Э.АРИУНБУЯН: Уул уурхайн эдийн засаг, төлөвлөлтөөр мэргэших бодол бий

“Эрдэнэс Тавантолгой” компанийн маркшейдер Э.Ариунбуянтай ярилцлаа. Тэрбээр дээд сургуулиа төгссөн жилээ буюу 2012 онд компанийнхаа ажилчдын хоолны газарт туслах ажилтнаар ажилд орж байжээ. Өдгөө тэрбээр тус уурхайн талбайд ажиллаж буй ганц эмэгтэй маркшейдер нь бөгөөд “Бусдаас онцгойрсон үйл хэрэг, байгуулсан гавьяа байхгүй шүү. Жирийн нэг ажилтан, залуу хүний хувьд ярилцлага өгч болно” хэмээсэн юм.

-Энэ намар “Эрдэнэс Тавантолгой”-н 10 жилийн ой болж буй. Үүний найман жилд нь та ажиллажээ. Анх ажилд ороход кэмпийн нөхцөл ямар байсан бэ?

-Намайг Цогтцэций сумд бага сургуулийн сурагч байх үеэс л манай энд хавьд уул уурхайн компаниуд төвхнөж эхэлсэн. Том оврын техникүүд сүлжин, энд тэндгүй гэр, байшин баригдсаар өдгөө түм түжигнэсэн газар болжээ.

Би 2012 онд “Газарчин” дээд сургуулийг маркшейдер мэргэжлээр төгсөж ирээд нэг зун ажил хайж сумдаа зуссан юм. Уул уурхайн компаниудын үйл ажиллагаа идэвхжсэн учраас ажил олдох байх гэсэн итгэлтэй байсан нь тэр. Арванхоёрдугаар сард нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн кэмпэд ажилчдын хоолны газарт туслах ажилтнаар орсон. Тэр үед манай кэмп цомхон, ажилчид амьдардаг гэр цөөнтэй, байшин байхгүй, хоол ундаа гэрт хийдэг байлаа. Нийтийн халуун усанд орж, өвөл нь гэртээ гал түлдэг байсан үе. Тохижилт, тав тухын хувьд одоогийн нөхцөл байдалтай харьцуулахын аргагүй байв.

-Хоолны газарт хэр удаан ажилласан бэ. Хэзээнээс маркшейдер болов?

-Гал тогоонд хагас жил туслах хийгээд 2013 оны зургадугаар сард мэргэжлийн ажилдаа орсон. Түүнээс хойш долоон жил өнгөрсөн байна. Намайг маркшейдер, төлөвлөлтийн албанд ороход нэг ч бүсгүй байгаагүй. Энэ хугацаанд ганц, хоёр эмэгтэй маркшейдер ирсэн ч удаан ажиллаагүй, зарим нь төв оффис руу шилжсэн учраас би үлджээ.

-Маркшейдерүүдийн ажлын онцлогийн талаар тодруулаач. Хүндрэлтэй, эсвэл бахархалтай тал нь юу вэ?

-Уурхайд цөөнгүй жил болсон ч нэг л байгууллагад байсан учраас олон газар явж, өөр улсын уурхайд ажиллаж үзсэн мундгуудтай харьцуулах юм байхгүй гэхэд болно.

Маркшейдрүүдийг уул уурхайн прокурорууд гэдэг. Учир нь түүхий эдийнхээ хэмжээг нягтлан, энд тэндээсээ зүй бусаар хорогдсон, эсэхийг байнга хэмжиж, шалгадаг. Тухайлбал, манайх болон орон нутгийн “Тавантолгой” компанийн олборлолтын бүс яг зэргэлдээ. Тэднийх ажиллах явцдаа манай ханыг гэмтээх, хил рүү нэвтрэх боломжтой, тийм бага зайтай гэсэн үг. Тиймээс бид олборлогч бусад компанийг манайхаас бүтээгдэхүүн авах боломж олгохгүй байлгах, туслан гүйцэтгэгч компаниуд төлөвлөгөөний дагуу ачилтаа хийж байгаа, эсэхийг маш нарийн хэмждэг. Ер нь уурхайн хилийнхээ харуул хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг сахидаг гэсэн үг. Өдөрт бараг 12 цаг гадаа талбайд ажиллан, байнга алхдаг.

-Одоо танай албанд хэдэн хүн ажиллаж байна вэ. Ажлын нэг өдөр нь хэрхэн өнгөрдөг бол?

