Э.Батсайхан: Хулгана жил дээдэс түшмэдүүдэд хатуу байх төлөвтэй

XVII жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгэн 2020 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр тохиож буй. Цагаан сарын баярыг угтаж уншигч та бүхэндээ Архангай аймгийн Хотонт сумын уугуул Зая гэгээний Гүшиг дацан хийдийн тамгын лам Э.Батсайхантай ярилцсанаа хүргэж байна.   

-Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе.

-Танай сайтын уншигч болон хамт олонд сар шинийн мэндийг хүргэе.

-Цагаан сарын баяр хэдийнээс үүсэлтэй вэ?

- Монголчууд XIII зууны үеэс хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг угтаж цагаан сарын баярыг тэмдэглэж ирсэн. Энэхүү баяр нь монголчуудад уламжлагдаж ирсэн эртний өв соёл юм. Нэг ёсондоо шинэ жилийн баяр шиг өмнөх жилээ үдэж, ирэх жилээ угтаж байгаа гэсэн үг.

Эрт дээр үед хаврын сарыг хар сар хэмээн нэрлэдэг байсан. Учир нь энэ сард хүн, мал ядарч, идээ ундаа хомсддог. Иймд хар цагийг цагаан болгох үүднээс энэхүү баярыг тэмдэглэдэг болсон. Энэ баяраар хүн малын зоо тэнийж, ард түмэн хоорондоо ёс заншлаа мэдэлцэж, ураг төрлийнхдөө очиж, настнаа дээдэлж, хүүхэд багачууддаа ерөөл буян хайрладаг.

-Шинийн нэгний өмнөх орой нь идээ, шүүсээ засаад битүүлдэг шүү дээ. Энэ ёсны нарийн утга учрыг хүн бүр мэдэхгүй. Тэгэхээр энэ талаар яриагаа үргэлжлүүлвэл.

-Эрт дээр үеэсээ өвлийн адаг сарын шинийн 27-ноос эхлэн хүмүүс цагаан сарынхаа бэлтгэл ажлыг хийж эхэлдэг.  Битүүний шөнө өмнөх жилээ үдээд тэр шөнөө битүүрнэ гэж ярьдаг. Нэг ёсондоо бол цагаан сарын өмнөх оройны баярт үйл явдлын тэмдэглэж буйг хэлж болно. Иймд өмнөх жилээ үдээд, шинэ жилийг угтаж байгаа юм.

Бурхны шашны зүгээс бол тэр шөнө Цэдэр лхам буюу Лхам сахиусыг урин залдаг. Лхам сахиус урин залагдсанаар айл гэр болгоноор зочилж тэр орон гэрийн цээрийг арилгаж ард түмэнд нас буяныг хайрладаг. Мөн дөрвөн үйлийг тэтгэдэг.

-Тодруулбал?

Нэгдүгээрт амирлуулах үйл: Энэ нь тэр жилийн саад тотгорын цаад шалтгийг нь арилгадаг.

Хоёрдугаарт дэлгэрүүлэх үйл: Энэ үйл нь нас буяныг уртасгаж дэлгэрүүлэх юм.

Гуравдугаарт эрхэнд хураах үйл: Хүмүүсийн хийморь сүлдийг нь бадрааж, юу санасан есөн хүслийг сэтгэлчлэн бүтээхийн бэлгэдэл болгож тэр үйлийг нь тэтгэж өгдөг.

Дөрөвдүгээрт буцаах үйл: Ирэх жил муу бүхэн буцаж, арилгаж амирлахын тухайд өгүүлдэг.

Ингэж Лхам сахиус айл болгоноор морилдог гэж шашны талаас нь бэлэгшээдэг. Ийм учраас битүүний шөнө бүх зүйлээ дүүргэж, малаа хотлуулж хулгана зүг буюу хойд зүгт бурхан шүтээнээ залдаг. Бар зүг буюу гэрийн хойд зүгт эцгийн суудлыг залаад, зүүн хойд зүг буюу туулай зүгт эх хүний суудлыг бэлддэг уламжлалтай. Мөн гоё сайхан хувцсаа өмсөж идээ, ундаа, зоогоо сөгнөөд тэрнээсээ идэж, ууж настан буурлууд маань залуу гэр бүлд зочилдог. Ингэж настан буурлууд залчуудынхаараа орж жилийнх нь  аж байдал, амьдрал ахуйтай нь танилцдаг юм. Ийм л ёстой.  

Харин шинийн нэгний өглөө залуучууд нь, настан буурлууд дээр ирж золгож нас буяныг нь нэмдэг.

 -Тавгийн идээ, ууц засахдаа хүртэл зүгээр нь нэг өрөөд тавьчихгүй. Тухай бүрдээ ёс билэгдэлтэй байдаг гэж настнууд хэлдэг?

