Э.Бямбажав: Би “Мэдлэг бүхнийг шийднэ” гэсэн зарчимтай хүн

Монгол Улсын гавьяат эдийн засагч Эрдэнийн Бямбажав гуайг энэ удаагийн “Хоймор”-тоо урилаа. Тэрбээр эх орныхоо эдийн засаг, санхүүгийн салбарт 60-аад жил ажиллаж, олон байгууллага удирдаж явсан нэгэн. Түүний хийж асан, гүйцэтгэж буй, томилогдсон болон сонгуульт ажлыг жагсаавал уртаас урт цуваа хөвөрнө. Тэрбээр Монгол Улсын Сангийн сайдаар хоёр удаа томилогдож, найман жил ажиллажээ.

-Та эдийн засаг, санхүүгийн чиглэлийн хурал, чуулганд нэлээд оролцдог. Шаргуу ажилласаар л байна уу?

-80 гарчихаар чадвар саардаг юм байна. Би эхийн насаар бол 82-той. 1938 оны шороон бар жил төрсөн. Санхүүгийн зөвлөгөө өгдөг “Их тусч” гэж жижиг компани ажиллуулж байна. Ганц нэг тендерт оролцчихно. Өндөр настай ч олон ажилд дайчлагдана аа.

7-8 компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн. Хоёр, гурвынх нь Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга ухаантай. Мөн УИХ-ын Төсвийн байнгын хорооны Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Зарим компанид зөвлөх хийдэг. Зүгээр суух цаг хомс. Хүмүүсийн хүсэлт, даалгавраар янз бүрийн сэдвээр юм бичиж, зохих хэмжээний шагнал, урамшуулал авдаг. 

Олон нийтийн ажилд оролцоно. Монголын нябо бүртгэл санхүүгийн ажилтны холбооны тэргүүн, Монголын парламентын холбооны ерөнхий нарийн бичиг, Монголын бөхийн холбооны тэргүүн байсан.

-Компаниуд санхүүгийн мэдлэг, туршлагыг тань ашиглах, зөвлөгөө авахаар Төлөөлөн удирдах зөвлөлдөө урьдаг уу?

-Зарим байгууллага, компанид миний ажлын туршлага шийдвэрийг зөв тал руу нь хандуулахад хэрэг болдог байх. Саяхан банк, даатгалын компани гэсэн хоёр газар Удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээрээ ажиллаач гэсэн хүсэлт тавьсан. Ажил ихтэй учраас татгалзсан. Төр, компанийн ажилд зохих хэмжээний тус болохыг боддог. 

Сайд нарын зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр 10 жил ажилласан туршлага байна. Одоогийн залуус сайхан ярьж, шийдвэр гаргаад, түүнийгээ цаасан дээр зөв буулгах тал дээр тааруухан гэж голдог. Шийдвэр гаргах төслийг нь бичихэд зохих тус болдог байх. Хуулийн дагуу ингэж бичих нь зөв гэх мэтээр зааварлаж, зөвлөнө. 

Татварын асуудлаар элдэв ажилд нэлээд оролцоно. Сангийн яамны ажилд дайчлагдана. Төсөл боловсруулах, санал бэлтгэхэд нь оролцдог.

-Санхүүгийн чиглэлээр ажилласан хугацаа тань нэгэн жарны түүхийг өгүүлэх юм байна?

-Сангийн яамны Валютын хэлтсийн дарга, нэгдүгээр орлогч сайд, сайдаар ажилласан. Сангийн яамтай 50 гаруй жил холбоотой явна. Эрхүүд дээд сургууль төгсөж ирээд анх Монголбанканд дөрвөн жил ажилласан. МАХН-ын Төв хороонд Төлөвлөгөө, санхүүгийн хэлтсийн эрхлэгч, Үнэ, стандартын улсын хорооны дарга, Төлөвлөгөө, эдийн засгийн улсын хорооны нэгдүгээр орлогч дарга, Засгийн газрын гадаад эдийн засгийн хорооны нэгдүгээр орлогч дарга байсан. 

