Эцэг, эхийнх нь төлсөн татварын мөнгийг хүүхдүүдээс бүү харамлаач

Хүүхдийн өвчин, эндэгдэл эмзэг сэдэв. Тухайн жил ганцхан халдварт өвчин дэгдэхэд, осол гэмтэл нэмэгдэхэд, төрөлхийн гажгийн улмаас хүүхдүүдээ алдахад эндэгдлийн түвшин дээш “цойлчихдог”. Энэ оны эхний найман сарын байдлаар гэхэд л тав хүртэлх насны 738 хүүхэд энджээ. Харамсалтай нь, жилд дунджаар ийм насны 1400 орчим хүүхэд нас бардгийг олон нийт төдийлөн мэддэггүй. Тэгвэл уг баримтыг Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхний статистикаас хараарай. Энэ нь төр, засаг бяцхан иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд төдийлөн анхаардаггүй, хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ нь оновчгүйг харуулна. Олуулаа болох мөрөөдөлтэй монголчууд жил бүр дээрх тооны иргэдээ үдчихээд чимээгүй сууж болно гэж үү.

Тэр дундаа хүүхдийн нарийн төвөгтэй болон өндөр өртөг, зардалтай эмчилгээний санхүүжилтэд Монголын төр “гар татдаг” нь ичгэвтэр гэхээс өөрөөр хэрхэн тодорхойлох билээ. Уг нь 2016 оноос өмнө 18 хүртэлх насныхан эмнэлгийн бүх төрлийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй авдаг хуультай байж. Гэтэл тухайн оны дөрөвдүгээр сард Эрүүл мэндийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдэд үзүүлэх эмнэлгийн зарим тусламж, үйлчилгээний төлбөрийг төр хариуцна” гэж шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 24.6.2 дахь заалтад “зарим” гэсэн ганц үгийг нэмснээр хүүхдийн цөөнгүй тусламж, үйлчилгээ төлбөртэй болжээ. Бага насныханд зонхилон тохиолддог өвчнүүдээс эмчлэхэд хамгийн төвөгтэй нь төрөлхийн гажиг, эмгэг. Эмчлэх зардал нь ч өндөр. Үүнд шаардлагатай багаж, эм, тариа, хэрэгсэл нь үнэтэй учраас хүүхдээ эмчлүүлж чаддаггүй өчнөөн эцэг, эх олон нийтээс хандив, тусламж гуйгаад ч тусыг эс олж байна.

Эмнэлгийн өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний зардлын 75 хүртэлх хувийг Эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг болсноос хойш иргэдийн нуруун дахь ачаа хөнгөрсөн нь үнэн. Гэхдээ насанд хүрэгчид, хүүхдийн эмчилгээний зардлын хөнгөлөлтийн хувь ижил хэмжээтэйг эцэг, эхчүүд эсэргүүцэж буй. Тодруулбал, хүүхдийн өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний зардлын 75 хувийг даатгалаас санхүүжүүлж, үлдсэнийг нь эцэг, эхчүүд төлдөг.

Гэтэл тэрхүү эмчилгээний зардлын 25 хувийн зөрүүг төлөх чадвартай хүн тун цөөн байдгийг илтгэх үзүүлэлт олон бий. ЭХЭМҮТ-ийнхөн хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг. Тэр утгаараа өндөр өртөгтэй бүх эмчилгээ, хагалгаа тус төвд төвлөрдөг. Жишээлбэл, 2016 онд ЭХЭМҮТ-ийнхөн 1.9 тэрбум төгрөгийн өртөгтэй тусламж, үйлчилгээ үзүүлснээс иргэд, эцэг, эхчүүд 62 сая төгрөг л буцаан төлжээ. Алдагдалтай ажилласан хэмээн бангадуулсан тэд эмнэлгийн хэрэгслийн зардлаа төрөөс арайхийн гаргуулсан юм билээ. Өнгөрсөн хугацаанд тус төвийнхөн тасаг, нэгжийнхээ тоог нэмж, тусламж, үйлчилгээнийхээ төрлийг олшруулан, шинэ арга, технологи нэвтрүүлсэн ч төлбөртэй үйлчилгээнээс хэзээ ч ашиг олж байгаагүй аж. Учир нь өндөр өртөгтэй эмчилгээ, мэс заслын төлбөрийг эцэг, эхчүүд төлдөггүй, тийм чадвартай хүн ч тун цөөн гэнэ.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр “Хүүхдийн өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний зардлын даатгалаас санхүүжүүлэх болон иргэнээс авах хувь хэмжээг холбогдох хууль, журмын дагуу бид жагсаалтаар батлан, нээлттэй байршуулдаг. Монголчуудын амьжиргааны түвшин доогуур, олон гэр бүл хүүхдийнхээ эмчилгээний зардлыг гаргаж чадахгүй байна. Гэсэн ч бид мөнгөгүй гээд хүүхдүүдийг буцаадаггүй. Аль болох дотоод нөөц бололцоогоо ашиглан, алдагдалтай ажилласан ч эмчилгээгээ таслахгүй хийдэг. Хүний амь нас юугаар ч үнэлшгүй учраас тэр. Гэхдээ хүүхдийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай багаж, хэрэгслийн зардал өндөр учраас даатгалаас 100 хувь, эсвэл төрөөс санхүүжүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд илтгэл хүртэл тавьсан. Асуудлыг шийдтэл тэнд ярьсан зүйлийг гадагш задруулахгүй байхыг хүссэн боловч бид нөхцөл байдлаа ЭМЯ-нд уламжлахаас өөр арга байгаагүй. Миний дэвшүүлсэн гол санал хүүхдээс өндөр өртөгтэй гэгдэх тусламж, үйлчилгээний зардлыг битгий аваач гэсэн юм. Үүнд улсаас тийм их төсөв гарахгүй л дээ. Гэхдээ эцэг, эхчүүдийн хувьд том дэмжлэг болно” гэсэн юм.

