Э.Даваахүү: Токиогийн олимпын дараа байт харваагаар давхар хичээллэнэ

БНХАУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хийн гар бууны, эрэгтэйчүүдийн 10 метрийн дасгалд “Токио-2020” олимпын эрх авсан Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин Энхтайваны Даваахүүтэй ярилцлаа. Буудлагын спортоор 11 жил хичээллэж буй тэрбээр 2009 оноос хойш УАШТ-д хоёроос цөөнгүй дасгалд онч сорихдоо гурван удаа мөнгө, бусдад нь алтан медаль хүртжээ. 

Монгол Улсын дээд амжилтыг олон удаа шинэчилсэн тэрбээр оюутны дэлхийн наадамд 2015 онд түрүүлж, Монголын буудлагын спортынхноос анхдагч болсон. Тэгэхдээ төрсөн ах Э.Бадамгарав болон О.Төгөлдөрийн хамт хийн гар бууны, эрэгтэйчүүдийн 10 метр, сонгомол гар бууны 50 метрийн дасгалд мөнгө, хүрэл медаль хүртсэн юм. 

Нэг айлын хоёр хүү ижил спортын төрлөөр хичээллэн, дэлхийн оюутны наадмаас хоёр медаль авсан нь яах аргагүй ховор амжилт. Таван жилийн өмнө оюутны ДАШТ-ээс дөрвөн хүрэл медаль хүртсэн Э.Даваахүү Монголын буудлагын шилдэг тамирчдын нэг.

-“Бээжин-2019” Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний дасгал тус бүрт хоёр тамирчинд олимпын эрх олгосон. Хийн гар бууны 10 метрийн дасгалд V байрт шалгарсан та “Токио-2020”-ийн болзлыг хэрхэн хангав?

-Бээжинд болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид бүтэн багаараа өрсөлдөн, Ц.Анударь бид хоёр олимпын эрх авлаа. Би оны дараа Энэтхэгт зохион байгуулсан тус тэмцээнд оролцохдоо зорилгодоо хүрээгүй. ДАШТ-д зургаа, Азийн АШТ-д гурав, Дэлхийн цомын дөрвөн цувралд тус бүр олимпын хоёр эрх олгодог. Би Бээжингийн Дэлхийн цомд өрсөлдөхдөө тавдугаар байраар шигшээд шалгарсан. 

Финалд найман тамирчин онч сорив. Өмнө нь олимпын эрх авчихсан байсан гурван тамирчин медаль хүртсэн. Тэгснээр олимпын эрх авах боломж надад бүрдсэн юм. Олимпын өмнөх жил тамирчин бүхэн “Токио-2020”-ийн эрх авахын төлөө зүтгэж байгаа тул Дэлхийн цомын өрсөлдөөн их ширүүн өрнөлөө. ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Туркийн тамирчин Дэйкич VII, “Бээжин-2008” олимпын аварга, БНХАУ-ын тамирчин Пан Вей VIII байрт шалгарч, олимпын эрхээс мултарсан. Би 2008 оны аравдугаар сараас хойш буудлагын спортоор хичээллэж байна. 

Дараа жилийнх нь дөрөвдүгээр сард олон улсын анхны тэмцээндээ өрсөлдсөн, Бээжингийн Дэлхийн цомд. Түүнээс хойш 10 жилийн дараа олимпын эрх авлаа. Өмнө нь “Лондон-2012”, “Рио-2016”-гийн мөчлөгт өрсөлдөөд олимпын дэвжээнд өрсөлдөх зорилгодоо хүрч чадаагүй. Тэр бүрт олимпын эрх авахад ганц, хоёрхон оноо дутаж байв. Одоо олимпын эрх олгох гурван тэмцээн (Хоёр Дэлхийн цом, нэг Азийн АШТ) үлдсэн. Тэдгээрээс манай тамирчид олимпын эрх олныг өвөртлөнө гэдэгт итгэлтэй байна.

-Та Токиогийн олимпод 10, 25 метр, холимог багийн төрөлд өрсөлдөнө. Холимог багийн төрөлд олимпын эрх авсан Ц.Анударьтай хамт оролцох уу?

-Энэ талаар хариулахад эрт байна. Олимпын эрх авах боломжтой олон шилдэг тамирчин манай улсад бий. Хэдэн эрх авснаас шалтгаалан, тухайн үед нь л шийднэ. Ер нь холимог багийн төрөлд хэнийг оролцуулахаа Монголын буудлага, спортын холбооныхон сонгон шалгаруултаар шийднэ гэсэн.

-“Токио-2020”-иос жил гаруйн өмнө олимпын эрх авсан нь танд ямар давуу талтай вэ.

