“Эх түүхийн эзэд” төслийг хэрэгжүүлж эхэллээ

“Төрт ёс, хаадын сан”, “Хакүхо” сан, “Номин холдинг” компани хамтран хэрэгжүүлж буй “Эх түүхийн эзэд” төслийн нээлт өчигдөр нийслэлийн Нэгдүгээр сургуульд боллоо. Төслийн хүрээнд ШУА-ийн Археологи, түүхийн хүрээлэнгийн эрдэмтдийн гаргасан “Монгол хаад” 11 боть ном, Чингис хааны сэнтийдээ заларч буй хөрөг болон “Монголын нууц товчоо”-ны дэлгэмэл хувилбарыг тус сургуулийнханд гардуулсан юм. 

Цаашид ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлэхээр зорьж буйгаа төслийн удирдагчид хэлэв. Нээлтийн үеэр “Төрт ёс, хаадын сан”-гийн тэргүүн Д.Гүн-Үйлс “Монголын түүх бол Монгол хаадын түүх гэсэн үг. Ард түмний үүргийг үгүйсгэж болохгүй л дээ. Гэсэн ч ард түмнээ удирдаж, тэднийг түүчээлж явсан хаадын түүх, намтар цадиг нэн тэргүүнд байх учиртай. Тиймээс хүүхэд, багачууд хаадынхаа намтар түүхийг мэддэг, хөргийг нь таньдаг байгаасай гэдэг үүднээс эл төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Жишээлбэл, их хааны сэнтий ямар байсныг хүүхдүүд минь мэддэг болох ёстой. Ихэнх хөрөгт жижиг сэнтийд заларч буйгаар дүрсэлсэн байдаг. Гэтэл ор шиг өргөн, шатаар өгсөж гардаг өндөр сэнтийд хаанаа залдаг байсан нь олон баримтаар нотлогдсон. Энэ мэт хүүхэд, багачууд болон монгол хүн бүрийн мэдвэл зохих бүтээлүүдийг сургуулиудад бэлэглэж буй” гэлээ. 

Төсөл хэрэгжүүлэгчид өчигдөр нийслэлийн I, II, III сургуульд дээрх бүтээлүүдийг гардуулсан бөгөөд энэ долоо хоногийн сүүлчээр Төв аймгийн Эрдэнэсант сумын сургуулийг зорих аж.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)