Эцэг малыг төр мэдэлдээ авна


Хөвсгөл аймгийн нэгэн суманд хадлан эрт авсан малчинд багийн Засаг дарга нь шаардлага тавьсныг хүлээн зөвшөөрөлгүй маргаан үүсгэж, улмаар зодолдон малчин нь Зөрчлийн тухай хуулийн дагуу 450 000 төгрөгөөр торгуулсан хэрэг саяхан гарсан. Энд хэн нэгний тарьсан хэргийг хэлэлцэх гэсэнгүй. Харин малчдын дунд хадлангийн газар болон бэлчээрийн төлөөх дажин сүүлийн жилүүдэд улам ширүүсэж буйг хөндье.

Манай улс 115 сая га хөдөө аж ахуйн газартайгаас 110 сая орчим га нь бэлчээр нутаг юм. Энэ талбайд хамгийн ихдээ 45 сая буюу хонин толгойд шилжүүлсэн дүнгээр 77 сая орчим мал адгуулах боломжтой гэсэн судалгаа бий. Социализмын үед бэлчээрийн даацдаа тохируулан малын тоог 25 саяас дээш гаргахгүй, барьж байсан талаар өгүүлэх хүмүүс ч байдаг.

Өнгөрсөн онд 66 сая буюу хонин толгойд шилжүүлснээр 100 гаруй сая мал тоолуулж, сүүлийн 15 жилд малынхаа тоог 2.5 дахин өсгөж чадсан нь ололт гэхээсээ бэрхшээл үүсгээд буй. Малын тоо хэт өссөн, сүргийг зохист харьцаагаар үржүүлдэг нь алдагдсан, ялангуяа ургамлын үндэс түүж иддэг ямааны тоо олширсон нь бэлчээрийн даацад сөргөөр нөлөөлөх болжээ.

Одоогийн байдлаар нийт малд хонь, ямаа 46 хувийг эзэлж байгаа юм байна. Зүй нь хонь 20, ямаа 16-18 хувь байвал зохистой аж. Манай орон тал, хээрийн эмзэг хөрстэй. Иймээс зохист харьцаа нь алдагдсан, олон тооны малыг, дөрвөн улирлын турш бэлчээрлүүлэх боломжгүй гэнэ. 2015 оны байдлаар нутаг дэвсгэрийн 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн бөгөөд үүнээс хүчтэй, нэн хүчтэй доройтсон газар 22.9 хувийг эзэлж буй гэсэн судалгааг БОАЖЯ гаргажээ.

Энэ дүнг өмнө нь хийсэн судалгааны дүнтэй харьцуулбал цөлжилт, газрын доройтол сүүлийн 15 жилд эрчимжиж, улмаар доройтлын дунд, хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрах талбай нэмэгдсэн таагүй дүгнэлт гарсан аж. Ийнхүү байгалийн тэнцвэрт байдал эрчимтэй алдагдаж буй нь гадаргын болон гүний усны хэмжээ багасахад нөлөөлдөг байна.

2016 оны гадаргын усны нэгдсэн тооллогын дүнгээр 744 булаг шанд, 263 гол горхи, том, жижиг 346 нуур хатаж, ширгэжээ. Мөн бэлчээрийн даац бүс, нутгаасаа хамаарч 2.5-10 хувь хэтэрсэн гэдгийг сүүлийн үеийн судалгаа харуулдаг. Өвсний гарцыг сайжруулахын тулд тухайн бүсэд багадаа таван жил мал бэлчээхгүй, өвсийг нь хадаж, сийрүүлэхгүй байлгах шаардлагатай юм билээ.

Түүнчлэн 1.7 сая га талбай бүхий хадлангийн газрыг хамгаалах, хөрсний үржил шимийг нь хэвээр хадгалах нь чухал. Малчид хадлан авахдаа газраа булаалдан, сорчлон хятад хадуураар хөрсөнд ил харагдах ямар ч ногоогүй болтол нь хаддаг гэнэ. Мөн хадлангийн газрыг бордох, нөхөн сэргээх ямар ч ажил хийдэггүй нь хөрсийг үржил, шимгүй болгодог аж.

Үүнийг халахаар хадлангийн талбайг тухайн аймаг, сумын засаг захиргааны байгууллага сонгон тогтоох, хадланд гарах хугацааг нийтээр дагаж мөрдүүлэх, талбайн өвсийг хадах давтамжийг холдуулах зэрэг ажил хийдэг гэнэ. Тэжээлийн ургамлын тариалалтыг ч сүүлийн гурваас дөрвөн жил, жил бүр 6-10 мянган га-гаар нэмжээ.

Малын тоонд зохицуулалт хийх үүднээс малын хөлийн татвар авах тухай аль эртнээс ярьсан. Татварын хэмжээг малынх нь тоо толгойд нийцүүлэн авбал зөв болохыг малчид, холбогдох албаныхан ярьж байгаа юм. Дунджаар 300 малтай айл, өрхийн амьжиргаагаа дөнгөж залгуулдаг тул татварыг 300 хүртэл малд ногдуулахгүй байх хэрэгтэй гэх саналтай хүн олон байв.

