Эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ технологи, арга аргачлалуудыг танилцуулжээ

Нийслэлийн Хүрээ амаржих газар үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ой, “Монголын эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын холбоо”-ны 30 жилийн ойн баярын хүрээнд "Эх нярайн эрүүл мэнд-Хамтын хөгжил" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Чингис зочид буудлын хурлын танхимд болж байна.

Тус хуралд эх барих, эмэгтэйчүүдийн үе үеийн шилдэг эмч, эрдэмтэн, судлаачаас гадна алслагдсан дүүрэг, хөдөө орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, гадаадын зочид төлөөлөгчид уригдан оролцож байгаа юм.

Энэ жилийн эрдэм шинжилгээний бага хурлын онцлог нь залуу эмч нарын хийсэн судалгаа, эрдмийн ажил түлхүү орж ирсэн төдийгүй эх, нярайн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ технологи, арга аргачлал бүхий чансаатай бүтээлүүд байгаа нь эмч, мэргэжилтнүүдийн анхаарлыг татаж байна.

“Дэлхий нийтээрээ эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, нярайн тусламж, үйлчилгээг чанаржуулах асуудалд анхаарч, зорилт тавин ажиллаж буй энэ цаг үед хамгийн оновчтой санал, бодит амьдралд нийцсэн судалгааны бүтээлүүд эрүүл мэндийн салбарт нэн түрүүнд хэрэгтэй” гэдгийг нийслэлийн Хүрээ амаржих газрын дарга А.Жаргал энэ үеэр онцолж байлаа.

Энэ ч утгаараа, тус эрдэм шинжилгээний хурлын үр дүн нь эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлыг бодлогын хэмжээнд авч үзэж, судалгааны ажлын үр дүнг эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлэх юм.

Дашрамд дуулгахад, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн тогтоолоор 1959 онд Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт дөрвөн ортой төрөх тасаг нээгдсэнээр нийслэлийн Хүрээ амаржих газрын суурь анх тавигдсан түүхтэй.

Харин өдгөө Сонгино-Хайрхан дүүргийн 22 хорооны нөхөн үржихүйн насны нийт 68.000 гаруй хүнд эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээг үзүүлж буй нийслэлийн томоохон амаржих газрын нэг болоод байна.


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)