Эцэг, эхийг хариуцлагаас мулталсан Гэр бүлийн тухай хууль


Гэр бүл гэдэг айл гэр болж тоглохтой адилгүй. Энгийнээр тайлбарлавал, хэн хэн нь хамтын амьдрал, үр хүүхдийнхээ өмнө ижил тэгш хариуцлага хүлээх тухай ойлголт. Гэтэл өнөөгийн нийгэмд эхнэр, нөхрөө хүндэлж, дээдлэх, үр хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэх уламжлалт хэлбэр алдагдан, гэр бүлдээ “Эр, эм битгий хэл, эрүү өвдөг салдаг” гэсэн байдлаар хандаж, насан туршдаа амьдарна гэсэн хүнээсээ амархан нүүр буруулах болжээ. Улсын хэмжээнд гурван өнчин хүүхэд тутмын нэг нь гэр бүл салалтын хохирогч болж байгаа нь үүнийг гэрчилнэ.

Саяхан нийгмийн сүлжээгээр “Хүүхдээ голоод явсан аав нараас хариуцлага нэхэх хөдөлгөөн” өрнүүлсэн. Үүний дараа олноороо эрчүүдийг баалж, доромжилсон. Уг нь хөндлөнгийн хэн нэгэн хүний амьдралыг мэдэж, шийдэх эрхгүй баймаар. Учир шалтгааныг нь ч ухахгүй байж олон нийтийн сүлжээгээр “сэвэхээ” урьтал болгодог адгуу зан монголчуудад хэдийн нутагшжээ.

Хөхөө шувуу шиг бусдын “үүрэнд” хүүхдээ орхичихоод санаа амар амьдарч буй эцэг, эх олон бий. Гэхдээ хэн нэгнийг нь буруушаахаа урьтал болголгүй асуудлыг нухацтай хэлэлцэх цаг болжээ. Гэр бүл бол хүний амьдралын анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж, соёл, зан заншил, уламжлан өвлөгдөх, аж төрөх ёсны бичил ахуй байдаг. Нийгэм, цаг үеэ дагаад сүүлийн жилүүдэд гэр бүлийн харилцаа тогтворгүй болж, шийдвэрлэх асуудлууд улам ихэссэнийг олон судалгаа харуулж байна.

2010 оны тооллогоор Монгол Улсад 713 780 өрх байсан бол 2017 онд энэ тоо 869 800-д хүрчээ. Үүнийг дагаад гэр бүл салах нь ч олширсон байна. 2016 онд 4003 хос гэрлэлтээ цуцлуулсныг “Монголын гэр бүлийн асуудал, хэрэгцээ, үйлчилгээний хувилбар-2018” судалгааны тайланд онцолсон байв. Тэдний дунд 7-9 жил амьдарсан хос 1062, 10-аас дээш жил ханилсан нь 2066 байна. Үүнээс үзэхэд, 78.1 хувь нь долоогоос дээш жил амьдраад гэрлэлтээ цуцлуулжээ. Гэр бүл салахад ажилгүйдэл, архидалт, амьжиргааны доройтол, нийгэм, эдийн засгийн байдал голлон нөлөөлсөн байх юм. Нөгөө талаар гэрлэгсдийн салах шалтгааныг шүүхэд хандахаас нь өмнө тогтоох, түүнд чиглэсэн мэргэжлийн үйлчилгээ дутагдалтай байгааг энд тэмдэглэх нь зүйтэй.

Улсын хэмжээнд 2017 оны байдлаар өрх толгойлсон 97 499 эцэг, эх байна. Энэ бүхний цаана хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөөр ирэв. Хосуудын хэн нэг нь гэр бүл, хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлагаа мэдэхгүйгээс нэгэндээ ахадсан ачаа үүрүүлдгийг судлаачид хэлсэн. Бидний ойр дотнын хүмүүс дунд, найз нөхдийн хүрээлэлд, ажлын газарт гээд хаа сайгүй л ганц бие аав, ээж хүүхдээ “чирээд” амьдарч байна.

