Э.Баатаржав: Туулийг хаана, хэнд зориулан хайлахаас шалтгаалж өөр өөр мэдрэмж төрдөг

Монголын хэдхэн нэрт туульчдын дунд бага насаа үдэж, уламжлалт өв соёлоо авч үлдэн, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд залуу нас, амьдралаа зориулсан нэгэн хүмүүн бол Э.Баатаржав билээ. Тэрбээр хөөмий, цуурын урлагийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэхэд хувь нэмрээ оруулсан нэгэн. 

Түүний хөдөлмөр, өв уламжлалаа гэсэн сэтгэл, зүтгэлийг төр, засгаас өндрөөр үнэлж Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан юм. Туульч Э.Баатаржавтай ярилцсанаа хүргэе.

-Тууль зан үйл үү, эсвэл урлаг уу?

-Тууль бол мартагдах шахсан урлаг. Дэлхийн 10 хүрэхгүй оронд үлдсэн соёл. Миний ажигласнаар том гүрэн байсан улсуудын соёл шиг санагддаг. Хүмүүс бүх тууль эртнийх гэж ойлгодог. Бүгд л эрт, урьд цагт гээд эхлэхээр их эртнийх байна гэж бодтол лавшруулан сонсоход өөр өөрийн цаг үеэ төлөөлдөг. 

Энэ утгаар нь туулийг түүхийн нөгөө тал гэж ойлгож болно. Жишээлбэл, XVIII зуун, дундад зуун, дундад эртний, эртний, нэн эртний тууль гэж бий. Гадаадад тууль тийм ч элбэг биш. Туультай гэгддэг гадаад орнууд нь монголчуудын л тасархай шүү дээ. Киргизэд “Манас” гэж тууль бий. Казахстанд “Алпамаш” гэсэн тууль байснаа одоо бараг мартагдсан. 

Киргизийн тууль мөн л мартагдах шахсанааодоо л бага багаар “өндийж” байна. Урт хугацаагаар хайлдаг тууль ганцхан манайд л үлдсэн. Гэхдээ хэмжээ хязгаартай, цөөхөн хүний хүрээнд байдаг.

-Одоо Монголд тууль хайлдаг хэчнээн хүн байгаа вэ?

-Тийм олон туульч байхгүй ээ. Сургалт зохион байгуулсны хүчинд улсын хэмжээнд давхардсан тоогоор 30 гаруй хүн хамруулсан. Гэхдээ тэднээс үргэлжлүүлэн хайлж буй нь ховор. Амьдралаа хөөгөөд явчихдаг юм билээ.

-Туульч гэдэг хэн хүний хүсээд болчихдог зүйл биш, сонгон өвлүүлдэг гэж сонсож байсан. Энэ үнэн үү. Та яаж сонгогдож байв?

-Манай Урианхайд туульсын хэдэн гал бий. Гал гэдэг нь удам дамжсан туульчид буюу туульчтай удмыг хэлж байгаа юм. Би бол Баян Алтай удмын туульч. Надаас дээших гурав дахь үед Баян Алтай гэж нэрлэх болж. Түүнээс өмнө Хоож эвэртийн удмын туульчид гэдэг байсан юм билээ. 

Манай удмын Хоож гэдгийг эртний ном сударт хоо, гоо гэх мэт олон янзаар тайлбарладаг. Хоож эвэртийн мэнгэт гэдэг хүн Алтайн уулсаар явж тууль хайлдаг байсан гэнэ. Тиймээс Баян Алтайн удмынхан болсон түүхтэй. Би эхээс тавуулаа. 

Гэтэл галын соёл ганцхан надад л өвлөгдсөн. Хүүхэд байхаас манай сумын цөөн хэдэн туульч тууль хайлахад би хамгийн их сонирхдог, хардаг байсан. Тиймээс л аав надад өвлүүлэхээр шийдсэн байх.

-Хэрхэн өвлүүлэн үлдээдэг юм бэ. Хүмүүсийн ярьж буйгаар туулийг бичиж, тэмдэглэж өвлүүлдэггүй, зөвхөн сонсгож сургадаг гэлцэх юм.