Үнийн шинэчлэл хийх шаардлагатай гээд Сангийн яамнаас Үнэ, стандартын улсын хорооны даргаар ажиллуулж байлаа. Уг хороонд очихгүй, Сангийн яамнаас өөр газарт томилбол үйлдвэрт нягтлан бодогч хийнэ гэж татгалзаад, Рагчаа даргад навс загнуулж байв. Монголбанканд гадаад харилцааны асуудал хариуцан ажиллаж байтал Д.Содном сайд дуудаж, “Сангийн яамны Валютын хэлтсийн даргаар ажилла” гэсэн. 

Би “Сангийн яамны ажлыг мэдэхгүй. П.Төмөр даргатай (Монголбанкны ерөнхийлөгч байсан) яриарай” гэсэн. Гэтэл тэр өдөр Төв хороонд дуудаж, Нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөнөөр оруулаад Сангийн яам руу шилжүүлсэн. Сангийн яамтай 1967 оноос хойш холбоотой явна. Би Д.Содном сайдын удирдлагад ЗХУ болон бусад социалист оронд болсон эдийн засаг, санхүүгийн чиглэлийн хуралд хэдэн удаа явсан. 

Тэр үед социалист орнууд олон улсын банк байгуулж байсан ба холбогдох журам, тогтолцоог боловсруулахад би оролцож, Монгол Улс улирлын чанартай эдийн засагтайг батлах тооцоо хийж, хамгаалж байлаа. Улирлын чанартай эдийн засагтай оронд 0.5 хувь буюу илүү хөнгөлөлттэй зээл олгох журам тогтоосон юм. Энэ нь Монгол Улсад үлэмж ашиг өгсөн. Тухайн үед Д.Содном сайд намайг ажиглаж, өсөх кадр гэж үзсэн болов уу.

-Та Казахстан улсад Элчин сайдаар сууж байсан. Эдийн засаг, санхүүгийн салбараас хол ажилласан хугацаа тань энэ юм уу даа.

-Казахстан улсад суух Монголын анхны Бүрэн эрхт Элчин сайдаар 1992 онд томилогдсон. Бас Киргизстаныг давхар хамаарсан. Казахстан нь ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарч, бие даагаад удаагүй байсан үе. Гадаад харилцаа нь эхлэл төдий. Манайх тав дахь Элчин сайдын яам нь. Түүхийн холбоотой ч Казахстан, Монгол Улсын хооронд бие даасан улсын нэг ч эрх зүйн акт байгаагүй. Тиймээс бүх гэрээ, хэлэлцээрийг шинээр байгуулсан. Монгол бие даасан улс учраас гадаад харилцааны өндөр туршлагатай.

Казахстаны залуус шинэхэн, туршлагагүй байлаа. Сонирхуулахад, Казахстаны Гадаад харилцааны яамны Ёслолын хэлтсийн даргад “Элчин сайдуудыг цуглуул” гэсэн үүрэг өгчээ. Тэднийх гадаадын арав гаруй Элчин сайдын яамтай болоод байсан. Мөнөөх миний сайн нөхөр “Зургаад нь хэлсэн” гэж надад дурсав. “Яагаад ингэж байгаа юм” гэтэл “Гол Элчин сайдуудад хэлсэн” гэж хариулсан. Тэгэхэд нь “Ингэж болдоггүй юм. Бүх Элчин сайдыг цуглуул гэвэл бүгдэд нь зарлах ёстой. Тэгэхгүй бол тухайн улс гомдол гаргадаг” гэж зөвлөж байлаа. 

Тэнд хоёр жил гаруй ажилласан. Энэ хугацаанд Казахстаны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, парламентын дарга нь Монголд айлчилсан. Манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Гадаад харилцааны сайд тус улсад айлчилсан удаатай. Айлчлал бүрт хоёр орны харилцаанд тустай гэрээ хэлэлцээр байгуулсан. Монгол Улс, Казахстаны харилцаанд санал нийлэхгүй, тохирохгүй зүйл байгаагүй. Хоёр улсын иргэд визгүй зорчдог нь үүний илрэл. Богино хугацаанд чамгүй ажил амжуулсан гэж боддог.

Казахууд Монголд их элэгтэй. Монголд амьдардаг казахуудын ёс уламжлал, зан заншлыг хөндөөгүй хадгалсан гээд их элэгсэг ханддаг. Элчин сайдуудтай хамт хөдөө явахаар намайг хөтлөөд, хамгийн өндөр настай, хүндтэй хүнийхээ дэргэд хойморт суулгачихна. Санаа зовмоор, АНУ-ын Элчин сайд “Назарбаев та хоёр эртний танил найз уу. Арав гаруй хүлээн авалт боллоо. Тэгэхэд Назарбаев хамгийн түрүүнд тантай очиж хундага тулгаж байна” гэж нэг удаа асуусан. “Бид эртний найз биш. 

