Эцэг эхчүүдийг эхлээд өөрсдийгөө хүмүүжүүлж, хүүхдээ ойлгохыг уриаллаа

“Зөв тусгал” аяны хаалтын үйл ажиллагаанд  26 сургуулийн 4200 орчим хүүхэд оролцлоо

Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 60 дугаар зарлигаар 2019-2020 оныг “Хүүхэд хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, хүүхдийн эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүүхэд хамгааллын чиглэлээр хийгдэж байгаа ажлыг эрчимжүүлж байна. 

Тэгвэл цагдаагийн байгууллагаас энэ ажлыг хүрээнд “Зөв тусгал” аяныг энэ сарын 1-ний өдрөөс зохион байгуулж эхэлсэн бөгөөд төслийн хаалтын арга хэмжээ өнөөдөр UB Palace-ын урд талбайд боллоо. Хаалтын үйл ажиллагаанд 26 сургуулийн 4200 орчим хүүхэд оролцсон юм.

Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдлээс сэргийлэх, эерэг аргаар хүүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил  төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцлийг арилгах чиглэлээр зохион байгуулагдсан уг сарын аяныг улсын хэмжээнд зохион байгууллаа. 

Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон үзүүлэлттэй байна. Хүүхэд ихэвчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг буюу зодолдох, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагддаг бөгөөд 16-18 насны хүүхдүүд дийлэнхи хувийг эзэлдэг аж. 

ЦЕГ–ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр "Цагдаагийн байгууллага хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр олон ажил, арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна. Үүний нэг болох “Зөв тусгал” аяны хаалтын үйл ажиллагаа өнөөдөр болж байна. 

Хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд нь төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах чиглэлээр “ЗӨВ ТУСГАЛ” хөдөлгөөнийг зохион байгуулсан. Дээрх хөдөлгөөнийг зохион байгуулахад Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллага хамтран ажиллалаа.

Энэхүү хөдөлгөөний зорилго нь эцэг, эхчүүдэд чиглэж буй бөгөөд хүүхэд бол томчуудын тусгал тул өөрсдийгөө эхлээд хүмүүжүүлж, хүүхдээ ойлгохыг уриалахад оршсон бөгөөд зорилгоо ч биелүүлсэн гэж үзэж байна" гэв.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)