Ээж байна гэдэг...

Ажил хиймээр байдаг. Гэвч охиноо, хүүгээ хэнд даатгах вэ. Тэр минь надгүй байж чадах болов уу... Ээж болсон хүн бүрт ийм бодол төрдөг гэдэгт эргэлзэхгүй байна.

Одоогоос хоёр жилийн өмнө юм уу даа. Жил дараалан амаржиж, удаан хугацаанд гэртээ суусан эгч минь өглөө ихээ эрт над руу утасдлаа. Мэнд мэдэхийн завдалгүй “Эгч нь шийдсэн. Ажил хийлгүй болохгүй нь. Нөхрийнхөө “гар харж” амьдрах хэцүү юм. Сүүлдээ хадмууд, ойр дотнынхон үл тоогоод, нэг л биш. Царай зүс алдаад, хэрэг алга...” гээд баахан асуудал тоочив. 20 минут орчим ярьснаа “За за, хүүхэд сэрчихлээ. Эгчдээ ажил сураглаж байгаарай” гээд харилцуураа таслачихав. Энэ хооронд би зөвхөн сайн сонсогчийн үүрэг гүйцэтгэв.

Эгчийн захиасаар ажил сурлаа. Хоёр ч ажил олов. Нэгэнтэй нь цаг товлолоо. Тэр ирсэнгүй. “Хүүхэд харах хүн байсангүй” гэж шалтаг тоочлоо. Дахиад л цаг болзов. “Эргэлзээд байна. Дахиад жаахан бодоодохъё” гэж хойшлуулав. Үүнээс хойш хоёр сар өнгөрөхөд эгч эргэлзсэн хэвээр. Түүнийг ингэтлээ эргэлзүүлж, өөртэйгөө зөрчилдөхөд хүргэсэн зүйл бол өглөө болгон цагаахан инээдээрээ ээжийгээ шагнадаг бяцхан хоёр үр нь байв.

Энэ үед би түүнд хэчнээн бардам, мэдэмхий зөвлөгөө өгснөө одоо л ойлгож байх шиг. “Хүүхэд яадаг юм бэ, эмээ, өвөөгөөр нь харуулчих”, “Ингэж зууралдаж, өөрийгөө гаргуунд нь гаргах хэрэггүй”, “Бор хоолонд орчихсон л бол болоо шүү дээ” гэхчлэн түүнийг ятгахыг оролдсон сон. Бүр хэд хэдэн удаа. Хоёр настай, есөн сартай бяцхан “амьтны” өмнөөс шийдвэр гаргаж, ээжийг нь булаахаар ийн ятгаж л байдаг. Үгүй мөн, том толгой, бөх зүрх шүү. Хөөрхий эгч тэр үед хоёр хүүхдээ хэнээр харуулахаа ч шийдээгүй хэр нь сэтгэлийн хөөрлөөр над руу утасдсан нь тэр байж.

Харин одоо би түүнийг хэн хүнээс илүү ойлгож, мэдэрч байна. Надад ч тийм мэдрэмж олонтоо төрсөн. Хэзээ мөдгүй ажилдаа “харайлгаад” оччихмоор. Завгүй ажиллаж, нийгмийн давлагаанд бужигнан яваа хүмүүст атаархдаг байлаа. Үе үе жигтэйхэн бухимдаж, гутарна. Тэр болгонд гэрийнхэндээ уураа гаргах нь олон ч хөөрхөн үрээ харах төдийд л бүх гомдол, яарч адгасан сэтгэл сарничихдаг байв. Олон ээж ийм асуудалтай нүүр тулж буй. Цар тахлын улмаас цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа доголдсон, хоёр хүртэлх насныхныг цэцэрлэгт хамруулахыг хориглосон энэ үед ээжүүд бүр ч бухимдалтай байна. Гомдол, уурслын үгтэй сэтгэгдэл олон нийтийн сүлжээгээр нэг харагдах аж.

Ажил хийх юм сан. Хүүхдээ хэнд даатгах вэ. Танилаараа харуулбал яах бол гэж эргэлзэж, үрдээ хоргодсон, хүүхэд харах үйлчилгээнд хэрхэн хамруулах вэ хэмээн зовнисон “ууртай” ээж олширчээ. Амьдралын ухаан, ажилсаг, тууштай чанараараа зард гарсан еврейчүүд “Ууртай ээж зожиг, хулчгар занг хүүхдэдээ өвлүүлдэг” хэмээн сургамжилдаг гэнэ лээ. Ээжүүд, эмэгтэйчүүд бид аливаад уужуу байж, уураа таягдан хаях хангалттай шалтгаан энэ биш гэж үү.

Хэчнээн ядарч, нэгэн хэвийн байдлаас залхсан ч ээжүүд минь үрийнхээ өмнө бүү ялархаарай. Энэ орчлонгийн хамгийн хүндтэй “мэргэжил” эзэмшсэнээ санаарай. Зарим нь хэчнээн хүсээд ч ийм “мэргэжил” эзэмшиж чаддаггүйг ухаараарай. Өдөр өдрөөр өсөн торниж буй бяцхан үрээ нэг хараарай. Хэн таных шиг дүүрэн сэтгэлээр түүнийг хайрлаж, тэтгэх вэ. Тэр хэр удаан таны энгэрт зүүгдэж, өвөр дээр дэрвэх бол. Эргэцүүлээрэй. Ажил, мөнгө олдоно. Харин ангаахай үртэйгээ өнгөрүүлэх дурсамжит өдрүүд нэгэнт алдуурвал эргэн олдох болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)