Э.ИДЭРБОЛД: Мэргэжил минь намайг алхам тутамд урагш ахиулж байгаа

Жүжигчин, найруулагч Э.Идэрболдыг “Уран бүтээлч” буландаа урилаа.

-Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын даргаар томилогдсон гэсэн. Ажлаа хэзээ авав?

-Догшин ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрын даргаар өнгөрсөн тавдугаар сард томилогдож ирсэн.

-Залуу уран бүтээлчдийн олонх нь орон нутагт бус, Улаанбаатар хотод ажиллахыг урьтал болгодог. Харин та яагаад хөдөө явахаар шийдсэн бэ?

-Олонх уран бүтээлч төв газар ажиллах нь дээр гэж боддог нь нууц биш. Би ч тэгж бодож, хотод ажиллаж байгаад ирсэн. Төрсөн нутагтаа ажиллах боломж олдсонд олзуурхаж байгаа. Хөгширсөн хойноо биш, ид залуу, эрч хүчтэй үедээ өсөж, төрсөн нутагтаа ажиллаж, мэдсэн сурсан зүйлээрээ орон нутгийнхаа хөгжилд нэмэр болох нь зүйтэй гэж шийдсэн юм. Үнэндээ би чинь Дорноговь аймгийн захиалгаар, сургалтын бүх төлбөрөө төлүүлж, СУИС-д энэ мэргэжлийг эзэмшсэн хүн шүү дээ. Дорноговь аймаг хурдтай хөгжиж байна. Бүр илүү хөгжих боломжтой. “Саран хөхөө” театрынхаа уран бүтээлчидтэй хамт энэ хөгжлийн нэг хэсэг болж, түүх бичилцэж буйдаа баяртай байна.

-Орон нутгийн театрын нөхцөл байдал ямар байна вэ?

-Нөхцөл байдлын тухай яривал олон асуудал дурдана. Соёлын яамаа дахин сэргээн, байгууллаа. Одоо орон нутгийн театруудад тулгамдаж буй асуудлуудыг шат дараатай шийдэх байх. Соёл, урлаг, соён гэгээрэл гэдэг үгийн цаана улс үндэстний дархлаа, тусгаар тогтнол оршдог.

-Орон нутгийн үзэгчид театрын урлагийг хэр сонирхдог бол. Үзэгчдээ бэлтгэх талаар та хэрхэн ажиллахаа төлөвлөсөн үү?

-Бусад аймгийн үзэгчид ямар түвшинд байгааг хэлж мэдэхгүй юм. Энэ талаар судалж байна. Дорноговь аймгийн үзэгчдийн хувьд үзвэр үзэх соёлд суралцсан гэж хэлж болно. Манай аймгийнхан театрын урлагт их дуртай. Би өмнө нь “Саран хөхөө” театртаа жүжигчнээр ажиллаж байсан болохоор сайн мэднэ. Харин ирээдүйн үзэгчдийг бэлтгэх тал дээр онцгой анхаарах шаардлагатай. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг дээ. Хүүхдүүдэд хандсан түүхэн, танин мэдэхүйн, орчин үеийн, ёс зүйн гээд олон талаас нь судалсан уран бүтээлүүдийг насны ангиллаар үзүүлэх хэрэгтэй. Мөн сумдын, малчдын хүүхдүүдэд хүрч үйлчлэх хэрэгтэй гэж бодож байна.

-Ямар арга барилаар, юуг хэрхэн өөрчилж, сайжруулж ажиллахаар төлөвлөж байгаа бол?

-Туршлага нимгэн учраас тэгнэ, ингэнэ гэж төлөвлөсөн бүхнээ дэлгэж чадахгүй нь. Юутай ч хувь уран бүтээлчийн хөгжил, бүтээлч чанарыг дээшлүүлэх тал дээр нэн тэргүүнд анхаарч ажиллана. Хөгжиж дэвжихийг хүссэн уран бүтээлч бүрийг бүх бололцоогоороо дэмжинэ. Боловсон хүчин сайн байж уран бүтээл чанаржиж, театр хөгжинө шүү дээ.

-Шинэ хамт олонтойгоо хийх эхний уран бүтээл тань ямар байх вэ?

-Төлөвлөсөн уран бүтээл олон бий. Энэ онд манай театрын 40 жилийн ой тохиож буй. Хамгийн түрүүнд эл ойдоо зориулсан шинэ уран бүтээлийг үзэгчдэд хүргэхээр төлөвлөсөн. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар гуайн зохиолыг тайзнаа “амилуулах” юм.

-Ингэхэд та гараагаа ямар уран бүтээлээр эхэлж байв?

-2008 онд СУИС-ийн гуравдугаар дамжаанд сурч байхдаа Зүүн бүсийн сонгодог жүжгийн уралдаанд М.Ю.Лермонтовын “Багт наадам” жүжгийн Звёздич вангийн дүрээр өрсөлдөж, туслах эрэгтэй дүрийн шагнал хүртэж байлаа. Уран бүтээлийн гараагаа нэр хүндтэй уралдаанд амжилттай оролцож эхэлсэндаа баярладаг шүү.

-Та дэлгэцийн уран бүтээлд тоглохын зэрэгцээ “Black box” театрт ажилладаг байсан. Бусдаас онцлогтой тэр театраас та юу “олсон” бэ?