-Бишгүй их. “Токио-2020”-д өндөр амжилт гаргах, медаль хүртэхийн төлөө эртнээс бэлтгэх, өөрийгөө бэлдэх боломж бүрдлээ. Буудлага хэмжигдэхүүнтэй спорт. Бусад спорт шиг өрсөлдөгчөө нэг их айхтар судлан, төлөвлөгөө боловсруулах шаардлагагүй. Гол өрсөлдөгч нь би өөрөө учраас тэр.

-Гохоо дарахын өмнө сэтгэл зүйгээ тогтвортой байлгадаг өөрийн гэсэн дадал, зуршил бий юү?

-Бараг байхгүй ээ. Буудлагын спортоор амжилт гаргахад шийдэмгий, итгэлтэй, зоригтой байх чухал. “Зөв онилсон болов уу, яасан бол” гээд жаахан л эргэлзвэл амжилтад хүрэхгүй. Би ер нь экстрим зүйлд дуртай. Зөвхөн буудахдаа ч бус, амьдрал дээр эрсдэлтэй алхам хийчих гээд байдаг юм.

-Энэ зан тань давуу тал, эсвэл дутагдал болох юм уу?

-Ер нь харилцан адилгүй. Эрсдэлтэй алхам хийгээд алдаж, онохыг алийг тэр гэх вэ. Гэхдээ тэмцээний үеэр эрсдэл гаргах нь харьцангүй ховор. Ихэвчлэн бэлтгэлийн үеэр шинэ зүйл сорьдог. Заримдаа ононо, бас алдана. Тэгсний буруу нэг их байхгүй.

-Шинээр туршихаар төлөвлөсөн зүйл бий юү?

-Байлгүй яах вэ. Бэлтгэлээр амжилттай болбол тэмцээнд туршина.

-Дэлхийн шилдэг тамирчдаас та юугаараа дутуу вэ?

-Техник, ур чадвар, туршлага гээд юм юмаараа л дутуу байх. Би тийм шүү гээд суухыг хүсдэггүй. Аль болох дутагдлаа хурдан засаж, дутуугаа нөхөхийг хичээдэг.

-Таны ах Э.Бадамгарав буудлагаар хичээллэдэг. Тэгээд бүр яг тантай адил хийн гар бууны 10 метрийн дасгалд. Нэг айлын хоёр хүү адил спортын, ижил дасгалд онц сориход гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Ерөөсөө эсэргүүцээгүй, дуртай зөвшөөрсөн. Би багадаа бокс, байт харвааны спортод дуртай байлаа. Харвахын бөөн хүслэн. Ахтайгаа хамт нум урлан, зав л гарвал түүгээрээ харвадаг байв. Тэгэхийн хажуугаар хөдөө явахдаа аав, ах хоёртойгоо хамт цаасан бай буудна. Оновол их урамшина, алдвал хэрхэх талаар аав надад зөвлөнө. Тэр бүхэн буудлагын спортод хорхойсоход их нөлөөлсөн. 

Бээжингийн олимпыг зурагтаар үзсэн минь санаанаас ер гардаггүй юм. 2008 оны аравдугаар сард Гавьяат дасгалжуулагч Ц.Өлзийбаяр багшийнхаа шавь болж, амжилтын төлөө өдий хүртэл хамтдаа зүтгэж явна. Бэлтгэл хийж эхэлснээсээ хойш 10-аад хоногийн дараа болсон нэгэн тэмцээнээс хүрэл медаль авахдаа магнай хагартал баярлан, урамшиж билээ. Анхны тэмцээндээ амжилт гарган, 13 мянган төгрөгөөр шагнуулсан. 

Түүгээрээ аав, ээждээ амттай зүйл, сүү аваад, гэр рүүгээ яаран гүйж явснаа үргэлж дурсах дуртай. Буудлагаар тууштай хичээллэвэл амжилт гаргана гэх итгэл тэгэхэд төрсөн юм. Зөвхөн өөрөө бус, ахтайгаа хамт амжилтад хүрмээр санагдаад болдоггүй ээ. Ятгасаар байгаад ахыг 2010 онд буудлагаар анх хичээллүүлж байлаа. Ах минь хоёр сар гаруй бэлтгэл хийгээд спортын мастер цолны болзол хангасан, Монголд чансаагаараа эхний гуравт тогтмол эрэмбэлэгддэг. 

Үндэсний шигшээ багийн орон тоо хүрэлцээгүй, санхүүгийн хүндрэлтэй гээд ахыг минь авдаггүй. Улс бүрээс нэг дасгалд хоёр тамирчин олимпод оролцох боломжтой. Э.Бадамгарав ахад “Токио-2020” олимпын эрх авах боломж бий. Би ч чадлаараа тусалж, дэмжинэ. Манай гэр бүлийнхэн бид хоёрын тэмцээнийг үргэлж үздэг, дэмждэг.