-Би яг орчинд нь сонсож сурсан. Түүнийгээ дахиж олдохгүй, давтагдашгүй хувь заяа гэж боддог. Одоо уламжилж үлдэх хэцүү.

Орчлон ертөнц өөрчлөгдөж хувьсах явцад хуучин соёлыг тэр чигт нь тогтоон хадгалах хэцүү шүү дээ. Мөн тодорхой угсаатны дунд үлдчихсэн зүйл учраас тухайн угсаатных нь аялгаар тогтоох амаргүй. Орчин цагийн хэлээр цээжилчихээр мөн чанар, утга учрыг нь алдагдуулчихна. Одоо бол цаг үеэ дагаад туульчийн гэрт байнга тууль сонсоод суух хүн бараг байхгүй. Тиймээс би туулийн ном гаргасан. Туульч болох гэж буй хүмүүс янз бүрээр л суралцаж эхэлж байна.

-Тууль хайлах нь бөөгийн зан үйлтэй адил, туульч болох гэж буй хүн ч онгод авч буй бөөтэй ижил зан үйл хийдэг гэж ярьдаг. Энэ үнэн үү?

-Тууль эртний соёл учраас тэнгэр шүтлэгийн зан үйл гарах нь элбэг. Заримд нь шарын шашны зан үйл ч туссан байдаг. Аль цаг үеийн тууль гэдгээс л хамаарч байгаа юм. Бөөгийн буюу тэнгэр шүтлэгийн зан үйл хуучны туульд их гардаг. Туульч болох хүн бөөгийн онгод авахтай төстэй зан үйл хийнэ ээ. Гэхдээ туульч хүн бусдад ярьж болох, болохгүй зүйл гэж бий. Яг ямар зан үйл хийдгийг ярьж болохгүй.

Зарим туулийг хайлахын өмнө уул, усны эздийг дуудаж, дууссаныхаа дараа тэднийгээ үддэг нь бөөгийн зан үйлтэй төстэй. Тухайлбал, урианхайчууд тууль хайлахын өмнө заавал Алтайн магтаалыг угтаж хайлдаг. Учир нь айлуудад шууд тууль хайлахад хүндэддэг гэж үздэг. Алтайн магтаалыг нэг цаг 30 минут хайлдаг бөгөөд угтал тууль гэдэг.

-Та хэчнээн тууль хайлдаг вэ. Хамгийн урт нь хэдий хугацаанд үргэлжилдэг вэ?

-Би 16 тууль хайлдаг, бүгдийг нь галаасаа өвлөж үлдсэн. Эдгээрийн дунд энэ насандаа тун цөөхөн хайлах ёстой тууль ч бий. Урт туулиуд нэлээд хэд байна. Миний хайлсан хамгийн урт тууль 15 цаг үргэлжилсэн. Дунд нь мэдээж завсарласан. Тууль хайлсан айлынхаа хүмүүст нарийн тайлбарлах шаардлага гарсан учраас тэр. 

Завсарласан цагаа тооцохгүй, тууль хайлсан нь 15 цаг байсан гэсэн үг. Тууль дундаас хамгийн том нь “Зул алдар хаан”. Мөн туулийг заавал бүрэн эхээр нь хайлах ёстой. Дээр үед бол нэг өдөрт багтааж дуусгалгүй, гурав тасалж, шөнөөр хайлдаг байж. Орой мал хотолсны дараа хайлахгүй бол ар гэрийн амьдрал, хонь малаа хариулах цаг гарахгүй шүү дээ.

-Галаасаа өвлөж авсан туулиуд дээр бусдаас сурснаа нэмж хайлж болох уу?

-Болохгүй. Харин харьцуулан судалж болно. Өөрөөр хэлбэл, нэг тууль хэд хэдэн өөр хувилбартай байж болно. Түүнийг харьцуулж, хэчнээн хувилбар байгааг өөрийнхөө хэмжээнд судалсан.

