Э.ДАВААЧИМЭГ: Аваргуудын амжилт мартсан зорилгыг минь надад сануулсан

“Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Э.Даваачимэг чамлахааргүй амжилт гаргаж яваа бөхчүүдийн нэг. Тэрбээр 2011 онд Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, 2012 онд Тайланд улсын Паттаяа хотод болсон чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ээс алтан медаль өвөртөлж, амжилтынхаа гарааг эхэлж байв. Үүнээс гадна түүнд шигшээ багийнхаа тамирчдыг баярлуулсан удаа олон. Тухайлбал, 2012 оны “Монголиа опен”, 2018 оны чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнийг нэрлэж болно. Тэрбээр хичээж л барилдахгүй бол багийнх нь тамирчид медалийн төлөө барилдах боломжгүй болох байсан эгзэгтэй үед найдлага төрүүлж, урам өгч барилдан, цааш барилдуулсан гэдэг. Тэрбээр дэлхийн цомын тэмцээнээс мөнгө, хүрэл медальтай. Э.Даваачимэг үрийн зулай үнэрлээд удаагүй ч их спортдоо эргэн ирж, амжилт гаргав. Эх хүний хариуцлага үүрч, улсын аварга цолоо нэр төртэй хамгаалан тав дахь түрүүгээ энэ жил авсан юм.

-2019 он танд олон өөрчлөлт авчирлаа. Ээж болж, дэвжээндээ эргэж ирээд удаагүй байна. Гурван сар бэлтгэл базаагаад УАШТ-д оролцож, тав дахь удаагаа аварга боллоо шүү дээ.

-Би чөлөөт бөхийн ертөнцөд хөл тавиад 13 жил болжээ. Хүүхэд байхаасаа л барилдана гэж ярьдаг байв. Улаанбаатарт 15 настайдаа ирж, 2007 онд дасгалжуулагч П.Чулуунбаатар багшийн удирдлагад анх хичээллэсэн. 2019 онд спортоос түр завсарлаж, ихэр охинтой боллоо. Охидоо гурван сар хүргээд л өнгөрсөн намар ажилдаа орсон. Дэвжээндээ ирж, гурван сар бэлтгэл базааж, УАШТ-д оролцсон юм. Миний хувьд маш их тэсвэр, тэвчээр гаргаж энэ спортод үлдсэн. Шантарч, буцмаар санагдсан өдөр олон байсан ч хаяж чадаагүй. Өмнө нь зөвхөн өөрийгөө бодож, өөртөө гэсэн бүхэнд цаг зав гаргадаг байсан бол одоо охидынхоо төлөө санаа тавин, ээж байхын үүрэг хариуцлага ямар өндөр байдгийг мэдэрлээ. Эмэгтэй хүн ээж болохоор сэтгэл зүйн хувьд өмнөхөөсөө ч илүү дайчин болдог юм байна. Тэмцээнд оролцохын өмнө хэнтэй таарч, хэрхэн барилдах бол гэж нойргүй хонодог байсан бол одоо охид минь намайг стресстүүлэх завгүй, аз жаргалтай болгож байгаа.

-Дэвжээгээ санаж, их үгүйлсэн байлгүй. Өдөр бүр бэлтгэл хийгээд ядарч байна уу. Гэр бүл, спорт, тэмцээн гээд олон зүйлд анхаарал хандуулах болох нь дээ.