Монгол бол дээр үед амьдрахаар ирсэн казах үндэстний соёл уламжлал, зан заншлыг хуучнаар нь хадгалсан орон. Казахстан бол оросжсон. Монголд 90-100 мянган казах иргэн амьдардаг. Бүгд казах хэлээрээ ярина, уламжлалынхаа дагуу амьдарна. Иймээс Назарбаев Ерөнхийлөгч бидэнд элэгтэй байдаг юм” гэж хариулсан. Назарбаев надтай их сайн харилцана. Уулзахаар очиход ёслолын хэлтсийнхэн нь “20 минут уулзана шүү” гэдэг. Бид цаг гаруй яриад суучихдаг байлаа. Надаас олон зүйл сонирхож асуудаг. 

Гэтэл Ерөнхий сайд П.Жасрай гуай 1994 онд Сангийн сайдаар дахин ажилла гэж дуудлаа. Ингээд 1996 оны сонгууль хүртэл Сангийн сайдаар хоёр дахь удаагаа ажилласан. Тэр жил МАХН сонгуульд ялагдсан. Би ч “Их тусч” компаниа байгуулаад хувийн хэвшилд түлхүү ажиллаж эхэлсэн дээ.

-Төвлөрсөн төлөвлөгөөт болон чөлөөт зах зээлийн гээд эдийн засгийн хоёр өөр орчинд Сангийн сайд хийжээ. Ажиллах арга барил, бодлого чиглэлийн хувьд эрс ялгаатай байсан биз.

-Социализмын үед Сангийн сайдаар ажиллахад нэг талаар амар. Байгууллага бүрийг хэчнээн ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг нь тооцоод, тэр нь хатуу үнэтэй болохоор орлого чинь төд байна, үүнийг хийхийн тулд тэдэн төгрөгийн зарлага гаргана гээд төсвөө хийдэг байсан. Яам, аймаг бүр ирж төсвөө хамгаална. Бид хянаад, нэгдсэн төсөв боловсруулж, Засгийн газар, Улс төрийн товчоонд оруулна. 

Хуучин ойлголтоор бол бодитой, нарийн төлөвлөлт хийдэг байлаа. Бидний төлөвлөгөөг Улсын төлөвлөгөөний комиссоос өгсөн тооцоотой тохирч байгаа, эсэхийг хянадаг байсан. Ингэж байж төсвөө эцэслэн батална. Харин зах зээлийн үед өөр болсон. Эдийн засгийн үзүүлэлтээ микро биш макро түвшинд тогтооно. Түүнийг үндэслэж, төсвөө зохионо, тодорхой салбарыг хэрхэн дэмжихээ тодорхойлно. Харин төсвийн байгууллагуудын санхүүжилт үндсэндээ хуучнаараа шахам. 

Жишээ нь, сургууль тэдэн багш, сурагчтай, хичээлийн байр нь ийм байна гээд тогтмол зардлыг нь тооцож, зарлагыг нь төлөвлөж байна. Энэ нийгэмд төсвийн удирдлагын зардал багагүй өссөн. Одоо ч өссөөр байна. Социализмын үед удирдлагын зардлыг аль болох бага байлгахыг шаарддаг байлаа. Гол нь хүн бүрийг ажилтай, амьжиргаагаа залгуулах хэмжээний цалинтай байлгахыг зорьдог. Намайг Үнэ, стандартын улсын хорооны дарга байхад 1987 онд Оросын Үнийн хорооноос манайд ажилласан Бүрэн эрхт төлөөлөгч нутаг буцах болов.

Оросын Үнийн хороо “Унаж байсан “Газ-59” загварын машиныг нь 5000 рублиэр Э.Бямбажавт өг” гэсэн тушаал гаргасан байдаг. Гэтэл надад тухайн үед ийм хэмжээний мөнгө байгаагүй. Сайд нь ч бага цалин авдаг байсны илрэл энэ. Машиныг авч чадахгүйгээ хэлтэл Элчин сайдын яамандаа өгөөд явсан. 

