Э.Энхбаяр: Далайд гарцтай орон болоход нэг алхам ойртлоо

Монголын анхны далайчин өнөөдөр их далайд гарч буй. Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаа, БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын институттэй байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2013 онд тус сургуульд нийт 10 оюутан хөдөлгүүрийн инженер болон удирдлага жолоодлогын чиглэлээр элсэн суралцсаны нэг нь Э.Энхбаяр. Тэрбээр 2015 онд сургуулиа амжилттай төгсөж, БНСУ-ын эзэмшлийн “Юпитер Эйс” хөлөг онгоцонд есөн сарын хугацаатай ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулаад буй.

30.000 тн-ын даацтай хуурай тээврийн хөлгийн багт Индонез, Солонгосын 22 гишүүн ажиллахаас гурав нь монгол далайчид аж. Өнөөдөр Өмнөд Африкаас Бразил тээвэрлэлт хийхээр хөдөлж буй тус хөлөгт Э.Энбаяр III зэргийн инженерээр ажиллах бол Б.Далайбаяр, Х.Баярбат нар удирдлагын чиглэлээр дадлагажих юм.

Монгол далайчин их далайд гарснаар ямар давуу тал бүрдэх талаар Э.Энхбаяраас тодруулахад “Монгол далайчин их далайд гарч буй нь бид далайд гарцтай орон болоход нэг алхам ойртож байна гэж хэлж болно. Манай улс Хятадын найман боомттой хамтран ажиллаж, нэг боомтод манай суурин төлөөлөгч сууж буй. Далайн захиргаа ч цаашдаа тус боомтуудаас Монголын тээврийн хөлгийг их далайд гаргаж, гуравдагч орнууд руу үндэсний бүтээгдэхүүнээ тээвэрлэх гарцыг эрэлхийлж, уг ажлыг шат дараатай хийж буйн нэг нь Монгол далайчдыг бэлтгэх явдал мөн” гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)