Э.Эмүжин: Хийл миний амьдрал

“Авьяаслаг монголчууд” анхдугаар шоунд оролцож, үзэгчдийн эчнээ танил болсон энэ охиныг Э.Эмүжин гэдэг. ХБК-ийн хийл хөгжмийн ангид сурдаг тэрбээр асар том зорилгын эзэн. 12 настай гэхэд аль хэдийнэ 10, 20 жилийн дараах өөрийгөө олоод авсан мэт тун буурьтай юм. Том мөрөөдлөө биелүүлж яваа, энэ цаг үеийн бахархалт энэ охин Монголын сор болсон Д.Жаргал багшийн шавь гэдгээрээ үргэлж бахархаж, талархаж явдаг гэсэн.

Өнгөрсөн жил багш нь энэ шавиа П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдаанд сойсон. Нэрийг нь сонсоод л “пологтмоор” тийм том уралдаанд оролцох хувь сонгодог урлагаар замнаж буй хүн бүрт, тэр дундаа хүүхдүүдэд олдох нь ёстой л тэнгэрээс од шүүрэхтэй адил юм.

Сонирхуулахад, тус уралдаанд оролцсоны дараа ХБК-ийн багш Д.Жаргалд ОХУ-ын Хабаровскт зохион байгуулдаг “Новые имена” уралдаанд Э.Эмүжинтэй хамт оролцохыг хүссэн урилга ирсэн юм билээ.

Тэр жилээ Эмүжин Элчин зөвлөх Д.Нинжийн урилгаар Унгарт очиж, Будапештын нэг оркестртой тоглосон аж. Энэ хүрээнд мөн тус улсад үйл ажиллагаа явуулдаг, Австрийн консерваторийн салбар сургуульд шалгалт өгөөд тэнцсэн юм байна. Түүнтэй хамт явсан охин ч тэнцсэн нь багшийн чадварыг харуулсан хэрэг учраас тэднийг тэр сургуульд багшлах, суралцахыг урьжээ.

Ингээд зогссонгүй манай ХБК-ийн үлээвэр болон чавхдаст хөгжмийн ангийн хүүхдүүдийг Унгарт сургах гэрээ хийсэн гэсэн. Эл гэрээний дагуу 30-аад хүүхэд шалгалт өгөөд, явцгаажээ. Тэгтэл Д.Жаргал багш Монголоосоо явахыг хүсээгүй бол “Багш маань явахгүй бол би ч явахгүй” гэсэн шийдвэрийг Эмүжин гаргажээ. Ийм нэгэн мундаг охиныг “Дебют” буландаа онцолж байна.

-Монголын мэргэжлийн урлагийн сургуулийн сурагч, оюутнууд бусдаас их өөр шүү. Тоглож, эрхлэх цаг завгүй явсаар их эрт биеэ даачихдаг. Эмүжин ч гэсэн хэдийнэ том хүн болж төлөвшсөн санагдлаа. Хүүхэд л юм чинь ханатлаа тоглохыг хүсэж, “Энэ сургуульд дэмий л орж дээ” гэж бодож байв уу?

-Би энэ сургуульд орсноороо үргэлж бахархдаг болохоос харамсаж байгаагүй. Би бүр цэцэрлэгт байхаасаа л хөгжимчин болохыг мөрөөддөг байсан. Тиймээс аав, ээж минь энэ сургуульд шалгуулахыг санал болгосон.

-Яагаад заавал хийл хөгжмийг сонгосон юм бэ?

-Анхнаасаа л энэ хөгжмийн ангид шалгалт өгч, тэнцсэн. Хийл их уянгалаг, зөөлөн дуугардаг учраас хатан хөгжим гэдэг. Бас хүний сэтгэлийн утсыг хөнддөг гэж ярьдаг нь үнэн.

-Тэгвэл хийл хөгжимд сэтгэл нь хөндөгдөхөөр Эмүжин яадаг вэ?

-Сэтгэл хөдлөөд нэг л гоё болдог шүү дээ. Тэгээд миний тоглож байгаа бүтээлийг хүмүүс ойлгож байвал бүр гоё санагддаг.

-Зургаан жил сурахдаа олон бүтээлтэй танилцаж, тоглож, эзэмшсэн байгаа. Ер нь хэний, ямар бүтээлийг түлхүү тоглохыг хүсдэг вэ?

