Э.Бат-Үүлийг хоёр сая төгрөгөөр торголоо

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нээлттэй хуралдаанаар өчигдөр хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэв. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн наймдугаар сард энэ хэргийг хэлэлцэж, Зөрчлийн тухай хуулийн 6.21.1 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогчийг хоёр сая төгрөгөөр торгосон юм. Харин Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Мэргэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, давж заалдах шатанд гомдлоо гаргасан юм. Э.Бат-Үүл нь өнгөрсөн оны долдугаар сарын 20-нд твиттер хуудсандаа “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байна. Улаан цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг М.Энхсайханаар зориуд харууллаа. З.Энхболд айлгана гэж бодоод байгаа юм байхдаа” гэсэн сэтгэгдэл оруулжээ. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Ганзориг уг гомдлыг шалгаж, З.Энхболдын нэр төр, ажил хэргийн алдар хүндэд халдаж, гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд тараасан хэмээн үзсэнийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэсэн юм. Дээрх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)