-Амралтын ганц өдрийг гэр бүлдээ зориулж байна. Би завгүй байх тусмаа олон ажил амжуулдаг болсон. Өглөө босоод охидоо хооллож байтал бэлтгэл хийх цаг болчихдог юм. Аав, ээж охидыг минь асран, намайг бэлтгэл хийлгэж байгаа. УАШТ-д оролцох үеэр нөхөр минь гадагшаа ажлаар явж таарсан. Гэрийн бүх ажил өөр дээр ирсэн үед хүн яаж ийгээд болгодог юм билээ. Одоо олон зүйлийг амжуулах гэж цаг хугацаатай уралддаг. Өмнө нь урт санагддаг байсан өдрүүд одоо харвасан сум шиг өнгөрч байна. Би дэвжээгээ санаж, их үгүйлсэн. Охидоо хардаг байхдаа тамирчидтайгаа хамт бэлтгэл хиймээр санагдана. Гарч ормоор байвал охидоо аав, ээждээ үлдээдэг. Нэг л мэдэхэд Спортын төв ордны гадаа өөрийн эрхгүй ирчихсэн зогсож байдаг байлаа. Тэгээд л “Би хаана явна вэ, харья” гээд эргээд алхана. Надад гэр, Спортын төв ордны хооронд олон жил явсан жим бий. Зурагтаар тэмцээн гарч байвал яг тэнд очсон мэт орилж, хашхирна. Нэг өдөр аавд “Би ажилдаа орж, бэлтгэлээ хиймээр байна” гэхэд “Тэгээ тэг, Би охидыг чинь харъя. Харин чи бэлтгэл хэтрүүлж хийгээд биеэ ядраачихав” гээд зөвшөөрсөн. Бэлтгэл хийхээр ирж байхдаа өөрийгөө ядарчих вий гэж чагнадаг байв. Зорилгоо бодож, өөрийгөө дайчилснаас хойш ядрах тухай бодогдохоо больсон. Нөхөр минь Говь-Алтай аймгийн харьяат. Спортын хүн биш ч гэлээ бөхөд дуртай. Бөхийн төрлүүдийн спортод амжилт гаргасан, гаргаж яваа тамирчдын төрсөн нутаг, төгссөн сургууль, амжилтын тухай андахгүй.

-Олон жил 55 кг-д хүч сорьсон. Энэ удаа 59 кг-д барилдлаа. Шинэ жинд учраа таарсан бөхчүүд тань хүчтэй өрсөлдөгч байлаа. Алтан медалийн төлөөх барилдаанд учраа таарсан “Аврагч” спорт хорооны тамирчин Н.Энхтуяа тийм ч амархан ялагдах бөх биш байна билээ.

-Би 59 кг-д анх удаа барилдлаа. Учраа маань надаас дүү ч гэлээ сайн барилддаг. Манай шигшээ багийн тамирчид дэвжээнд гарахын өмнө “Биерхүү бөх байна. Эгчийн хувьд туршлага зааж үлдэх байлгүй дээ” гэж хэлсэн. Ялчихаад дэвжээнээс буухад манайхан “Туршлага зааж үлдэнэ гэдэг тань энэ шүү дээ. Чи өмнөх барилдааныхаа арга барилаар хожлоо” гээд урам хайрласан. Барилдаж байгаагүй бөхтэй таарсан тул дотроо “Залуу хүүхэд шийдсэн мэх хийх байх. Барилдах явцдаа арга барилыг нь мэдэж аваад, гартаа оруулъя” гэж бодсон.

-Гавьяат тамирчин О.Насанбурмаа дэргэдээс тань алхам ч холдолгүй зааж, зөвлөж байгаа харагдсан.

-Тийм ээ. Бид 2011 оноос эгч дүүс болж, ойр дотно нөхөрлөсөн. О.Насанбурмаа эгч дэргэд байхаар их түшигтэй. Энэ удаа учраа бөхийг ямар барилдаантай болох, хариу мэх хэрхэн хийх талаар зөвлөсөн. Н.Энхтуяа тэмцээн болохоос дөрөв хоногийн өмнө ирж, шигшээ багийнхантай бэлтгэл хийсэн юм. Манайхан “Энэ охин сүүлийн гурван жил Б.Шоовдортой нэг жинд хүч үзэж байгаа. Чамтай л өрсөлдөх болов уу” гэж хэлсэн. Миний хувьд өрсөлдөгчөө басалгүй туршлага зааж, тайван барилдсан.

