Э.БАТЗУЛ: Д.Сумъяа эгч шиг жүдоч болохыг хүсдэг

Монголын самбо бөхийн холбоо, нийслэлийн төрөлжсөн спорт сургууль хамтран “Тэмүүлэл-2019” самбо бөхийн олон улсын нээлттэй тэмцээнийг энэ сарын 16, 17-нд Спортын төв ордонд анх удаа зохион байгуулсан юм. Тэмцээнд ОХУ-ын Улаан-Үд хотоос тамирчид ирснээс гадна 20 байгууллагын 300 гаруй өсвөрийн бөх 20 жинд өрсөлдлөө. Эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд түрүүлж, аварга болсон, Дорнод аймгийн сургуулийн Х ангийн сурагч Э.Батзулыг “Шинэ танил” буланд урилаа.

-Тэмцээнд түрүүлж, алтан медаль хүртэх мөчид төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Би “Ялалт” клубт жүдо, самбо бөхөөр хичээллэдэг. Манай аймгаас 20 гаруй хүүхэд энэ тэмцээнд оролцлоо. Үеийнхээ тамирчидтай өрсөлдөж, нутгийнхаа нэрийг гарган түрүүлсэндээ баяртай байна. Тэмцээнд оролцох гээд Улаанбаатар луу явж байхдаа таатай, таагүй олон зүйлийн тухай бодсон. Олон улсын тэмцээнд анх удаа оролцохдоо сэтгэл зүйгээ ялж, амжилт гаргалаа.

-Эмэгтэй хүүхэд бөхийн спортоор хичээллэх амаргүй шүү дээ.

-Жүдо бөхөөр хичээллээд удаагүй байхдаа том биетэй хүүхдүүдийг хараад “Тэдэнтэй яаж барилдана даа” гэж бэргэдэг байсан. Тэмцээнд өрсөлдсөн тамирчдаас олон зүйл олж харлаа. Орон нутгийн хүүхдүүд хүч бяраар илүү бол хотынхон барилдааны арга барил, техникээр давуу нь анзаарагдсан. Тиймээс цаашдаа барилдааныхаа техникт түлхүү анхаарна. Дүү минь намайг дуурайж спортоор хичээллэх сонирхолтой. Харин би дүүгээ бөхийн спортоор хичээллүүлэхээс татгалздаг. Өөрөөсөө том хүүхдүүдэд хэд шидүүлээд халширчихна гэж боддог юм. Спортоор хичээллэхийн хэцүүг өөрийн бие, сэтгэлээр мэдэрч яваа болохоор дүүгээ дуртай мэргэжлээ сонгоод, түүгээрээ амжилт гаргаасай гэж хүсдэг.

-Ямар тэмцээнээс урам авч, тамирчин болохоор шийдсэн бэ?

-Аймгийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцохдоо улс, олон улсын тэмцээнд нэг ч ялагдаж байгаагүй тамирчныг хожиж алтан медаль хүртэж байлаа. Өмнө нь тэр эгчтэй зургаан удаа таарч хожигдсон. Тэгээд “Одоо түүнтэй барилдаад давчихвал бөхийн спортоор үргэлжлүүлж хичээллэнэ, хэрвээ ялагдвал дахиж барилдахгүй, хичээлдээ анхаарна” гэж бодож байсан. Тэр тэмцээн надад аз, амжилт аль алийг нь авчирсан. Тамирчин болох итгэл найдвар төрүүлж, сэтгэлийнтэнхээ хайрласан. Би спортоор хичээллэхийн хажуугаар өөрийн дуртай хичээлээр боловсрол эзэмшихийг хүсдэг.

Жүдогийн тамирчдаас олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа эгчээр бахархдаг. Бөхийн спортоор хичээллэсэн цагаасаа түүн шиг тамирчин болохыг мөрөөдөж ирсэн.

Бэлтгэсэн: Г.Цэцэг


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)