Тус төвд жилд дунджаар хүүхдийн 10 000 орчим мэс засал хийдэг. Энэ оны хувьд 766 хүүхдэд 33 төрлийн мэс засал хийхээр төлөвлөсөн бөгөөд нийт 2653 багаж хэрэгсэл шаардлагатай гэсэн жагсаалт гаргажээ. Тэдгээр нь өндөр өртөгтэй хэрэгсэл. Тэгвэл ирэх жил 835 хүүхдийн өндөр өртөгтэй эмчилгээнд 390.5, 2022 онд 953 хүүхдэд 450.7 сая төгрөгийн эмнэлгийн хэрэгсэл шаардлагатай аж. Энэ бол зөвхөн эцэг, эхчүүдээс гарах 25 хувийн л зардал. Тухайлбал, зүрхний төрөлхийн гажигтай нэг настай хүүхдийн ховдол хоорондын цоорхойг бөглөхөд амплатцер гэх хэрэгсэл ашигладаг байна. Оношилгоог нь судсан дотуур хийж, цээжний хөндийг нээхгүйгээр хагалгаа хийдэг бөгөөд уг амплатцерын нэг ширхгийн үнэ нь 2.6 сая төгрөг. Даатгалаас үүний 75 хувийг санхүүжүүлж, үлдсэн зардал болох 662 мянган төгрөгийг үйлчлүүлэгч төлнө гэсэн үг. Үүнд эмч нарын цалин хөлс, эм, тарианы бусад зардлыг оруулаагүй. Тэр дундаа нярай хүүхдэд яаралтай эмчилгээ хийхгүй л бол эндэх эрсдэл өндөр тул хүлээх боломжгүйг эмч нар хэлсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдийнх нь амь нас дээсэн дөрөөнд дэнжигнэж байхад эцэг, эхэд нь эмчилгээний төлбөрийг төл гэх хатуу сэтгэл тэдэнд үгүй.

Хүүхдийн өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээний төлбөрийг “тэглэхээс” өөр аргагүй бас нэг шалтгаан нь бие махбодынх нь онцлогтой холбоотой. Насанд хүрэгчдийн эрхтэн тогтолцоо бүрэн төлжсөн байдаг учир өндөр өртөгтэй хэрэгсэл, судас тэлэгч, хиймэл протез, ортопед зэргийг солиулахгүйгээр олон жил болдог. Харин хүүхэд өсөж, томрох тусам эдгээрийг зарим тохиолдолд жил бүр солих шаардлагатай гэсэн. Тэгэхгүй бол эд, эрхтнийг нь холгож гэмтээх, ялангуяа зүрхний гажгуудын эмчилгээнд ашигладаг хэрэгслүүдийг тухай бүрт нь солихгүй бол аюултай юм байна. Тэр болгонд эцэг, эхчүүд эмчилгээний төлбөр төлнө. Харамсалтай нь, гэр бүлүүдийн гишүүдийн хэн нэг нь ажлаасаа гарч, хүүхдээ асардаг, хоногийн хоолоо арайхийн залгуулдаг хүмүүст энэ байдал хүндээр тусах нь ойлгомжтой.