Мөн бэлчээр ашиглахтай холбоотой бие даасан хууль батлуулах, хуульд ямар заалт, зохицуулалт оруулах талаар 500 орчим малчин, 100 гаруй төрийн албан хаагчийг оролцуулсан судалгааг ХХААХҮЯ-ныхан хийжээ. Үүнд малчдыг бүлэг болгон, бүлгийн гишүүдийн гэрээгээр ашиглах болон эзэмших бэлчээрийн хил заагийг тогтоох, баталгаажуулах санал оруулсан байна.

Бүлгийн нийт малын тоо гэрээт бэлчээрийн даацаас хэтэрвэл хэрхэн зохицуулах, нүүдэл хязгаарлах, эсэх, улирлын болон отрын нүүдлийг зохицуулах зэргийг багтаажээ. Судалгаанд оролцон, санал солилцсон хүмүүсийн олонх нь Бэлчээрийн тухай хуулийг батлуулах, дээрх агуулга бүхий заалтууд оруулахыг дэмжсэн гэдгийг салбарын яамныхан хэллээ. Мөн төрөөс Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилготой байгаа билээ. Дээрх нутгуудыг манай улсын эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх “алтан гурвалжин” гэж нэрлэдэг.

Нэг талаас бэлчээрийн даацаа хэтрүүлэхгүй, нөгөө талаас малаас авах ашиг шимийг бууруулахгүй байх үүднээс хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх ажил нь сайн үүлдрийн, цөөн тооны мал өсгөн, үржүүлэх юм. Урьд нь малыг таван төрлөөр, тухайн газар нутаг, ус, ургамлын гарц, шинж чанарт тохирсон үүлдэр, угсааг судалж тогтоосноор өсгөдөг байв.

Малын эрүүл мэндэд ч онцгойлон анхаардаг байсан. Одоогоор манай улсад баталгаажсан 47 үүлдэр, омгийн мал бий ч ерөнхийдөө үүлдрийн чанар муудаж, заримынх нь тоо огцом цөөрсөн гэнэ. Сайн үүлдрийн цөөн тооны мал өсгөн, үржүүлэх ажлын эхлэл болгон 2019 оноос сум бүрт хүнс, хөдөө аж ахуйн тасаг, нэгж байгуулахаар болсон.

Тус нэгжид малын эмч, малзүйч буюу мал үржүүлгийн технологичид, хүнсний мэргэжилтэн ажиллаж, эцэг малыг хотноос нь авч, малчид тусгайлан хариулах юм байна. Ингэснээр үүлдэр болон чанар нь муудаж буй эцэг малд тавих хяналт сайжирна. Сайн үүлдрийн нэг мал өсгөн, нутагшуулахад 15-20 жилийн хөдөлмөр ордог тул одооноос анхаарч эхлэх хэрэгтэй гэнэ.

Сум бүрт байгуулах мал үржүүлэг, технологийн албаны тусламжтай малын удмын санг сайжруулж, өндөр ашиг шим бүхий шилмэл омгийн малын тоог нэмэх бөгөөд улмаар бэлчээрийн даацыг зохицуулах боломжтой гэж тооцжээ. Энэ талаар ХХААХҮЯ-ны Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батсүрэн “Бэлчээрийн даацыг хэвийн хэмжээнд байлгах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалахын тулд юуны түрүүнд авч хэрэгжүүлэх ажил бол малын эрүүл мэндийг сайжруулах.

Цөөн тоотой, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, нүүдлийн малын эрүүл мэндэд онцгойлон анхаарах цаг болсон, анхаарч ч байна. Үүний тулд шилмэл омгийн, сайн үүлдрийн эцэг малын суурь байгуулахаар боллоо. Энэ сарын 21-нд Дундговь аймгийн Хулд суманд хуц, ухнын суурь байгуулах ажлыг эхлүүлнэ. Яваандаа бухыг ч тухайн сумын үржүүлэг, технологийн алба авах юм. Эцэг малд хяналт тавих нь малын удмын санг сайжруулж, генетик нөөцийг бий болгож буй хэрэг” гэв.

Нутгийнхаа бэлчээрийн даац болон тулгамдаж буй асуудлынхаа талаар Говь-Алтай аймгийн Төгрөг сумын малчин Ж.Цог “Манай суманд эзэнгүй хонд байхаа больсон. Урьд нь нэг газар олноор буухгүйгээр, малаа хариулж болоод байсан ч одоо малын тоо өсөөд, багтахаа болилоо. Газар нутгийн хэмжээ их ч мал бэлчих талбай бага, өвсний гарц муудсан нь асуудал дагуулж байна.

Ямар ч айл хэрэгцээнээсээ илүү гарган малаа муулж, тоог нь цөөлье гэхгүй. Ашиг, шим их өгдөг сайн чанарын малтай бол цөөн тоотой байхад татгалзах зүйлгүй. Малчид бидэнд тулгараад байгаа бэлчээрийн хомсдол, малын эрүүл мэнд муудсан зэрэг асуудлыг зохицуулах ямар ч шийдвэр төрөөс гаргасан даган биелүүлэхэд бэлэн” гэлээ.


Бэлтгэсэн: С.Цэрэндулам


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)