Э.Ариунболд: Тэр чинь бохир ус биш, хөрсний ус

БЗД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай ресорт” болон “Асем Вилла” хотхоны бохирын шугам задарч, бохир нь хальж Туул гол руу цутгасан талаар  тус дүүргийн иргэд холбогдох газруудад нь өнгөрсөн гуравдугаар сард гомдол гаргаж байсан билээ. Тус гомдлын дагуу БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл нар нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцаж, дараагаар нь олон нийтэд мэдээлсэн. Харин "М Си Эс" компани цахим хуудсаараа дамжуулан асгарсан усаа "бохирдолгүй" хэмээн тайлбарласан нь ард иргэдийг төөрөгдүүлэхэд хүргэсэн. Тэгвэл энэ талаар бид “Асем Вилла” цогцолбор хэсгийг хариуцсан ерөнхий инженер Э.Ариунболдоос тодрууллаа.

Өнгөрсөн хугацаанд танай хотхонтой холбоотой сөрөг мэдээллүүд олон нийтэд ихээхэн бухидал төрүүллээ. Ер нь АСЕМ хотхон бохироо ямар аргаар шийддэг вэ? 

АСЕМ хотхон бохир усаа төвийн шугамаар болон зөөврийн аргаар шийддэг. Манайх анхнаасаа төвлөрсөн шугаманд холбогдоод явж байсан. Өнгөрсөн жил хур бороо ихтэй байсан учраас шугам сүлжээ рүү хөрсний ус ихээхэн орсон. Үүнээс улбаалан УСУГ-аас "хөрсний устай бохирыг бид хүлээж авах боломжгүй" гээд зургаан сарын 1-нийг хүртэл түр гэрээгээ цуцлаад манайхыг бохироо зөөврөөр шийд гэсэн үүрэг өгсөн. Тэрний дагуу бид бохироо зөөврөөр шийдээд явж байсан. Гэтэл зөөврөөр шийдээд явж байх явцад шугамын голд гэмтэл үүссэн. 

Туул гол руу бохироо цутгасан гээд байгаа шүү дээ?

Гол руу бохир ус орсон зүйл байхгүй. Хөрсний ус авто зам давж гол руу цутгах боломжгүй. Бид зам дагуу урсаж хөлдсөн мөсөө цэвэрлээд, цэгцэлсэн. Хөрсний ус ч бай, бохир ус ч бай ямар ч тохиолдолд гол руу орох боломжгүй.

Хальж урссан усыг гэдэгсний савханцар үүсгэдэг гэдгийг мэргэжлийн хяналт тогтоосон байна лээ. Энэ талаар?

Тэр чинь намар уулнаас урсаж ирсэн, нэлээн удчихсан ус байсан. Тэрийг нь сая бид механизмаар зайлуулаад халдваргүйжүүлэлт хийсэн. БЗД-ийн байгаль орчин, дархан цаазат газраас ирж шалгаад бидэнд арга хэмжээгээ авсан. Гэдэсний савханцар илэрсэн мөсийг хогийн цэг рүү зайлуулсан. 

Та нар ачсан мөсөө цанын баазын зүүн талд аваачиж асгасан гэсэн. Уг нь тэр хавь чинь дархан цаазат газар биз дээ?

Манай цэвэрлэсэн хүмүүс тийш нь аваачиж асгасан байна лээ. Торгуулийн хуудас нь манайд ирсэн. Бид хариуцлагаа хүлээсэн. Тэрийгээ хогийн цэг рүү зайлуулаад, 20-30 м.квдр талбайгаас хөрсний дээж аваад холбогдох мэргэжлийн хяналтад халдварын шинжилгээнд өгсөн. Хөрсний дээж цэвэр гэсэн дүгнэлт гарсан.

БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Дэмбэрэл танай байгууллагын үйл ажиллагааг хэвлэлээр ихээхэн шүүмжилж байсан. Энэ тал дээр ямар байр суурьтай байна?

Тэр бол тухайн хүний хувийн асуудал. Ажлын шаардлагаар иргэдийнхээ төлөө ийм зүйл хийж байгаа байх.

Цаашид энэ асуудлаар анхаарч ямар ажлууд төлөвлөж байна?

Бид нар гомдлын дагуу мэргэжлийн хяналтаас ирсэн баг, байцаагчийн албан шаардлагын дагуу ажлаа бүрэн гүйцэд хийж дуусгасан. Өчигдөр биелэлтүүдээ МХЕГ-т өгсөн байгаа. Одоо дулаархаар хөрсний ус ороод байгаа шугам сүлжээндээ дэд бүтцийн шинэчлэл хийхээр төлөвлөж байна. 

 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)