн багш ирж бэлдүүлэхийг хүлээж суудаг шүү дээ. Ямар ч нөхцөлд бэлэн байж чаддаг болтлоо өөрийгөө бэлдэж чадвал л хол явахыг ойлгосон.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)