Э.Идэрцог: АСЕМ-тай холбоотой хэрэг бүртгэлтийн 10 орчим хэрэг нээсэн

Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас сар бүрийн 25-нд хийдэг мэдээллээ тодорхой шалтгааны улмаас түр хойшлуулж, өнгөрсөн баасан гарагт танилцуулав. Тэд сүүлийн хоёр жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө. НҮБ-аас арванхоёрдугаар сарын 9-нийг Авлигын эсрэг олон улсын өдөр хэмээн зарласан. 

Авлигын эсрэг конвенцод нэгдэн орсон улсууд энэ өдөр авлигын эсрэг олон нийтийн дуу хоолойг сонсох, конвенцод тусгасан үүргүүдийг нийгэмд таниулах ажил хийдэг. Үүнийхээ хүрээнд ч АТГ-ынхан мэдээлэл хийсэн. 

Энэ үеэр олны анхаарал татсан, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон зарим хэргийн шалгалт ямар шатанд буйг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцогоос тодрууллаа.

-60 тэрбумын гэх хэргийг сэргээн шалгаж байгаа. Энэ хэргийн явцын талаар мэдээлэл өгч болох уу. Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ зэрэг хүн гэрчээр мэдүүлэг өгөхдөө төрийн албыг худалдаж, мөнгө босгох гэж байгаа талаар үнэнээр нь мэдүүлсэн үү?

-Тагнуулын ерөнхий газартай хамтарсан ажлын хэсгийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. Хэрэгт авсан нотлох баримтын талаар мэдээлэл өгөх боломжгүй.

-У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан, одоо МИАТ-ын дэд захирал Н.Энхбаатарын хэргийг шалгаж дууссан уу. 

Энэ мэт хэргүүдийг удаан шалгаж байгаа болохоор АТГ-ынхны ажил үр дүн муутай, нэг дуулиан нөгөө дуулианаар дарагдаж байна гэж үздэг шүү дээ.

-Хэрэгт үнэлгээ хийлгэх зэрэг мөрдөн шалгах ажиллагаа хуулийн дагуу явж байна.

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан (ЖДҮХС)-гаас зээл авсан улстөрчдийн хамаарал бүхий хэчнээн аж ахуйн нэгжийг шалгаж байгаа вэ. 

Зарим гишүүний туслахыг хорьсон, ар гэрийнхнийг нь баривчлах гээд байна хэмээн яриад байсан. ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнууд болон УИХ-ын гишүүн Л.Энхболдын хамаарал бүхий компанийн захирлыг саатуулснаас өөр хүн нэмж хорьж шалгаж байгаа юу?

-ХХААХҮ-ийн сайдын 2018 оны тавдугаар сарын 14-ний өдрийн А/88 дугаартай тушаалаар 134 иргэн, аж ахуйн нэгжид 74.1 тэрбум, 2018 оны наймдугаар сарын 24-ний өдрийн А/141 дугаартай тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөг буюу нийт 216 аж ахуйн нэгжид 99.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталсан байдаг. 

Энэ оны зургадугаар сарын 6-наас аравдугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд нийт 211 иргэн, аж ахуйн нэгжид 96 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт өгч, зээл олгожээ. 

Дээрх зээлийг олгохдоо хууль журмын дагуу өгсөн эсэх, албан тушаалтан төсөл сонгон шалгаруултад нөлөөлсөн, үгүйг, эрх бүхий албан тушаалтан болон тус сангийн мэргэжилтэн нар албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал олгосон эсэх, авлига хээл хахууль авсан байж болзошгүй баримтуудыг үндэслэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгаж байна.

-Тус сангаас зээл авсан гэдгээ хүлээсэн УИХ-ын нэр бүхий гишүүдийг эгүүлэн татах асуудлыг АТГ-аас Улсын ерөнхий прокурорт хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзоригоос өөр гишүүнийг дуудаж мэдүүлэг аваагүй. Ямар нэгэн улс төрийн болон төрийн албан тушаалтныг дуудаж байцаагаагүй. Харин УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд ЖДҮХС-гаас зээл авсан асуудлыг шалгах, санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. 

Төсөл хөтөлбөр тус бүрийг нарийвчлан үзэж байгаа. Урьдчилсан байдлаар тогтоогдсон хэрэг, зөрчил бий. Ер нь зээл авсан компаниудыг бүгдийг нь хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа.

-Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүн Л.Энхболд, Д.Дамба-Очир, Н.Цэрэнбат нарыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл байсан?

-УИХ-ын гишүүдтэй холбогдох хэргийг Улсын ерөнхий прокуророос УИХ-ын нэгдсэн чуулганд өргөн барих хуультай. Үүнийг прокурорын байгууллага шалгаж байгаа. Одоогоор мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналт доор явуулж буй учраас мэдээлэл өгөх боломжгүй.

-ЖДҮХС-гаас гадна АСЕМ, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Утаа бууруулах төсөл гээд олон хэргийг шалгуулахаар УЕПГ-аас ажлын хэсэг байгуулсан. Эдгээр хэрэгт ямар хүмүүсийг холбогдуулан шалгаж эхэлсэн бол?