Социализмын үед баян, хоосны ялгаа байгаагүй. Ер нь хоёр системийн ялгаа асар их. Зах зээлд шилжсэнээс хойш бүх зүйл хуультай, хязгаартай, шалгууртай болсон. Хуулийн дагуу төсвөө зохиож хэрэгжүүлэх жишээтэй.

-Зах зээлийн нийгэмд шилжиж байсан хүнд үед манай улс төсвөө хэрхэн бүрдүүлж байсан бэ?

-Зах зээлд шилжих эхний жилүүдэд их хүнд байсан. П.Жасрай гуай 1994 онд “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна” гэж хэлж байлаа. Зах зээлд шилжих шинж орж байна гэдгийг хэлсэн хэрэг. Би 1995 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Ш.Отгонбилэг рүү утасдаад “Таван сая ам.доллар төсөвт хийгээч” гэж хүслээ. Тийм хэмжээний мөнгөөр тэтгэврээ, төсөвт байгууллагын ажилчдынхаа цалингийн дутууг тавьчихдаг байсан. 

Зардал бага байсан тулдаа болгодог байж. Социализмын үед манай төсвийн орлогод ЗХУ болон бусад социалист орны зээл, тусламж нэлээд үүрэгтэй. Өөрсдөө төсвийн орлогынхоо 70-80 хувийг бүрдүүлдэг, үлдсэнийг нь гадаадаас зээл, тусламж авч баланслуулна. Социалист орнуудын тусламж байхгүй болоод зээл аваад эхлэхээр төсөв хүндэрч байгаа юм. Энэ жил авсан зээлийн хүүг дараа онд төлнө. Ингэхээр хүүгийн төлбөр төсөвт зардал болдог. 

Хувийн бизнес нь дөнгөж эхэлж байлаа. Тэгэхээр хэн татвар төлөх билээ. Одоо хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 80-90 хувийг бүрдүүлж байна. Орлого багатай ч заавал зарлага гаргах шаардлагатай тулгарна. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг, төрийн албан хаагчдынхаа цалинг тавихгүй бол болохгүй шүү дээ.

-Та социализмын үед Англи улсад хэл сурсан хүн. Чөлөөт зах зээлийн тогтолцоог эрт мэдчихсэн эдийн засагчдын нэг байв уу?

-Зургаан сар л хэлний курст суусан. Ирээд санаа авсан зарим зүйлээ ажилд нэвтрүүлж байлаа. Харин нэг зүйл бүтээгүй дээ. Байгууллага бүр шатахуунаа авах бүрт бэлэн төлбөр шилжүүлдэг байсан юм. Тэгэхээр нь Английнх шиг шатахуун авахаар нь бүртгээд, түүнийх нь дагуу тооцоо хийх журам нэвтрүүлсэн. Гэтэл манайхан шатахуунаа авчихаад төлбөрөө хийдэггүй ээ. Тухайн үед цахим систем нэвтрээгүй учраас байгууллага бүрийн бүртгэлийг хараад төлбөрийг нь төлөх боломж байгаагүй. 

Манай хөгжлийн хоцрогдол Английн дэвшилт зүйлийг ашиглах боломж олгоогүй хэрэг. Мэдээж хэл сурахын хажуугаар нэлээд юм ойлголгүй яах вэ. Тэндээс ирээд удаагүй байтал намайг Сангийн яамны нэгдүгээр орлогч сайд болгосон. Үнэндээ төсвийн орлого, зарлагын талаар их сургуульд үзсэн хичээлийн хэмжээний мэдлэгтэй нөхөр Сангийн яамны нэгдүгээр орлогч сайд боллоо. Өмнө нь валют, гадаад харилцааны чиглэлээр ажиллаж байсан учраас төсөв мэддэггүй байв. Сангийн яам цаг наргүй ажилладаг. 22.30 цагт нэг мэргэжилтнийг дуудахад бэлэн л байж байна. 