-Хүмүүс ихэвчлэн ямар зорилго, шалтгаанаар тууль хайлуулдаг юм бэ?

-Уг нь сайн сайхны төлөө тууль хайлдаг. Гэхдээ орчин үед зарим хүн тууль гэж юу байдаг юм гэж сонирхож ирж байна. Эсвэл туульд гардаг үгсээс мэдээлэл хайна, далд ертөнц судалдаг хүмүүс, бясалгагчид сонирхох нь элбэг болж. Бүгд л өөр өөрийн сүсэг бишрэл, үзэл бодлоороо сонирхож байна.

-Тууль хайлах үед танд юу мэдрэгддэг вэ?

-Орчин болон хэнд зориулж байгаагаас шалтгаалаад өөр өөр мэдрэмж төрдөг. Зарим үед хөвөрч, урсаад л байна. Заримдаа ч хүндхэн санагдаж, нэгэнт эхэлснийх яаж ийгээд дуусгана даа гэж бодогддог. Туршлагатай туульчид орчноо мэдэрч эхэлдэг. Хаа хамаагүй газарт, гэнэт очоод хайлчихдаг зүйл биш шүү дээ. Бэлтгэл маш чухал. Энерги сайтай гэгээлэг айлд тууль хайлах сайхан.

-Та ОХУ, тэр үеийн ЗХУ-д сургууль төгссөн юм билээ. Мэргэжлээрээ ажилласан уу?

-Социализмын үед бага нас минь өнгөрсөн учраас ЗХУ-д сурах болсон. Малын эмчийн ажлыг хүүхэд бүр сонирхдог, ийм мэргэжил эзэмшсэн хүн аймаг, сумдаа ирж ажиллаж байгаад, нэгдлийн дарга болдог тогтолцоо байсан гэхэд хилсдэхгүй. Сурлага муугүй байсан учраас ЗХУ-д суралцах малын эмчийн хуваарь авав. Аав, ээжийнхээ үгийг дагаж, малын эмч боллоо. Харин төгсөөд хэдхэн сар л ажилласан.

-Хэзээ туульч болж, өв соёлыг авч үлдэе гэж бодох болсон юм бэ?

-ЗХУ руу явахаасаа өмнө ХААИС-д сурч байсан. Сумдаа байхдаа туулийг мартагдах шахсан соёл гэдгийг мэддэггүй байж. Бүх аймаг сумынхан тууль хайлдаг гэж л ойлгодог байлаа. Харин сумаасаа гараад Улаанбаатар хотод иртэл манай хөгшчүүдийг эрдэмтэн, судлаачид таниад байна. 

Яагаад манай хөгшчүүдийг сайн таниад байгааг сонирхтол “Тэр чинь мундаг хүн шүү дээ” гэв. Тэгж л үнэ цэнийг нь мэдсэн. Мундаг хүн манай нутагт ихдээ л гарын таван хуруунд багтахаар цөөхөн байв. Тэд маань цагийн аясаар улам л цөөрнө. Тиймээс уг том соёл хөрш аймгууд, цаашлаад урд, хойд монголчуудад хэрхэн үлдсэнийг судлахаар сонирхож эхэлсэн дээ.

Анх Ховд аймгийнхаа сумуудаар явж түүх ярих хөгшчүүдтэй уулзаж, дараа нь Баян-Өлгий аймгаар явсан. Тэр үед сум бүрт л өвөрмөц хүн байдаг байлаа. Ертөнцийн гурав, зүйр цэцэн үг, хуучин үлгэрүүдийг олон янзаар ярьдаг хүн цөөнгүй. Тэгж явахдаа Тувад нэг хөөмийчтэй таарсан. 

Тэр хүн малчин байснаа Ерөнхийлөгчтэй хамт явж хөөмийлдөг болсон байсан. Тэрбээр надад “Чиний “авч явж” буй соёл маш олон талтай. Би бол зөвхөн хөөмийгөө л дагнаж явсаар Холливудад ч тоглож байлаа” гэж ярьсан нь их сонирхолтой санагдсан. 1990-ээд оны эхэн үед АНУ руу явах хэцүү байлаа шүү дээ. 

