“Эх дэлхийн цаг”-т орон нутгийнхан нэгдэнэ

Дэлхий дахин “Эх дэлхийн цаг”-аар буюу жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гаригийн 20.30-21.30 цагт нэгэн зэрэг гэрлээ унтраадаг уламжлалтай. Эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал болохыг уриалж Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) 2007 оноос хойш энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ жил “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулъя” уриатайгаар тэмдэглэх аж. Энэ талаар тус сангийн мэргэжилтнээс тодрууллаа.

-“Эх дэлхийн цаг 2015” хөтөлбөрийн хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бэ?

-Өмнөх жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдээллийг иргэдэд хүргэх зорилгоор төв талбайд цуглаж, нэг цагийн турш лаа асаан гэрлээ унтраахыг уриалдаг байсан. Харин энэ жилээс хүрээгээ тэлэхийн тулд хөдөө, орон нутгийн иргэдийг “Эх дэлхийн цаг”-т оролцуулахаар болсон. Тиймээс нийслэлээс гадна Ховд, Говь-Алтай, Хэнтий, Увс аймагт “Эх дэлхийн цаг 2015”-ыг тэмдэглэж, 28-ны өдөр дээрх аймгууд төв талбайдаа “Лаатай үдэш” арга хэмжээ зохион байгуулна. Түүнчлэн байгальд ээлтэй хамт олон шалгаруулах флаш моб, дугуйтай жагсаал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бүх нийтийн гүйлт болно. Харин нийслэлийн иргэд энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглан лаа асааж, гэрлээ унтраахыг уриалах юм.

-Орон нутгийн иргэд “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийн талаар хэр зэрэг мэдээлэлтэй байдаг вэ. Идэвх, оролцоо ямар байна?

-Үнэхээр идэвхтэй ажиллаж байгаа. Тэр дундаа Ховд аймгийнхан “Эх дэлхийн цаг”-ийн үйл ажиллагааг их дэмждэг. Тэнд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээлэл бүхий самбарыг сургууль, цэцэрлэгээр аялуулж иргэдэд сурталчилж байгаа. Удахгүй олон хүн цугладаг худалдааны төвүүдэд самбараа байршуулна. Тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд “Эх дэлхийн цаг”-ийн бэлгэдэл бүхий 60+ тэмдэг, аяга, даавуун тор, дэвтэр зэрэг дурсгалт зүйлсийг хийсэн. Арга хэмжээ болох өдөр тэдний бүтээлийг борлуулж, орлогыг нь бизнесээ өргөжүүлэхэд нь нэмэрлэнэ. Өнгөрсөн жилийн “Эх дэлхийн цаг”-ийг Ховд аймагт тэмдэглэх үеэр байгаль дэлхийдээ хайртай иргэд тодорхой хэмжээний хандив цуглуулсан. Түүгээр нь  бид олон мод тарьсан. 


Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд “Монгол Ньюс” медиа групп хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)