Бид “Д.Моломжамц дарга хариагүй байна. Дуудаж магадгүй” гээд хүлээнэ. Д.Моломжамц дарга 23.00 цагийн үед дуудах тохиолдол ч гарна. Тэр Улс төрийн товчооны эдийн засгийн асуудлыг олон жил хариуцаж ажилласан мэдлэг, чадвартай хүн байлаа. Би орлогч сайд байхдаа Улс төрийн товчооны хуралд хэдэн удаа суусан. Тэгээд Ю.Цэдэнбал дарга Ж.Самбуу, Д.Моломжамц дарга хоёрын саналыг заавал сонсож шийдвэр гаргадаг юм байна гэсэн ойлголттой болсон. Хурлын эцэст заавал “За, Самбуу дарга”, “За, Молом...” гээд саналыг нь сонсоно. Д.Моломжамц дарга яаж төлөвлөж вэ, тэр нь төсөвт яаж тусаж вэ гэдэг уялдааг маш сайн мэднэ. Төлөвлөгөө хөрөнгө оруулалт их шаардана. 

Тэгэхээр төсвөөс хөрөнгө оруулалтын мөнгө гарга гэсэн шаардлага зүй ёсоор тавина шүү дээ. Төсөвт байгууллагын зардлаа нөхөөд илүү гарснаа хөрөнгө оруулалтад зарцуулах ёстой. Д.Моломжамц дарга яавал төсвийн зардлаа зохистой болгож, хөрөнгө оруулалтад мөнгө гаргах вэ гэдэг шийдлийг гаргаж чаддаг байсан. Асуудлыг тал бүрээс нь хардаг. Бидний дутуу харсныг олоод хэлчихдэг, чадвартай эдийн засагч. Би Ю.Цэдэнбал, Д.Моломжамц гуай хоёрыг шүтдэг. Тэдэн шиг мэдлэг, туршлагатай удирдагч энэ үед гарсангүй. Хамгийн гол нь маш өндөр мэдлэгтэй. 

Бид жилийн төлөвлөгөө, төсөв гэж ном шиг зузаан материал танилцуулна. Нөгөөхийг Улс төрийн товчоо хэлэлцэж байхад Ю.Цэдэнбал дарга хоёр, гуравхан л юм асууна. Бидний харж чадаагүй юмыг л асуусан байдаг. Ихэнх тохиолдолд “Дарга аа, бид тодруулаад дахиж тооцоо хийгээд танилцуулъя” гэдэг хариулт өгнө. Тэгж юмыг мундаг мэддэг, шийдвэр гаргаж чаддаг хүн байв. Оновчтой шийдвэр гаргаж байсан нь Монголыг хөгжүүлсэн.

-Тодорхой жишээ ярихгүй юу. Та бол үйл явдлын дунд хутгалдаж явсан хүн шүү дээ.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийг тухайн үеийн нэг тэрбум, нэг зуун сая рублийн хөрөнгөөр зэс хайлуулах үйлдвэртэй нь байгуулъя гэсэн төслийг манайхан хийсэн. Гэтэл “595 сая рубль гаргая. Зэс хайлуулах үйлдвэр барихад хүрэлцэхгүй. Зэсийн баяжмал гаргах үйлдвэр барьчих. Хайлуулах үйлдвэр барья гэвэл Герман, Чех гэх мэт оронд ханд” гэсэн шийдвэр зөвлөлтийнхөн өгсөн.

Мөнөөх улсуудад хандахад “Бидэнд тийм хөрөнгө байхгүй” гэсэн. Ингээд Улс төрийн товчоо авч хэлэлцсэн. Тэгэхэд Улс төрийн товчооны гишүүдийн санал хоёр хуваагдлаа. Нэг хэсэг нь үүнийг одоохондоо больё гэсэн. Нөгөө хэсэг нь 595 сая рубльдээ баяжмал гаргах үйлдвэрээ барья, хотоо байгуулъя гэсэн. Ю.Цэдэнбал дарга “Баяжмалтай болоод хотоо байгуулаад авах нь энэ ажлын 70-80 хувь. Баяжмалаа зэс болгоод, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь дараагийн шат. Хөнгөлөлттэй зээл өгөөд манай талын оролцоог зээл болгоод, үйлдвэр байгуулж өгье гэж байхад хийх хэрэгтэй” гэсэн. Ингэж “Эрдэнэт үйлдвэр”-ийг байгуулж байлаа. Өөр нэг жишээ ярья. ЗХУ-ын Төрийн тэргүүн Л.И.Брежнев манайд айлчлахаар боллоо. 