-Миний бодлоор П.И.Чайковский хамгийн шилдэг нь. Маш нарийн зүйлсийг мэдрүүлдэг учраас бүтээлүүдийг нь тоглоход надад их сайхан санагддаг. Тэр дундаас одоогоор “Размышление”, “Мелодия”-г тоглох дуртай.

-Ирэх арваннэгдүгээр сарын 10-нд бие даасан анхны тоглолтоо толилуулаар бэлтгэж байгаа гэсэн. Тэгэхээр тоглолтын хөтөлбөрт П.И.Чайковскийнхоос гадна хэчнээн бүтээл багтсан бол?

-ХБК-ийн концертын танхимд болох тоглолтдоо би П.И.Чайковский, П.Сарасате нарын алдартны долоо, найман бүтээл тоглоно.

-Тэгэхээр том концерт болох нь. Амжилт хүсье. Өмнө нь нэлээд хэдэн тоглолтод оролцсон болохоор сандрахгүй байгаа биз дээ. Нээрэн, чи Карнегийн тайзнаа тоглосон байх аа. Ер нь ямар уралдаануудад оролцож байв?

-Долоон настай байхдаа Америкт болдог Крешиндо уралдаанд анх оролцоод, дэд байрт шалгарч, Карнегийн тайзан дээр тоглосон. Дараа жил нь ОХУ-ын Буриадад “Найдал” уралдаанд гуравт шалгарсан. Бас Чехэд болдог Косианы нэрэмжит уралдаанаас тусгай болон гуравдугаар байрын шагнал хүртэж байсан. Өнгөрсөн жил Чайковскийн нэрэмжит уралдаанд Билэгтөгс бид хоёр оролцсон. Ж.Чулууны нэрэмжит уралдаанд оролцохыг их хүсэж байна. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тасарчихаад байгаа.

-Чайковскийн уралдаан бол сонгодог урлагийнхны мөрөөдөл. Тэндээс юу сурч, мэдэж, ямар туршлага хуримтлуулсан бэ?

-Тэнд оролцсон хүүхдүүд тайзан дээр сандрахгүй, биеэ чөлөөтэй байлгаж чаддаг юм билээ. Ер нь хөгжмийн урлагаар хичээллэх нь хүнийг тэвчээртэй, зорилготой болгодог гэж боддог. Надад ч тэгж нөлөөлсөн. Би ер нь хийлгүйгээр өөрийгөө төсөөлж чадахгүй. Энэ бол миний амьдрал л гэж боддог.

-Эмүжин их “хөөрхөн” зурдаг гэсэн. Ямар сэдвээр зурах дуртай вэ?

-Манай аав, зураач, сийлбэрч. Би ч гэсэн зурах дуртай. Энэ төрлөөр олон уралдаанд оролцож, медаль авч байсан. “Номин”-гоос жил бүр зохион байгуулдаг уралдаанд таван настайгаасаа оролцож байгаа. Би хүүхэд, хүмүүсийн тухай зурах дуртай.

-Чи өөрийгөө хөгжмийн долоон ноотны алинтай нь зүйрлэх вэ?

-Зургаа дахь нь буюу “Ля” ноот их сонсголонтой санагддаг. Хийлийг хөглөхөд “Ля”-гаар эхэлдэг. Бас уянгалаг хөгжмүүдэд энэ ноот түлхүү орсон байдаг.

-Тэгвэл Эмүжинг өнгөөр илэрхийлбэл?

-Би багаасаа л улаан өнгөнд дуртай байсан. Тэгэхээр энэ өнгөөр өөрийгөө илэрхийлнэ. Их эрч хүчтэй, сэтгэл бадраасан өнгө шүү дээ.

-Ялагдал, ялалт хоёр хамт байдаг учраас урлаг, спорт хоёр адилхан. Өнгөрсөн жил “Авьяаслаг монголчууд” шоунаас хасагдаад юу мэдэрч, юу сурсан бэ?

-Би өөртөө нэлээд итгэлтэй орсон болохоор “Тэнцээгүй” гэхэд нь их сонин болсон. Тэгээд өөрийгөө тоож, хэт бардаж болохгүйг ойлгосон.

-Багшийн тусгал нь шавь байдаг. Чи бол Жаргал багшийн “толь” шүү дээ.

-Би Жаргал багшийнхаа шавь болсондоо баярладаг. Өнгөрсөн ч гэсэн багш нарын баярын мэнд хүргээд “Та надад маш их нөлөөлж, хийлд улам дурлуулсан” гэж хэлмээр байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (13)