ЗОРИГ ОРЖ, ӨДӨР БҮР ӨӨРИЙГӨӨ ДАЙЧЛАХ БОЛСОН

-Шигшээ багт хэр баргийн тамирчин хөл тавьдаггүй. Ам бүлд нь багтахын тулд чамлахааргүй амжилт гаргасан байх ёстой биз.

-Тийм шүү, би чөлөөт бөхийн шигшээ багт байсан. Хөл тавихаасаа өмнө нь олон улсын болоод ДАШТ-ээс медаль хүртчихсэн байлаа. Тухайлбал, 2012 онд “Монголиа опен” олон улсын тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртсэн. Тэр тэмцээнд надтай хамт бэлтгэл хийдэг тамирчид маань хожигдсон тул намайг медаль авах болов уу гэж найдсан. Ингэж би тэр тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд аварга болж, тамирчдаа баярлуулж байв. Түүнээс хойш “Чамд ирээдүй байна. Эмэгтэйчүүдийн шигшээ багт авъя” гэсэн санал ирэх болсон. Тэр жилээ залуучуудын ДАШТ-ээс алтан медаль өвөртөлж, дараа нь чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлсэн.

-ОХУ-ын Красноярск хотод Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан гран при” олон улсын тэмцээн удахгүй болно. Та оролцох уу?

-Оролцох бодол бий. Энэ удаа 55 кг-д зодоглох болов уу. Хойшдоо жиндээ барилдана. Жин хасах их хэцүү. Хөдөлгөөн, эрч хүч их зарцуулдаг болохоор ядардаг. Намайг тамирчид УАШТ-д жин өгсөж барилдана гэж бодоогүй байх. Тэмцээн болохоос долоо хоногийн өмнө Гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр багш ирж, шигшээгийн тамирчидтай уулзсан юм. З.Дүвчин багш намайг 59 кг-д барилдах болсныг хэлэхэд итгэхгүй “Үнэн үү, энэ жинд барилдах юм уу. Чи ч бяртай бөх дөө” гэж байлаа. Би амаржсаныхаа дараа жин нэмж, 67 кг хүрсэн. Ажилдаа орж, бэлтгэл хийгээд жин хассан нь энэ. Энэ жинд анх удаа барилдаж, УАШТ-ээс тав дахь түрүүгээ авсанд баяртай байгаа. Ах, дүүсийн минь хүүхдүүд намайг дагаад чөлөөт бөхөөр хичээллэж байгаа. Тэднээс өсвөр үеийнхний УАШТ-ээс алт, мөнгөн медаль хүртэж, гадаадын тэмцээнд оролцдог болсон тамирчин бий.

-Э.Даваачимэгийг хэр авьяас, туршлагатай бөх вэ гэдгийг сорьсон барилдааныхаа тухай сонирхуулж яриач.