-“Black box” бол лаборатори буюу судлагдахуун театр. Тэнд ажиллах хугацаандаа ахин нэг их сургууль төгссөн мэт л их зүйл сурсан даа. Үзэгчдэд хүргэхээр сонгосон жүжиг, тавьж байгаа арга барил, орчин гээд бүгд маш сонирхолтой. Театрын олон чиг урсгалын тухай тэндээс л мэдэрсэн, ойлгосон гэж болно. Дэлхийн сонгомол, сор бүтээлүүдийг найруулан тавьдгаар нь хүмүүс эчнээ мэдэх байх. Тус театрынхантайгаа хамгийн сүүлд нэрт сэтгэгч Жан Поль Сартрын “Тамын хаалга” жүжгийг үзэгчдэд хүргэсэн. Мартахаагүй сайхан мэдрэмж авсан. Ер нь бүх л уран бүтээл нь ер бусын мэдрэмж төрүүлдэг театр.

-Гадаадад мэргэжил дээшлүүлж ирээд УДЭТ-т жүжигчин, туслах найруулагчаар ажилласан. Өнгөрсөн хугацаанд УДЭТ-ын хэчнээн уран бүтээлд ажилласан бэ?

-УДЭТ-т туслах найруулагчаар ажиллах хугацаандаа театрын уран сан дахь ихэнх жүжигт оролцсон. Ажлын ачаалал даах, жинхэнэ уран бүтээлч хүн юуг мэдэж, ямар байх ёстойг УДЭТ-аас мэдэрсэн дээ. Их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн, найруулагч Ч.Түвшингийн “Жаргаагүй нар” жүжгийн Хүн зөн гэж дүрдээ хамгийн хайртай.

-УДЭТ-т ахмад уран уран бүтээлчидтэй ажиллаж байхдаа та юу сурав?

-Манай ахмадууд чинь алт шиг хүмүүс. Хүндлэх, хүндлүүлэх ухаан, уран бүтээлч хүний дэг журам, ёс суртахуунаас авхуулаад суралцах зүйл бишгүй. Одоо ч суралцсаар л явна.

-Ер нь дэг жаяг хатуу, мэргэжлийн шалгуур өндөртэй театрын уран бүтээлч болохоор шийдсэн шалтгаан тань юу вэ?

-Багадаа урлагийн, тэр дундаа театрын хүн болно гэж төсөөлөө ч үгүй явсан. Нэг л мэдэхэд энэ урлагт татагдаж, эргэж буцахгүйгээр ажиллахаар шийдсэн дээ.

-Жүжигчин, найруулагчийн алинаар нь ажиллах танд бэрх санагддаг вэ?

-Мэдээж найруулагчаар ажиллах нь хэцүү. Жүжигчин өөрт ногдсон дүрээ тал бүрээс нь маш сайн судалж ажилладаг бол найруулагч хүн тухайн уран бүтээлийн бүх будгийг хольж, хүссэн өнгөө гаргадаг.

-Бие даан тайзны уран бүтээл найруулах бодол бий юү?

-Байлгүй яах вэ. Гэхдээ болоогүй. Эхлээд өөрийгөө бэлдэх хэрэгтэй.

-Тайзны уран бүтээл болгож үзэгчдэд хүргэхийг хүсдэг зохиол байдаг уу. Таны эмзэглэж явдаг сэдэв юу вэ. Хэзээ тэр сэдвээ уран бүтээлдээ тусгах бол?

-Хүүхдүүдэд чиглэсэн уран бүтээл, тэр дундаа туульсын зохиолуудыг “амилуулах” сан гэж хүсдэг. Гэсэр, Жангар, Эрийн сайн хан харангуй гэхчлэн үзэгчдэд хүргэмээр өчнөөн түүх, зохиол бидэнд бий шүү дээ.

-Дэлгэцийн уран бүтээлийн санал хэр ирдэг вэ. Энэ төрлийн уран бүтээл хийх үү?

-Ирдэг л юм. Гэхдээ ихэнхэд нь тоглож амждаггүй. Өөрөө бие даан хийх бодол бий. Одоогоор зохиолууд цуглуулж, эхнээс нь судалж л байна.

-Та СУИС-ийг Б.Мөнхдорж найруулагчийн ангид төгссөн. Таны багш их өвөрмөц арга барил, сэтгэхүйтэй хүн. Түүний ямар арга барил, онцлогийг иа өөртөө шингээхийг хүсдэг вэ?

-Багшаасаа үргэлж үлгэрлэдэг. Түүний сургадагчлан энгийн, үнэн байх гэдгийг л амьдрал, уран бүтээлдээ хэрэгжүүлэхийг хичээдэг дээ

-Эзэмшсэн мэргэжил тань өнөөдрийг хүртэл таныг хэрхэн өөрчлөв?

-Мэргэжил минь намайг алхам тутамд урагш ахиулж байгаа. Уран бүтээлийн ард гарах бүрт шинэ зүйл сурч, мэдсэн байдаг.

-Энэ хүнийг л уран бүтээлдээ тоглуулж, хамтарч ажиллах юм сан гэж боддог жүжигчин бий юү?

-Олон бий. Гэхдээ нэр дурдаж хэлмээргүй байна. Тун удахгүй хамтран ажиллаад эхлэхээр мэдэгдэх биз ээ.

-Уран бүтээлч бүр өөр өөрийн арга барил, онцлогтой. Таных юу вэ?

-Үнэ өртгийг чухалчлалгүй үр дүнг үзэх нь чухал. Цаг бол алт учраас хувийн зохион байгуулалт сайтай байхад их анхаардаг.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)