-Амжилт гэсээр ах, дүүгийн тангаргаа тасалсан тамирчин цөөнгүй. Ахтайгаа өрсөлдөхөд ямар мэдрэмж төрдөг бол?

-Эмзэглэж, элдэв юм ер боддоггүй. Хэрвээ тэгэх байсан бол анхнаасаа ахыгаа өөрийн цэц сорьдог төрлөөр хичээллүүлэхгүй байсан шүү дээ. Нэг спортын төрлөөр ахтайгаа хичээллэхийн давуу тал олон. Бэлтгэл хийх, тэмцээнд оролцохоос авхуулаад бүх л үед хамтдаа. 

Амьдрал дээр бие биедээ түшигтэй, нөмөр нөөлөгтэй байдаг. Манай гэр бүлд ямар нэгэн асуудал гарвал ах бэлтгэлээ хойш нь тавиад зохицуулдаг. Би ч адил. Би “Боломжгүй зүйл гэж байхгүй. Хэрвээ боломжгүй гэж бодвол боломжтой зүйл хаана ч байхгүй” гэж хэлэх дуртай.

-Э.Бадамгаравтай хамт оролцсон хамгийн дурсажтай тэмцээн аль вэ?

-2015 онд БНСУ-д болсон оюутны дэлхийн наадам. Тэр жил би ахтайгаа хамт багийн төрөлд мөнгө, хүрэл медаль хүртсэн. Зэрэг өрсөлддөг учраас тэмцээний үеэр биедээ зөвлөгөө өгөн, тэг, ингэ гэх боломжгүй. Оюутны дэлхийн наадмын өмнө “За, хичээгээрэй. Хоёулаа чадна аа” гээд л оролцсон. 

Ямар ч байсан багийн төрөлд ах, О.Төгөлдөр хоёрын хамт өрсөлдөөд мөнгө, хүрэл медаль авав. Ганцаарчилсан төрөлд цэц сорьж байхад үзэгчдийн суудлаас ахын дуу л хадаад байж билээ. Намайг сайн буудангуут л уухайлаад л. Оюутны дэлхийн наадамд түрүүлсэн Монголын буудлагын анхны тамирчин болоход сэтгэл их хөдөлсөн.

2015 онд тус наадмаас Монгол Улс таван медаль хүртсэний гурав нь ах бид хоёрынх болсон. Тэврэлдээд зогсох сайхан байсан шүү.

-Та УАШТ-д хэдэн удаа түрүүлж, улсынхаа дээд амжилтыг хэчнээн удаа шинэчилсэн билээ?

-Уг нь анхандаа тоолдог, тэмдэглэдэг байлаа. Одоо тодорхой мэдэхгүй, тоог нь алдсаан. 2009 онд Хонконгод болсон Зүүн Азийн АШТ-д улсынхаа дээд амжилтыг 20 гаруй жилийн дараа шинэчлэн, олон улсын хэмжээний мастер болсон. Түүнийгээ гурван жилийн өмнө Дархан-Уул аймагт болсон УАШТ-д 585 болгон шинэчилсэн. 

Ер нь эл амжилтаар байгаа. Би олимпын гурав, олимпын бус хоёр төрөлд өрсөлддөг. Үндсэн дасгалд шинэчилсэн дээд амжилт тийм ч олон биш, 10-аад удаа болов уу. Олимпын төрлийн дасгалын Монгол Улсын дээд амжилтыг 20 гаруй удаа ахиулсан байх. Би УАШТ-д 2009 оноос хойш оролцохдоо гурван мөнгөн медаль хүртэн, бусдад нь түрүүлсэн. Дөрвөн төрөлд хоёр удаа л оролцсон. Улсынхаа дэвжээнд ихэвчлэн хоёр дасгалд онч сорьдог. Одоогоор зорилгынхоо 60 гаруй хувьд хүрээд байна.

-Буудлагын спорт өртөг өндөртэй, зориулалтын хувцас, хэрэглэл үнэтэй. Та ямар брэндийн буугаар цэц сорьдог вэ?

-25 метрийн дасгалд “Pardini”, 10 метрийнхэд “Morini” фирмийн буугаар өрсөлддөг. Үндэсний шигшээ багаас тамирчдаа сумаар хангадаг. Хэчнээн мянган сумтай байлаа гээд буугүй бол яах билээ. Уг нь үндэсний шигшээ багийн хэдхэн тамирчнаа чанартай буугаар хангачихвал бидэнд их дэм болно, амжилтад тодорхой хэмжээгээр нөлөөлнө шүү дээ. Гар буу 4-5, урт буу 20 гаруй сая төгрөгийн үнэтэй.

