Э.Миеэгомбо: Улс төрд орсноор хүн өөрчлөгддөг юм биш, та нарын шүүмжлэлээс болоод өөрчлөгддөг юм байна

Саяхан болсон орон нутгийн сонгуулиар Баянгол дүүрэгт МАН-аас Э.Миеэгомбо хэмээх залуу нэр дэвшин ялалт байгуулж, тус дүүргийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон. Э.Миеэгомбо нь нийслэлийн хамгийн залуу төлөөлөгч бөгөөд таван их сургуулийг дүүргэсэн нэгэн.

Тэгвэл шинэхэн төлөөлөгч Э.Миеэгомбо өнөө өглөө цахим орчинд нэгэн дуулианы эзэн болов. Тодруулбал, тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа "Өвөрмонгол залууд татагдаагүй бүсгүйчүүд бүгд минийх" гэж бичсэнийхээ төлөө иргэдээс багагүй шүүмжлэл хүртэв. Түүнийг ийнхүү бичсэнийх нь дараа иргэд "Төлөөлөгч хүн хүүхэн ярьж болох уу. Биднийг бодвол чи чинь төлөөлөгч хүн шүү дээ" гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлжээ. Манай сайт энэ талаар тодруулахаар Э.Миеэгомбо руу холбогдож, тайлбарыг нь сонслоо.

-Өнөөдөр /2020.10.26/ таны бичсэн хөгжилтэй гэмээр пост зарим хүний дургүйцлийг хүргэжээ. Скрийншот нь твиттер, фэйсбүүкээр нэлээд тарсан байна лээ. Ер нь улс төрч хүн аливаад хувь хүнийхээ үүднээс хандаж болохгүй гэсэн ойлголт нийгэмд их бий. Энэ талаар та юу гэж боддог вэ?

-Хуучны уламжлалт хайрцагладаг, хорьдог, цагддаг улс төрөөсөө салах цаг болсон. Залуу хүн байна даа. Заавал "маск" зүүж, дүрээ хувиргах ёстой гэж үү. Улс төрд орсноороо хүн өөрчлөгддөг юм биш, та нар хүнийг шүүмжилсээр байгаад өөрчилдөг юм байна. Хүнийг хайрцаглаж, доромжилж, дарамталж байна.

-Улс төрийн амьдралд хүнийг яаж ч харлуулж болно. Таны хувьд цаашдаа ч ийм нээлттэй байх уу?

-Мэдээж тэгнэ. Намайг харлуулах гэж олон янзаар үзэх байх өө. Улс төрд орсон Миеэгомбо, улс төрд ороогүй Миеэгомбо хоёр яг адилхан. Би чөлөөтэй, нийтэч хүн. Хөгжилдсөн ч хэмжээгээ мэддэг хүн. Намайг нөхдүүд яаж ч харлуулсан бай би ёс зүйтэй, боловсролтой, урьдын Миеэгомбо хэвээрээ байх болно. Намайг дэмжсэн хүмүүс санаа бүү зов.

-Зарим хүн таныг "Номоо бичээд явахгүй яасан юм бэ? Яах гэж улс төрд хөл тавьсан юм бэ" гэж зэмлэдэг. Ер нь номоо үргэлжлүүлж бичих үү?

-Тэгэлгүй яахав. Би номоо ажлынхаа хажуугаар бичээд явна. Өнгөрсөн хугацаанд олон зүйлийг сурч мэдлээ. Одоо бусдын төлөө явах цаг болсон. Нэн тэргүүнд Баянгол дүүргийн иргэдээс ирсэн хүсэлт гомдол, тэдний тулгамдсан асуудлуудыг шийдэхийн төлөө, шийдүүлэхийн төлөө тууштай ажиллана.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)