Тархи, зүрхний төрөлхийн гажиг, судасны эмгэг, нүд, чих, бөөр, цээжний хөндийн болон бүдүүн, шулуун, нарийн гэдэсний мэс засал, ивэрхий, яс, хэвлийн хөндийн эрхтнүүдийн эмчилгээнд шаардлагатай, эмнэлгийн 200 орчим хэрэгслийн зардалд эцэг, эхчүүд нэгт нь гэхэд 6.5 хүртэлх сая төгрөг төлдөг юм билээ. Үүн дээр нэмээд өндөр өртөгтэй эмчилгээний багаж, хэрэгслийн тендер жил бүр маргаан дагуулдаг гэсэн. Тендер зарлах бүрт ялагдсан компаниуд маргаан дэгдээн, шүүхэд ханддагаас төлөвлөгөөт мэс заслын хэрэгслийг 2-3 сар хоцорч нийлүүлэх нь энгийн үзэгдэл болжээ. Эмнэлэг бүрт цөөн тоогоор, харилцан адилгүй нийлүүлдэг өндөр өртөгтэй эмчилгээний хэрэгслүүдийг худалдан авах, ханган нийлүүлэх гэрээг удаан хугацаанд хийж гэмээнэ тусламж, үйлчилгээний тогтвортой байдал хангагдах аж. Эмнэлгүүд дор бүрнээ тендер зарлахгүй, шаардлагатай багаж, хэрэгслүүдээ нэгдсэн журмаар захиалдаг болчихвол үнэ нь хямдарч, чанартай бүтээгдэхүүн авах боломж бүрдэхийг албаныхан анхаарна биз ээ.

Манай улсын эрүүл мэндийн салбарын зардал сүүлийн 15 жилд 83.7 тэрбумаас 823 тэрбум төгрөг болтлоо өссөн. Энэ хэрээр улсын төсвийн болон даатгалын санхүүжилтийг үр ашигтай зарцуулж, тусламж, үйлчилгээ шаардлагатай хүмүүстээ хүрсэн үү гэвэл эргэлзээтэй. Эрүүл мэндийн даатгалын сан 2005 оноос хойш зарлагаасаа давсан орлоготой, ашигтай ажиллаж ирсэн. Өнгөрсөн онд даатгалын санд 469.6 тэрбум төгрөг (90 гаруй хувь нь шимтгэлийн орлого) цугларснаас 358.2 тэрбумыг нь зарцуулсан. Үүнээс 111 тэрбум төгрөгийг ашиглаагүй үлдээжээ. Ерөнхийд нь авч үзвэл 2010 оноос хойш даатгалын сан жилд дунджаар 45-111 тэрбумын илүүдэлтэй, нийт 617.3 тэрбум төгрөг цугларсан байна.

Хүүхдийн өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй болгоход жилд дунджаар тэрбум ч хүрэхгүй төгрөг төсөвлөхөд хангалттай аж. Гэтэл Монголын төр бяцхан иргэдээсээ иймхэн хэмжээний мөнгө харамлаж байгаадаа ер санаа зовдоггүй. Даатгалын сандаа 600 гаруй тэрбум төгрөг хураачихаад харийнханд ядуу болж харагдан, олон улсын байгууллагын зээл, тусламжаар хүүхдүүдээ эмчлүүлэхийг боддог гэвэл хатуудсан болохгүй. Одоо ч гэсэн 30 иргэнээ харь улсын санхүүжилтээр эмчлүүлж л байна. Улсын гуравдугаар төв эмнэлгийнхэн БНСУ-ын “Сэлвэшн арми” төрийн бус байгууллагын дэмжлэгтэйгээр 10-11 дүгээр сард зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай 30 хүүхдэд үнэ төлбөргүй мэс засал хийхээр эмчилгээг эхлүүлжээ.

2000 оноос хойш манай улс АНУ, БНСУ, Японы эмч нарын багт тэр дундаа зүрхний төрөлхийн өвчтэй хүүхдүүдээ даатгаж ирсэн нь үнэн. Монголд жилд дунджаар 500-600 хүүхэд ийм эмгэгтэй мэндэлдэг гэсэн судалгаа бий. Түүний 50 хувь нь эх орондоо эмчлүүлэх боломжгүй, хүнд хэлбэрийн хавсарсан гажигтай байдаг тул гадаад улс руу эмчилгээнд явдаг. Харин бусад тохиолдлыг нь манай эмч нар анагааж дөнгөх ч эцэг, эхчүүд төлбөрийн чадваргүйгээс хугацаа алдах энүүхэнд аж. Тиймээс эцэг, эхчүүдийнх нь төлсөн татварын мөнгийг ядаж хүүхдүүдээс нь харамлахаа больё. Хүүхдийн ирээдүйд зайлшгүй хөрөнгө оруулах шаардлагатай таван зүйлийн эн тэргүүнд эрүүл мэнд нь ордгийг эрх баригчид маань мэддэг болов уу.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)