Гэтэл “Миний дүү үүнийгээ орхихгүй бол надаас хол явна шүү” гэж хэлсэн. Тэр үед “Би яаж энэ мундаг хүнтэй харьцуулагдах вэ” гэж бодсон. Харин одоо бол би АНУ-ын Харвардын их сургуульд лекц уншсан байна шүү дээ. Тэр хүн үнэн хэлжээ гэж боддог. Хүн ер нь жижиг ч гэсэн зорилготой байх ёстой юм.

-Дэлхийгээр тархсан туургатнуудыг зориход ямар сэтгэгдэл төрж байв?

-Хэцүү байсан. Жишээлбэл, Дундад Азиар явж байхад өөр шашны, эсвэл гадаад хүнийг үзэн яддаг хүмүүс олон байв. Хэл, шашин, зан үйл, соёл нь өөр ч бүгд эсгий гэрт амьдарч байгаа нь дотно санагдсан. Эсгий туургатнуудад очоод монгол хүн гээд хэлэхээр бусад мэдэхгүй улс орныхныг бодвол арай элэгсэг хандана. 

Дуу авиа гаргаж, зан үйлийн шинжтэй зүйл үзүүлэхээр сонирхоно. Киргизийн Иссык-Куль нуурын эрэг дагуу монгол туургатнууд амьдардаг. Тэдний зарим нь монгол хэлээр бага сага ярьдаг юм билээ. Намайг очиход тэд ах, дүүгээ ирлээ гэж маш их баярласан. 

Мөн Халимагт анх очиход “Бидний гал голомтоос хүн ирлээ” гэсэн. Одоо олон хүн ирж, очдог болж, мэдээ мэдээлэл ч нээлттэй учраас хэн хэндээ сонин биш болжээ.

-Анх монголчуудаа зориод явна гэхэд гэрийнхэн нь хэрхэн хүлээж авав?

-Хоёр нийгэм солигдчихсон, хүн бүр ганзгын наймаа руу хошуурч байсан үе учраас найзууд их гайхсан. “Явмаар байгаа бол томхон орон руу яв” гэж гоочилдог. Гэхдээ тэдний хэлж, гоочлох нь миний зорилгод өчүүхэн ч нөлөөлөөгүй. Эцэг, эх маань хазгай гишгэлгүй зорилгоо биелүүлээрэй гэж захисан.

-Цагаан сарын өмнө төрийн хүндтэй шагнал хүртсэн. Ямар сэтгэгдэл төрөв?

-2010 онд дэлхийн хэмжээний том шагнал авчрахад минь Соёлын гавьяат зүтгэлтэнд анх тодорхойлсон. Түүнээс хойш хоёр, гурван ч том шагнал хүртлээ. Урлагийн томоохон арга хэмжээнд оролцох бүрт БСШУС-ын сайд дуудаж уулзаж, шагналд тодорхойлдог байв. Тэгээд л чимээгүй болдог байсан учраас нэг их тоосонгүй. Энэ жил л авах ёстой байж.

Ер нь томоохон улсад надаас залуухан хүмүүс төрийн том шагнал хүртсэн байдаг. Учир нь тэдэнд шагнал хүртэхэд тийм зүйлс хийсэн байх ёстой гэсэн “норм” байдаг юм билээ. Манайд бол спортынхон, эсвэл настай, амьдралын туршлагатай хүнд өгөөд байх шиг. 30 гаруй жил зүтгэсэн хөдөлмөрийг минь үнэлж байна даа гэж баярлаж сууна. 

Мөн төр өв соёлоо ойлгож, дээдлэн зарлиг хүртэл гаргасан нь язгуурын язгуур болсон гүн ухаанаа хамгаалж эхэлж байна гэсэн үг. Тиймээс монголчуудын өөдлөн дэвжих цаг ирж буй юм болов уу гэж бэлгэшээж сууна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)