-Монголын ёсонд хонины ууцны сүүлийг нь үүд рүүгээ харуулаад хонь хэвтэж буй хэлбэрээр ууцаа засдаг. Мөн хонины толгойг дээр нь тавьсан байдаг. Ууцны баруун талд тавгийн идээг тавьдаг юм.

Тавгийн идээг засахдаа гурав, тав, долоо, ес гэсэн үеэр засдаг уламжлалтай. Тухайлбал гурван үеэр нь идэр залуучууд, 45 дээш насны хүмүүс нь таван үеэр засна. Харин долоон үеэс дээш бол настай хүмүүс идээгээ засдаг билээ. Идээг ингэж засах нь насны эрэмбийг бэлгэдэж байгаа хэрэг. Мөн бурхандаа идээ засдаг. Ингэхдээ идээнийхээ хамгийн сороор нь засаж, дараа нь үр хүүхдүүдээ тэр идээнийхээ дээжийг тарааж өгдөг уламжлалтай.

-Шинийн нэгний өглөө эрчүүд нь мөрөө гаргадаг. Энэ ёсны талаар?

-Орон орны ёс заншил заавал шашин номтой холбогдох биш тухайн үндэстний ёс заншилтай холбоотой байдаг. Монголчууд эрт дээр үеэсээ байгаль дэлхийтэй хүйн холбоотой гэдэг үзэл, суртахуунтай ард түмэн. Үүгээрээ бид таван махбодтой гэж бэлгэддэг. Тухайлбал шороо, хий, гал, ус, төмөр махбод гэж хүн бүхэнд бий. Эдгээр таван махбодод тухайн жилийнхээ өнгөнөөс болоод харшилдах буюу зохилдох мэдээллүүд тухайн хүнд ирдэг. Од гариг, нар, эрхсийн эргэлт буюу тооллоос болоод тухайн хүмүүст байгаль дэлхийгээс мэдээлэл ирж байна гэж үздэг. Энэ бүгд байгаль дэлхийтэй холбоотой.

Иймд шинийн нэгний өглөө гэрийн эзэн нь гэр бүлээ төлөөлөөд зүгээ гаргадаг. Зүгийг найм хуваадаг юм. Эдгээр найман зүгт дөрвөн муу, дөрвөн сайн зүг гэж бий. Тухайн жилийн өнгөнөөс шалтгаалаад бэлгэдсэн байдаг. Энэ нь шашин ном, байгаль дэлхийн цаг тоололтой холбоотой гэсэн үг. Тухайн жил хувь хүн өөрийн мөрөө гаргахдаа хийморийн зүг гараад  буян хишгийн зүгээс ирдэг. Ингэж мөрөө гаргах нь цог лундаа хийморио шинийн нэгний өглөө бадрааж гэртээ орж ирэхдээ буян хишгээ өвөртлөөд орж ирлээ гэсэн бэлгэдэлтэй зан үйл билээ.

-Эмэгтэйчүүд шинийн нэгний өглөө мөрөө гаргаж болох уу?. Зарим нутагт бол эр нөхөр нь мөрөө гаргасан байхад болно гэж үздэг шүү дээ.

-Нутаг нутгийн ёс өөр байдаг. Төв халх зүгрүү бол эмэгтэйчүүд мөрөө их гаргадаг. Харин баруун, зүүн аймаг руу бол эцгийн ёсыг ихэд дээдэлдэг. Тухайн жилийн өнгө бол гэрийн эзнээр боллоо гэж үздэг байна.

-Цагаан сараар ихэнх хүмүүс мөнгө барьж золгодог. Ингэх шаардлага байна уу? Эсвэл хувь хүний асуудал уу?

- Эрт дээр үеэсээ цагаан сараар ирсэн хүмүүсийг гар хоосон буцаадаггүй уламжлалтай. Юу байгаа түүгээрэй бусдыгаа дайл гэсэн үг байдаг шүү дээ. Бэлэг гээд хэрэггүй олон эд хогшил өгдөггүй л байсан.  Намайг хүүхэд байхад бол ул боов л өгдөг байсан юм. Хүнийг баярлуулж гарын алгыг нь дээш харуулж байгаа юм чинь тухайн хүнд хэрэгтэй зүйл бэлэглэх нь зүйтэй гэж бодож байна. Хүний гарын алгыг дээш харуулж буян хурааж нас нэмж олон түмнийг баясгаж хаврын хар сарыг цайруулдаг.

-Цагаан сараар цээрлэдэг ёс олон байлаг байх аа?

-Муу үг хэлэхгүй. Нүгэл хилэнцийг тэвчих хэрэгтэй. Амьтны амь таслахгүй гэх мэт олон зүйлийг цээрлэдэг уламжлалтай. Мөн хар энергитэй зүйл бодохгүйгээр сэтгэл санаагаа гэгээлэг байлгах юм. Сонирхуулж хэлэхэд зарим хүмүүс сонсоод гайхаж магадгүй. Битүүний өдөр хүн нас барвал тэр өдөр нь нутаглуулдаг байсан. Энэ нь ямар учиртай вэ гэвэл гашуудалтай он дамжихгүй гэж үздэг. Ийм ёс заншил бий.