-Бэлтгэл, тэмцээн гэсээр хажуугаар нь өөр ажил хийх боломж гардаггүй байх. Үндэсний шигшээ багийн цалин амьдралд тань хангалттай хүрдэг үү?

-Энэ талаар ярих хэцүү, дурсахгүй байх хэцүү. Яриад ч ахиц гардаггүй юм. Үндэсний шигшээ багийн тамирчид 100 ам.долларын цалин авдаг. Зөвхөн буудлага бус, бусад спортын төрлийн тамирчид адилхан. Европын тамирчид Дэлхийн цомд оролцоход дунджаар 2500 ам.доллар зарцуулна. Тэдний нэг сарын цалингийнх нь тал мөнгө л дөө. Харин Монголын шигшээ багийн тамирчны бүхэл бүтэн хоёр жилийнх нь цалин.

Асар зөрүүтэй байгаа биз. Үнэхээр харамсалтай, чамлалттай санагддаг. Улсынхаа хамгийн шилдэг тамирчныг ингэж цалинжуулчихаад хэдээр нь тэмцээнд оролцон, бэлтгэл хийгээд амьдралаа яаж авч яв гэж байгаа юм бэ. Би гурван хүүхэдтэй. Урд хормойгоороо хойдохоо нөхсөөр өдий хүрсэн. Спортод элэгтэй, намайг дэмждэг байгууллага, хамт олон, гэр бүлийнхнийхээ дэмжлэгээр л өдий зэрэгтэй явна.

Амьдралаа, гэр бүлээ бодъё гээд шантарсан үе зөндөө. Намайг энд хэн ч хориогүй. Дэмжиж, урам хайрладаг хүмүүсийнхээ тусыг амжилтаар хариулж, итгэлийг нь алдахгүй юм сан гэх бодол хурцалж, өдий хүргэсэн. Намайг үргэлж дэмждэг Монголын буудлага, спортын холбоо, Үндэсний шигшээ багийн алба, “Алдар” спорт хороо, АПУ компани, Техник, спортын төв, “Их ан” дэлгүүрийн хамт олон, буудлагын тамирчиддаа, Ц.Өлзийбаяр багшдаа, гэр бүлийнхэндээ, ханьдаа баярлаж явдаг.

-Гэр бүлдээ хангалттай цаг гаргаж амждаг уу. Хань нь “Бэлтгэл, тэмцээн гээд гэртээ байхаасаа байхгүй нь их юм” гээд гомдоллодог уу?

-Хань минь буудлагын спортоор хичээллэдэг, ОУХМ Г.Хэрлэнцэцэг шүү дээ. Намайг маш сайн ойлгодог, эрвийх, дэрвийхээрээ дэмждэг. Ямар нэгэн үл ойлголцол гардаггүй. Хэчнээн бэлтгэл, тэмцээнтэй, завгүй байсан ч би гэр бүлдээ аль болох цаг гаргахыг хичээдэг.

-Спорт залуу насны ажил. Хэд хүртлээ буудах вэ?

-Ямартай ч Токиогийн олимпод оролцон, амжилтын төлөө зүтгээдэхье. Тэгсний дараа энэ асуултад тодорхой хариулах нь зүгээр болов уу. Ер нь “Токио-2020”-ийн дараа буудлагын спортын хажуугаар байт харваагаар давхар хичээллэх бодолтой байгаа. Хоорондоо төстэй спорт л доо. Надад байт харваа буудлагаас хэцүү санагддаг.

-Токиогийн олимпын өмнөх бэлтгэлээ гадаадад хийх бодол бий юү?

-Дэлхийд буудлагын спортоор Ази, Европын тамирчид тэргүүлдэг. Энэтхэгийн УАШТ-д ганцхан дасгалд 3000 гаруй тамирчин өрсөлддөг юм билээ. Дэлхийн шилдэг буучдын бараг 70 хувь нь Европт бий. Европын цуврал тэмцээнд оролцохыг олон жилийн өмнөөс зорьсон. Түүнийгээ энэ өвөл хэрэгжүүлэх бодолтой. Гэхдээ санхүүгийн байдлаас шалтгаална. Хэрвээ боломж гарвал явна, санхүүгийн асуудлаа шийдэж чадахгүй бол хойш нь тавихаас өөр аргагүй.

-Удахгүй Францын Дэлхийн цомд оролцоно. Хэзээ явах вэ?

-Энэ сарын 23-нд. Бид тэмцээний өмнөх бэлтгэлээ Техник, спортын төвд байрлан, долоо хоногт зургаа өдөр хийж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)