Эцэг, эх байж чадах л бол хүүхэд төрүүл

Аав, ээжүүдээс “Та хүүхдээ болзошгүй аюулаас хамгаалж чадаж байгаа юу” гэж асууя. Ажлаа хийж, ажилгүй бол айл хэсэж, аяга тагш юм эргүүлж явахад тань, эсвэл цаг нөхцөөж энд тэнд тэнүүчилж байх зуур хүүхэд тань хаана, хэнтэй, юу хийдэг вэ. Дулаан орчинд хоол ундтай, хараа, хяналт сайтай байж чаддаг уу. Энэ асуултад сэтгэл дүүрэн, санаа зовох юмгүй хариулж буй бол таны хүүхэд хамгаалагдаж чадаж байна гэж үзэхээр. Үгүй бол хүүхдүүд тань эрсдэлтэй нөхцөлд байна. Үнэлж дүгнээд, хүүхдэд нь хараа, хяналт зайлшгүй хэрэгтэй гэж үзвэл арга хэмжээ авах нэгэн байхад мэдсэн ч, мэдээгүй юм шиг тэр чигт нь орхидог хүмүүс байх аж. Тийм хэнэггүй нөхдийн үр хүүхэд ахуйн элдэв осолд орж, амь насаа алдах нь алдаж, эрэмдэг зэрэмдэг болох нь болж байна. Зарим нь араатнаас дор томчуудын “гарын шүүс” болж, балчир насандаа бяцхан зүрх нь хэзээ ч эдгэхгүйгээр шархалж, хүчирхийллийн өмнө өөрөө буруутай мэт харц буруулж, хорвоог туулах итгэл, сэтгэлээ алдсаар.

...Хүүхэд хамгааллын асуудлыг эцэг, эхийн хариуцлага талаас илүүтэй харж, эрх зүйн актууддаа нарийвчлан тусгахын зэрэгцээ зохих байгууллагуудын чиг үүргийг тэр хэрээр тодотгох, дарга, удирдлагатай нь тодорхой үзүүлэлтээр хариуцлага тооцохыг цаг үе шаардаж байна...

Өдөр бүр хүүхэд бэртэж, гэмтэн, эндэж, эсвэл төрөл бүрээр хүчирхийлүүлж буй тухай мэдээллийг зурагтаар сонссон өндөр настан “Ямар хачин юм бэ. Орчин үед хүмүүс хүүхдээ ингэтлээ хайхрахаа больсон юм уу. Бас хүүхдэд аймшиггүйгээр халдаж, эрхэндээ оруулж байдаг зэрлэг хүн яасан олон болоо вэ. Хүүхдээ орхилоо гэх юм. Нүхэн жорлонд унаж амиа алдлаа, галд шатаж, халуун усанд түлэгдэж нас барлаа, төрсөн эцэгтээ хүчиндүүллээ гэх юм. Замын осолд өртөх нь ч яасан элбэг болов. Хайран хүүхдүүд. Дайны үе биш дээ. Яачихсан нийгэм бэ” гэж халаглаж байсан юм. “Яачихсан нийгэм бэ” гэдэгт энэхүү олонлогийг бүрдүүлэгч гэр бүл, хувь хүн, төрийн болон төрийн бус байгууллагууд хамаарна.

Хүүхэд яагаад осолдож, эндээд, эсвэл хүчирхийллийн золиос болов. Алдаа хаана гарав. Ямар хүмүүсийн хүүхэд хамгаалуулж чадахгүй байна. Буруу эцэг, эхэд байна уу, эсвэл төрд үү. Үгүй бол бүр хөндлөнгийн нэгэнд үү.

Эцэг, эх нь төрүүлсэн хүүхдээ хайрлаж, хамгаалан, өсгөж, хүмүүжүүлэх ёстой. Энэ бол энгийн ойлголт, амьдрал бөгөөд хаана, яаж гэдгийг зохион байгуулах ёстой, үүрэгтэй. Тэдний хүүхдийг өөрсдөөс нь өөр хэн хайрлаж, хамгаалах юм бэ. Ганц гэрээр суудаг малчин айлын эхнэр, нөхөр хоёр өглөө “малынхаа ажил”-д хамт гараад, бүхнийг амжуулж ирсэн уламжлалтай. Хөлд орж буй, түүнээс арай том, өөрөөр хэлбэл, гурав хүртэлх насны хүүхдийг галд ойртуулахгүй, элдэв юм татаж, унаган осолдохоос нь сэргийлж гэрийн хойморт бөх гэгч нь уяад, ам руу нь орчихооргүй тоглоом наадгайг нь хажууд нь тавиад гардаг байв. Одоо ч зарим газарт тийм. Дөрөв орчим настай бол малын дөртэй болгох нэрээр дулаан хувцаслаж дагуулан гарч, ажил, амьдралын зах зухаас мэдрүүлдэг хүүхдийн хүмүүжлийн уламжлалт монгол ухаан бий. Хот, суурин газарт бол цэцэрлэгт өгнө. Олдохгүй бол айлын эмээг гуйгаад ч болов хүүхдээ харж, хандах хүнтэй орхиод ажил, сургуульдаа явах нь эцэг, эхийн үүрэг, хариуцлага билээ. Эс тэгвээс учир мэдэхгүй балчир үрс энэ оны эхээр Дархан-Уулд болсон, айлын гурван охин хамт амьсгал хураасан мэт аймшигт осолд өртөх магадлалтай. Хүүхэд нь ийм байдалд орох, эсэх нь эцэг, эхээс л хамаарна. Хүүхдийн номер нэг асран хамгаалагч нь аав, ээж нь.