-Төлөвлөлт, маркшейдерийн албанд бид 16-уулаа. Ажил өглөө долоон цагт эхэлдэг. Үндсэндээ талбайгаараа явж хэмжилтүүдээ хийнэ. Хөрсний хуулгыг сард хоёр удаа, нүүрсний овоолгыг долоо хоног бүр хэмждэг. Мөн уурхайн бүсэд шинээр байгуулагдаж буй овоолго, хаягдлыг хэмжин, бүх мэдээллээ нэгтгэдэг. Хэмжилтүүдээ хийсний дараа дүнг нь компьютерт оруулж, бодолт хийдэг юм. Өдөрт найман цаг хэмжилт хийн, гадуур яваад үлдсэн хугацаанд нь оффистоо суудаг гэж болно. Ажлын цаг дууссаны дараа кэмпдээ байхдаа ч амарч, унтах цагаа ягштал баримталдаг. Уурхайчид багадаа долоон цаг унтах ёстой гэдэг тул аль болох амарч, маргаашийн ажилдаа бэлтгэх учиртай.

-Яагаад маркшейдер мэргэжлийг сонгов. Цаашдын төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Санаандгүй байдлаар мэргэжлээ сонгосон. Цогтцэцийд дунд ангиа, Өмнөговь аймгийн төвд аравдугаар ангиа дүүргэж байлаа. Ер нь сүүлийн 10-15 жилд манай нутагт уул уурхайн бүүм болсон учраас их сургууль төгсөөд ажлын олдоц сайтай байх болов уу гээд л маркшейдерийн ангид орчихсон. Тавантолгойн ордод ажиллавал сумаасаа ажилдаа яваад байж болох нь гэж бодсон хэрэг. Одоо бол энэ мэргэжлийг сонгосондоо, өнөр өтгөн хамт олны нэг болж, мэдлэг, чадвар өндөртэй хүмүүстэй мөр зэрэгцэн ажиллаж, суралцаж яваадаа баяртай байдаг. Цаашид уул уурхайн эдийн засаг, төлөвлөлтийн чиглэлээр мэргэших бодол бий. Манай уурхайн ажилчид 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг нь залуус бидэнд сурч боловсрох, ар гэртээ зарцуулах чөлөө цаг ихтэй хуваарь юм.

-Цогтцэцийд наймдугаар анги төгстөлөө амьдарч байжээ. Ер нь өмнийн говийн айлуудын амьдралд уул уурхайн компаниуд ямар нөлөө үзүүлэв. Тухайлбал, танай амьдрал хэрхэн өөрчлөгдсөн бэ?

-Сүүлийн 10 жилд энэ хавьд түр болон бүр оршин суудаг хүмүүсийн тоо маш их өссөн. Тэр хэрээр янз бүрийн үйлдвэрлэл, үйлчилгээ бий болж ажлын байрны тоо ч нэмэгдсэн. Үйлдвэр, үйлчилгээний газар ч гэлтгүй уурхайд ажилладаг орон нутгийн иргэдийн тоо тогтмол өсөх болсон. Энэ хэрээр өрхийн орлого нэмэгдэн, иргэдийн амьжиргаа сайжирч байгаа гэж боддог. Харин байгаль орчны асуудал анхаарал татсан хэвээр байна. Малын бэлчээр, усны эх үүсвэр сүйдсээр байгаа. Тоосжилт ихтэй учраас ялангуяа Цогтцэцийнхэн уушги, амьсгалын замын өвчлөлд өртөх нь элбэг. Одоо аймгийн төв, Цогтцэций сумыг холбосон болон нүүрс тээврийн автомашин зорчих тойрог хэлбэрийн хатуу хучилттай авто зам тавьж байгаа бөгөөд ашиглалтад оруулсны дараа арай дээр болох байх.

Манайх бага насны хоёр хүүхэдтэй, Улаанбаатарын айл. Цогтцэцийд шилжиж ирэх бодол бий ч тоосжилт, хуурайшилт ихтэй учраас хүлээзнээд байгаа юм. Юутай ч авто замууд тавигдсаны дараа байдал хэр дээрдэхийг харна даа.

-Уул уурхайн ажилчдын цалин бусад салбарынхнаас ахиу. Ер нь цалин, хангамж нь амьдралд хүрэлцдэг үү?

-Манай компанийн цалин, хангамж муугүй. Энэ онд цалингаа 25 хувиар нэмсэн. Мөн бүсгүйчүүдийг жирэмсний амралттай байх хугацаанд уул уурхайн салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулдаг нь том дэмжлэг болдог.

-Уурхайн кэмпэд цөөнгүй жил ажилласан хүний хувьд ямар дадалд суралцав?

-Цаг ашиглалт, хувийн зохион байгуулалт, дэг журамд хамгийн түрүүнд суралцсан. Зуны цагийн хуваарийн дагуу бид зургаан цагаас кэмпээс гарч, долоо гэхэд ажлын байрандаа бэлэн байх ёстой. Тиймээс таван цагт босдог. Эрт босож, ажлаа осол эндэл гаргахгүй хийхийн тулд сайн амрах хэрэгтэй. Уурхайн кэмп хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай учраас дарга, цэрэггүй дэг журамтай байж сурдаг даа.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)