Ямар асуудал тавих талаар яамдаас санал олон гарсан. Сангийн яам “Улсын өр ихэдлээ. Үүнийгээ хүчингүй болгуулъя” гэсэн санал орууллаа. Улс төрийн товчооныхон ч дэмжиж, “Энэ бол тавих асуудлын нэг мөн” гэсэн. Гэтэл хотоо хөгжүүлье, орон сууцны хороолол бариулъя гэсэн санал гарлаа. Олон асуудлаас ийм хоёр зүйл тунаж үлдсэн хэрэг. Тэгэхэд Ю.Цэдэнбал дарга “Зээлийн асуудлыг тавих нь зүйтэй. Гэхдээ цаг нь болоогүй байна. Оросын ард түмэн энэ их зээлийг Монголын малчдын нуруунд үүрүүлэхгүй. Хэзээ нэгэн цагт хүчингүй болно. Хүчингүй болгуулах цагаа бид зөв тооцоолох хэрэгтэй. Харин Улаанбаатар хотод гурав, дөрөвдүгээр хорооллоо барья. Тэгвэл хот маань хөгжинө” гэсэн шийдвэр гаргасан.

Хожим ЗХУ-аас авсан зээлийн “Их өр”-ийг хүчингүй болгуулж чадсан шүү дээ. Ю.Цэдэнбал даргын холч ухаан үүнийг харж байсны бодит нотолгоо энэ. Ерөнхий сайд Н.Энхбаяр ОХУ-ын Ерөнхий сайд М.М.Касьяновтой өр тэглэх хэлэлцээр хийсэн. Ингээд нийт өрийнхөө 98 хувийг тэглүүлсэн, үлдсэн 250 сая ам.долларыг төлснийг бид мэднэ. Намайг Сангийн яаманд хэлтсийн дарга байхад М.М.Касьянов Сангийн яамандаа газрын орлогч дарга байлаа. Бид тухайн үед найз болсон. Тэр Сангийн сайд ч хийж байсан. Би хойшоо очихдоо түүнтэй заавал уулздаг. Ерөнхий сайд байхад нь ч уулзсан. Түүнийг Сангийн сайд байхаас нь “Чи зээлийн өрийг чөлөөлнө шүү. Монголын хэдэн малчин үүнийг даахгүй” гэдэг байсан. Их хэмжээний өр үүссэн нь үнийн хайчтай холбоотой. Тухайн үед түүхий эдийн үнэ бага, техникийнх өндөр байв. Үүнийг үнийн хайч гэдэг. Гадаад худалдаагаа баланслуулахын тулд ЗХУ-аас зээл авдаг.

Өөр нэг тохиолдол хэлэхэд, би Сангийн яамны нэгдүгээр орлогч сайд болоод сар орчим хугацаа өнгөрлөө. Нэг өдөр Ю.Цэдэнбал дарга өрөөндөө дуудав. Надаас төсөвтэй холбоотой нэлээд зүйл асуусан. Тэгээд “Чи залуудаа сайд боллоо. Хоёр юм захья. Өөрийгөө ажлаар дар. Тэгсэн хүн мэдлэгтэй болдог. Хэн нэгэн ямар ч материал оруулж ирсэн заавал уншиж, засахыг нь засаж, саналаа бичиж бай. Чи сайн кадр хүмүүжүүлье гэвэл өсөх хүнийг ажлаар дар. Тэгж чадах хүнийг ол. Тэгвэл өөрөө ч, тэр хүн ч дэвждэг. Чадвартай ажилтантай байж тухайн байгууллагын ажил явдаг” гэж зөвлөсөн. Энэ нь залуу боловсон хүчинд хэчнээн их анхаарал тавьдаг байсны илрэл. Би энэ зөвлөгөөнөөс хойш их чармайж, “Мэдлэг бүхнийг шийднэ” гэдэг шаардлагыг өөртөө, бас бусдад тавьдаг болсон. 

Одоогийн залуус, удирдлагад ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг, чадвар муу байна. Оюутолгой, Тавантолгойн гэрээ муу болсон л гэдэг. Мөнгөний сонирхол байдаг л байх. Түүний хажуугаар мэдлэг дутдаг. Дэлхийн зах зээл, олон улсын зарчим, эх орныхоо онцлогт тохируулах зүйлсээ мэдэхгүй болохоор муу хэлэлцээр хийж байна. Хүний эсрэг үндэслэлтэй санал тавьж чадахгүйгээсээ болж, Монгол Улсынхаа сонирхлыг хамгаалж чаддаггүй гэж боддог.

