“ЭЭЛЖИТ БУС”-ЫН БОЛЗОО ҮЛДЭЭСЭН ЭНЭ ХАВРЫН ЧУУЛГАН

Сонгууль, түүнээс улбаатай улстөрчдийн солиоролтой 2016 оны хаврын ээлжит чуулганыг эс тооцвол энэ парламентын хамгийн сүүлчийн хаврын чуулганыг энэ сарынц 10-нд өндөрлүүллээ. Эрхэм гишүүд 2012 оны сонгуулиар хэлсэн, амласан, хүлээлт үүсгэсэн хамаг ажлаа нугалж, ажил хэрэг болгоход ирэх намрын ээлжит чуулганыг эс тооцвол хугацаа үлдсэнгүй. УИХ-ын даргын хаврын чуулганыг хааж хэлэхдээ дурдсанчлан ээлжит чуулганы хугацаанд Хот суурин газрыг дахин хөгжүүлэх, Үйлдвэрлэлийг дэмжих, Хүүхэд харах үйлчилгээ, Нийтийн сонсгол, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай болон Захиргааны ерөнхий хууль зэрэг бие даасан 20 хууль баталжээ. Мөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 64, олон улсын гэрээ, конвенц, зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хууль 16, хууль, хуулийн хэсэг, зүйл, заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хууль 18, тогтоол 32, Байнгын хорооны тогтоол 93- ыг тус тус хэлэлцэн баталжээ.

Гэвч өнөөх л хүлээлт үүсгэсэн, гол хуулиудаа баталсангүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Сонгуулийн, Улс төрийн намуудын болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхлэх нь битгий хэл өргөн бариагүй байна. Эдгээрээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх есдүгээр сард ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, хэлэлцэхээр буй. Харин Сонгуулийн хуулийн төслийн тухайд ажлын хэсгийн ахлагч Р.Бурмаа “Үндсэндээ нэгдсэн ойлголцолд хүрээд байгаа ч цахим сурталчилгааг хэрхэн шийдэх, УИХ, орон нутгийн сонгуулийг нэг өдөр хийх, эсэх асуудлаар санал нэгдээгүй байна.

Үүнийг тухайн үед нь санал хураалтаар шийдэх боломжтой гэж үзэж байгаа” гэсэн тайлбар хийсэн. Мөн өнгөрөгч чуулганаар Тавантолгойн гэрээний төслийг хэлэлцэж, Монгол Улсын эрх ашгийг хангаагүй, Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийг зөрчсөн гэж УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг дүгнэсэн. Энэ үндэслэлээр Засгийн газар төслөө буцаан татсан. Үүнд Засгийн газар ч, УИХ ч багагүй хугацаа зарцуулсан. Тиймээс ч үлдсэн, ганц ээлжит чуулганы завсар ээлжит бус чуулган нэг бус удаа зарлан хуралдуулах сураг дуулдаж эхэллээ. УИХ-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг хаахдаа “Эрүүгийн, Зөрчлийн болон Өршөөлийн, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг яаралтай батлах, АН, МАН-ын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ”-г цуцалж буйтай холбогдуулан МАН-ын зургаан сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2015 оны наймдугаар сарын 3-ны өдрөөс ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар төлөвлөж байна.

Түүнчлэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх есдүгээр сард ээлжит бус чуулган зарлаж, тусгайлан хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна” хэмээсэн. УИХ-ын дарга ингэж хэлж байгаа тохиолдолд ээлжит чуулганы чөлөөт цагт эрхэм гишүүд хоёр ч удаа ээлжит бусаар чуулах нь үндсэндээ тодорхой болсон хэрэг. Яагаад гэвэл Спикер санаачилгаараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах эрхтэй. Гэвч ээлжит бус чуулганаар хэлэлцэх гэж буй асуудал нь сонирхол татаж байна. Гишүүд амарч, зугаалахаа хойш тавьж, амжуулаагүй ажлаа дуусгаж, амласандаа хүрэх нь үү гэтэл үгүй бололтой. Төсөв мөнгөө тодотгож, цэгцлэх нь үү гэтэл үгүй юм. Шуудхан хэлэхэд, ээлжит бус чуулган зарлан байж, албан тушаал тойрсон хэрүүлээ үргэлжлүүлэх нь. Бүрэн эрхээ хэрэгжүүлсэн хугацаандаа гурав дахь Засгийн газраараа оролдож, хайран цагаа үрэх гэж байгаа нь энэ.

Хэдийгээр АН-ынхан Засгийн газрыг огцруулахгүй, МАН-ын сайд нарыг л өөрчилнө гэж буй ч Ерөнхий сайд нь үүнийг эсэргүүцэж, Ерөнхийлөгч санаачилгыг гартаа авах хэрэгтэй хэмээн түүнийг ятгаж байгаа. Тэгэхээр “жоомоо алах гээд гэрээ шатаадаг” үлгэр давтагдахгүй гэх газаргүй. Энэ мэт сандал ширээ булаацалдсан, тулга тойрсон хэрүүл олон чухал хууль, шийдвэрийг хойш татсаар ирсэн. АН, МАН-ын хамтарч ажилласан үетэй давхцаж буй өнгөрөгч чуулганаас ч ийм дүр төрх, явган хэрүүл салаагүй. Өнгөрөгч хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Өршөөлийн болон Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг МАН-ынхнаас болж баталж чадаагүй гэж УИХ-ын дарга бөгөөд АН-ын дарга З.Энхболд хаврын чуулганыг хаахдаа мэдэгдсэн.

МАН-ынхан ч үүнд эсрэг тайлбар хийж, байр сууриа хамгаалсаар ирсэн. Мөн Эрүүгийн хуулийн төсөл дээр гол үүрэгтэй ажлын хэсгийн гишүүд нь ч хэдэн тийшээ харчихсан, харьяалах Байнгын хорооноосоо хөөгдөх, татгалзах дээрээ тулаад буй. Гэхдээ Эрүүгийн хуулийн төсөл дээр намаараа талцсан гэвэл учир дутагдалтай. Тэгээд ч энэ хуулийн төслийг нэг намаас томилогдож, халаагаа авч, өгөлцсөн сайд нар нь хүртэл үзэл бодлын зөрүүнээс болж өөр өөрийнхөөрөө өөрчлөн боловсруулсан гэхэд болно. Энэ мэтчилэн нам дотроо, нам хооронд, хамтарсан, эс хамтарсан ч хэрүүл үргэлжилсээр.

Б.НОМИН


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)