Төрийн ажлын функцэд хүүхэд хамгаалал гэсэн ойлголтыг тусгадаг. Өдгөө хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хэмээх байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эднийх үүргийнхээ дагуу гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн чиглэлд бодлого, зорилго, төлөвлөгөөтэйгөөр ажил явуулдаг бөгөөд амьдралаас ургасан шаардлагын хүрээнд хүүхэд хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ, хүүхэд асуувал хариулж, зөвлөх 108 дугаартай утастай. Энд ирүүлсэн дуудлагын мөрөөр хэрэг гарвал хүрч очин үйлчилдэг нэгж, бүрэлдэхүүнтэй. Тэглээ гээд тус агентлагийн 40 гаруй ажилтан улсын 800 мянга гаруй өрх бүрт очиж чадахгүй нь ойлгомжтой. Тэгээд ч гэр бүл болгон үр хүүхдээ хайхралгүй, зөнд нь орхих биш. Гагцхүү дээр хэлсэнчлэн эцэг, эхийн үүргийг умартсан хүмүүс хүүхэд хэмээх амин эрдэнийг хаа сайгүй байж байдаг хог, новш мэт үзэхээс наагуур байх нь гачлантай. Мөн хайнга, хэнэггүй нөхөд болгоомжгүйгээс хайртай үрсээсээ хагацах нь, үгүй бол харахын эцэсгүй тахир дутуу байдалд оруулах нь бишгүй байх юм.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхан хорио цээрийн дэглэм бүхий энэ цаг үед мөн л өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, 108 утсанд нь ирсэн, хүүхэд хүчирхийллийн золиос болж буй тухай мэдээллийн мөрөөр явж, шаардлага гарвал цагдаагийн байгууллагатай хамтарч буй аж. “Хүүхэд хамгаалагдаж чадахгүй байна” гэсэн сэдвээр нийтлэл бичиж байгаагаа танилцуулж, энэ асуудлыг хариуцсан төрийн байгууллагын хувьд шаардлагатай хүүхдүүдийг хэрхэн хамгаалж буй талаар нь асуусан юм. Тус байгууллагын төлөөлөл “Өвчин дэлгэрсэн энэ цаг үед манай байгууллагыг хүүхэд хамгаалж чадсангүй хэмээн буруутгаж, дайрч, давшлах болов. Манайх чиг, үүргийнхээ дагуу ажлаа хийж байна. Иргэн бүр онцгой хариуцлагатай байх ёстой энэ үед ахуйн хүрээний архидалт нэмэгдэж, түүнийг дагаад гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын тоо нэмэгдсэн.

ЦЕГ-ын мэдээллээр ахуйн хүрээний архидалт өмнөх мөн үеийнхтэй харьцуулахад 30-40 хувиар өссөн. Энэ оны эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 27 хувиар буурсан ч, зөрчил 3131 бүртгэгдэн 61.6 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлөөр баривчлагдсан этгээдийн тоо 2194 болж, 98.7 хувиар өсөөд байна. Мөн манай газрын харьяа хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байгаа гэр бүлийн харилцааны зөрчлийн талаар зөвлөгөө авахыг хүссэн дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 108.8 хувиар нэмэгдэж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны ачаалал 115 хувиар өслөө.