-Эдийн засагч мэргэжлийг сонгосон нь Таны сонирхол байв уу, эсвэл тохиолдол уу?

-Улаангомд аравдугаар анги төгсөхөд ОХУ-д суралцах “Алсын холбоо” гэсэн мэргэжлийн хуваарь өгсөн. Тэр үед хүчээр хуваарилна. Алсын холбоо гэж юу байдгийг нь мэдэхгүй. Манай ангийн Рагчааг эдийн засагчийн ангид хуваарилав. Мэргэжлийн баримжаа мэддэг ч үгүй байж. Багшаас “Алсын холбоо, эдийн засагч хоёрын аль нь тоо ихтэй вэ” гэж асуулаа. Би тоонд сонирхолтой. Рагчаа “Аль нь олон жил сурах вэ” гэж асуусан. “Алсын холбоо долоо, эдийн засагч дөрвөн жил сурна” гэж байна.

Тэгэхээр нь би “Өндөр настай аав, ээжтэй хүн эдийн засагчийн ангийг нь авъя” гэлээ. Нөгөөх маань тоо сонирхдоггүй учраас “Алсын холбоог нь авъя” гээд хуваариа сольсон. Хотод ирээд Дээд боловсролын хороонд очлоо. “Би физик, математикийн чиглэлээр сурмаар байна” гэлээ. Миний хувийн хэрэг тэр өдөр олддоггүй. “Хувийн хэрэг чинь олдохгүй байна. Маргааш хүрээд ир” гэсэн. Хувийн хэргээ аваад, Монголбанк руу оч гэж зааварлав. Дахиад л “Би математикийн чиглэлээр сурмаар байна” гэлээ. “Энэ мэргэжилд чинь математик байгаа. Банк руу оч” гээд явуулсан. Ингэж Монголбанкны нэр дээр Эрхүүгийн Улс, ардын аж ахуйн дээд сургуульд сурахаар явлаа.

-Юуны чиглэлээр сурах гэж байгаагаа ойлгоогүй байжээ дээ.

-Математикт сонирхолтой байсан болохоос ямар мэргэжил гэдгийг нь мэдэхгүй ээ. Сургуульдаа очлоо. Орос хэл мэдэхгүй. Эхний хагас жил явлаа. Ер нь тааруухан шүү. Хагас жил өнгөрч, шалгалт өгөхөөр боллоо. Би ч найз нөхдөдөө “Монголд очиж, математиктай сургуульд оръё. Энд математик цөөхөн цаг ордог, бас орос хэл сурахгүй юм байна” гэж хэлдэг байв. Тэгээд “Бүх шалгалтдаа унана. Тэгсэн байхад би хасагдаж л таараа” гэж бодлоо. Эхлээд политэкономын шалгалт өгөхөөр болов. Багш нь дайнд оролцсон, өрөөсөн гартай, нэг нь хардаггүй нүдтэй хүн байлаа. Билетээ жаахан харж байгаад “Юу ч мэдэхгүй байна” гээд урд нь очоод суучихсан. Багш билет авснаа ганц нэг асуулт тавихаар нь хазгай муруй хариу хэлнэ.

Тэгтэл сурлагын дэвтэр аваад дүн бичив. Муу тавьсан байх гэж бодоод нээтэл “хорошо” гээд биччихэж. Шалгалтад унах хүн “сайн” дүн авчихдаг байгаа. Үлдсэн дөрвөн шалгалтаа дунд өгөөд, сургуулиас хасагдах төлөвлөгөө нурсан. Улаанбаатарт амралтаараа ирээд, садандаа сургуулиа хаях тухай хэлтэл “болохгүй” гэж ятгасан юм. Ингээд эдийн засагч болохоор шулуудсан.

-Таны үеийн хүмүүс малчны хотоос хойд хөрш рүү сургуульд явснаа ярьдаг. Та ч малчны хүүхэд үү?

-Увс аймгийн Өмнөговь сумын Баянгол багийн малчин айлд төрсөн. Манайх 300 хоньтой, 10 гаруй тэмээтэй, 20-иод адуутай, дундаж л амьдралтай айл байлаа. 11 хүүхдийн зургаа дахь нь би. Миний ах, дүү нар сургуульд сураагүй. Намайг сургуульд оруулахгүй бараг арван нас хүртэл байлгасан. Долоон настай гээд л байлгаад байсан гэдэг. Би сургуулиас гурван удаа оргосон хүн. Нэгдүгээр ангид байхдаа нэг найзтайгаа шөнө оргоод, явган тавиад км явсан. 