-2018 оны чөлөөт бөхийн дэлхийн цомын тэмцээнд манай тамирчид багаараа оролцсон юм. Тэр тэмцээнд би л хичээж барилдахгүй бол багийнхан минь медалийн төлөө барилдах боломжгүй болох гээд байлаа. ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Беларуссийн бөх надтай учраа таарсан. Дэвжээнд гараад барилдлаа, хөлөө алдаж, оноо 5:0 болов. Барилдааны цаг дуусахад 20 секунд дутуу байхад түүний хөлд нь орсон. Тэгсэн Б.Баттулга багш “Зүгээр зүгээр, одоо дахиад золгоо байгаа” гэлээ. Гурван секунд дутуу байхад өрсөлдөгчийнхөө зүүн гарыг уургалаад өмсөх мэх хийж ялсан. Би энэ мэхийг хааяа хийдэг юм. Тэмцээнд явахын өмнөхөн намайг барилдаж байхыг Т.Сүхбаатар багш харчихаад “Наад мэхэндээ чи орох болчихсон байна шүү. Их даацтай мэх болж мэдэхээр байна” гэхэд нь барилдахдаа хийнэ дээ гэж бодож байсан юм. Яг тэр үед Ц.Сүхбаатар багшийн хэлсэн үг санаанд орж, тэр мэхээ хийгээд ялахад манайхан хашхираад л бөөн баяр болсон. Хүрэл медалийн төлөөх барилдаанд 55 кг-ын жинд дэлхийн аварга болсон АНУ-ын бөхтэй хүч сорьсон. Надаас өндөр, бас хүчтэй тамирчин. Өөрөөсөө өндөр бөхтэй барилдах хэцүү юм билээ. Тэр барилдаан миний хувьд хамгийн хариуцлагатай байсан. Намайг хожигдвол манайхан медальгүй үлдэх болчихоод байв. Би барилдахдаа хэзээ ч хийж байгаагүй мордох мэхийг тэр бөхөд хийж хожсон. Манай багийнхан миний барилдаанаас урам авч, цааш барилдсан даа.

-Дотоод, гадаадын оролцсон тэмцээнээс туршлага хэр хуримтлуулав. Дэлхийн аварга болохыг мөрөөддөггүй бөх ховор. Та ч бас энэ зорилгын төлөө зүтгэж байгаа тамирчны нэг шүү дээ.

-Манай тамирчдын шинэ жилийн баяр арванхоёрдугаар сарын 26-нд болсон юм. Баяр тэмдэглэж байхад тамирчдын амжилтын тухай өгүүлсэн бичлэг үзүүллээ. Чөлөөтөөс Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, жүдогоос Д.Сумъяа эгч нар өрсөлдөгчөө ялж байгаа барилдаан байсан. Тэр үед би УАШТ-д оролцох, эсэхээ хараахан шийдээгүй байв. Монголынхоо тамирчдын амжилт гаргаж байгааг харчихаад өөрийн эрхгүй огшсон. Би өөр зүйлд анхаарал хандуулаад, зорилгоо мартчихсан байгаагаа яг тэр үед ухаарсан. Өөрийгөө яг юуны төлөө яваад байгаагаа ойлгох гэж бодсон өдөр олон. Анх тамирчин болохдоо дэлхийн аварга болох зорилго өвөртөлж, шигшээ багт орж байсан юм шүү дээ, би. Тэдний амжилт мартчихсан байсан зорилгыг минь надад сануулсан. Түүнээс хойш өдөр бүр зорилгоо бодон, зориг орж, өөрийгөө дайчлах болсон. Тамирчдадаа УАШТ-д 59 кг-д оролцох болсноо ч хэлж, бэлтгэлдээ анхааран, шаргуу хийсэн. Намайг бэлтгэл хийхээр ирж байхад дасгалжуулагч П.Чулуунбаатар багш “Чи төрж, амаржсан. Өмнөх шигээ зүтгэж барилдвал тамирдаж ядарна шүү. Бэлтгэлээ хийгээд өөрийнхөөрөө эвтэйхэн барилд. Чамтай хэвтээгээс барилдсан бөх оноо авахгүй алдана. Гэхдээ хичээж тэмцээнд оролцоорой” гэж зөвлөсөн. Би багшийнхаа зааж зөвлөхийг олон жил сонслоо, шавь нартаа их түшигтэй хүн шүү дээ. Багштай хамт тэмцээнд явах цаанаа л өөр. Дэвжээнд барилдахдаа хүртэл айж бэргэхгүй, тайван барилддаг юм.

НАДАД УХРАХ БОДОЛ ТӨРДӨГГҮЙ

-2016, 2017 онд болсон Азийн АШТ-д оролцож, хүрэл медаль хүртсэн байх аа?