-Улсын ерөнхий прокурорын тушаалаар ЦЕГ, ТЕГ-тай хамтран байгуулсан ажлын хэсгийнхэн Хөгжлийн банк, Оффшор бүс, Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хууль бус олголт, ЖДҮХС-гийн зээлийг хууль бусаар ашигласан, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хууль бусаар эзэмшсэн, Агаарын бохирдол, “Стандарт” банк, Оюутолгойн гэрээ, Монголбанк зэрэг анхаарал татсан олон хэргийг шалгаж байна.

АСЕМ-тай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтран шалгаж эхэлсэн. 10 орчим хэрэг бүртгэлтийн хэрэг нээлээ. Өнгөрсөн аравдугаар сард аудитын дүгнэлт гаргуулсан. Шалгалтын ажиллагааг нарийвчлан прокурорын хяналт доор явуулж байна.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт нарыг шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хэргийн шалгалтын явц ямар байгааг мэдээлэхгүй юү?

-Ерөнхий сайд нарын холбогдсон хэргийн цар хүрээ нь өргөн. Оюутолгой, Дубайн гэрээ мэт олон улс дамжсан, гадаад улстай холбогдон шалгах шаардлагатай учраас цаг хугацаа их орж байна. Сайд нартай холбоотой хэрэгт гадаадад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. 

Гадаадын хуулийн байгууллагатай хамтран ажиллаж буй учраас тэд бидэнтэй мэдээлэл солилцож байгаа. Саяхан гадаадын хууль сахиулах байгууллагынхан ирж уулзаад, зарим зүйлийг тодруулаад явсан. 

Энэ хэргийг богино хугацаанд шийдэх асуудал биш. Бидний зүгээс хэргийг аль болох хурдан шийдвэрлэхийн тулд ажиллаж байна. Хэрэгт санхүүгийн болон аудитын шинжилгээ хийх зэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийн шалгалтын ажиллагаа яагаад удаашраад байна вэ?

-Гадаад улсад эрх зүйн харилцан туслалцаа авах хүсэлтүүд хүргүүлсэн. Хариу нь саяхан ирлээ.

-Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган хаанахын ямар аж ахуйн нэгжид ураны тусгай зөвшөөрөл олгохдоо эрх мэдлээ хэтрүүлсэн юм бэ?

-Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан О.Эрдэнэбулганыг албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, бусдаас онц их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Одоогоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй.

-“Стандарт” банктай холбоотой хэргийн мөрдөн байцаалт дуусах болж байгаа юу?

-Хэргийг энэ сардаа багтаан шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэхээр ажлын хэсэг ажиллаж байна. Хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхээс гадна улсад учруулсан хохирлыг төлүүлэх үүднээс нуугдмал хөрөнгө илрүүлэх, түүнийг хамгаалан битүүмжлэх ажиллагааг голлон анхаарч мөрдөн шалгах ажиллагааг явуулж дууслаа. 

Хэрэг анх үүссэн цагаасаа эхлээд нэлээн хугацаа шаардсан. Тус банкны хэргийн санхүүгийн мөрдөн шалгах ажлын үр дүн гарсан.

-Цагдаагийн газар, хэлтсийн дарга, “Бэлон” компанийн захирал Р.Баатархүү, Архивын ерөнхий газрын дэд дарга Б.Үнэнбат зэрэг хүмүүсийн хэргийг танайх шалгаад нэлээд удлаа.

-Хэрэгт санхүүгийн болон аудитын шинжилгээ хийлгэх зэрэг мөрдөн шалгах ажиллагаа хэвийн үргэлжилж байна.

-Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Г.Алтан-Очир тэргүүтэй хүмүүс хээл хахуулийн хэрэгт холбогдон шалгуулж байгаа. 

Цагдан хоригдсон криминалистикийн шинжээчдийн дүгнэлт үндэслэлтэй нь тогтоогдсон учраас сулласан гэсэн. 2.3 сая ам.долларынхоо талаар хэрэгт холбогдогчид хэрхэн тайлбарлаж байгаа вэ. Цагдаагийн даргаар ажиллаж байсан генералыг энэ хэргийн ард байгаа хэмээн зарим хэвлэлд бичиж байна. Тэр хүн үнэхээр холбоотой юм уу?

-Бид нэгжлэгээр хураан авсан их хэмжээний гадаад валютын эс үүсвэрийг тогтоох болон бусад мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Цагдаагийн даргаар ажиллаж байсан генерал энэ хэргийн ард байгаа гэдэг мэдээлэл нь үндэслэлгүй. Тийм нөхцөл байдал ч тогтоогдоогүй.

-У.Хүрэлсүх сайдыг тагнаж дагасан гэх хэргийг танайх шалгаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа нь ч дууслаа. Яагаад шийдэхгүй байгаа юм бэ?

-Энэ хэрэгт нэр бүхий иргэдийг холбогдуулан шалгасан. Одоогоор прокурорын хяналтад шалгах ажиллагаа үргэлжилж байна.

-ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралыг танайх шалгаад гурван жил боллоо. Яагаад одоо болтол шийдэхгүй байгаа юм бэ?

-Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нэр бүхий этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийг авах хөрөнгийн эх үүсвэртэй холбоотой хэрэгт хэд хэдэн хүнийг яллагдагчаар татаж байгаа гэсэн. Аудитын дүгнэлт нь хэрхэн гарсан бэ?

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан хэрэгт одоогоор яллагдагчаар татсан хүн байхгүй.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)