-Энэ жилийн тухайд сар шинийн баярыг өргөн хэмжээнд тэмдэглэхийг хориглосон. Мөн гандан хийдийн хурал номыг ч цуцлах хүсэлт хүргүүлээд байна. Иргэдийн хувьд шинийн 15-ны дотор багтаан засал номоо хийлгэх хүсэлтэй байдаг. Энэ талаар...

-Шинийн нэгнээс 15-нд лам нарын номын бясалгал бол маш хүчтэй болдог. Энэ хооронд засал номоо хийлгэвэл засал нь сайн болно. Хэрэв амжихгүй бол тэр жилдээ багтаан заслаа хийлгэж болдог. Засал гэдэг нь арга домыг хэлж байгаа юм. Тэгэхээр тэр хүн шашинтай байна уу, шашингүй байх нь чухал биш. Тэр хүн заслыг тухайн жилийн өнгийг бэлгэдээд хийдэг. Шашин номыг шүтдэггүй бол уул, овоондоо сүү өргөсөн ч болно.

Энэ жилийн хувьд төр засгаас гаргасан шийдвэрийг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Заавал 15-ны дотор багтаж засал номоо хийлгэх ёстой гэсэн зүйл байхгүй учраас аажуу уужуу хийлгэж болно.

-Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар манай улсын нийт өрхийн 36 хувь нь Цагаан сарын баярыг тэмдэглэдэггүй юм байна. Төв суурин газрын залуучууд ихэвчлэн тэмдэглэдэггүй гэсэн хариулт өгчээ. Магадаггүй энэ тоон үзүүлэлт цааш нэмэгдээд явахыг үгүйсгэхгүй. Үүний хор нөлөөг та юу гэж харж байна вэ?

-Залуучууд цагаан сарын баярыг нээх тоодоггүй өргөн цар хүрээтэй тэмдэглэдэггүй нь анзаарагдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Монголын ёс заншил мөхөж буй шинж тэмдэг. Бид нар Монгол соёлыг шинээр зохиох бус хуучин ёс заншил, ахуйг судлах хэрэгтэй. Монгол орон бол ёс заншлаар ангаж цангасан биш халигаж цалгиасан орон. Залуучуудын баяр биш гэж залуус маань хүлээн авч болохгүй. Бид бүгд өвөг дээдсээсээ уламжлалж үр хойчдоо өвлүүлэн үлдээх үүрэгтэй хүмүүс.  

Нөгөө талаас сошиол гэдэг зүйл их хөгжиж бидний амьдрал ахуйд ихээхэн нөлөөлж байна. Хуучин таван ханатай гэртэй таваас дээш ам бүлтэй малаа дээдлэн сайхан амьдарсаар ирсэн ард түмэн. Одоо техник технологийн эрин зуунд амьд харилцаа гэж үгүй болж нэг, нэг өрөөнд утас маажаад сууж байна. Хүүхдээ уйлахаар нь утсаа өгдөг. Иймд Монгол ахуй, соёл, заншлаа гээсээр байгаад их харамсах юм. Бид Монгол түүх соёл, ахуйгаа судалж,  дэлхийд энэ соёл, ёс заншлаараа гайхуулах хэрэгтэй.

-Та амьд харилцаа гэж үгүй болж байна гэлээ. Тэгвэл амьд харилцааг бий болгохын тулд яах ёстой вэ?

-Би энэ талаар их боддог юм. Эрт дээр үеэсээ орой малаа хотлуулчхаад цуглараад суухдаа үр хүүхдүүддээ үлгэр домог их ярьж өгдөг байсан ард түмэн. Үүгээр дамжуулж тухайн хүүхдийг хүмүүжүүлж, үр хүүхэдтэйгээ утга санааг ярилцаж амьд харилцаа үүсгэдэг байсан.

Тэгэхээр одоо цагийн ээж аавууд үр хүүхэдтэйгээ ном уншиж амьд харилцааг бий болгох нь чухал гэж боддог.

-“Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилийн  өнгө аяс ямар байна вэ?

-Энэ жил зуны эхэн сардаа хур бороо багатай. Дунд сараас хур бороо их хэмжээгээр орж ургац их сайн авна. Мөн өндөр суудалд заларсан  дарга нарт халтай. Дунд шатны түшмэлүүдэд ширүүн. Улс оронд дотоод хямрал их үүснэ. Иймд хоорондоо эв эетэй байх хэрэгтэй. Энэ нь иргэн бүрт хамаатай. Бид нар гэртэй эвтэй бол төр эвтэй байна. Нэг хүн эвтэй бол нийгэм тэр чигтэй эвтэй байх юм.

-Ярилцсанд баярлалаа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)