Э.Бат-Үүл: Залуус тэмцэж, ардчиллаа хамгаалахгүй бол дарангуйлал айл өрх бүрийн хаалгыг тогшино

2020 оны УИХ-ын сонгуулийн 18-р тойрог Хэнтий аймагт Ардчилсан намаас нэр дэвшсэн Э.Бат-Үүл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

Э.Бат-Үүл: СЕХ-оос дүнг танилцуулах гэж байгаатай холбогдуулан миний бие УИХ, Ерөнхийлөгчид хандан нэг асуудлыг тавих гэж байна.  

Сонгуулийн үеэр Да.Ганболд тэргүүтэй АН-ын нэр дэвшигчдийг СЕХ-ны зөвшөөрөлгүйгээр, шүүхийн шийдвэрээр цагдан хорьсон. Шүүхээс Да.Ганболдыг дуудах шаардлагагүй гэж түүний өмгөөлөгчид хэлсэн атлаа зургадугаар сарын 18-нд "10 тэрбум төгрөгийн барьцаа өгсөнгүй" гэх шалтгаанаар цагдан хорьсон. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж буй үйл ажиллагаа юм. 

Нэр дэвшигчийг баривчлах гэж байгаа бол СЕХ-ны зөвшөөрлөөр баривчлах ёстой гэж Сонгуулийн хуульд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үеэр нэр дэвшигчтэй холбоотой аливаа асуудлыг Сонгуулийн хуулиар зохицуулах ёстой юм. Хууль зөрчиж сонгууль явуулсан бол тэр сонгуулийг хүчингүйд тооцох ёстой.

Хууль зөрчиж сонгууль хийсэн дээрх асуудлыг Ерөнхийлөгч анхааралдаа авна гэдэгт итгэж байна. 

Шүүхийн зүгээс хүний эрхийг дураараа зөрчиж байгаа явдал гаарах юм бол цаашид нэр дэвшигчдийг цагдан хорьдог жишиг тогтоно. Улмаар эрх мэдэлтнүүдийн дур зоргоороо авирлаж байгаа явдал айл бүрийн хаалга тогшино гэдгийг нийт ард түмэндээ анхааруулъя.

Нэмж хэлэхэд, өчигдөр би нэг зүйлийг хараад маш их баярласан. Манай намын залуус ардчиллын үйл хэргийг цаашид үргэлжлүүлэхэд бэлэн байгаа гэдгээ илэрхийлжээ. Өнөөдөр залуус л тэмцэхгүй бол дарангуйлал тогтох цаг тун удахгүй боллоо" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)