Салж, нийлэх нь хувь хүмүүсийн эрхийн асуудал. Харамсалтай нь, гэрлэлтээ цуцлуулсан хосуудын 86 хувь нь хүүхдийнхээ тэтгэмжийг өгдөггүй гэсэн дүнг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынхан хэлэв. Энэ нь Гэр бүлийн тухай хуулийн цоорхойтой холбоотой байж ч мэднэ. Амьдрал дээр бараг хэрэгждэггүй, гэрлэлт цуцлуулахад л ганцхан заалтыг нь ашигладаг гэх тус хуульд хүүхэд долоон нас хүртэл эхийнхээ асрамжид байх ёстой. Энэ заалт нь эцэг, эхийн эрхийг хязгаарлаж, хэн нэгнийг нь хариуцлагаас мултлахад багагүй үүрэг гүйцэтгэж буй гэхэд хилсдэхгүй. Харин үүнээс дээш насны хүүхдээс “Аавтайгаа амьдармаар байна уу, эсвэл ээжийгээ сонгох уу” гэж шүүхийн танхимд нүдийг нь бүлтэлзүүлэн саналыг нь сонсдог. Гадаадын улс орнуудад ийм тохиолдолд тусгай орчинд хүүхэдтэй хамт сэтгэлзүйч байлгаж, санаа бодлыг нь сонссоны дараа шийдвэрийг нь шүүхийн танхимд хэлдэг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 2.11-т “Гэрлэлт нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёрын тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэнэ. Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална” гэж заасан. Энэ нь эсрэг хүйсийн хоёр хүний сайн дурын үндсэн дээр тэгш эрхтэйгээр гэрлэх эрхтэйг хуульчилсан гэсэн үг. Үндсэн хуулийн дагуу хүний эрхийг дээдлэх, хамгаалах үзэл санаанд нийцүүлэн Гэр бүлийн тухай хуулийг 1999 онд баталсан гэдэг. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхны 2018 онд хэвлүүлсэн судалгааны эмхэтгэлийг сөхвөл “Нийгмийн өөрчлөлт, шилжилтийн нөлөөгөөр гэр бүл, гэрлэлтийн харилцаа өөрчлөгдөх болсон. Өрхийн ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах, дэмжих асуудал Үндсэн болон Гэр бүлийн тухай хуулийн гадна хоцорч байна. Иймээс гэр бүл, хүүхдийн язгуур эрх ашгийг хамгаалах төрийн үйлчилгээг нарийвчлан тодорхойлж, зохицуулах шаардлагатай” гэжээ.

Жендерийн эрх тэгш байдлыг хангах хуулийн 14 дүгээр зүйлд гэрлэх, цуцлуулах, гэр бүл төлөвлөх, хүсээгүй жирэмслэлтээс хамгаалах, дундын эд хөрөнгийг захиран зарцуулах, орлого олох зэрэгт эрэгтэй, эмэгтэй хүн тэгш эрхтэй, тэгш оролцоотой байхыг тусгаж, бусдын эрх, эрх чөлөөг зөрчих, хүйсээр ялгаварлахыг хориглосон байдаг. Гэтэл өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Гэр бүлийн тухай хуулиар хүүхдийг эхийнх нь асрамжид өгөх гэж “улайрдаг”. Хүүхэд асран хамгаалах эрх бүхий гэр бүлийн гишүүн нь эд хөрөнгөө давуу эрхтэй эзэмшдэг зэрэг нь эцэг, эхийн хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг сулруулж байхыг үгүйсгэхгүй. Шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан бол эцэг, эхийн нь аль нэг хүүхдэдээ 11 нас хүртэл хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх мөнгө сар бүр өгөх ёстой. Харин 11-18 настайд нь дээрх мөнгийг 100 хувь, сар бүр төлнө. Гэвч хэн хэн нь үүргээ ухамсарладаггүй, мэддэггүйгээс, эсвэл салах шалтгаан гаргасан нэгэндээ “ялархаж”, тэтгэмжийн мөнгөө өгдөггүй гэх.