Гэтэл харанхуй шөнө нэг хар юм төмөр дуугаргаад л яваад байна. Айсан хоёр хадны ёроолд хэвтээд унтчихсан. Өглөө сэртэл хажууханд айл байна. Айлын эзэн шөнө хазаараа эргүүлээд, амгааг нь дуугаргаад явсан юм билээ. Нөгөө айлд ортол биднийг хайсан багш тэднийд хоносон байж таарсан. Тэгээд баригдалгүй яах вэ. Манайх намар аймгийн төвийн тийшээ 120 км газар нүүж тариагаа хураадаг байлаа. Олон хүүхэдтэй учир гурилынхаа тариаг бэлтгэнэ. 

Гуравдугаар ангид байхдаа хойноос нь оргоод багш, багийн дарга, авга ахдаа баригдаад, хөөгдөж ирсэн. Сүүлд тавдугаар ангид байхдаа оргоод багшдаа баригдсан. Тэгээд “Дотуур байранд байлгавал сургуульд сурна. Айлд байлгавал сурахгүй” гэсэн. Ингэж дотуур байранд орох хүслээ биелүүлсэн. Овоо хэдэн малтай, боломжийн айлын хүүхэд гээд дотуур байранд авдаггүй байсан юм. Долдугаар ангиа төгсөөд Улаангомд очлоо. Бас л малтай айлын хүүхэд гээд дотуур байранд суулгадаггүй ээ.

Найзаасаа Ховд аймгийн Мал эмнэлгийн техникумын хуваарь байна гэж сонсоод тийшээ оръё гэж шийдлээ. Хувийн хэргээ авахаар сургууль дээр очтол хичээлийн эрхлэгч “Чи сурлага сайтай хүүхэд байна. Аравдугаар ангиа төгсвөл ирээдүйд чинь хэрэгтэй” гээд өгдөггүй. “Дотуур байранд авахгүй, орох газар байхгүй” гэлээ. Хичээлийн эрхлэгч маань амьдрах айл олж өгсөн. Тэр айл сүүлд манай аймгийн дарга болсон Баасанжав гуайнх. Одоо “Монголын үнэн” сонины эрхлэгчээр ажиллаж байгаа Ганболдын аав. 

Тэднийд амьдарч, ус авах, түлээ бэлтгэх гэх мэт ажлыг нь хийнэ. Б.Ганболдыг цэцэрлэгээс нь авна. Унтахгүй болохоор нь хэвтүүлж байгаад хоёр нүдэн дээр нь ус дусаачихна. Нүдээ аньж хэвтэж байгаад унтаад өгдөг сөн. Би дөрөвдүгээр ангиа төгсөөд нэг жил завсардсан юм. Дөрвөө төгсөөд аймгийн төвд сургуульд орох ёстой байв. Манайхан ч, би ч явах дургүй. Тэгтэл дараа жил нь манай сум долоон жилийн сургуультай боллоо. Цэвлээ гэж нягтлан бодогч манайд ирж, миний дөрөв төгссөн сурлагын дэвтрийг хараад “Ийм сайн сурлагатай хүүхдийг сургуульд явуулах хэрэгтэй” гэж аавыг удаа дараа ятгасан.

Нэг жил хонь хариулж, хавх тавин тарвага, үнэг агнаад, малчин болох сонирхолтой болсон би ч дургүйцэж байв. Аав үргэлжлүүлэн сургахаар шийдэж, тавдугаар ангид оруулсан. Хэрэв сургуульдаа эргэж очоогүй бол хөдөөний хөх өвгөн л болох байсан биз. Хүний хувь тавилан гэж сонин. Цэвлээ гэж хүний ятгалгаар үргэлжлүүлж сураад, хичээлийн эрхлэгчийнхээ ачаар Мал эмнэлгийн техникумд ороогүй. Их сургуулиа хаях гэтэл туршлагатай багш “сайн” дүн тавиад зам шулуудсан. Д.Содном сайдын нүдэнд өртөөд Сангийн яаманд шилжиж, хожим хоёр ч удаа сайдын алба хашлаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)