Нөхцөл байдал ийнхүү хүндэрснээр бидний ажил ихэссэн. Олон нийтийн дунд бусдын төрүүлсэн хүүхдийг хэн нэгэн, тухайлбал манай байгууллага хамгаалах ёстой, үүрэгтэй юм шиг ойлгодог хүмүүс бий. Мэдээж яах аргагүй төрийн хамгаалалт хэрэгтэй болсон нөхцөлд бидний зүгээс бүхий л арга хэмжээг авна. Гэхдээ үнэнийг хэлэхэд хамгаалалт шаардлагатай хүүхэд бүрт хүрч ажиллах хүчин чадал байхгүй. Байдал иймд тултал хүүхдүүд хөсөр хаягдаж байгаад харамсахын зэрэгцээ зарим хүний хувьд эцэг, эхийн үүрэг, хариуцлага гэдэг ойлголт шалан дээр байгаагаас байдал хүндэрч буйг хэлэх хэрэгтэй. Эцэг, эх байх насанд хүрэв үү, үгүй юү, зарим нь хүрээ ч үгүй байж, төлөвлөлтгүйгээр хүүхэд төрүүлж, амьдралын өмнө өвдөг бага зэрэг нугалархтайгаа зэрэг хүүхдээ орхих нь хэвийн үзэгдэл болжээ. Ажилгүйдэл, ядуурлын нөлөөгөөр хүүхдээ өсгөж чадахаа байхаараа бусдад даатгах нь ч элбэг болж. Эдгээр нь өмнө байсан асуудал. Гэтэл өнгөрсөн гурван сарын байдлаар ахуйн хүрээний архидалт нэмэгдсэнтэй холбоотойгоор хүүхэд олноороо хохирч буйг тусгайлан анхаарч, арга хэмжээ авах шаардлага тулгарч байна” гэлээ.

Тус газрын дарга М.Энх-Амар аймаг, нийслэл, дүүргийн ГБХЗХГ, хэлтсийн дарга нарт нийгэмд үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, Хүүхдийн эрхийн, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор, ахуйн хүрээний архидалт, гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар орон нутагт авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг төлөвлөж, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах талаар чиглэл хүргүүлсэн байна билээ. Үүнд, гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхэд, ахмад настан үл хайхрагдсан тохиолдол, ахуйн хүрээний архидалтын талаарх мэдээ мэдээллийг иргэд, аж ахуйн нэгж, заавал мэдээлэх үүрэг хүлээсэн төрийн албан хаагчдаас авч бүртгэх, гэр бүлд түшиглэсэн хариу үйлчилгээ үзүүлэх шуурхай баг ажиллуулах, орон нутгийн цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг тухай бүрт авч, хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороотой хамтран ажиллах, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний бэлэн, шуурхай байдлыг хангаж, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, стандартын шаардлага хангасан мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх, архины хэрэглээнээс татгалзах тухай олон нийтийн санал санаачилгыг өрнүүлэх тухай тусгажээ.

Хүүхэд хамгааллын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг нь зөвхөн дээр нэр дурдсан агентлаг биш юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 6-ны байдлаар асрамж, халамжийн чиглэлээр ажилладаг 21 байгууллага, тэдгээрийн харьяа болон салбар төв, нийт 31 субъектэд 1060 хүүхэд хамрагдан, үндсэндээ “толгой хоргодож” байдаг ажээ.

Хүний эрхийн үндэсний комисс хэмээх байгууллага, түүний даргаар хэдхэн хоногийн өмнө хүртэл ажиллаж байсан Ж.Бямбадоржоос “Танайд хүүхдийн эрхийг хамгаалах ажил хамаагүй юү” гэж асуумаар байгаа юм. Өөртэй нь хамаатай асуудал үүсэхэд төвөгшөөх мэт ажлаа өгч одсон Ж.Бямбадорж дарга түрүүчийн долоо хоногт хэвлэлд өгсөн ярилцлагадаа сүүлийн үед дуулиан болж буй, хамгаалал шаардлагатай насанд хүрэгсэд болон хүүхдүүдийг орлого олох эх үүсвэр болгодог байж болзошгүй, “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаагийн талаар мэдээлэл өгөхдөө түүнийг асар ихээр буруутгах явцад нь олон нийт өөрийг нь хүний, тэр дундаа хүүхдийн эрхийг хамгаалах тухайд дорвитой ажил хийдэггүйг нь ойлгох шиг болсон. Тэрбээр ХЭҮК 20 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа тухай дурдсан байна билээ. Тийм л юм бол энэ хугацаанд тус байгууллага хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд ахицтай ямар бодит алхам хийснийг асууя. Эрэгтэй, эмэгтэй хүмүүс сэтгэл санаа, оюуны болоод хөдөлмөрийн чадамжтай, хариуцлагатайгаар амьдрах чадвартай болсон хойноо эцэг, эх болж, хүүхэд төрүүлэх нь ядаж л хүүхэд хөсөр хаягдахгүй байх, улмаар эрх нь зөрчигдөхгүй байх үндсийн үндэс юм гэдэг ойлголтыг нийгэмд тод томруунаар өгөөгүй байх шиг.

Хүүхэд хамгааллын асуудлыг эцэг, эхийн хариуцлага талаас илүүтэй харж, эрх зүйн актууддаа нарийвчлан тусгахын зэрэгцээ зохих байгууллагуудын чиг үүргийг тэр хэрээр тодотгох, дарга, удирдлагатай нь тодорхой үзүүлэлтээр хариуцлага тооцож байхыг цаг үе шаардаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)