Монгол Улс дахь гэр бүл төлөвлөлтийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдлын дүн шинжилгээний тайлангаас үзвэл, сүүлийн 20 жилд гэр бүл төлөвлөлтөд чиглэсэн үйлчилгээ үндсэндээ орхигджээ. Гадаадын улс орнууд залуу гэр бүлдээ анхаарч, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн, тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал, АНУ-д залуу хосуудад олгох тэтгэлэг, эцгийн хариуцлагын тэтгэмж, оюутанд олгох зээл, тусламж үзүүлдэг. Францад ДНБ-ий гурван хувийг гэр бүлийн бодлогод зарцуулдаг байна. Үүнд нь залуу хосын, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн, өрх толгойлсон эцэг, эхчүүдийн, орон байрны, олон хүүхэдтэй гэр бүлийн, бага насны хүүхэд асрах тэтгэмж багтдаг аж.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Гэр бүлийг дэмжих туршилтын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд монгол өрхийн хэв маягууд, онцлог, хамтын амьдралд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, улс төрийн хүчин зүйлийг судалсан дүнгээ 2018 онд хэвлүүлжээ. Тэд 869 800 өрхөөс таван хувийг нь буюу 42 970-ыг санамсаргүй түүврийн аргаар сонгон судлахад, 70 орчим хувь нь архины хамааралтай, ядуу, олон хүүхэдтэй, дахин гэрлэсэн, хүчирхийлэлд өртсөн, хөгжлийн бэрхшээлтэй, түр хугацаагаар тусдаа байгаа, хосуудын хэн нэг нь гадаадад амьдардаг болох нь тогтоогджээ. Тэдний дундаж нас 40.2, ам бүл нь 4-5, 0-18 насны 2-3 хүүхэдтэй, ажил эрхэлдэг хүний тоо нэг, өрхийн дундаж орлого нь 531 753 төгрөг байна.

Өрх толгойлсон хүмүүс хоол хүнсний хангамж, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх, хүүхдийн суралцах нөхцөл, амьжиргааны түвшин, амьдрах орчиндоо сэтгэл дундуур байна. Мэргэжилтнүүдийн хамгийн их санаа зовоосон асуудал нь ганц бие ээж, аавууд хүүхдээ хараа хяналтгүй орхисноос болж багачууд цахим хэрэглээнд донтох, хоол тэжээл муугаас аминдэмийн дутагдалд орж, өвчилсөн нь судалгаагаар батлагдсан юм. Түүнчлэн ганц бие эцэг, эхийн хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал, орлогын эх үүсвэр багатай, олсон мөнгө нь өрхийн амьжиргаанд хүрэлцдэггүй аж. Үүнээс болж үр хүүхдээ эрүүл бойжуулах, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд бүрэн хамруулахад хүндрэлтэй болжээ. Цаашлаад хүүхэд хараа хяналтаас гарах, хүчирхийлэл, дарамтад өртөх, хүнд хөдөлмөр эрхлэх зэргээр эрх нь зөрчигддөг байна. Тиймээс өрх толгойлсон эцэг, эхчүүдийг нийгмийн үйлчилгээнд хамруулах, аж ахуй эрхлэгчдэд техникийн болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд бизнес эрхэлж буй бол хөнгөлөлттэй зээл олгох, ажлын байраар хангах, хүнсний талонд хамруулах, орон гэртэй болоход нь дэмжлэг үзүүлэх шаардлага тулгарчээ. Мөн “Хүүхдийг нь сургууль, цэцэрлэгт оруулж, хичээлийн хэрэгслэл, сурах бичгээр хангах, эрүүл мэндийн үзлэгт хамруулах хэрэгтэй” гэж Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан үзэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)