-Тийм ээ. Би тэмцээнээс тус бүр хүрэл медаль хүртсэн. Хүрэл медаль эрч хүч өгч, урам хайрладаг шагнал шиг санагддаг. Тамирчин хүн тэмцээнд заавал ялж байж, медалийг авдаг, авахдаа хүрэл медалийг түрүүлж байж хүртдэг. Надад тэмцээнээс медальгүй ирж байсан үе бий. Тийм үед онгоцноос буугаад зугтмаар санагддаг байж билээ. Намайг зарим хүн “Чи уг нь түрүүлмээр барилддаг хэрнээ яагаад хожигдчихдог юм бэ” гэж асуудаг байв. Казахстанд болсон тэмцээнд нутгийнх нь дэвжээнд бөхийг нь ялах хамгийн сайхан санагдаж билээ. Казахстан, Киргизстаны бөхчүүд эвгүй барилдаантай, голдуу уургалж шиддэг. Тийм бөхчүүдтэй барилдах амаргүй тул багштай барилдааны тактик боловсруулдаг. Багш “Барилдаж байхдаа барьцанд нь орж болохгүй, наагуур барилдаж байгаад толгойг нь уургал” гэх зэргээр зөвлөнө. Ямар ч шүүгч өөрийнхөө бөхийг дэмжиж, оноо өгөх сонирхолтой байдаг шүү дээ. Тэмцээн зохион байгуулж буй орны бөхтэй барилдах хэцүү, сэтгэл зүйн хувьд дарамттай байдаг. Тиймээс барилдахдаа алдаа гаргахгүйгээр хожих хэрэгтэй. Намайг хүмүүс “Чи дэвжээнд барилдаж байхдаа хүний хэлсэн үгийг сайн сонсдог” гэдэг. Зарим тамирчин дэвжээнд гараад л сандарч, тэвдээд дасгалжуулагчийнхаа хэлж байгааг үгийг анзаарах сөхөөгүй болдог.

-Тамирчин хүн шантарч, бууж өгөх дургүй байдаг. Танд ч гэсэн ийм шартай зан байгаа. Зоригтой, шийдэмгий, дайчин байдлыг барилдаанаас тань олж харсан шүү.

-Бөхийн төрлүүдийн спорт тэсвэр, хажуужил шалгадаг. Хийнэ гэж бодож зорьсон зүйлийнхээ ард гарахын тулд тамирчин хүн тууштай байх ёстой. Надад ухрах бодол төрдөггүй. Болохгүй байсан ч болгох гэж хичээдэг зантай. Спорт хүнийг дайчин, зоригтой, зорилго тэмүүлэлтэй болгодог. Амьдрал дээр ч тамирчин хүн шантрах дургүй, спортын босгоор нь алхсан бол хойморт нь гарах хүсэлтэй байдаг юм шүү дээ. Би өнгөрсөн намар Казахстаны Нур-Султанд болсон ДАШТ-ийг зурагтаар үзсэн юм. Тэгсэн надтай барилдаад ялагдсан гадаадын бөх түрүүлж аварга, тэмцээнд оролцоод хожигддог байсан дүү бөхчүүдээс Б.Болортуяа хүрэл медаль хүртэж байхыг хараад бахархсан, бас өөрийн эрхгүй шар хөдөлсөн. Тэгээд л би дэвжээндээ очих ёстой юм байна гэж бодсон. Тэр шөнө миний нойр хүрээгүй. Маргааш нь ажилдаа очоод ангийнхаа захирагчтай уулзахад “Ажилдаа орж болно, харин охидыг чинь асрах хүн байна уу” гэж асуухад “Байгаа” гэж хэлээд орж байлаа. Тамирчин хүнийг гэрийнхэн нь сайн ойлгож, бүх талаар нь дэмжиж туславал амжилт гаргана. Аав, ээж минь намайг ойлгож, тусалж дэмждэгийн хүчинд би сая УАШТ-д түрүүлж, тав дахь түрүүгээ авлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)